WORLD CUP-2010
2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаа ням (11.25) гаригт ӨНАБНУ-ын Дурбан хотноо болов. “Хар тивд” анх удаагаа зохиогдох ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны гишүүн 208 орноос 200 нь оролцсон нь өвөрмөц дээд амжилт юм.
ӨМНӨД АМЕРИК
Энэ тивийн 10 орон ямар нэг сугалаа, хэсэг гэлгүй хоорондоо хоёр хоёр тоглоод хэн нь “явахаа” шийддэг “уламжлалтай” бөгөөд өнгөрөгч аравдугаар сараас эхний тоглолтууд явагдаж , одоогоор баг тус бүр дөрвөн тойрог тоглоод (нийтдээ нэг баг 18 тоглолт хийнэ) байна. Сонирхолтой нь одоогийн байдлаар энэ тивийн хүчирхэг багууд болох дэлхийн таван удаагийн аварга Бразил, дэлхийн хошой аварга Аргентин,Уругвайн аль аль нь биш харин Парагвайн хөлбөмбөгчид тэмцээнийг хошуучилж явна. Тэд дөрвөн тоглолтын дараа 10 оноотой яваа бол Аргентинчууд 9, Бразил 8, Колумб 8 оноотой байна. Гэхдээ замынхаа гуравны нэгийг ч туулаагүй байгаа болохоор тэр нь энэ нь гэхэд хэцүү. Дэлхийн аваргын тэмцээнийг “өнжиж” үзээгүй цорын ганц баг болох Бразил, мөн Аргентин нэг их түүртэлгүй “виз”-ээ авчих байх. Харин үлдсэн хоёр “суудлын төлөө” өрсөлдөөн ширүүн өрнөх байх. Уругвай, Парагвай, Колумб гээд олон жигдхэн багууд бий. Энэ бүсээс тавдугаар байр эзэлсэн баг ч ДАШТ-д оролцох муугүй “шаанстай”. Учир нь Өмнөд Америкийн тав дахь баг Хойд Америкийн бүсээс дөрвөөр гарч ирсэн багтай халз үзэн Африкийг зорих эсэхээ шийдэх юм. Өмнөдийн багууд Умард Америкийн багаас хавьгүй хүчтэй болохоор “шаанс” тэдэнд илүү.
ХОЙД АМЕРИК БА КАРИБЫН ТЭНГИСИЙН ОРНУУД
Энэ бүсээс 3 баг ДАШТ-д оролцох эрхээ шууд авна. Одоогоор энэ бүсийн хоёрдугаар шатны тоглолтууд явагдаж байгаа бөгөөд 35 баг байгаа. Эндээс шалгарсан 12 баг гуравдугаар шатанд 4 багтай гурван хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүртээ нэг,хоёрдугаар байр эзэлсэн багууд буюу нийт 6 баг төгсгөлийн шатанд тойргоор өрсөлдөж, эхний гурван баг нь “Хар тив”-ийг зорих бол дөрөв дэх баг Өмнөд Америкийн бүсээс таваар шалгарсан багтай шийдвэрлэх “тулаан” хийж , ялбал ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.
ДАЛАЙН ОРНУУД
Далайн орнуудын бүсийн тоглолтууд ид явагдаж байгаа. Төгсгөлийн шатанд Шинэ Зеланд, Шинэ Каледон, Фижи, Вануату улсын багууд үлдсэн. Австраличууд энэ бүсээс Азийн бүст шилжсэнээс хойш “кивичууд” буюу Шинэ Зеландын хөлбөмбөгчид бүсээсээ торохгүй шалгардаг болсон билээ. Энэ удаа ч бас тэдэнд “асуудал” гарахгүй биз. Тэд Азийн бүсийн тав дахь багтай халз өрсөлдөж, ӨАБНУ-д очих эсэхээ үзнэ.
АЗИ
“Шар” тивийн сонгон шалгаруулалтын системийг мэргэжилтнүүд тун ч толгой эргүүлсэн гэдэг юм. Энэ бүсийн урьдчилсан тоглолтод чансаа өндөр багууд тун их эрх ямба эдэлдэг. Тухайлбал Өмнөд Солонгос, Япон, Австрали, Саудын Араб, Ираны багууд эхний хоёр шатнаас шууд чөлөөлөгдөх жишээтэй.
Эхний шатанд чансаа доогуур багуудыг хооронд нь оноон тоглуулсан. Монголын хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан тоглолтод гуравдахь удаагаа оролцлоо. Манайхан БНАСАУ-ын багтай таарч эхний тоглолтод өөрийн талбайд 1:4-өөр, хариу тоглолтод Пхеньянд 1:5-аар хожигдсон. Монголын баг анх 2002 оны ДАШТ-ны урьдчилсан тоглолтод Саудын Араб, Вьетнам, Бангладештай нэг хэсэгт оноолт таарч Саудын Арабт 0:6, 0:6-аар, Вьетнамд 0:3, 0:1-ээр , Бангладешт 0:3-аар хожигдоод хамгийн сүүлчийн тоглолтод Бангладештай 2:2-оор тэнцэн анхны оноогоо авч, анхны хоёр гоолоо оруулж байсан билээ. Дараа нь 2006 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтод эхний шатанд Мальдивтай оноолт таарч нутагтаа 0:1-ээр , хариу тоглолтод 0:10-аар хожигдсон. Энэ удаа харьцангуй хүчтэй багтай таарсан ч муугүй тоглож, хоёр тоглолтод тус бүр нэг нэг гоол өрсөлдөгчийнхөө хаалганд орууллаа.
Ази тивийн гуравдугаар шатанд шалгарч үлдсэн багууд оноолтоо хийхэд:
1 хэсэг: Австрали, БНХАУ, Ирак, Катар
2 хэсэг: Япон, Бахрайн, Оман, Тайланд
3 хэсэг: БНСУ, БНАСАУ, Йордан, Туркменистан
4 хэсэг: Саудын Араб, Узбекистан, Ливан, Сингапур
5 хэсэг: Иран, Кувейт, АНЭ, Сири нэг хэсэгт таарлаа.
Хамгийн хүнд хэсэг мэдээж нэгдүгээр хэсэг. Өнгөрсөн ДАШТ-д хэсгээсээ шалгарч, дараа нь дэлхийн аварга Италитай ана мана үзсэн “Ногоон тивийнхэн”, мөн сүүлийн үед амжилт нь ахиж, 2002 оны ДАШТ-д оролцсон “Нанхиад” хөлбөмбөгчид, энэ жилийн Азийн аварга Иракын багууд нэг хэсэгт орсон болохоор арга ч үгүй “гал гарна”. Бас 3 дугаар хэсэгт хоёр Солонгос зөвхөн “ногоон талбайд” төдийгүй, улс төр, үзэл суртлын томоохон “тулаан” хийх нь ойлгомжтой.
Энэ шатанд хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд (нийт 10 баг) дөрөвдүгээр шатанд дахин хоёр хэсэгт тав таваараа хуваагдан тоглох юм. Эндээс хэсэг тус бүртээ мөн эхний хоёр байр эзэлсэн багууд буюу дөрвөн баг ДАШТ-д тивээ төлөөлөн тоглох эрх хүртэнэ. Харин хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хоёр баг хоорондоо халз тоглоод хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан нь Далайн орнуудаас шалгарсан багтай(Шинэ Зеланд гээд хэлчихсэн ч бараг буруудахгүй байх) мөн халз үзэж, Африкийн зүг зорих эсэхээ шийдэх юм.
АФРИК
“Хар тив”-ийнхний сонгон шалгаруулах систем ч Азийнхаас дээрдээд байх юмгүй. Энэ бүсээс зургаан баг ДАШТ-д оролцоно. Таван баг нь урьдчилсан тэмцээнээс шалгарах бол 2010 оны ДАШТ-ийг зохион явуулах ӨАБНУ-ын хөлбөмбөгчид “ногоон гэрлээр” шууд оролцох юм. Эхний шатны тоглолтууд хэдийнэ явагдчихсан бөгөөд хоёр дахь шатанд 48 баг 12 хэсэгт дөрөв дөрвөөрөө оноолт тааран тоглоно. Дөрөвдүгээр хэсэгт ӨАБНУ, Нигери,зургадугаар хэсэгт Сенегал, Алжир, есдүгээр хэсэгт Тунис ,Буркино Фасо зэрэг хүчтэй багууд учраа таарсан. Нөгөөтэйгүүр Африкчууд “нэг сумаар хоёр туулай буудаж” байгаа улс. Учир 2010 оны ДАШТ, 2010 оны Африкийн АШТ-ий урьдчилсан тэмцээнийг хамт явуулж байгаа юм. Тэгэхээр ДАШТ-ийг зохион явуулах ӨАБНУ-ын багийн тоглолтын дүн ДАШТ-д хамаарахгүй, харин Африкийн АШТ-ийг зохион явуулах Анголын багийн тоглолтын дүн Африкийн АШТ-ий дүнд хамаарахгүй аж. Ингээд хоёр шатанд хэсэг тус бүртээ тэргүүлсэн 12 баг, дээр нь хоёрдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн сайн үзүүлэлттэй 8 баг, нийт 20 баг гуравдугаар шатанд таван хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тоглоно. Ингээд энэ шатанд хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн таван баг ДАШТ-д оролцох эрхээ сая нэг юм авах аж.
ЕВРОП
Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж байсан нь “Хуучин тив”-ийн багуудын оноолт. Хамгийн олон оронтой, хамгийн хүчтэй энэ бүсийн сугалааг үнэхээр олон хүн анхааралтай хүлээж байсан. Европын багууд 9 хэсэгт хуваагдан тоглоно. Эхний найман хэсэгт тус бүр зургаан баг, есдүгээр хэсэгт таван баг оноогдоно. Хэсэгтээ тэргүүлсэн есөн баг ДАШТ-д оролцох эрхээ шууд “өвөртлөх” бөгөөд харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас сайн үзүүлэлттэй найман баг хоорондоо сугалаагаар дөрвөн хос болоод халз тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр давамгайлсан дөрвөн баг “Хар тив”-д очих эрхтэй болох юм. “Хөгшин Европоос” 13 баг Африкт очих аж.
1 хэсэг: Португал, Швед, Дани, Унгар, Албани, Мальт
2 хэсэг: Грек, Израйль, Швейцарь, Молдав, Латви, Люксембург
3 хэсэг: Чех, Польш, Умард Ирланд, Словак, Словен, Сан Марино
4 хэсэг: Герман, ОХУ , Финланд, Уэльс, Азербайжан, Лихтенштейн
5 хэсэг: Испани, Турк, Бельги, Босни Герцогивина, Армен, Эстон
6 хэсэг: Хорват, Англи, Украйн, Беларусь,Казахстан, Андорра
7 хэсэг: Франц, Румын, Серб, Литва, Австри, Фарерын арал
8 хэсэг: Итали, Болгар, Ирланд, Кипр, Гүрж, Монтенегро
9 хэсэг: Голланд, Шотланд, Норвеги, Македон, Исланд
Эндээс хамгийн “амь өрссөн” хэсэг бол нэг, зургаа, есдүггэр хэсгүүд бол “хөнгөхөн” гэж хэлж болох нь хоёр, долоо, найм .
Нэгдүгээр хэсэгт Португал, Швед, Дани, Унгар гээд жигдхэн дөрвөн баг байна. Гэхдээ Криштиан Роналду, Нани гээд залуу ододтой, Сколари гээд хур туршлагатай бразил дасгалжуулагчтай Португал, хэзээд жигдхэн нямбай тоглолттой Швед хоёрын хооронд гол өрсөлдөөн өрнөх биз. Сонирхуулж нэг зүйл хэлэхэд Скандинавын хоёр баг хоорондоо 99 удаа тоглож бйасан түүхтэй ч ДАШТ-ий урьдчилсан болон шигшээ тоглолтод ганц ч удаа таарч байгаагүй гэнэ.
Хоёрдугаар хэсэг хамгийн сулхан гэж хэлж болох хэсэг. 2004 оны Европын аварга энэ хэсгийг толгойлох сугалаа таарахад өөрийн эрхгүй баярлан дуу алдаж байна лээ.
Гуравдугаар хэсгээс Чех, Польш хоёр гарах байх. Харин аль нь нэгээр гэдэгт жаахан асуудал бий. Чехүүд хүчтэй багтай ч Польш сүүлийн үед ихэд өсч яваа. Бас Умард Ирланд, “Евро”-ийн шигшээд шалгарч байсан Латви ч бас басаж болохгүй багууд.
Дөрөвдүгээр хэсэгт Герман яах аргагүй “фаворит” нь. Ер нь немцүүд түүхэндээ ДАШТ-ий урьдчилсан тоглолтод ердөө хоёрхон удаа л хожигдсон гэдэг.
Оросуудад гэхдээ бас их аятайхан сугалаа таарлаа. Үүнээс илүү боломж тэдэнд олдохгүй ээ. Бусад багуудаас авах ёстой оноогоо алдалгүй аваад Германтай нэг үзээд алдах юм даа. Гэхдээ Финланд, Уэльстай тун хариуцлагатай тоглож байж ядаж хоёроор гарах “нүхээ” бэлдэх хэрэгтэй. Лихтенштейн “жижиг” улсуудаас хамгийн эвгүй нь гэдгийг мартаж болохгүй.
Тавдугаар хэсэгт Испани яаж ийгээд нэгээр шалгарах байх. Харин Турк, Бельги хоёр бол тун тэнцүү хэн нь ч нэгнийгээ “гол гаргаж” мэдэх багууд.
Зургадугаар хэсэгт хэдхэн хоногийн өмнө алдарт “Уэмбли” цэнгэлдэхдээ Хорватуудад шившигтэйгээр ялагдан “ЕВРО-2008”-аас мултарсан Англичууд ахиад Хорваттайгаа учраа таарлаа. “Нэр төрөө” сэргээх “тулаанд” Английн баг ихээхэн анхаарлаа хандуулах биз ээ. “Евро-2008” –ын урьдчилсан тоглолтод тааруухан багаа удирдсан Английн шигшээгийн дасгалжуулагч Макларен Хорватад хожигдсоны маргааш л ажлаасаа “хусагдсан”. Английн хөлбөмбөгийн холбоо шигшээ багаа удирдах саналыг Италийн нэрт мэргэжилтэн Фабио Капеллод тавьж, жилийн 4 сая фунт стерлингийн цалин амласан сурагтай. Хэрвээ итали эр энэ саналыг хүлээж авахгүй бол “Челси”-ийн экс дасгалжуулагч Жозе Моуриньод хандах тухай ч яригдаж байна.
Энэ хэсэгт дээрх хоёроос гадна 2006 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан Украйны баг байна. Гэхдээ Украйнчууд хүч нь ихээхэн суларсан.
Долдугаар хэсэгт Францууд гайгүй багуудтай таарчээ. Нэгээр гарчих болов уу. Румыний Хажи, Лэкэтуштай, Австрийн Кранкль, Прохазка, Пеццейтай үе өнгөрсөн болохоор Француудад нэг их төвөг удаж чадахгүй байх.
Наймдугаар хэсэгт дэлхийн аварга Италичууд мөн л нэгээр гарах биз. Болгар, Ирланд, Гүрж гурав хоёрдугаар байрын төлөө нилээд үзэх нь тодорхой.
Есдүгээр хэсэг бас чанга. Голланд нэг их сайн биш байгаа. Гэхдээ буурь заах биз. Шотланд, Норвеги бол ямар ч багт хэцүү өрсөлдөгчид. Ялангуяа Шотландчууд сүүлийн үед тун сайжирч байгаа. Тэгэхээр энэ хэсэгт бас л ширүүн өрсөлдөөн өрнөх нь.