Манай бөхчүүд Бакугийн дэвжээнээс хоёрдахь медалиа авлаа
Энэ сарын 17-ноос Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бөхчүүд амжиллттай оролцож байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнээс 55 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, 2005 оны дэлхийн АШТ-ий хүрэл медальт, “Универсиад” наадмын болон Оюутны ДАШТ-ий аварга Баяраагийн Наранбаатар урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль авсан. Тэрбээр мөн “Бээжин-2008” олимпийн наадамд зодоглох эрхээ давхар хүртсэн юм. Мөн 66 кг-ийн жинд барилдсан Буянжавын Батзориг шилдэг наймд багтаж, олимпийн наадамд оролцох эрх авсан билээ.
Тэгвэл өнөөдөр (9.22)болсон эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд хүч үзсэн манай бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Доржийн Нармандах эхний тойрогт гоц мөргөөд дараа нь Хятадын Сю Ли Хуйг 2:1 –ээр, Казахстаны М.Дунбаеваг мөн 2:1-ээр тус тус ялжээ. Ингээд мөнгөн медалийн төлөө Германы Ш. Гросстой барилдсан ч 0:5 –аар дийлджээ. Харин хүрэл медалийн төлөө Нармандах маань Канадын Б. Лэйвердюртай урамтай сайхан барилдаж. Эхний хоёр үед хоёр бөх бие биенээсээ нэг нэг оноо авсан бөгөөд шийдвэрлэх гуравдугаар үед манай бөх 6:1-ээр өрсөлдөгчөө илт илүүрхэж улмаар 7:2-оор ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Энэ нь манай эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс авсан хоёр дахь медаль бөгөөд хоёр жилийн өмнө Ц.Энхжаргал анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан билээ.
Д. Нармандах энэ жил 25 настай бөгөөд “Хүч” нийгэмлэгийн бөх, улсын шигшээ багийн тамирчин юм.
Энэ жилийн ДАШТ-ий эхний найман байрт шалгарсан бөхчүүд “Бээжин-2008” олимпийн эрхээ авч буй. Гэвч эмэгтэйчүүд олимпод 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг гэсэн дөрөвхөн жинд хүч үздэг тул Д.Нармандах олимпийн эрх авсангүй.
Мөн энэ өдөр болсон эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд барилдсан ОУХМ Жамс-рангийн Нямхишиг эхний тойрогт хийлсэн ч дараа нь Германы А.Энгелхардт-д 0:4-өөр ялагджээ.
55 кг-ийн жинд Оюутны дэлхийн аварга, Ази тивийн АШТ-ий аварга , хошой мөнгөн медальт, Азийн наадмын хошой хүрэл, Азийн цомын хүрэл медальт ОУХМ Найдангийн Отгонжаргал мөн эхэлж хийлээд , дараа нь Беларусийн А.Филиповад 1:2-оор ялагдан тэмцээнээ дуусгажээ.
Маргааш буюу тэмцээний сүүлчийн өдөр болох эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Азийн наадмын болон Азийн АШТ –ий хүрэл, Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Одончимэг , 67 кг-ийн жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Баярзаяа, 72 кг-ийн жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий долдугаар байрын шагналт Г.Наранчимэг нар хүч үзнэ. 63 кг, 72 кг-ийн жинд барилдах бөхчүүд маань шилдэг наймд багтвал олимпийн эрх өвөртлөх юм.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий есдүгээр сарын 22-ний өдрийн медальтнууд
Эмэгтэй:
51 кг: 1. Х. Сакамото (Япон)
2. Сю Чэнь Рэнь (БНХАУ)
3. Э. Шарп (Канад)
А.К. Делюш (Франц)
55 кг: 1. С.Ёшида (Япон)
2.И.Т. Карлссон (Швед)
3.О.Смирнова (Казахстан)
Н. Гольц (ОХУ)
59 кг: 1. А.П. Бокашвили (Франц)
2. Ш. Гросс (Герман)
3. Д. НАРМАНДАХ (МОНГОЛ)
Н.Синишин (Украйн)