2007-10-03
“Гэзэгт” хөлбөмбөгчдийн тулаан Германчуудын ялалтаар өндөрлөв

“Гэзэгт” хөлбөмбөгчдийн тулаан Германчуудын ялалтаар өндөрлөв

 

Есдүгээр сарын 10-нд БНХАУ-д эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. Бүс бүсээс шигшэгдэн шалгарч ДАШТ-д оролцох эрхээ авсан шилдэг 16 баг эхний шатанд дөрвөн хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглосон билээ. Хэсэг тус бүртээ эхний хоёр байрт шалгарсан, нийт найман баг хоёр дахь буюу плей –оффын шатанд тоглосон. Хэзээний их шөвөгт үлддэг, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Шведийн бүсгүйчүүд хэсгээсээ шалгарч чадаагүй бол Англи, Австралийн хүүхнүүд анх удаа шөвгөрлөө.

Шөвгийн наймд дэлхийн аварга Германы баг хэсэгтээ АНУ-ын хүчирхэг багтай тэнцэж, Шведийн өмнө орсон Ардчилсан Солонгосын багийг 3:0-ээр төвөггүйхэн хожсон. Харин Норвегийн бүсгүйчүүд талбайн эзэн, олимп, дэлхийн мөнгөн медальт Нанхиад  хүүхнүүдийг ширүүн өрсөлдөөний эцэст 1:0-ээр яллаа.

Мөн АНУ-ын хүчирхэг баг Английн шигшээд огтхон ч боломж олголгүй илүүрхэн 3:0-ээр хожсон бол, Бразилийн бүсгүйчүүд анх удаа шөвгөрсөн Авсралийн багийг 3:2-оор хожин хагас шигшээд шалгарсан.

Хагас шигшээ тоглолтууд тун өрсөлдөөнтэй болно гэж тооцож байтал эсрэгээр болов. Германчууд 2000 оны Сиднейн олимпийн аварга, 1996 оны Атлантын олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Норвегийн багийг 3:0-ээр илүүрхэн хожсон бол Бразилийн бүсгүйчүүд АНУ-ын шигшээг 4:0-ээр бут ниргэв. Сүүлчийн хоёр олимпод хүрэл медаль зүүсэн, 1995 оноос хойш Европын аварга цолыг дараалан дөрвөн удаа хүртсэн, 2003 оны буюу сүүлчийн дэлхийн аваргад түрүүлсэн Германы хүчирхэг багийг шигшээ тоглолтод үлдэхэд гайхах зүйл байхгүй ээ. Тэгвэл Олимпийн болон дэлхийн хошой аварга, 2003 оноос хойш хожигдол гэдгийг үзээгүй (51 тоглолт) явсан Америкийн хүчирхэг хүүхнүүд Бразилийн багт бут ниргүүлсэн нь ихээхэн шуугиан тарилаа. Мордохын хазгай гэгчээр АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Грэг Райан Бразилтай хийх тоглолтод үндсэн хаалгач, өмнөх дөрвөн тоглолтод тоглосон Соло-г , хашир туршлагатай хар арьст хаалгач Скарригаар сольсон нь тун  оновчгүй сонголт болсон. Соло бол сүүлийн хоёр жил шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд тогтмол тоглож байгаа, энэ жил 26 настай, ДАШТ-д БНХАУ, Нигери, Английн багтай хийсэн тоглолтод хаалгандаа ганц ч бөмбөг алдаагүй “манасан”хаалгач. Харин Райан Скарриг (энэ жил 36 настай), олимп, дэлхийн аварга, том том тоглолтод гарамгай тоглодог туршлагатай, Бразилийн эсрэг тун сайн тоглодог уламжлалтай хэмээн сонгожээ. Гэхдээ Скарриг сүүлийн гурван сар гаруй ганц ч удаа бүтэн тоглолтод оролцоогүйг нь, өөрөөр хэлбэл бэлтгэл практик дутуу байгааг нь бодолцсонгүй.

Ингээд л тоглолт болж, “Хайнагийн шар” шиг биерхүү Вамбах тэргүүтэй америк  “шар” хүүхнүүд , туяхан биетэй ч техник гэж гайхмаар, дээр нь өндөр хурдтай Бразилийн “бор” хүүхнүүдэд нойлоороо хусуулав. Өнөө найдлага тавьсан Скарри ч нэмэр болсонгүй. Өөрсдийгөө “Хэзээ ч сонсогдож байгаагүй аугаа баг” ( The Greatest team you’ve never heard of) гээд рекламдаад байсан нь ч хэрэг болсонгүй ээ.

Тоглолтын дараа гомдож, тунирхсан Соло сурвалжлагчид “ Манай дасгалжуулагч буруу сонголт хийсэн. Өнгөрсөн гавьяагаар биш өнөөдрийн бодит байдлаар сонголтоо хийх хэрэгтэй байсан юм”  гээд хэлчихсэн нь бүүр буруудаж , нас залуу, цус шингэн хаалгачийг хэлсэн үгийнх нь төлөө дасгалжуулагч нь багаасаа хөөж орхив. Хүнд хэцүү үед багийн дунд таагүй уур амьсгал авчирлаа гээд багийн нөхөд нь ч таагүй хүлээн авчээ.

Хүрэл медалийн төлөө тоглолтод өнөөх Скарри хаалгаа манаж, Америкчууд Норвегийн хүүхнүүдийг 4:1-ээр хожиж, дэлхийн аварга, олимпийн наадмаас медальгүй мултарч үзээгүй уламжлалаа хадгалан үлдлээ. Америкийн эмэгтэй хөлбөмбөгчид Олимпийн хошой алт, нэг мөнгөн медаль, дэлхийн аваргын мөн хошой алт, гурван хүрэл медальтай боллоо.

Шигшээ тоглолтод аваргын буурь заан үлдсэн немц бүсгүйчүүд, анх удаа дэлхийн аваргын финалд шалгарсан Бразилийн хүүхнүүдийг 2:0-ээр хожин хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон төдийгүй аварга цолоо хамгаалсан анхны баг болов. Тоглолтын эхний үед Бразилийн шигшээ тун олон довтолж санаачилгыг гартаа авч , Марта, Кристайн нарын хурд, техник өрсөлдөгчдөө ихээхэн сандаргаж байсан ч  нягт зохион байгуулалттай Германы багийн хаалганд бөмбөг оруулж дөнгөсөнгүй. Мөн хагас хамгаалагч Даниэлагийн цохилт хаалганы шонг онож, аз дутав.

Хоёрдугаар үе эхэлмэгц Германы хүүхнүүд шууд довтолгоонд орж санаандгүй байсан Бразилчуудыг ихээхэн тэвдүүллээ. Тун удалгүй Германы багийн ахлагч Биргит Принцийн цохилт оновчтой болж, Германчууд 1:0-ээр хошуучилж эхлэв. Принцийн энэ гоол түүний энэ жилийн ДАШТ-д оруулсан тав дахь, нийтдээ ДАШТ-д оруулсан 14 дэх гоол нь боллоо. Тэрбээр ийнхүү ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан “шингэн дуутай” хөлбөмбөгч боллоо.

Гэнэтийн довтолгоонд барьц алдсан Бразилчууд тоогоо тэнцүүлэхээр тасралтгүй дайрч, уран гоё тоглолт үзүүлж байсан ч гоол оруулж дөнгөхгүй л байв. Тоглолтын 64 дэх минутад Германы хамгаалагч торгуулийн талбайд Бразилийн тоглогчийг түлхэн унагаасан тул шүүгч зүй ёсоор “пенальти” өглөө. Гэвч Мартагийн баруун буланд хийсэн цохилтыг Германы хаалгач Ангерер хааж багаа аварлаа. Энэ өдөр Бразилчуудаас Бурхан азаа “харамласан” бололтой. Нөгөөтэйгүүр хөлбөмбөгт гоё тоглосон нь биш гоол оруулсан нь хождог гэдгийг хатуу чанд зохион байгуулалттай, уран гоё тоглолт, гайхам техник, бишрэм финт хийхгүй ч өөрт оногдсон үүргээ даалгавараа ёс журмаар нь биелүүлдэг Германы хөлбөмбөгчид  дахин нэг харууллаа.

Тоглолтын 86 дахь минутад Германы Лаудер тооны харьцааг 2:0 болгосноор энэ тоглолтын хувь заяа шийдэгдлээ. Герман бүсгүйчүүд ийнхүү дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа, тэгэхдээ дараалан хүртлээ.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 20 гаруй хоног цэнхэр дэлгэцээр шимтэн үзсэнээ товч тоочиход энэ. Гэвч зайлшгүй дурьдах зүйлүүд бас үлдсэнийг доор өгүүлсү.

 

Марта-Хөлбөмбөгийн “Хатан хаан”

 

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагнал, “мэргэн бууч”-ийн “Алтан шаахай” шагналыг Бразилийн шигшээгийн 10 ноймер Марта хүртсэн. Үнэхээр ч өнөөдөр Марта манай гаригийн шилдэг “шингэн дуутай” хөлбөмбөгч гэдэг нь маргашгүй үнээн. Түүний бүтэн нэр нь Марта Вйейра да Сильва. Энэ жил дөнгөж 21 нас хүрч буй энэ бүсгүй ердөө 162 см өндөр, 56 кг жинтэй. Тэрбээр 1986 оны  хоёрдугаар сарын 19-нд Бразилийн Алогоас мужийн Дос Риачос хэмээх бяцхан хотноо төржээ. Багаасаа хөвгүүдтэй бөмбөг өшиглөж өссөн Марта охин хөлбөмбөгийн техникийн хамгийн хүнд элементүүдийг ч төвөггүй эзэмшжээ. Бурхан ч түүнд ховорхон авьяас заяаж. 2000-2002 онд Бразилийн алдар цуут “Васко да Гама” клубын охидын багт тоглож гараагаа эхэлсэн Марта 2002 оноос насанд хүрэгчдийн “Санта Круз” багт алба хаажээ. 2004 онд Марта 20 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Бразилийн шигшээд тоглон, шилдэг тоглогчийн шагнал хүрсэн байна. Тэр ондоо Мартаг Шведийн “Умеа” баг урьжээ. Шведэд ирээд Марта улам л амжилттай тоглох болжээ. Гурван жил дараалан Шведийн лигийн “мэргэн буучаар” тодорч, хоёр алт, нэг мөнгөн медалийг багийнхныхаа хамт зүүжээ. Мөн эмэгтэй хөлбөмбөгчдийн клубуудын хамгийн том тэмцээн болох УЕФА-гийн цомд хоёр удаа (2004,2006) түрүүлж, энэ жил “аман хүзүүдсэн” байна.

Марта FIFA-гийн Оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог шагналд сүүлийн гурван жил дараалан шалгарсан. Тэгэхдээ 2004 онд “Хүрэл бөмбөг”, 2005 онд “Мөнгөн бөмбөг” авсан бол өнгөрсөн жил “Алтан бөмбөг” хүртэн, манай гаригийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч цолыг авсан юм. Энэ жил ч Марта FIFA-ийн “Алтан бөмбөг”-ийг дахин хүртэх биз ээ. Марта нутаг нэгт Роналдиньо, Ривалдо нарыг ихээхэн хүндэлдэг, бас “Коринтианс” багийн улаан фэн гэнэ. Тэрбээр чөлөөт цагаа теннис тоглож өнгөрүүлэх дуртай аж.   

2005 онд Шведийн телевиз Мартагийн амьдралаас сэдэвлэн “Марта-Пелегийн үеэл” (Marta cousin of PELE) нэртэй баримтат кино бүтээсэн нь тохиолдлын хэрэг байгаагүй юм. Эрэгтэй хөлбөмбөгчинд ч ховорхон тохиох  өндөр техник, ур чадварыг эзэмшсэн Мартагийн энэ жилийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод АНУ-ын багийн хаалганд оруулсан гоол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гоё гоолуудын нэгэнд тооцогдох нь гарцаагүй.

Хэдийгээр 21 нас хүрч буй  ч олимпийн наадам, дэлхийн аваргад “үзүүрлээд” үзчихсэн, шигшээ багтаа 45 удаа тоглохдоо 47 гоол оруулсан, дэлхийн шилдэг хөлбөмбөгч цолыг хүртсэн  Мартагийн өмнө их ирээдүй байна. Олимп, дэлхийн аварга болох нас ч байна, цаг ч байна. Хөлбөмбөгийн “Хатан хаан” гэдэг цолыг харин хэдийнээ хүртэж амжжээ.

 

Хорин жил шигшээд тоглосон хосгүй Лилли

 

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ таван удаа зохиогдсон билээ. Харин олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хөлбөмбөг 1996 оноос орж, түүнээс хойш гурван олимпод “шингэн дуутнууд” ширэн бөмбөг хөөжээ. Тэгвэл энэ бүх тэмцээнд оролцсон цорын ганц тоглогч бол АНУ-ын шигшээ багийн ахлагч Кристайн Лилли. Гэхдээ олимпийн наадам, дэлхийн аваргын бүх тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд тоглосон гээд бод доо. Үнэхээр хосгүй амжилт. Лиллигийн амжилт үүгээр ч зөвхөн хязгаарлагдахгүй ээ. Тэрбээр1987 онд анх удаагаа АНУ-ын шигшээ багт тогложээ. Тэр үед Америкийн эмэгтэйчүүд түүхэндээ ердөө 15-хан удаа тоглоод байж. Хожим Лилли шигшээ багтаа 300 дахь тоглолтоо хийхэд АНУ-ын эмэгтэй шигшээ багийн 353 дахь тоглолт болжээ. Тэрбээр шигшээд З00 дахь тоглолтоо хийхдээ 289-д нь үндсэн бүрэлдэхүүнд талбайд гарч байжээ. Бүтэн хоёр арваны турш шигшээ багтаа тоглоно гэдэг эмэгтэй хүнд битгий хэл эрчүүдэд ч ахадхаар зүйл.  Кристайн Мэри Лилли 1971 онд Нью Йорк хотноо төржээ. Гэхдээ тэр Коннектикут мужийн Вильсон хотноо өсч торнисон байна. Харин хөлбөмбөгчний гараа нь Хойд Каролины их сургуулийн багаас эхэлж. Хойд Каролинагийн Их сургуулийн баг NCAA-ийн буюу  Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 1989-1992 онд завсаргүй түрүүлсэн байна.

Дараа нь Швед, АНУ-ын мэргэжлийн багуудад намтараа үргэлжлүүлжээ.

Шигшээ багтаа бол Лилли олон арван рекорд амжилтын эзэн болсон. 1998 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд 151 дэх тоглолтоо хийж Норвег бүсгүй Х.Стёрны рекордыг эвдсэн бол 1999 онд 164 дэх тоглолтоо хийж, эрэгтэйчүүдээс шигшээ багтаа хамгийн олон тоглосон Саудын Арабын Эль Тамьянигийн амжилтыг шинэчилжээ.

Эдүгээ Лилли шигшээ багтаа хамгийн олон тоглосон эрэгтэй болон эмэгтэй хөлбөмбөгчдийн рекордыг 337 тоглолт болгоод байгаа юм. Лилли таван ДАШТ, гурван олимпод оролцсон, гэхдээ бүх тоглолтод нь үндсэн бүрэлдэхүүнд тоглосон гэж дээр өгүүлсэн. Мөн дээрх бүх тэмцээнээс “юм зулгааж” байсан билээ. Одоо түүний медалийн цуглуулгад Олимпийн хошой алт, нэг мөнгө, ДАШТ-ий хошой алт, гурван хүрэл медаль бий. Дээр нь өнгөрсөн жилийн FIFA-ийн Оны шилдэг хөлбөмбөгчний “Мөнгөн бөмбөг” шагнал байгаа.

Энэ удаагийн ДАШТ 36 настай Лиллигийн хувьд сүүлчийн ДАШТ болсон байж ч  магадгүй л юм. Гэхдээ ногоон талбайгаас явах бас л болоогүй гэдгээ Лилли өгүүлсэн. Тэрбээр ирэх жил “Бээжин-2008” олипийн наадамд тоглож болох юм гэдгээ ДАШТ-ий дараа мэдэгдсэн билээ.

Хосгүй, ховорхон  амжилтын эзэн Лилли бүсгүйн рекорд үргэлжилсээр...

 

Герман машин буюу  “ Гэзэгтэй Герд Мюллер”

 

Бразилийн Марта, Америкийн Лилли нарын тухай өгүүлэхгүй өнгөрч чадаагүйн адил Германы Биргит Принцийн тухай хэдэн үг хэлэхгүй бол алдас болох авай. Германы хөлбөмбөгийн онцлогыг ширэн бөмбөгийн хорхойтнууд сайн мэднэ. Эрчүүд нь ДАШТ-д хамгийн тогтвортой өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай. Бие бялдрын бэлтгэл, хатуу чанд сахилга бат, дээд зэргийн зохион байгуулалт, нягт нямбай хамгаалалт, өрсөлдөгчийнхөө гаргасан өчүүхэн алдааг ашиглах чадвар Германы хөлбөмбөгийг хэзээ ямагт дэлхийн шилдгүүдийн тоонд багтаадаг билээ. Судсаар нь немц цус гүйж буй болохоор хүүхнүүд нь ч  энэ чанарыг өвлөж. Тэд дэлхийн хошой алт, нэг мөнгө, Олимпийн хошой хүрэл, Европын зургаан (1989,1991,1995,1997,2001,2005) алтан медальтай. 

Энэ “машин” шиг багийн амжилтын эх үндэс Биргит Принцтэй салшгүй холбоотой билээ. Эдүгээ 30 нас хүрч буй (Тэрбээр аравдугаар сарын 25-нд 30 нас хүрэх юм) Принц Германы шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний цолыг 2001 оноос хойш тасралтгүй  долоон удаа хүртээд байгаа. Мөн FIFA-ийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр гурван удаа (2003,2004,2004) шалгарч “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн. Тэрбээр ДАШТ-д дөрвөн удаа оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль зүүсэн. Мөн түүний цол гуншин дээр Евроын дөрвөн удаагийн аварга, УЕФА-ийн хоёр удаагийн аварга, Германы АШТ-ий болон цомын найман удаагийн аварга, Америкийн мэргэжлийн лигийн аварга гээд нэмэгдэнэ. Түүний цуглуулгад гагцхүү Олимпийн алтан медаль л байхгүй ажээ.

2003 оны ДАШТ-ий “мэргэн бууч”-ийн “Алтан шаахай” болон шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг эзэн болж байсан. ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан Принц энэ жил финалын тоглолтод шийдвэрлэх гоол оруулж багаа хошой аварга болоход гарамгай гавьяа байгуулсан билээ.

179 см өндөр, 74 кг жинтэй биерхүү энэ бүсгүй эрэгтэйчүүдийн мэргэжлийн багт тоглосон анхны эмэгтэй тоглогч болох тун дөхсөн билээ. 2003 онд Италийн “Сери-А”-ийн “Перужи” багийн ерөнхийлөгч Лучиано Гауччи Принцийг багтаа урьсан ч герман бүсгүй “эмэгтэйлэг” байхаар шийдэж энэхүү саналаас аятайхан татгалзсан түүхтэй.

Герд Мюллер гээд Германы шигшээгийн гоолны машин байсан даа. Тоглолтын ихэнх үед талбайд байгаа үгүй нь харагддаггүй мөртлөө яг хэрэгтэй чухал үед ганц хатгаад л гоол оруулчихдаг байсан Герд Мюллерын эмэгтэй дүр нь Биргит Принц гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу.

 

Оройтсон оршил ба эрчээ авч буй эмэгтэй хөлбөмбөг

 

 

 

Эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан бөмбөг хөөж эхэлсэн цаг саяхан. Европын аварга шалгаруулах тэмцээн 1984 оноос эхлэн зохиогдсон бол 1991 онд тэр үеийн ФИФА-гийн ерөнхийлөгч Жоао Авеланжийн санаачилга, уйгагүй хичээл зүтгэлийн ачаар эмэгтэйчүүдийн анхны ДАШТ болжээ. 1996 оноос эмэгтэй хөлбөмбөг олимпийн наадмын хөтөлбөрт багтаж. Жилээс жил ирэх тусам хөлбөмбөгөөр хичээллэх охид бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж, тэмцээн уралдааны тоо олширч , үзэгч хөгжөөн дэмжигчид ч нэмэгдсээр байна. Эдүгээ гэхэд ФИФА-гаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг гурван насны ангиллаар зохион явуулж байна. Энэ жилийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг гэхэд 34 000 үзэгч үзсэн. Гэхдээ энэ нь хамгийн олон үзэгчтэй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолт бас биш ээ. Өнгөрсөн зун Бразилд болсон Пан Америкийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод Бразил-АНУ-ын (Америкийн 20 хүртэлх насны шигшээ баг оролцсон) багууд өрсөлдөхөд алдарт “Маракана”-д 68 000 үзэгч цугласан билээ.

            1999 онд Лос Анжелес хотноо чуулсан ФИФА-ийн конгрессоос өөрийн бүх гишүүн орнууддаа жил болгон олгодог 250 000 ам. долларын мөнгөн тусламжийнхаа (Үүнийг шигшээ багийн тамирчдын тээврийн болон буудлын зардал, холбооны ажилтнуудын цалинд зарцуулах ёстой) 10 хувийг буюу 25 000 долларыг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд заавал зарцуулах ёстойг үндэсний холбоодод  онцлон заасан нь  их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. (Монголын хөлбөмбөгийн холбоо хэдэн төгрөг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулсан бол?)

            Саяны ДАШТ-ий шигшээ тоглолтыг Германд шууд дамжуулсан ZDF-ийн нэвтрүүлгийг гэхэд л 9,05 сая хүн үзсэн байна. 2006 оны “Аваргуудын лиг”-ийн “Милан”-“Бавари” багуудын тоглолтыг 8,1 сая герман үзэгч үзэж байсан гээд бодвол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг сонирхогчид эрчүүдийнхээс цөөнгүй гэдэг нь харагдах аж. Нэг үгээр хэлбэл эмэгтэйчүүдийн хөлбөмбөг эрч хүчтэй хөгжиж байна.

 

                                  

           

 

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн медальтнууд

 

1991 он. 1.АНУ         2.Норвеги      3.Швед

1995 он. 1.Норвеги   2. Герман       3.АНУ

1999 он. 1.АНУ         2.БНХАУ        3.Бразил

2003 он. 1.Герман     2.Швед           3. АНУ

2007 он. 1.Герман     2.Бразил         3. АНУ

 

ДАШТ-ийн шилдэг тоглогчид

1991 он. К.Женнингс (АНУ)

1995 он. Х.Рийсе  (Норвеги)

1999 он. Сун Вэнь (БНХАУ)

2003 он. Б.Принц (Герман)

2007 он. Марта (Бразил)

 

ДАШТ-ийн шилдэг “Мэргэн буучид”

1991 он. М.Айкерс (АНУ)

1995 он. А-К.Ааронес (Норвеги)

1999 он. Сисси Бразил, Сун Вэнь (БНХАУ)

2003 он. Б.Принц (Герман)

2007 он. Марта (Бразил)

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 04:03 | | уншсан: 516 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)