Мэргэжлийн сүмогийн зүүн,барууны магнайд монгол их аваргууд босно
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн Нацү башёд Монголын бөх Хакухо буюу Мөнхбатын Даваажаргал өвдөг шороодолгүй түрүүлж, “Эзэн хааны цом”-ыг гуравдахиа хүртэв. Эдүгээ 22 настай Хаухо ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 69 дэх Их аварга буюу Ёкозүна цолтон боллоо. Мэргэжлийн сүмо Хавайн их аварга Мусашимаруг зодог тайлснаас хойш буюу 2003 оноос эхлэн ганцхан их аваргатай өнөөг хүрсэн билээ. Энэхүү ганц ёкозүна нь манай Асашёрю хэмээх Долгорсүрэнгийн Дагвадорж. Их аварга АСА Хакүхо дүүгээ дээд зиндаанд дэвшин цол хүртэх үед манайхны “69” хэмээн нэрлэдэг “Уаз-469” машин бэлэглэж байсан. Энэ нь Хакухог 69 дэх их аварга болоорой гэсэн далд бэлгэдэл, учиртай бэлэг байсан тухай ч яриа гарч байсан нь саяхан. Тэгвэл энэ бэлгэдэл ерөөл эдүгээ биелэлээ олж, Хакухо ёкозүна боллоо.
Японы сүмогийн түүхэнд гадныхнааас Хавайн арлын алдарт Акэбоно, Мусашимару, Монголын Асашёрю гээд гуравхан бөх ёкозүна цолд хүрч байсан бөгөөд Хакухо дөрөв дэх япон бус их аварга, хоёр дахь монгол ёкозүна болон тодров. Их аварга Асашёрю маань ч “булган сүүлтэй” аварга болохоо харуулав.
Харь орны үндэсний спортынх нь оргилд хүрч, Их аварга цолыг нь хүртэн,алдар нэр,хайр хүндэтгэлийн зэрэгцээ атаа жөтөө, аливаа хэл амыг хангалттай сонсож, сүмогийн өнөөгийн нүүр царай болох хүндтэй бас хариуцлагатай үүргийг хэдэн жилийн турш үүрч , “ганцаардаж” явсан Асашёрю маань ч ханьтай боллоо.
Их аварга цолд, өндөр нэр алдарт хүрэх хэцүү. Тэгвэл аварга цолыг дааж, аваргын нэр хүндийг өргөж явах, аваргын дайтай барилдаан тогтмол үзүүлж, өө сэвгүй , үлгэр дууриал болж явах бүүр ч хэцүү гэдгийг Асашёрю хангалттай мэдэрсэн. Энэ “хүнд ачааг” нь одоо эх нутгын дүү Хакухо хамт үүрэлцэх болов. Юутай сайхан. Бас сүмогийн дэвжээнд бие биенээ хурцлах нутгийн хоёр аварга
бий болов.
Халхын домогт аваргын хүү, Мөнхбатын Даваажаргал хэмэх дэрчийсэн шар банди зургаан жилийн өмнө Наран улсад анхлан хөл тавьж, сүмоч болохоор очиж байж. Туранхай, жаахан хүүг авах дэвжээ тэр үед олдоогүй гэдэг. Аргагүйн эрхэнд нутаг буцах дээрээ тулж байхад мэргэжлийн сүмо дахь Монголын анхны “алтан хараацай”-уудын нэг, “Мэхний их дэлгүүр” хэмээн алдаршсан Кёкүшюзан Д.батбаяр нэр хүнд, танил талаа ашиглан Миягино багшийг гуйж байж Даваажаргалыг шавь оруулсан түүхтэй. Тэгвэл өдгөө ирээдүйн их аваргыг таньж, олж хараагүй , гож шилж байсан олон ояката буюу багш нар амаа барьж буй нь лавтай. Мэргэжлийн сүмод нэгэнт хөл тавьсан Даваажаргал ч Кёкүшюзан ах, Миягино багшийнхаа итгэлийг эвдэлгүй , бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж, урамтай сайхан барилдсаар , зиндаа цол ахисаар сүмогийн оргилд хүрлээ.
Энэ жил Хакухогийн хувьд үнэхээр одтой хийморьтой, бас баярт үйл явдлаар дүүрэн жил бож байна. Жаргал зовлонгоо хуваалцах хань ижилтэй болж, зулайг нь үнэрлэх охин үртэй болов. Их аварга буюу Ёкозүна цолыг гуйж бус гуядаж авлаа. Одоо олон түмнийхээ хайр хүндлэлийг дааж явах, их аваргын нэр хүндээ өргөж, цолондоо дүйсэн барилдаан тогтмол үзүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай бас нэг “даваа” бий.
Ирэх долдугаар сарын Нагоя башёгаас эхлэн Японы мэргэжлийн сүмогийн зүүн,баруун жигүүрт Монголын хоёр хүү, Монголын хоёр Их аварга босно. Та хоёрыг давахад чинь даган босох, хазайхад чинь хажуунаас нь түших монгол зон олон ард чинь бий. Тэднийхээ хайр итгэлийг олон олон түрүүг авахыг ерөөн сүүн цацал өргөмү!
Долгорсүрэнгийн Дагвадорж
-Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна
- Дэвжээнйи нэр АСАШЁРЮ
-“Такасаго” дэвжээний бөх
-1980 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатарт төрсөн
-Биеийн өндөр 184 см, жин 148 кг
-Макүүчи буюу дээд зиндаанд 20 удаа
Макүшита, Санданмэ, Жонидан зиндаанд тус бүр нэг нэг түрүүлсэн.
-Уран барилдааны тусгай шагналыг 3
-Дайчин бөхийн шагналыг 3
-Кинбошиг нэг удаа хүртсэн
-Мэргэжлийн сүмод 1999 оны нэгдүгээр сард,
дээд зиндаанд 2001 оны нэгдүгээр сард орсон.
-Дээд зиндаанд 452 ялж, 116 унасан.
-дархан мэх нь цүппари,ёрикири
Мөнхбатын Даваажаргал
-Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна
- Дэвжээнйи нэр ХАКУХО
-“Миягино” дэвжээний бөх
-1985 оны гуравдугаар сарын 11-нд Улаанбаатарт төрсөн
-Биеийн өндөр 192 см, жин 155 кг
-Макүүчи буюу дээд зиндаанд гурван удаа
Жүрюо зиндаанд нэг түрүүлсэн.
-Уран барилдааны тусгай шагналыг 3
-Дайчин бөхийн шагналыг нэг
-Техниктэй бөхийн шагналыг 2
-Кинбошиг нэг удаа хүртсэн
-Мэргэжлийн сүмод 2001 оны гуравдугаар сард,
дээд зиндаанд 2004 оны тавдугаар сард орсон.
-Дээд зиндаанд 194 ялж, 70 унасан.
-дархан мэх нь ёрикири