2007-06-11
Азийн аварга Монгол боксчдын тоо гурваар нэмэгдэв

 

 

 Азийн аварга Монгол боксчдын тоо гурваар нэмэгдэв

 

Манай эх орны нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа зохиогдсон сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн өндөрлөлөө.

 Шар тивийн 20 орны 150 шахам “ширэн бээлийтнүүд” өрсөлдсөн уг тэмцээн манай боксчид тун амжилттай оролцож, гурван алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

 

 

48 кг-ийн жинд  ОУХМ Пүрэвдоржийн  СЭРДАМБА   Малайз, БНСУ-ын боксчдыг оноогоор ялан медалийн болзол хангаад, мөнгөн медалийн төлөө Узбекистаны  Назаровыг хожин финалд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө  Хятадын тамирчин, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт  Жоу Ши Мингийг 12:7 оноогоор ялж, Ази тивийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн Монголын долоо дахь боксчин болов.

 

 

51 кг-ийн жинд Казахстаны Сарсембаев Хятадын Ян Бүг 22:17 ялж багийнхаа алтан медалийн салхийг хагаллаа.  Энэ жинд тоглосон манай см Л.Зоригтбаатар эхний тойрогт Азийн наадмын хүрэл медальт Японы боксчинд ялагдсан юм.

 

54 кг-ийн жинд  ОУХМ Энхбатын БАДАР-УУГАН  аваргын төлөө Казахстаны К.Абуталиповтой учраа таарч 26:16-аар ялж, алтан медаль зүүв. Манай тамирчин өмнөх тойргуудад Шри-Ланк, Хятадын боксчдыг ялж медалийн болзол хангаад, хагас шигшээд Энэтхэгийн А.Кумарыг хожсон.

            Бадар-Ууган өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмаас хүрэл медаль авч байсан билээ.

 

57 кг-ийн жинд  ОУХМ Зоригтбаатарын. ЭНХЗОРИГ  алтан медалийн төлөө Казахстаны Е. Саидалинтай тоглон 14:7 –гоор хожиж явахад рингний шүүгч дөрөвдүгээр үед тоглолтыг зогсоон манай тамирчинд техникийн цэвэр ялалт өгснөөр манайхан нутгийн дэвжээн дээрээ гурав дахь алтан медалийг хүртлээ.

 

 

60 кг-ийн жинд Афины олимпийн мөнгөн медальт БНАСАУ-ын Ким Сон Гүк, Азийн аварга Узбекистаны Б. Хайдировыг аргагүй туршлага, ур чадвараар илүүрхэн   17: 4-өөр хожин аварга болов.

Энэ жинд манай шилдэг мастеруудын нэг, гол найдвар гэгдэж байсан ОУХМ  У. Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Ираны боксчинд харамсалтай ялагдсан.

 

64 кг-ийн жинд ОУХМ Бямбаагийн ТҮВШИНБАТ  тивийн аваргын төлөө тулаанд 12: 24-өөр Казахстаны Серик Сапиевт мөнгөн медаль зүүлээ. Өмнөх тойрогт Түвшинбат БНСУ-ын тамирчинг оноогоор хожоод, хагас шигшээд Энэтхэгийн М.Кумарыг ялж финалд үлдсэн билээ.

 

69 кг-ийн жинд см Мөнгөнцоожийн НАНДИН-ЭРДЭНЭ   алтан медалийн төлөө Казахстаны Бахут Сарсекбаевт 9:16-аар ялагдан мөнгөн медаль хүртэв. Тэмцээнд оролцох эсэхээ сорилт хийн байж олж авсан Нандин-Эрдэнэ урамтай сайхан тоглон, мөнгөн медальд хүрч багш дасгалжуулагчдынхаа итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Нандин –Эрдэнэ Туркменистан, Хятадын боксдыг ялж мөнгөн медальд хүрсэн.  

 

75 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын аварга Узбекистаны  Эльшод Расулов Энэтхэгийн Вимедерийг 14:3-аар хожин тивийн аварга боллоо. Энэ жинд хүч үзсэн манай Н.Шинэбаяр  эхний тойрогт Тайландын боксчинд ялагдан тэмцээнээ дуусгасан юм.

 

81 кг-ийн жинд Узбекистаны Аббос  Атоев, Хятадын Жан Шиапонийг 6:3-аар ялж алтан медаль зүүлээ. Энэ жинд манай Ц.Мөнхчулуун эхний тойрогтоо Индонезийг ялаад дараа нь аварга болсон А. Атоевт хожигдсон аж.

 

-91 кг-ийн жинд Азийн наадмын аварга Ираны Али Мазахери Сирийн боксчин К.Самарыг 18:14-өөр  ялж, Азийн аварга цолыг хүртлээ. Энэ жинд манай Х.Мандахбаяр эхний тойрогт Узбекистанд ялагдан цаашид тоглох эрхгүй болсон.

 

+91 кг-ийн жинд Узбекистаны тамирчин, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, олимп, дэлхийн хүрэл медальт Рустан Саидов Хятадын Жан Жи Лэйг 14:3-аар ялж , Азийн гурван удаагийн аварга боллоо.

           

            Манай “ширэн бээлийтнүүдээс” өмнө нь тивийн аварга шалгаруулах тэмцээнээс  зургаан аварга төрж байсан. Гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг, гавьяат тамирчин нар Намжилын Баярсайхан нар Ази тивийн хошой аварга болж, гавьяат тамирчин Равсалын Отгонбаяр,гавьяат тамирчин  Нэргүйн Энхбат, гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн, ОУХМ Галсандоржийн Батбилэг  нар Ази тивийн аварга болж байсан түүхтэй.

 

             Манай Ази тивийн аваргуудаас  Н.Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос хүрэл, Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос хүрэл, Р.Отгонбаяр 1982 оны ДАШТ-ээс мөнгө, Т.Үйтүмэн 1997 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авч амжилтаа ахиулж байсан.

 

            Ийнхүү эх орондоо анх удаа зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай боксчид бахдам сайхан амжилт гаргаж, бокс сонирхогчид, спортын хорхойтнууд, ард түмнээ баярлууллаа. Одоо ирэх  10 дугаар сард АНУ-ын Чикагод болох сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон “Бээжин-2008” олимпийн эрхийг олноор авахад анхаарлаа хандуулах цаг ирлээ.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:03 | | уншсан: 591 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)