Бурхны үнэнч хүү КАКА
Хөлбөмбөгийн ертөнцийнхөн дундаа бараг хамгийн дарууд тооцогдох Кака 1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилийн нийслэл Бразилиа хотноо төржээ. Нутаг нэгт олон оддын адил Кака ч гудамжинд л анх бөмбөг өшиглөж эхэлсэн байна. Түүний жинхэнэ нэр Рикардо Айсэксон дос Сантос Лейте бөгөөд дүү Родриго нь багадаа ахынхаа Рикардо нэрийг хэлж чадахгүй Ка Ка хэмээн дууддаг байснаас удалгүй гэрийнхэн нь, дараа нь бүгд л Кака хэмээх болсон аж. Удалгүй Кака “Сан Паулу” багийн хүүхдийн багт хичээлэх болов. Түүнийг 17 нас хүрэх үед Туркийн нэгдүгээр дивизионы “ Газиантенспор” баг сонирхсон боловч “Сан Паулу”-гийн шаардсан 1,5 сая долларыг төлөх бэнчин байсангүй. 2001 оноос эхлэн Кака “Сан Паулу”-гийн үндсэн бүрэлдэхүүнд тоглож, хоёр жилийн дотор 58 тоглолтод оролцон, 23 гоол оруулав. Мөн 2002 онд Бразилийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарснаас хойш Европын нэр хүндтэй багууд залуу тоглогчийг сонирхож эхэлжээ. Кака ч “Хөгшин тивд” авьяасаа сорьж үзэхийг туйлын их хүсч байлаа. Тэгэхдээ тухайн үед хүчээ авч, шилдэг хөлбөмбөгчдийг цуглуулж байсан Английн “Челси” багт тоглохыг бодож байв. Харин “Челси”-гийн удирдлага Какаг таньсангүй. Түүнд багийн эзэн тэрбумтан Абрамовичийн төрөлх нутаг, Оросын аль нэг багт зээлээр тогловол эргээд “Челси”-д авч болох юм гэсэн санал тавьжээ. Хөлбөмбөгийн оргил өөд тэмүүлж яваа залууд энэ санал яаж таалагдах билээ. Нэгэнт өөрийн сонирхсон багтаа тоглох боломж олдоогүй тул Кака Италийн “Милан” багийн 8,5 сая долларын гэрээний саналыг няцаасангүй. Ийнхүү Кака 2003 онд Европт, цуут “Милан”-д ирлээ. Энэ тухайгаа Кака: “ Би “Милан”-ыг бус “Милан” намайг сонгосон юм. Одоо бол “Милан” гэр шиг минь санагддаг болсон” хэмээн өгүүлсэн удаатай. Харин “Челси” өдгөө ямар үнэт эрдэнээ алдсанаа ойлгон харамсаж суугаа нь лавтай. Сүүлийн үед Какаг Испанийн “Реал”(Мадрид) багт очих тухай цуу яриа нилээд сонсогдох болсон ч Кака 2011 хүртэл “Милан”-тай хийсэн гэрээгээ сунган энэ ярианд хариу өгсөн билээ.
Италид тоглосон анхны жилдээ Кака 10 гоол оруулж , “Милан”-ы үндсэн тоглогчдын нэг болсон төдийгүй багийнхаа хамт Европын Супер цомын аварга болов. Дараа жил нь Италийн аварга болон, анхны скудеттогоо зүүн,Италийн Супер цомыг хүртэн, “Сери-А”-ийн шилдэг тоглогчоор шалгарчээ. Хэн хөлбөмбөгчний , хэр баргийн оддын амархан идээшдэггүй Италийн ногоон талбайд Кака тун амархан даслаа. Түүний амжилт ч улам ахисаар. 2005 онд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод шалгаран үлдэж, тус тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар шалгарав. 2006 онд “Сери-А”-гийн шилдэг тоглогчийн шагналыг дахин хүртэж, “Аваргуудын лиг”-ийн гараагаа ч амжилттай эхэосэн. Улмаар тоглолтоос тоглолтод чангарч буй “Милан”-ыг шигшээ тоголтод “хөтлөн” хүргэлээ. 2006-2007 оны “Аваргуудын лиг”-ийн “мэргэн буучдын” жагсаалтыг 10 гоолоор манлайлж буй нь үүнийг гэрчилнэ. Хэдийгээр Кака цэвэр довтлогч биш, багтаа найруулагч, плэймэйкерийн үүрэг гүйцэтгэдэг ч гоол оруулах бололцоог тун сайн ашигладаг. “Би довтлогч биш. Миний үүрэг ч гоол олон гоол оруулах,”мэргэн буучдын” жагсаалтыг тэргүүлэх биш. Гэхдээ миний оруулсан гоолууд “Милан”-д чухал чухал ялалт авчрахад тус болдогт сэтгэл хангалуун байдаг” хэмээн тэрбээр өгүүлсэн нь бий. Хэдийгээр түүнийг өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг гэж бүгд хүлээн зөвшөөрдөг ч, өөрөө бол “Шилдэг тоглогч болох болоогүй ээ. Надад сурах зүйл маш их бий” хэмээн даруухан ярина. Үнэхээр даруу зантайн илрэл шүү. Даруухнаас гадна Кака тун их шүтлэгтэй нэгэн. Ямар сайндаа л “Ямар бүсгүй таалагддаг вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад “ Бурхныг үнэнээсээ хүндэлдэг бүсгүйг л таалагдана” гэж хариулж байх вэ дээ. Тэрбээр “Athletes of Christ” хэмээх шашны байгууллагын идэвхтэй гишүүн аж. Гоол хийснийхээ дараа Кака тэнгэр өөд харан хоёр хуруугаараа заан гүйдгийг та санаж байна уу? Бурханд баярлаж талархсанаа илэрхийлх байгаа тэр гэнэ. Мөн зарим гоол, чухал гоолын дараагаар “God is Faithful”, “I belong to Jesus”, “Jesus loves you” гэх мэт бичигтэй цамц өмсөж санаа бодлоо илэрхийлэх нь ч бий.
Чөлөөт цагаа олон нийтийн бусад ажилд ч Кака харамгүй зориулдаг. НҮБ-ийн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр ч ажилладаг аж. Мөн цуут “Жорж Армани” фирмийн жийнсний загварын нүүр царай болон элдэв шоу, рекламанд оролцох нь ч цөөнгүй ээ. Басзалуу хүн болохоороо кино үзэх дуртай. Хайртай жүжигчид нь Том Хэнкс, Жулия Робертс нар гэнэ. Кака бас “playstation” улаан хорхойтон бөгөөд “FIFA 2007”, “NBA 2007”, “Tiger Woods PGA tour 07” тоглоомуудаас салах тун дургүй гэнэ.
Бразилийн үндэсний шигшээ багт Кака 2002 оноос тоглож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 50 тоглолтод оролцож, 31 гоол оруулаад байна. Шигшээд тоглосон анхны жилдээ ДАШТ-д оролцох хувь тохиож , улмаар хөлбөмбөгчин хүний амжилтын оргил Дэлхийн аварга цолд хүрсэн билээ. Мөн Бразилийн шигшээгийн бүрэлдэхүүнд тоглон 2004 оны Өмнөд Америкийн аварга болж, 2005 онд “Confederation Cup”-т түрүүлсэн. Өнгөрсөн оны ДАШТ-д Бразилийн шигшээ амжилт муутай оролцож, тэмцээний дараа шигшээ багийн дасгалжуулагчаар Дунга томилогдсон билээ. Шинэ дасгажуулагч шигшээгийн бүрэлдэхүүнийг бараг тэр чигээр нь шахуу сольсон. Хууччуулаас Рональдиньо, Кака хоёрыг л тогтмол шигшээд урьж байгаа юм. Удахгүй Венесуэлд эхлэх Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн шинэ шигшээ анхны томоохон сорилтоо өгнө. Кака ч хэн гэдгээ харуулах биз.
Кака хөлбөмбөгийн талбайд төдийгүй хувийнхаа амьдралд сэтгэл хангалуун байгаа. Хоёр жилийн өмнө тэрбээр Селисо Каролина гэгч бүсгүйтэй хуримаа хийж гал голомтоо бадраасан. Түүний төрсөн дүү, ахыгаа КАКА хэмээн анх нэрлэсэн Родриго нь Италийн “Сери-Б”-ийн “Римини” багт тоглож байгаа гэнэ.
Какагийн амжилтын нууцыг “Хөлбөмбөгийн Хаан” Пеле “Бразил техник, Европ хүч чадлыг хослуулсан” хэмээн тодорхойлсон нь тун оносон дүгнэлт билээ.