2007-05-23
Маргааш хурдан болоосой! “Милан” тэгээд хожоосой!

Маргааш хурдан болоосой! “Милан” тэгээд хожоосой!

Маргааш (V.23) Грекийн Афин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2006-2007 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт болно. Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй энэхүү тэмцээний аваргын цом, алтан медалийн төлөө Английн “Ливерпуль”, италийн “Милан” багууд өрсөлдөх юм. Хоёр жилийн өмнө Туркийн Стамбулд болсон “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод мөн л дээрх хоёр баг шалгарч үлдээд “Ливерпуль” аварга болж байсан. Тэгэхдээ бүүр “милан”-д 0:3-аар хожигдож яваад барьж тэнцээд, улмаар тоглолтын дараахь торгуулийн цохилтоор хожиж, шуугиан дуулиантай аваргын цомыг авсан.Тэгэхээр энэ удаа Афинд нэг ёсны “даагаа нэхэх” тоглолт болох юм. Тэгэхээр бүүр ч өрсөлдөөнтэй , үзүүштэй гоё “тулаан” болох нь гарццагүй ээ.

“Ливерпуль” бол 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн хагаст ид мандаж байсан баг. 1977,1978, 1981,1984 оны “Аваргуудын лиг”-т (Энэ тэмцээн өмнө нь “Аварга багуудын цом булаалдах тэмцээн” нэртэй байсан) түрүүлж, алдар цуугаа цуурайтуулж, Кевин Киган, Кенни Далглиш гээд одууд нь гялалзаж байлаа.

Харамсалтай нь ид мандаж буй үедээ буюу 1985 оны тавдугаар сарын 29-ний Бельгийн Брюссель хотын “Эйзель” цэнгэлдэхэд хар мөр тарьж цус асгаруулсан хөгжөөн дэмжигчдийнхээ уршгаар (“Ливерпуль”-“Ювентус” багийн тоглолтын үеээр Английн фанатуудын өдсөн зодооны улмаас 39 хүн(38 итали, нэг бельги) амь үрэгдсэн бөгөөд UEFA-гаас “Ливерпуль” болон Английн бүх багуудыг гурван жил Европын тэмцээнд оролцох эрхийг нь хассан билээ) нэг хэсэг чимээ алдарсан билээ. Гэвч 90-ээд оны сүүлээр майкл Оуэнтэй “Ливерпуль” дахин хүчээ авч эхэлсэн агаад  2005 онд “Аваргуудын лиг”-т тав дахиа түрүүлсэн юм. “Эдүгээгийн “Хотон шувуунуудын” гол хөдөлгүүр нь багийн ахлагч Стевен Жеррард . Түүний цуцашгүй тэмцэгч чанар, тоглотын явцыг мэдрэх мэдрэмж, бусдынхаа урмыг сэргээсэн үлгэр жишээ тоглолт үнэхээр гайхалтай. Мөн бас нэг аюултай хүн нь “Горзгор” Крауч. Сагсчин, эсвэл волейбочин байхаар нуруу туруу, гар хөлтэй Крауч хөлбөмбөгийн техникийг хэнээс ч дутуугүй эзэмшсэн нэгэн. Дээр нь хөөргөн тоглодог англи “стиль”-д ёстой л таарсан довтлогч доо. Гурав дахь гол хүн нь хаалганы “манаач” Рейна. 11 метрийн торгуулийн цохилтыг бол ховорхон алддаг айхтар хаалгач даа. Чухам энэ чанарынхаа ачаар хоёр жилийн өмнө “Милан”, энэ жил “Челси”-г “гол гаргасан” билээ.

Италийн” Милан” бол аль цагийн алдар нэртэй баг. Домогт энэ баг “Аваргуудын лиг”-т зургаан удаа (1963,1969,1989,1990,2002) түрүүлж, хоёр удаа(1995,2005) “аман хүзүүдэж” байсан билээ. Үе үеийнхээ түүхэнд “Милан” супер ододтой  байсан. Жанни Ривера, Паоло Росси, фульвио Колловатти, Франко Барези, Роберто Бажо гээд аль болгоныг тоочиж барах вэ дээ.

Одоогийн “Милан”-д бол энэ багийн сүүлийн 20 гаруй жилийн амьд түүх, бэлгэдэл болсон Паоло Мальдини байна. Бүх амьдралдаа  ганцхан багт 22 жилийн турш(!!!!!!!) халаа сэлгээгүй тоглож яваа нь үнэхээр бахдам. “Улаан –хар” багт урдуураа улаан хөлтөн өнгөрөөдөггүй, айлын тоглолтыг, гол хүнийг нь “алах” мэргэжилтэй Гаттузо гээд хүйтэн царайтай ч жинхэнэ “ажлын морь” бий. Гэхдээ “Милан”-ыг шигшээ тоглолтод хүргэсэн гол гавьяатан нь “Аваргуудын лиг”-ийн “мэргэн буучдын” жагсаалтыг 10 гоолоор тэргүүлж яваа Бразилийн КАКА. Талбайн төв хэсэгт “найруулж”, плэймэйкерийн үүргээ Кака хэрхэн гүйцэтгэхээс, зөвхөн түүний хэрхэн тоглохоос л “Милан”-ы амжилт шууд хамаарна.

Эртний Эллад орноос Хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ийн аваргын цом Будант Альбионыг зорих нь уу, Буурал түүхт Италид очих уу? Маргааш хурдан болоосой! 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:53 | | уншсан: 532 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Миланыг дэмжжаагаа ч бас бүрэн итгэлгүй байнаа, финалтигаар хожигдож байна гэж зүүдэлсэнээс болжоогоом happy
Бичсэн: Friska цаг: 09:21, 2007-05-23 | Холбоос | |





:-)