Энэ сарын гурванд Тайландын Бангкок хотноо эхэлсэн буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын баг тамирчид бахдам сайхан амжилт гаргалаа. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд урьдчилсан буудлагаар ОУХМ Цогбадрахын Мөнхзул 582 оноогоор хоёроор, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа 580 онооггор долоогоор шигшээд шалгарчээ. Улмаар шигшээ буудлагад Мөнхзул 201,1 оноо, Гүндэгмаа 203,3 оноо авч, эцсийн дүнгээр эхний гуравт манай хоёроос гадна Японы Мичико Фукушима нарын оноо адилхан 783,3 болж тэнцжээ.
Ингээд медалийн өнгийг шийдвэрлэх нэмэлт таван сум буудахад Мөнхзул 50,7 оноо авч алт, Гүндэгмаа 50,6 оноо авч мөнгө, Фукушима 49,1 оноогоор хүрэл медаль тус тус хүртэв. Ц.Мөнхзул буддлагын “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртсэн Мохголын гуравдахь тамирчин боллоо. Түүнээс өмнө гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нар “Дэлхийн цом”-ын аварга болж байсан билээ.
Тайландад болсон тэмцээн нь энэ оны “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал бөгөөд АНУ-д болсон эхний цувралаас Ц.Мөнхзул хүрэл медаль хүртсэн бөгөөд харин Австралид болсон хоёр дахь цувралд манайхан оролцоогүй юм. Энэ тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 4-нд Германы Мюнхен хотноо буудлагын “Дэлхийн цом”-ын энэ оны дөрөвдэх буюу сүүлчийн цуврал болох ба цуврал тэмцээнд гаргасан амжилтыг харгалзан шилдэг найман тамирчныг ирэх аравдугаар сарын 3-8-нд Тайландад болох “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд урилгаар оролцуулах ажээ.