2007-04-15
“Анахаймын хүчирхэг нугаснууд” аваргын цомыг хүртэх болов уу?

Stanley cup-2007

 

“Анахаймын хүчирхэг нугаснууд” аваргын цомыг хүртэх болов уу?

 

Хоккейн хамгийн нэр хүндтэй лиг NHL-ийн улирлын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Стэнлийн цомын төлөөх плэй-оффын ширүүн тулаанууд эхэллээ. Улирлын тоглолтод “Баффало” тогтвортой жигдхэн тоглосоор тэргүүлж, түүхэндээ анх удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ыг хүртэв. Мөн “Детройт”, “Анахайм”, “Нэшвилл” багууд ч гялалзсан сайхан тоглолт үзүүлсэн . Гэхдээ улирлын тоглолт,  плэй-оффын тоглолт хоёр тэнгэр- газар, тэмээ- ямаа шиг тэс өөр зүйл билээ.Тиймээс ч улирлын тоглолтод өндөр амжилт үзүүлсэн баг плэй-оффт чүү чамай шалгарсан багт “өвдөг шороодох нь бишгүйдээ л тохиолддог. Өөрөөр хэлбэл плэй-оффын тоглолтод хэн нь ялахыг хэлэхэд тун хэцүү. Гэсэн ч архаг мэргэжилтнүүдээс эхлээд эгэл жирийн сонирхогчид ч өөр өөрийн таамаглалаа дэвшүүлж, энэ нь ч , тэр нь ч аварга болно гэж бодол саналаа илэрхийлж , бооцоо мөрийгөө тавьж байгаа нь лавтай.Би бас энэ жилийн Стэнлийн цомын төлөөх плэй-оффын тоглолтын тухай өөрийн таамаглалаа дэвшүүлж уншигч авхай нарт хүргэсү.

“Дорно” конференцийн нэгийн  даваанд “Баффало Сэйбрз”-“Нью-Йорк Айлендерс”, “Оттава Сенаторз”-“Питтсбург Пингвинз”, “Атланта Трэйшерз”-“Нью-Йорк Рэйнжерс”, “Нью-Жерси дэвилз”-“Тампа Бэй Лайтнинг” учраа таарсан. “Баффало” энэ жил хамгийн тогтвортой тоглолттой байгаа баг.Тиймээс улирлын аварга шалгаруулах тэмцээнд зүй ёсоор түрүүлсэн. Харин “Айлендерс” хамгийн сүүлчийн өдөр плэй-оффын эрхээ авсан билээ.”Баффало” эхний учраагаа нэг их төвөггүй хожих  байх. “Оттава”-“Пингвинз”-ийн хооронд харин тун ч халуун тулаан өрнөх нь тодорхой. Канадын баг сүүлийн хэдэн жилийн турш лигийн шилдэг багуудын тоонд орж, түрүүлэх магадлалтай багт тооцогддог ч улирлын тоглолтод гайгүй тоглоод плэй-оффт “явдаггүй” нэг гэмтэй. Яг л NFL-ийн “Индианаполис кольтс” шиг. Энэ жил л нэг юм “Кольтс” аварга болсон түүх “сенаторуудад” давтагдаж магадгүй л юм. “Оцон шувуунуудад” шинэ супер од, улирлын тоглолтын шилдэг “мэргэн бууч” Сидни Кросби болон Малкин, Стаал  гээд шижэгнэсэн олон залуус гялалзаж байгаа ч тэдэнд плэй-оффын туршлага дутах болов уу.Ингэхээр “Оттава” цаашаа  явна гэж үзье.

“Атланта” энэ жил улирлын тоглолтод тун чамбай тоглолоо.Гэхдээ л Ягр, Шэнахэн гээд “үхэхээс бусдыг үзсэн” хашруудтай “Рэйнжерс”-ийг арай дийлэхгүй биз ээ.

“Нью Жерсигийн чөтгөрүүдэд” өөлөх муу тал бараг л алга .Дээр нь Мартин Бродер гээд “цоожтой хаалгатай” улс.Хол явна даа.Ингээд “Баффало”-“Оттава”, “Рэйнжерс”-“Нью Жерси” багууд дараагийн даваанд учраа таарах байх. ”Оцон шувуунуудтай”  хийсэн ширүүн өрсөлдөөнд хамаг хүч чадлаа шавхах тул “сенаторууд” конференцийн шигшээ тоглолтын төлөөх “сонгуульд” ялалт байгуулах нь юу л бол. “Рэйнжерс”-ийн хашир одууд ч “чөтгөрийн хорлолыг” давж гарах тэнхээ,хурд дутах биз. Иймээс “Дорно” конференцийн аваргын төлөө “Баффало Сэйбрз”-“Нью Жерси Дэвилз” тоглоно гэж таамаглалаа. Хурдтай, хүчтэй довтолгоонтой “Баффало”, нягт, нямбай хамгаалалттай “Нью Жерси” хоёрын хэнийг хожихыг хэлэхэд бэрх. Ямар ч байсан ёстой л нөгөө “цус гарсан” , үнэхээр үзүүштэй тоглолт гарна даа. Эцсийн эцэст “Чөтгөрүүд” эрхбиш буйр заан Стэнлийн цомын төлөө өрсөлдөх болов уу.

“Өрнө” конференцийн эхний даваанд “Детройт Рэд Уингз”-“Калгари Флэймз”, “Нэшвилл Предаторз”-“Сан-Хосе Шаркс”, “Ванкувер Кэнакс”-“Даллас Старз”, “Анахайм Майти дакс”-“Миннесота Уайльд” багууд учраа таарсан. “Улаан жигүүрүүд” хашир цэрэг “Доминатор” Хашекаар хаалга үүдээ мануулж, Хенрик Зеттербергээр хамгаалалтаа толгойлуулсан болохоор айх зүйлгүй, ажил удалгүй “Калгари”-г дөнгөх биз дээ.

Араа шүд нь гялалзсан “Нэшвилл”-ийн айхтар “араатнууд”, арай илүү ур чадвартай , амаа ангайсан “Сан-Хосе”-гийн “аварга загаснуудын” хоорондох “цуст тулаан” тун ч ширүүн болох ч туршлага илүү, тактик ихтэй “Шаркс” хэдийгээр ихээхэн “шархдах” ч энэ тулаанаас “амьд” гарах байх.

Харин “Ванкувер” хаалгач Роберто Льюнгогийнхоо ачаар, “Анахайм” залуу настайгаа ахин золгосон Теему Селаннегийн зүтгэлээр тус тус хагас шигшээд үлдэнэ гэж тооцоольё. Хагас шигшээд “Детройт”-“Сан-Хосе”-гийн өрсөлдөөн тун ширүүн болно.Энэ хоёр баг аль аль нь ур чадвар өндөртэй, плэй-оффын туршлагатай. Гэхдээ өмнөх тулаанд “цусны үнэр” авсан “Шаркс” улам улайран “Детройт”-ын даль жигүүрийг тас “хазаж” мэдэх юм.

“Анахайм” бол аль ч талаас нь бодсон “Ванкувер”-ыг давамгайлан хожих баг. Ингээд “Өрнөд”-д аваргын төлөө “Сан-Хосе Шаркс”-“Анахайм майти дакс” тоглон, тэнцүүхэн өрсөлдөөний эцэст “Хүчирхэг нугаснууд”  ялалт байгуулана гэж таамаглая.

Стэнлийн цомын шигшээ тоглолтод “Нью-Жерсигийн чөтгөрүүд”-“Анахаймын хүчирхэг нугаснууд” шалгаран үлдэнэ гэж “шоонд” бууж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний л таамаглал гэдгийг болгоогоорой! Хэдийгээр хоккейн мэргэжилтэн бус ч улирлын тоглолтыг ихэнхийг үзэж, бодит байдалд “дүн шинжилгээ” хийн гаргасан “прогноз” юм шүү!

“Чөтгөрүүд”-“Нугаснууд” хоёр 2003 онд Стэнлийн цомын төлөө өрсөлдөн “Чөтгөрүүд”  гурав дахь удаагаа аваргалж байсан бөгөөд энэ жил харин “Хүчирхэг нугаснууд” хоккейн ертөнцийн хамгийн эрхэм дээд шагналыг анх удаагаа хүртэнэ гээд таамаглалаа өндөрлөе. “Анахайм”-ын амжилтад Теему Селанне, Скотт Нидермайер, Крис Пронгер нар голлох үүрэг гүйцэтгэнэ гээд ч хэлчихвэл буруудахгүй  л болов уу.Эцэст нь иймэрхүү таамаглал дэвшүүлж буй ч  миний бие Канадын нэр хүндийг мандуулж буй Сидни Кросби, түүний “Питтсбург пингвинз”-ийг тууштай балиашиглана гэдгээ дуулгая.  “Питтсбург” Стэнлийн цомыг хүртээд, Кросби  “Конн смайт  трофи”  авчихвал таавар маань зөрсөнд ч ичихгүй шүү!

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:17 | | уншсан: 514 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)