-Гурван тавныг гулгуулж бичсэн дурсамж-
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 22. Өөрөөр хэлбэл бидний төрсөн өдөр өө. БИД гэдэг нь Монголын спортын “ТАВАН ЦАГАРИГ” сониныхон. Өдгөөгөөс яг 15 жилийн өмнө тэргүүн нүүрэндээ Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Зэвгийн Ойдовын зургийг залсан хар, цагаан сонин уншигчдын гар дээр очиж байсныг спортын халуун ам бүлийнхэн, спортын үнэнч хорхойтнууд , манай сонины үе үеийн мянга мянган уншигчид маань мартсан ч байж болох. Харин “Таван цагариг”-аар овоглосон бид нарт, манайханд бол он цагийн улиралтад улам л тод томруун санагдаж, дурсагдаж байдаг өдөр.
Жилийн жилд манайхан “төрсөн өдрөө” редакц, гэр бүл, найз нөхөд , спортынхонтой “даруухандуу” тэмдэглэдэг заншилтай ч 5 , 10 гээд таваар хэмнэл болгосон ойнуудаа дуутай, шуутай “авдаг” уламжлалтай. Манайхан ер нь тавын тоонд элгэмсү, дуртай. Олимпийн бэлгэдэл таван өнгийн, таван цагаригаар нэртэй болохоор арга ч үгүй биз.
Тэгэхээр энэ жил манай сонины хувьд ямархуу тэмдэглэлт, бэлгэдэлт ой болж байгаа нь ойлгогдох байх, эрхэм уншигч Танд.
Манай “Миша” Баагий, “Олимп” ОТО хоёр маань сониныхоо тухай дурсамжиндаа “Таван цагариг”-ийн үүссэн, үүсгэсэн үүх түүхийг үнэн мөнөөр нь, хоргүй хошин хачиртай бичсэн хойно дахин давхардуулахыг хүссэнгүй ээ. Тэгээд ч “Таван цагариг” хэмээх их айлын тулах багана нь болсон С.Батбаатар, Ж.Отгонцагаан хоёроосоо түрүүлж бичиж ч зүрхэлсэнгүй.
Тэгээд л сониныхоо ойг дөхүүлж байгаад, мэргэжлийн хэллэгээр бол “материалаа” нилээд оройтуулж хэдэн мөр холбосон минь энэ.
...Манай “Таван цагариг”-ийн үүдийг нээж, өрхийг татсан эрхэм хоёр хүн бол Олимпийн “босс” асан Ш.Отгонбилэг, “Ардын эрх”-ийн эрхлэгч асан Ц.Балдорж нар. Энэ тухай Баагийгийн дурсамжид байгаа ч гэсэн би дахин заавал дурьдахгүй бол алдас олох биз. Харин “Таван цагариг”-ийн тулах хоёр багана нь хэн болохыг дээр өгүүлсэн.
Манай “Миша” хочит С.Батбаатарыг танихгүй хүн байвал “Москва-80” олимпийн бэлгэдэл болсон бамбаруушийг бодолдоо дүрсэлчих. Нуруугаараа хотойсон Миша санаанд чинь бууж байгаа биз. Хонгор нутгийн хотгор Баагий ч гэж бид заримдаа нэрлэдэг юм. Найранд бол гурав байтугай гучин дуутай, наадамд бол гурваа байг гэхэд баттай хоёр давах, бокс, “муушиг” гэх мэх хоорондоо огт уялдаагүй спортоор ч тодорхой амжилт гаргаж чаддаг , ёстой л нэг гүндүүгүй монгол эр дээ, манай Баагий . Гэхдээ гүндүүгүй гэдэг нь хэзээ ч эргэж хувирдаггүй, хугардаггүй ноён нуруутай, “цэргүүддээ” хал нь гаднаа, хайр нь дотроо ханддаг утгаар шүү.
Баагий маань “Таван цагариг”-ийн анхны босс байсан, эдүгээ ч бас босс хэвээрээ. Дунд нь хэдэн жил Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр хоёр ч төрийн нүүрэнд ажиллаж байгаад эргээд бидэндээ ирсэн л хүн. Төр, засгийн өндөр албанд, цаг наргүй, завгүй ажиллаж байсан хэдий ч сэтгэл нь үргэлж бидэндээ, бодолд дандаа “Таван цагариг” уяастай байсныг бид мэднэ. Бие хаагаар ямар ч бөхөөс нэг их дутахааргүй Баагийг ОТО Атлантын олимпийн үеэр гадны хэдэн саваагүй нөхдөд жүдогоор хүрэл медаль авсан гээд “туухад” нөгөө хэд шууд л үнэмшиж дайлж, цайлж байсан хөгжилтэй түүх ч бий. Дараа нь бас мань хүн боксын холбооны хэвлэлийн төлөөлөгч байхад Улаанбаатарын уламжлалт олон улсын тэмцээн болсон юм. Хүнд жинд тоглох боксчин цөөхөн юм яадаг юм билээ гээд санаа зовж байхад нь манайхан “өөрөө тоглочихооч, ямар жин хүрэхгүй биш. Бид хэд яг рингэнд гарахаар чинь цагаан алчуур шидээд болиулчихна. Тэгээд 91 кг-д дөрөвхөн боксчин байгаа юм чинь хоёр хүрлийн нэгэн дээр тоглохгүйгээр буух нь байна. Олон улсын тэмцээнээс медаль авахаар шууд л спортын мастер болох нь гээд баахан төлөвлөгөө боловсруулж, ятгах, шахах аль алиныг хослуулсан юм. Харин Баагий “Аягүй бол та нар цагаа болохоор цагаан алчуураа шидэхгүй, намайг балбуулж ч мэднэ, ёстой гонжийн жоо” гээд хөдлөөгүй билээ.
Манай Баагий бол өөрөө маш гоё хийгүй бичнэ, хүний бичсэн юмыг ч төрөл арилжтал засдаг, төрөлхийн редактор, эрхлэгчийн авьяастай нэгэн. Манайхан дотроо наадам зохиовол Баагий бөхөөр маргаангүй түрүүлэх байх. Харин сагсанд бол хувийн алдаагаар хамгийн түрүүлж гарчихаж магадгүй хүн.
Одоо ОТО руу орохгүй бол болохгүй нь. Уг нь жинхэнэ нэр нь Жүгдэрийн Отгонцагаан гэдэг ч Олон Улсын Олимпийн Хороонд ОТО нэрээрээ алдаршсан, Монголдоо бол албан ёсоор “Олимп” овог авсан хүн. Манай ОТО-д ярьдаггүй хэл гэж цөөхөн, яваагүй орон бараг байхгүй. Эргэх дөрвөн улирлын турш таван тивийг ээлжлэн, Таван цагаригт тугийн доор хурал, семинар, уралдаан, тэмцээн нээд явж байх. Хаач явсан өөрийн хэдтэйгээ “амьдын холбоотой” явдаг, хөхөрч, ярьж суух хоорондоо л “хадаас” юм биччихдэг, ховрын ховор авьяастай.
“Олимпоос” өөр шүтээн гэж үгүй, Спортоос өөр бодол үгүй гэх нь холгүй явдаг ОТО маань авьяас нь харин юу билээ байз. Тээр жил Хандгайтад цасан дээр хөлбөмбөг тоглоход “Блохин хууралт” нэг хийснийг нь санаж байна, Спортын төв ордонд заал авахад хааяа “5” номерын майктай Карим Абдул Жаббар маягтай “даллалт” үзүүлдэг нь бас санаанд бууж байна. Спортын зэрэг цолгүй ч “Спортын гавьяат зүтгэлтэн” ч багадах байх ОТО-д.
Манай “Таван цагариг”-ийн бодлого бол тэр чигтээ ОТО-ийн бодлого гэвэл нэг их хилсдэхгүй байх.
15 жилийн түүхтэй манай сонины өндөр босготой үүдийг давж, манай халуун ам бүлд багтаж явсан бүх хүний тухай өгүүлбэл цаг, цаас нилээд орох тул үе үеийн төлөөлөл болсон цөөн хэдэн хүний тухай өгүүлсү.
Манайх аливаа юмыг спортоороо “харж”, спортоороо төсөөлж ярих дуртай. Сагсан бөмбөгт гарааны тав гэж байдаг даа. “Таван цагариг”-ийн “гарааны тав” гэвэл Ч.Сүхбаатар, М.Сугар-Эрдэнэ, Б.Цагаанбаатар
С.Энхжаргал, А.Баасандорж , Д.Тунгалаг нар баттай орно. “Ардын намын анхны долоо”-д энэ хэд бас багтана.
Манай Сүхээ бол өөрийн болон “дайсны” хэнтэй ч эвийн гэрээ байгуулж чаддаг, өргөн фронтын танилтай, бөх байсан бол жин хасахын зовлон мэдэхгүй, улс төрч болсон бол Нямдорж, Гүндалай хоёрыг дагуулахгүй байх байсан болов уу. Манай хэдийн ярианы гол сэдэв бол “Жанжин” болохоор түүний тухай үлгэр домог үиг олон арван болсон явдал, болоогүй онигоог алийг тэр гэхэв. Тиймээс өөрөө хамт явж, чихээрээ сонссон нэгэн болсон явдлан онигоог хэлье. Наадмын өмнө бөхийн галаар явж сонин сайхан, бөхчүүдийн өнгийг уншигчдадаа хүргэх гэж бид нар жил болгон явнаа. Манай сонины “Бөхийн өргөөг” анхлан бий болгосон, олон жил даамлыг нь хийсэн хүн “Жанжин”. Тйимээс ч бөхтэй холбоотой юм болгонд манай хүн явна. Сүхээгүй бол бөхчүүд олдохгүй, олсон ч хэл амыг нь бид нар сугалж чаддаггүй байлаа. Бид хэд Жанжингаа урдаа бариад л БАянмөнх аваргын галаар орлоо. Авргатай жаал яриад хөдлөх гэтэл Баянаа аварга “Ирэх жил галдаа Сүхээгээ аваад гарнаа л гэж байна. Бид хэд ч яагаад Сүхээ” гэхэд аврга “Иймэрхүү хүн чинь цочио гаргахад зүгээр байж магадгүй” гээд нэг их инээж билээ. Манай Сүхээгийн хурдан шалмаг, хөнгөн шингэнийг нь аварга олоод хэлсэн нь тэр .
Манай Сугар бол олон арван “түүхэн тулалдаанд” мөр зэрэгцэн байлдаж явсан хүн. “Курскийн тулаан” гэдэг шиг “Хандгайтын”, “25-ын “ гээд нэрлэж болох. Манай хүн сүмог Монголчуудад анхлан таниулсан хүн дээ. Наран улсад мэргэжил дээшлүүлэх , магистарт сурах, доктор хамгаалах гээд 10-аад жил болохдоо олон ч монгол хөвгүүдийг сүмогийн хатуу дэг жаягт дасах гээд эх орон, элгэн саднаасаа хол ядарч зүдэрч явахад нь ахын хувиар ач нэхэлгүй туслаж, амжилт гаргаад ирэхээр нь ард түмэндээ мэдээлсэн билээ. Ямар сайндаа Сүмо Сугараа гэж нэрлэгдэж байхав дээ.
Зөвхөн сүмо ч гэлтгүй мэргэжлийн бокс, тулааны урлагийн тухай ч их бичсэн дээ.
Манай сонинд сургуулиа төгсөөд маргааш нь ажилд орсон хүн бол Б.Цагаанбаатар маань. Даруухан, нямбай энэ залуу чөлөөт бөхийн бол нэвтэрхий толь л гэсэн үг. Аяга айраг ууж, түүндээ улайчихаад айлд ийм байдалтай ороод яах вэ гээд сууж байдаг хүн дээ.
“Морь” хэмээх Бааска, нэгэн шувууны нэрээр бидэн дундаа ахайлагддаг фотозурагчин Энхээ, 15 жил манай эмэгтэйчүүдийн холбооны дарга хйисэн Тунгаа , мөн хэр баргийн сэтгүүлчээс дутахгүй спортын мэдлэгтэй макетчин Батдэлгэр гээд “анхдугаар таван жилийн гавшгайчид” манай сонины хэлд орж, хөл дэрээ зогсоход жинтэй хувь нэмрээ оруулсан гэж би боддог.
“Гарааны тавын” залгамж болон манайд бүл нэмсэн “хоёрдугаар таван жилийн гавшгайчид” бол Ж.Баяржаргал, Р.Манлай, Н.Энхбаяр ,Э.Цэрэнцоодол, түүний дүү Багаа, хэнэггүй Пүүжээ нар.
Ах нараасаа авахыг нь авч, хаяхыг нь бас хаяагүй манай дунд үеийнхэн маань “Таван цагариг”-аа Монголын спортын шилдэг сонин гэдэг нэр төрийг хадгалан үлдэхэд, амьдралын эрхээр ийш тийшээ одсон ах нарынхаа “гал голомтыг” унтраалгүй авч ирэхэд бас л ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Одоо эд нар маань бас дүү нартай болжээ. Тэгэхээр “Таван цагариг” маань Мөнхийн залуу байх нь аргагүй ээ. Манай сонин Монголдоо бол спортын сонины “генерал” нь гээд хэлчихэд онгирсон болохгүй биз ээ. Монголын төдийгүй дэлхийн спортын түүхийг бичилцэж яваа “Таван цагариг” 15 нас хүрлээ. Үе үеийн “Таван цагариг”-ийнхандаа баярын мэндийг хүргэе. Бас “Таван цагариг”-ийн “Тойрон хүрээлэгчиддээ” мэндчилгээ дэвшүүлье.
“Таван цагариг”-аар 15 жил “овоглож” явна. Үүнээс илүү бахархалтай зүйл юусан билээ.
Цэрэнсодномын Энхтүвшин. 2010 оны дөрөвдүгээр сарын 22.