2010-04-27
Хаан асар, аав ууландаа сүслэх үг

Миний, манай сонины ой тохиох гэж байна. “Таван цагаригийнхан” хэмээн нэрлүүлэх эрхтэй хүмүүсийн хувьд бол энэ сонин ээж аав шиг нь, гэр орон шиг нь, хамгийн энгийнээр хэлбэл дулаан таатай өлгий нь билээ. Бид энд байхдаа нэгэн халуун бүл гэдгээ мэдэрч, бүх дэлхийг бүрхсэн аугаа их спортын амт шимтийг мэ дэрч, маргааш биднийг тосож буй амьдралын сайн сайханд итгэх итгэлээр бялхаж байдаг аа. Хөндлөнгийн хэн нэ гэн харвал байдаг л нэг со нин, дэлхийн том том хэвлэлүүдтэй харьцуулах юм бол жижигхээн газар. Их талын дунд бөөвийх, эгэл бор гэр төрсөн хүүдээ бол үлгэрт гардаг Мисирийн хааны ордноос үнэтэй. Дэлхийн түүхийг баринтаглаж яваа ертөнцийн бум түмэн сонины дунд Монголоор овоглосон миний муу “Таван цагариг” байж л байдаг учраас бидэндээ бас асар цацар шиг хүндэтгэлтэй бөлгөө. Арван таван жилийн өмнө анхны дугаараа 2000 хувь хэвлэхэд аманд ч үгүй хамарт ч үгүй гэгч болж, спортоор ангаж цангасан монгол түмэн бидэнд баяр хүргэхийн ялдамд арай ахиухан хэвлэж байхыг хүсэлт болгож байхад өөрийн гэ сэн сониноо үнэрлэх нь холгүй хөөрсөн бид ямар их баяртай байв аа. Тэр цагаас хойш “Таван цагариг” бидний баяр баясгалан, аз жаргал, бахархал хүндлэл, итгэх ит гэл, хүрэх мөрөөдлийн минь гүүр байсаар өнөөг хүргэв. Манай сониныг амлаж авч, барилдаж өрсөлдөхөөр спор тын олон сонин гарч, дэвж шавж байсан ч бүгд л өвдөгнийхөө шороог арчсаар буцсан даа. Монголдоо бол “Таван цагариг” минь тэгэхээр “нэгэн цагийг эзлэнхэн байна” гээд хэлчихэд онгирсон болохгүй байх аа гэж найдна.


Цэрэндоржийн Балдорж, Шагдарын  Отгонбилэг хэмээх Монголын ухаантай, сод хоёр эрхэм энэ сонины өлгийг зэхэж, эх барьж, өсгөж өндийлгөсөн юм. 1995 оны гуравдугаар са рын 20-доор тухайн үеийн “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж намайг өрөөндөө дуудав. Би “АЭ”-д Орон нутгийн сурвалжлагчид, олон нийтийн мэдээллийн алба хэмээх айхтар урт нэртэй албаны дарга байлаа. “Ямар хэрэг хийчихсэн юм бол” гэж бодсоор өрөөнд нь жаахан хулгасхийн ортол “Наашаа суу” гээд нэлээд найртай байна аа.
-Чи чинь спорт энэ тэр гээд баахан юм яриад байдаг бил үү. Сонин гаргана даа хө!
-Ямар сонин бэ, эрхлэгч ээ?
Спортын сонин юм уу?
-Тийм ээ. Олимпийн хорооны Отгонцагаан та хоёр найз биз дээ. Та хоёроор энэ сониныг гаргуулахаар Отгоо (Отгонбилэг) бид хоёр тохирсон.
-Ямар нэртэй байх вэ?
-“Таван цагариг”
-Тийм нэртэй байж болох юм уу?
-Болно оо, болно. Отгонбилэг, Отгон цагаан хоёр заавал ийм нэртэй байх ёстой гэж ярьсан юм байна.
-Сурвалжлагчид, цалин мөнгө яах вэ, эрхлэгч ээ.


-Юун цалин, сурвалжлагч. Цаагуураа байгаа хүмүүсээ дайчлахгүй юу. Сайн сонин гаргаж чадвал чамд цалингийн 40 хувийн нэмэгдэл өгч болох юм. Ажил хийгээгүй байж цалин ярьдаг янзын нөхөр вэ чи. Чамд нэг сарын хугацаа өглөө. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд эхний дугаараа энэ ширээн дээр тавина шүү. Одоо яв, яв. Цаад найзтайгаа ярьж, яах ийхээ тохир.
Ийм нэг яриа эрхлэгч бид хоёрын хооронд болж баярлах догдлох, түгших эмээх хосолсон би яаж өрөөнийх нь хаалгаар гарснаа одоо санадаггүй юм. Отгоо руугаа ярилаа. Мань хүн намайг бодвол “юмны эзэн сумны занги” болохоор хэнээр юм бичүүлэх, өөрөө юу хийхээ, надад ямар санал тавихаа бас ч гэж төлөвлөчихсөн байсансан.
Эрхлэгчийн товлосон хугацаанаас хоёр хоног хожимдуулж дөрөвдүгээр сарын 22-нд З.Ойдов аваргын барилдааны зургаар тэргүүн нүүрээ чимсэн анхны дугаараа Эрхлэгчдээ хоёр гардан барихад хормын зуур эргүүлж тойруулан харж, нэг материал дээр сүрхий тогтож уншсанаа “Сайн байна. Одоо чи энэ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болсон шүү. Албаны даргын 40 хувийн нэмэгдлийг чинь өгнө. Хоёр дахь дугаараа гаргахдаа бэлтгэ. Цаашдаа долоо хоног бүр гаргадаг болно” гэж билээ. Отгоо бид хоёрын оюутан цагийн гэмгүй нөхөрлөл “Таван цагариг”-аар ийнхүү гагнагдаж, 15 жилийг сонинтойгоо хамт туулж явна. Би орж гарч, нааш цааш явж байсан бол Отгоо маань сониндоо үнэнч явсаар, өдий хүртэлх аян замын найдвартай хөтөч нь болсоор байна. Сайн сонин гаргах, сайхан материал бичих, сониныхныг тив, дэлхий, олимпийн хэмжээний тэмцээний “утаа үнэрлүүлэх” зэрэгт Жүгдэрийн Отгонцагаан андын минь хөлс хөдөлмөр, сэтгэл зүтгэл томоохон хувь нэмэртэй билээ. Бид харин түүнд нэг их талархал илэрхийлж нялуурч байгаагүй юм шиг ээ. Энэ дашрамд “Таван цагариг”-ийн бүх хүний нэрийн өмнөөс “Баярлалаа” гэж анддаа хэлье.
Анхны хэдэн дугаарыг гаргахад тухайн үеийн “АЭ”-ийнхэн болох бурхны оронд одсон гэгээн сайхан ах Г.Бямбажал, бичгийн эрхэм хүн Н.Сэсээр, журмын анд Ш.Батмөнх, одоогий “B.” TV-ийн захирал Б.Энхбат, Улсын нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга А.Баасандорж, Болор цомын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, сэт гүүлч Д.Дашмөнх, гэрэл зурагчин С.Энхжаргал, зураач А.Толя, макетчин С.Батбаяр, Н.Батдэлгэр, оператор Д.Тун галаг нар чин сэтгэлээсээ хамтран зүтгэж, нэгэн их сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм шиг урамтай ажиллаж байсан. Отгоо маань дор хаяж 1.5 нүүр, би нэг нүүрийг хариуцна. Хамтран зүтгэгчдийн маань материал овоорч, миний өмнөх бор хавтас дүүрэн нөөц материалтай байдаг байж билээ. Эхний багаас А.Баасандорж, С.Энхжаргал, Н.Батдэлгэр, Д.Тунгалаг нар хожим “ТЦ”-ийн үндсэн ажилтан болсон. Захиалгад ороогүй, туршилтын журмаар гарч байхдаа 6000 хувь хэвлэгдэж, үүргийн худалдаагаар үртэсгүй борлодог байсан сонин маань долдугаар сараас анх захиалгад орохдоо л 4000 хувь захиалагдаж, нийтдээ 10000-12000 хувь хэвлэгддэг байлаа. Мундаг байгаа биз. Мундгийг бүтээсэн бид ч монцойж явлаа.
Захиалгад орсны дараа МҮОХ нэг сурвалжлагч цалинжуулан ажиллуу лахаар шийдвэрлэж, үсээ байн байн илж, ханцуйн дээрх хялгасаа байсхийгээд нясалсан, сонины хуудсыг чимхэж эргүүлдэг нямбай, онол туршлага ярьсан нэг нөхөр ирсэн нь Чойндонгийн Сүхбаатар бугайтан байлаа. “АЭ”-ийн Эдийн засаг, бизнесийн албаны сурвалжлагч байсан А.Баасандоржийг би эр хүний арван гурван мэхээ хэрэглэж, Эрхлэгч, албаны дарга хоёрыг нь эвтэйхэн цохилдуулж байгаад сугалан авч билээ. Эмэгтэй хүн шиг жигтэйхэн гоё, алдаагүй бичдэг, зуунги шүднийхээ завсраар салхи сийгүүлэн байж хөлбөмбөг бол манай Бразил, хоккей бол Канад, танай оросууд бол хэрэггүй ш дээ гэх мэтээр үзэл бодлоо завсар зайгүй тулгасан пээдгэр оюутан Отгонцагаанд өргөдөл бичиж, манай сурвалжлагчийн үндсэн цалингийн 20 хувиар цалинжихад голох юмгүй хэмээн ам тангараг өргөсөөр ирсэн нь Цэрэнсодномын Энхтүвшин хэмээх авьяастай, ясны спортын сэтгүүлч байлаа. Их сургуулийн сэтгүүлчийн ангид сурч байгаа нэртэй ч тэр “ТЦ”-т л байдаг байсан. Хичээлдээ огт суудаггүй тэр нөхөр яаж нэг юм сургуулиа төгссөн юм, мэдэхгүй ээ. Дараахан нь өнөө Энхтүвшин маань толгойгоо илээд байгаа хэрнээ духаараа хардаг, зодоонч төрхийн махир шар залууг “Энэ спорт сайн мэддэг юм. Бичээд сурчих байх” гэсээр дагуулж ирсэн нь Мягмарын СугарЭрдэнэ байв. Миний гадарлах бүх спортоос гадна зургийг нь үзсэнээс цаашгүй сүмо хэмээх мантуунуудын тухай өргөн дэлгэр мэдлэгтэй болохоор айж ширвээтэж байсан ч гэсэн ажилд авч билээ.
Их, дээд сургуулийн төгсөлт болсны дараа бараг юу ч ярихгүй мөртлөө өргөдөл дээрээ ярих бүх юмаа биччихсэн, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг улаан дипломтой төгссөн цагаан банди ирсэн нь Бямбаагийн Цагаанбаатар бай лаа. Түүний нэр энд тэнд спортын мэдээ, мэдээллийн ард байхыг нэг биш удаа харсан тул “ТЦ”-ийн сурвалжлагч болох хүсэлтийг нь үг дуугүй зөвшөөрч билээ. Отгоо бид хоёр үндсэндээ хоёулхнаа байсан бол ийнхүү бүхэл бүтэн сагсан бөмбөгийн багтай болж, дэлхийн спортын дэвжээнээс оноо түүх ажилд шуударч байснаа санаж байна. Бичвэл бичсэн шиг биччихдэг, наргивал наргисан шиг наргичихдаг, бүр зодолдвол зодолдсон шиг зодолдчихдог энэ баг “ТЦ”-ийн тулгын чулууг тулагчид билээ. Өргөө гэрийн минь галыг бадраасан хүмүүсийн тоонд С.Энхжаргал, Д.Тунгалаг, Н.Батдэлгэр нар маань гарцаагүй орно. Д.Тунгалаг хэмээх шазруу шаардлагатай, Сүхбаатарт жаахан ширүүн, Энхтүвшинд ихэд зөөлөн бүсгүй манайх хэмээх айлын гал тогоог тасралтгүй 15 жил барьж явааг заавал дурдах ёстой.
Аймгийн арслангийн хүү гэдгийг нь сахал, дуу хоёроор нь үнэмшиж болох, манай санхүүгийн албаны ерөнхий менежер давжаа жаахан Даваажав Бат-Амгалановыг нэрлэхгүй бол зуу балгачихаад зуураад байж мэднэ. Аж амьдралын эрхээр хожим ийш тийш одож, тэдний орыг нөхөн Ж.Баяр жаргал, Н.Энхбаяр, Р.Манлай, Ж.Батмөнх, Г.Баярсайхан, Б.Өлзийтогтох, А.Түмэнбаяр нарын залуу, авьяаслаг, мэдлэгтэй сэтгүүлчид босгыг минь алхан орж ирж, идээшин нутагласаар 15 жил боллоо. “ТЦ”-т нэг орсон хүн гарч чаддаггүй, явсан ч буцаад ирдэг хууль зөвхөн миний  нутагт үйлчилдэг бөлгөө. “ТЦ”-ийнхан бүх зүйлд манлайлагч, биднээс юу ч гарч болдог тул Балдорж эрхлэгч маань “Танай нэг хэдэн юм” гэж хэлэх хэрнээ тэднээр маань бахархаж, баярлаж, сайн  саар алиныг нь ч жаахан өөгшүүлэх өнгө аяс цухалзуулдаг байсныг би баталж чадна.
Олон хүний нэр дурдагдаж чадсангүй. Намайг уучлаарай. Манайхан албан ёсны ба албан бус армитай. Тэднийг тоочно гэвэл энэ нүүр багадна. Ойнхоо арга хэмжээнд уримз. Тэнд надтай тооцоо бодоорой. “ТЦ”-т ажилласан 10 гаруй жилийнхээ түүхэнд анх удаа би хамгийн сүүлд материалаа өгч, надаас болж сонины маань хэвлэх цаг хожимдож байна. Сайхан сониныхоо тухай, сайн нөхдийнхөө тухай дурсамж бичих амархан юм шиг хэрнээ, амаргүй ажээ. Гэхдээ би ийм дурсамжийг олон олон хуудас бичиж чадна. Сайхныг бичих уярам, дуулам ажээ. Бичиж амжилгүй үлдээснийгээ “ТЦ”-ийнхаа ирээдүйд, 16, 17, 18…….20, 25, 30 жилийн ойд нь зориулан хадгалъя аа.

“ТАВАН ЦАГАРИГ” Энэ бол миний, бидний хаан асар, өлгий өргөө билээ.


“Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч Содномдаржаагийн БАТБААТАР

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 15:26 | | уншсан: 309 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)