2010-01-24
“Титаник”, “Аватар”, дараа нь Хирошима?

Нэрт продюсер Жэймс Камероны найруулсан “Аватар” кино дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Дэлгэцнээ гарсан цагаасаа хойших богино хугацаанд “Аватар” Америкт 525 сая, дэлхийн хэмжээнд 1,7 тэрбум долларын орлого (2010 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар) олж, дэлхийн кино урлагийн бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. Сонирхолтой нь хамгийн их орлого олсон кино нь мөн л Жэймс Камероны найруулсан алдарт “Титаник” кино бөгөөд 1,8 тэрбум долларын орлого олж байсан юм.  

            “Аватар” киноны тухай дээр, дооргүй ярилцаж, энэ жилийн “Оскар”-ын хэдийг нь “Аватар” болон Жэймс  Камероны багийнхан хүртэхийг таамаглаж буй   энэ үед бас нэгэн сэдвийг Америкийн олон нийтийн мэдэээллийн хэрэгслүүд “сөхөн” тавих боллоо.

            Арван болгонд нэг айхтар кино туурвидаг (Наяад онд “Терминатор”, ерээд онд “Титаник”, шинэ зууны эхний арванд “Аватар”) Жэймс Камероны дараагийн шуугиан тарих бүтээл юу байх бол, ямар сэдэв хөндөх бол гэж.

            Хэдийгээр алдартай кино зохиолч, найруулагч, продюсер маань 2010 онд дэлгэцнээ гарах “The Dive”, 2011 онд түмний мэлмийг мялаах “Battle Angel” кинонуудад ажиллаж буй ч дараагийн дэлхийг дэлдийлгэх кино дээрх хоёр киноны аль аль нь биш байх бололтой.

            “Урт чихт, өлөн нүдэт” хэвлэл, мэдээллийнхний нотолж буйгаар Жэймс зохиолч Чарльз Пеллегриногийн “The Last train from Hiroshima: Survivors look back” (“Хирошимагийн сүүлчийн галт тэрэг: Амьд үлдэгсэд эргэн дурсаж байна”) хэмээх номыг нь кино зохиол болгох эрхийг худалдан авсан гэнэ. Тэр ч бүү хэл Жэймс “Аватар”-ын зураг авалтын үеэр Японд очиж , Хирошима, Нагасаки хотын атомын бөмбөгдөлтийн хоёулангийнх нь цорын ганц гэрч Цутому Ямагучитай уулзжээ. Ямагучи 1945 оны зун албан томилолтоор Хирошимад очсон байх үед нь буюу наймдугаар сарын 6-нд тус хотыг Америкийн нисэх хүчин атомын бөмбөгөөр бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтийн уршигаар бараг ихэнх бие нь галд түлэгдэн, хүнд шархадсан боловч Ямагучи галт тэргээр наймдугаар сарын 8-нд төрөлх Нагасаки хот руугаа буцжээ. Харамсалтай нь нэг хоногийн дараа янкууд түүний төрөлх хотыг мөн л атомын бөмбөгөөр бөмбөгдсөн бөгөөд Ямагучи тийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх хоёр атомын бөмбөгдөлтөд хоёуланд нь нэрвэгдсэн  цорын ганц хүн болжээ.

            Хэдхэн хоногийн өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 4-нд Цутому Ямагучи 93 настайдаа Нагасаки хотноо таалал төгссөн юм.

            Аварга том усан онгоцны золгүй сүйрэл, 2154 онд холын тэртээх Пандора гариг дээр болох зөгнөлт үйл явдлыг онц сонирхолтой кино болгож чадсан авьяаслаг найруулагчид Хирошимагийн атомын бөмбөгийн аймшигт түүхийг бидэнд “үзүүлж”, нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах кино болгох юухан байх вэ. Хүлээж л суухаас.

 

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:59 | | уншсан: 502 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)