2010-01-21
Дурлалын мананд төөрч явна уу, Маша?

 

Энэ оны теннисний төдийгүй спортын ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох “Australian open” дуулиан шуугиантай эхэллээ. Шуугианы гол баатар нь ОХУ-ын теннисчин бүсгүй Мария Шарапова. Тэрбээр эхний тойрогтоо л “өвдөг шороодчихлоо”.

            Дэлхийн номер нэг теннисчин алдрыг ч хүртэж явсан үзэсгэлэн гоо бүсгүй 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш “Их дуулгын” тэмцээнд  өнгөлж чадаагүй хэвээр.

 Бээжингийн олимпод мөрний гэмтлээсээ болоод оролцож чадаагүй бөгөөд мөн 2008 оны US Open, 2009 оны Australian Open-ийг ч дээрх шалтгааны улмаас өнжсөн билээ. Хэдийгээр Мария уралдаан тэмцээнд оролцохгүй байсан ч хэвлэл мэдээллийнхэн түүнээс алхам ч холдсонгүй ээ. Гэмтэл нь эдгэрсэн боловч тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийлгүй “зугаалж” явна гэсэн мэдээлэл ч мэр сэр үзэгдэх боллоо. Үнэхээр ч Шарапова 25 настай Чарли Эберсол гэгч залуутай үерхэж байгаа нь тодорхой болж, тэр хоёрын зураг сонин, сэтгүүлийн хуудаснаас нэг хэсэгтээ салсангүй ээ. Үзэсгэлэн гоо залуу бүсгүй, спортын супер од, хамгийн баян эмэгтэй тамирчин Машагийн зүрх сэтгэлийнг эзэмдсэн азтай залуу Чарли нь NBC Sports  компанийн захирал , тэрбумтан Дик Эберсолийн хүү юм. Залуу продюсер, сэтгүүлч Чарли Машагаас нэр алдар, хөрөнгө чинээгээрээ огтхон ч дутахгүй нэгэн. Гагцхүү тэр хоёрын хайр дурлалын түүх удаан үргэлжилсэнгүй, тун удалгүй мөр мөрөө хөөн одлоо.

Шараповагийн хувьд энэ нь анхны дурлал,  бас хоёрдахь нь ч  биш ээ. Гэнэн залуу охины анхны хайрын эзэн нь “MAROON 5”  хамтлагийн дуучин Адам Ливайн байсан бөгөөд теннисч охиноос салахдаа эр хүнд баймааргүй зан гарган сонин хэвлэлд Машагийн ор хөнжлийнх нь нууцыг хүртэл дэлгэж “новширсон” өөдгүй дуучинг мартах гэсэн үү яасан Америкийн теннисний од Энди Роддиктой бас нэг хэсэг нэр холбогдоод авсан билээ, Мария.

Нэгэнт хайр дурлалд “олигтой амжилт” олоогүй Шарапова 2009 оны гуравдугаар сараас теннисний кортондоо эргэн ирсэн. Гэвч тэрбээр урьд өмнөх шигээ өндөр амжилт гаргаж чадахгүй л явна. Гэтэл өнгөрсөн оны үеэс Машагийн шинэ бойфрэйнд “тодров”. Мэргэжлийн сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкерс” багийн тоглогч Словени залуу Саша Вуячичийг спорт сонирхогчид сайн мэдэх байх. “The Machine” хочтой Вуячич , Шарапова хоёр хоёулаа Редондо Бич хотноо амьдардаг бөгөөд Саша теннис маш их сонирхдог нь энэ хоёрыг холбосон болов уу хэмээн сэтгүүлчид бичиж байна. Александр Вуячич 2004 оноос хойш “Лэйкерс-т тоглож буй бөгөөд 2009 оны NBA-ийн аварга юм. Өдгөө 25 настай сагсчин маань жилдээ 5 000 000 долларын цалин авдаг бол Машагийн жилийн орлого 23 сая доллараар хэмжигдэх бөгөөд хэдхэн хоногийн өмнө NIKE  компанитай хийсэн гэрээгээ найман жилээр сунгаж, 70 сая доллар авахаар болсон билээ. Маша, Саша хоёр хамгийн сүүлд хамтдаа  “U 2” хамтлагийн тоглолтыг цугтаа үзэж явсныг “өлөн нүдтэй” сэтгүүлчид бас л олонд дуулгалаа. Залуу бүсгүй хэнтэйгээ үерхэж явах нь юуны хамаа байхав, гэхдээ бас теннисний кортод амжилт гаргахыг чинь хүсч суугаа сая сая фэнүүдийнхээ урмыг хугалж болохгүй байх шүү.

“Гоо үзэсгэлэн дэлхийг аварна”  ч билүү нэг үг бий байх, сайн мэдэхгүй юм. Харин “царайны сайхнаар” спортод амжилт олно гэвэл бүтэхгүй гэдгийг цаад Курникова “эгч”  чинь тодхон харуулсан даа. Тэгэхээр Маша минь хайр сэтгэлээ хямгадаж, харин бэлтгэлээ бол хязгаарлахгүй хийх хэрэгтэй болжээ.

 

Тодруулга: Мария Шарапова

1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-ын Сибирийн Нягань хэмээх жижигхэн хотноо төрсөн. Биеийн өндөр 188см, жин 59 кг. 43 размерийн гутал өмсдөг.

4 настайд нь эцгийнх нь найз Александр нэрт теннисчин хүү Евгений Кафельниковынхоо теннисний цохиурыг бэлэглэснээр Маша охины теннисч болох гараа эхэлжээ. Шарапова 6 настай байхдаа домогт Мартина Навратиловагийн үзүүлэх тоглолтод оролцож, Навратилова Машагийн авьяасыг ихэд үнэлж, өндөр зэрэглэлийн дасгалжуулагчтай бол сайн теннисч болж магадгүй гээд эцэгт нь алдарт Ник Боллетьеригийн академийг санал болгожээ. Ингээд Машагийн аав Юрий 1994 онд 7 настай охиноо аваад АНУ-ын Флоридаг зорьсон байна. Тэнд дахин долоон жил уйгагүй бэлтгэл хийсний дүнд 2001 оноос мэргэжлийн теннисчний гараагаа эхэлжээ. 2004 онд 17-хон настай Мария Шарапова цуут Уимблдонд түрүүлж, дэлхий дахинаа алдаршсан юм.

            2005 оны долдугаар сард анх дэлхийн номер нэг теннисчин болж, 2007 оны 1-3 дугаар сар, 2008 оны 5,6 дугаар саруудад энэ цолыг эзэмшиж байсан билээ.

            Мэргэжлийн теннисчин болсноосоо хойш 13 092 900 ам.долларыг шагналд авчээ. Өдгөө дэлхийн хамгийн баян эмэгтэй тамирчин.

            Canon , Sony Ericsson, Tag Heuer, Nike  гэх мэт томоохон компаниудтай гэрээтэй. Мөн Cole Haan   -ий “нүүр царай”. Nike-ийн хувцас өмсөж, Prince  цохиураар тоглодог.

            НҮБ-ийн “Сайн санааны элч” бөгөөд Бесланы террорист үйл ажиллагаанд хэлмэгдэгсдэд 50 000 ам.доллар, Чернобылийн төсөлд 100 000 доллар хандивлаж байжээ.

 

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:01 | Спорт | уншсан: 486 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Гайхалтай юм аа.
Бичсэн: Зочин цаг: 14:30, 2010-01-21 | Холбоос | |





:-)