2009-11-04
Цөс ихтэй Өмнөдийнхөн – Анхны “World Cup” . Уругвай-1930

                Спорт сонирхогчид тэр тусмаа  хөлбөмбөг гэгч гайхамшигт сайхан спортын хорхойтнууддаа  зориулж “FIFA World Cup”-ын шилдэг тоглолтууд, сонирхолтой мөчүүд, үеийн үед алдар нэр нь дуурсагдан  яригддаг аугаа тоглогчдын тухай бид цувралаар хүргэхээр зорьж байна. Ингээд анхны бэлгээ Та бүхэнд толилуулая, таалан соёрхоно уу!

 

Анхны “World Cup” юм бүхэнд анхдагч байдаг Европ тивд бус Өмнөд Америкт, тэр тусмаа хүн бүрийн мэдээд байдаггүй Уругвайд зохиогдох болсон нь тохиолдлын хэрэг бус байв. Үхрийн мах болон ноосны экспорт нь 20-оод оноос хурдацтай хөгжиж байсны ачаар Уругвай эдийн засгийн хувьд боломжийн хүчирхэг болж байсан үе. Мөн 1928 оны зуны Олимпод Уругвайчууд хөлбөмбөгөөр алтан медаль хүртээд байснаас гадна, 1930 оны 7 сарын 18 нд  тус улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиох байв.

1929 онд Барселонад болсон ФИФА-гийн хурлаар Уругвайд анхны наадмыг зохиох эрхийг олгох болсон шийдвэр нь зарим Европын улсуудад таалагдахгүй байв. Бэлтгэл ажил мэдээж тийм дардан, шулуун байгаагүй. 1929 онд “Wall Street”-ын их сүйрэл болоод дэлхийн эдийн засаг ид хямраж байсан цагт Европоос Өмнөд Америк руу аялах баг тун хомс байв. Хэдий “эзэн орон” оролцох багийн замын зардлыг бүрэн даах амлалт өгсөн хэдий ч Европоос ердөө дөрөвхөн улс тамирчидаа илгээсэн байна. Хойд болон  Өмнөд Америк тивээс 9 орон, нийт 13 улсын шилдэг шигшээ багууд “ялалтын охин тэнгэр” гэгддэг “Алтан дагина цомын” (хожим Жюль Римэ цом гэгдэх болсон) төлөө өрсөлдөхөөр жигдэрсэн байна.

Зөвхөн энэ л  дэлхийн аваргаар бүх тоглолтууд нэг хотод явагдсан байдаг юм. Уругвайчууд Дэлхийн аваргын их наадамдаа зориулж, “бүтэн зууны” тусгаар тогтнолоо бэлгэдээд, тухайн цагт  дэлхийд эргэлзээ байхгүй эхэнд бичигдэх үзэсгэлэнт сайхан “Estadio Centenario” буюу “Зууны цэнгэлдэх хүрээлэнг” нийслэл Монтевидеод босголоо. Хэдий энэ мундаг цэнгэлдэх хүрээлэн тэмцээний нээлт болох өдөр хараахан дуусаж амжаагүй байсан хэдий ч Уругвайчууд жил гаран хугацаанд, тэгээд дэлхийн эдийн засаг гэрлийн хурдаар унаж байсан хэцүү үед 90,000 хүний багтаамжтай гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнг тусгаар тогтнолын их ойн өдрөөсөө яг нэг хоногийн өмнө амжиж дуусгасан нь бахархууштай

“Конте Верде” гэдэг хүн-тээврийн хөлөг онгоц их далайд найман хоног аялсаны эцэст Монтевидеогийн усан боомтонд 1930 оны 7 сарын 4 нд зангуугаа хаялаа. Энэ нь жирийн нэг усан онгоц байсангүй. ФИФА-ын ерөнхийлөгч Жюль Римэ, шувтрагын тоглолтыг шүүх Бельгийн шүүгч Жон Лэнженус болон Бельги, Франц, Румын, Югослав, Бразилийн (Бразилчууд  замдаа Рио де Жанейрогоос онгоцонд суужээ) багуудыг тээвэрлэж ирсэн хөлөг байлаа. Хэдий хувиарт цагаасаа таван цаг хоцорч эрэгдсэн ч баярласан үй олон хүмүүс ёстой л “үлээвэр найрал хөгжимтэй”, сүр жавхаатайгаар, хөөр баяраар дүүрэн угтан авлаа.

Урьдчилсан сонгон шалгаруулах тоглолт болоогүй, оролцож байгаа улсууд урилгаар оролцож буй хэдий ч багуудын тоо 16 хүрээгүй учир, ФИФА тэмцээнд оролцох нийт 13 орны багуудыг дөрвөн сагсанд хуваагаад, зөвхөн хэсгийн ахлагч багууд л цааш хагас шигшээд тоглох системийг ашиглахаар болжээ.  

Анхны дэлхийн аваргийн тоглолт 7 сарын 13 ны өдрийн 3 цагт Франц- Мексикийн тоглолтоор эхэлсэн бөгөөд хамгийн анхны гоолыг тоглолтын 19 дэх минутанд Францын Люсьен Лоран хийжээ. Нийт дөрвөн багаас бүрдсэн эхний хэсгийн гол шийдвэрлэх тоглолт Франц- Аргентиний хооронд болсон байна. Хоёр тал ширүүн довтолж байсан ч цорын ганц, хожлын бөмбөг тоглолтын 80 дахь минутанд Францын хаалганд оржээ. Францууд хариу довтолгоог маш ширүүнээр хийж эхлээд юу юугүй л оноогоо тэнцүүлэх нь гэж байтал Бразилийн шүүгч Алмейдо Рего тоглолтын үндсэн цаг дуусахаас дөрвөн минутын өмнө шүгэл үлээж, цаг дууссан болохыг зарлалаа. Аргентиний хөгжөөн дэмжигчид баярлаж хөөрсөөр тайлбайд үсрэн гарж ирцгээхэд, Францын тоглогчид шүүгчийг бүчин авлаа. Талбайн шүүгч ч алдаа хийснээ ухаарч, цагдаа нар үзэгчдийг талбайгаас хөөн гаргаж, шүүгч нар Аргентиний хөлбөмбөгчдийг хувцасны өрөөнөөс дахин талбайд урьж  авчирсаар байтал Францчуудын тоглолтын хэмнэл аль хэдийн алга болсон байв. Ингээд энэ хэсгээс “бохир тоглолт, дайчин чанараараа” нэрд гарсан төвийн хамгаалагч Луис Монти тэргүүтэй Аргентинчууд нэгээр шалгарч цааш тоглох эрхтэй болжээ. Луис Монти бол тоглолтын ур чадвар, хичээнгүй дайчнаасаа гадна хүний хөл дэгээддэг, өшиглөдөгөөрөө зартай эр байлаа. Францын Лораныг 10 дахь минутанд бэртээсэн тэрээр өмнөх жил Челситэй хийсэн нөхөрсөг тоглолтод өрсөлдөгчтэйгээ гар барьж байхдаа л хөл рүү жийж байсан “хүнд гар” гэнэ.

Югослав “Б” хэсгээс шалгарсан бол, “гэрийн эзэд” торолгүй өөрийн хэсгээс гарлаа. Уругвай-Перу хоёрын тоглолт удаан хүлээлгэсэн “Зууны цэнгэлдэхэд” анх удаагаа явагджээ. 70,000 хөгжөөн дэмжигчид үзсэн энэ тоглолт 1-0 гэсэн даруухан үзүүлэлтэйгээр Уругвайн ялалтаар өндөрлөжээ. Шотланд дасгалжуулагчтай, том биетэй Америкчууд бүх түүхэндээ “World Cup”–д үзүүлсэн хамгийн том амжилтаа энэ тэмцээнд гаргаж хагас шигшээд шалгарч үлдсэн байна. Бельги, Парагвай хоёрыг хоёуланг нь 3-0 хожсон, хэдий техник муутай ч, “атлетик” Америкчуудыг өрсөлдөгч нар нь “бөмбөгний хаалтууд” гэсэн хоч хүртэл өгцгөөсөн байна.

80,000 үзэгч Америк – Аргентин хоёрын хооронд болсон хагас шигшээ тоглолтыг үзэхээр цугларчээ. Тухайн үеийн ФИФА-ын дүрмэнд “сэлгээ-солилцоо” гэж байдаггүй байв. Тоглогч хэрэв бэртэл авбал баг нь нэг бол дутуу бүрэлдэхүүнтэй тоглох эсвэл бэртэлтэй тоглогч тоглолтоо яаж ийж байгаад дуусгах хувилбар л байв. Аргентинчууд “Сэм авгын” хөвгүүдийн хаалгыг зургаан бөмбөгөөр мялаахаас гадна тэднийг өөрсдийг нь ёстой “салбархай чихт, онгорхой амт” гэгч нь болгоод өгчээ. Төвийн хамгаалагч Рафаэль Трэси хөлөө хугалуулж, хаалгач Жим Дуглас хүндээр гэмтээд, зүүн жигүүрийн авъяаслаг хагас хамгаалагч Энди нүүрэндээ тийрүүлээд, нүдэндээ давс цацуулсан байна. Тоглолтын эцсийн дүн 6 – 1. Уругвайчууд мөн өрсөлдөгч Югославуудыг адилхан онооны зөрүүгээр 93,000 балиашигуудынхаа өмнө сөхрүүлсэн байна. Ер нь бүх тэмцээний турш тэнгэрийн цэнхэр өнгийн өмсгөлтэй байсан нутгийн эзэд өрсөлдөгч нараа ээлж дараалан төвөггүй буулгаж авч байжээ. Талбайн гадна байсан дүрэмт хувцастай цагдаа гарч явсан бөмбөгийг буцаан өшиглөж талбайд оруулаад тэр нь яваад гоол болсоноос өөр ноцтой сонин асуудал энэ тоглолтод гараагүй байна. 

Ингээд 1928 оны Амстердамд болсон зуны Олимпын аваргын төлөө тунаж үлдэж байсан заналт дайснууд анхны дэлхийн аварга гэсэн эрхэм алдрыг хүртэхээр шалгарч үлдлээ. Хоорондоо 200 гаран милийн зайтай, түүнийг нь далайн суваг Рио де ла Плате зааглан оршдог хоёр улсын нийслэлүүд финал хүртэл гурван өдөр бараг л “дайны” байдалтай байсан гэхэд болно. Аргентиний Буэнос Айрес-ээс албан ёсны бус мэдээгээр 20 орчим мянган хүн Монтевидео руу хайрт багаа дэмжихээр ирсэн гэдэг. Тэднийг усан боомт дээр буухад нь нэгжихээс гадна цэнгэлдэхэд ороход нь давхар шалгаж байсан нь хожим түүхэнд олон гарсан “хөлбөмбөгийн хулигаануудын” мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлсэн явдал байсан.

Тухайн цагт багууд дасгалжуулагч, мэнэжерүүдтэй байсан хэдий ч ямар тоглогч талбайд гарах, хэрхэн тоглохыг багийн хууччууд, туршлагатай тоглогчид шийддэг байв. Шувтрагын тоглолтыг шүүх талбайн шүүгч Жон Лэнженус энэ бүх тоглолтын өмнөх уур амьсгалаас жийрхээд тоглолтыг шүүхээс татгалзсан байна. Тэгээд эцэст нь өөрийг нь болон шүүгчийн бүрэлдэхүүнийг, тэдний гэр бүлийн гишүүдийг Уругвайн засгийн газар албан ёсоор хамгаалалтанд авч, тоглолт өндөрлөсөний дараа нэг цагийн дотор гэхэд л замд гарахад бэлэн байхаар тохирож, усан онгоц боомт дээр сойлгосны дараа л нэг юм тоглолтыг шүүх болжээ. Зөвхөн шүүгчид ч бус тоглогч нарт хүртэл энэ бүх үйл явдлууд дарамт болж эхэлсэн байна. Нөгөө аюулт эр, Аргентиний Монти хүртэл талбайд гарахаас татгалзлаа. Учир нь тэрээр хэрэв баг нь ялагдвал ээжид нь муу юм тохиолдоно гэсэн заналхийлэл нутаг нэгтнүүдээсээ, харин ялалт байгуулбал Уругвайчууд өөрийг нь гэсэн сүрдүүлэг аваад, ацан шалаанд ороод албаны томчуудын амлалт, гуйлтын хүчинд арай ядан өмсгөлөө өмсчээ. Гэсэн ч “тэрээр талбайд ч, хувцасны өрөөнд ч маш чимээгүй байсан. Учир нь тэрээр маш их айдастай сүүлийн хэд хоногийг өнгөрөөсөн” гэж багийн гишүүн Варалло хожим дурссан байна. 

Бараг л хоёр хөршийн хооронд “зарлаагүй дайн” эхлүүлэх шахсан, хүсэн хүлээсэн 7 сарын 30 ны өдөр боллоо. Хоёр баг  өөр өөрсдийн бөмбөгөөр тоглоно гэж зүтгээд, энэ талаар ФИФА-ын дүрэм журамд хараахан тусгагдаагүй байснаас болоод хоёр тал тоглож эхлэхээсээ урьд л маргаад эхэлвээ. Ингээд эцэст нь сугалаад Аргентиний бөмбөгөөр тоглосон ч тоглолтын сүүлийн хагаст Уругвайн бөмбөгөөр өрсөлдсөн байна. Энэ нь тийм чухал юм болов уу гэтэл нээрээ л чухал байсан байна. Учир нь Уругвайн бөмбөг арай л том, нөгөөх нь жижиг байсан бөгөөд Варалло “эхний үед бид 2-1 ээр илүүрхэж явахад Уругвайчууд амлалтаа зөрчиж өөрсдийнхөө бөмбөгийг талбайд гаргаснаар тэдний хувьд найр, наадам эхэлсэн юм” гэжээ. Үнэхээр ч талбайн эзэд тоглолтын сүүлийн хагаст 3 гоол хийж 4-2 гэсэн тооны зөрүүгээр итгэл төгс ялалт байгуулж, анхны “World Champion” гэсэн эрхэм алдрыг хүртсэн байна.

Анхны юм бүхэн алдаа, оноотой байдаг хэдий ч “цөс ихтэй” Өмнөд Америкчуудын ширүүн бужигнааныг эс тооцвол “ууган хөлбөмбөгийн их наадам” маш өндөр амжилттай зохион байгуулагдаж, хожимоо урилгаар бүү хэл гуйгаад ч орж чадахааргүй, дэлхийн хамгийн олон хүний сэтгэл зүрхийг татсан “их наадам” болсныг эрхэм уншигчид маань надаар юу хэлүүлэх вэ.

 

Викторийн Пагва   ("Таван Цагариг- Атерикт")

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 04:28 | | уншсан: 399 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


"Талбайн гадна байсан дүрэмт хувцастай цагдаа гарч явсан бөмбөгийг буцаан өшиглөж талбайд оруулаад тэр нь яваад гоол болсоноос өөр ноцтой сонин асуудал энэ тоглолтод гараагүй байна."

инээх rolling on the floor алга ташилт гоё шүү
Гоё юм аа. баярлалаа...
Бичсэн: xvv цаг: 09:19, 2009-11-04 | Холбоос | |





:-)