2009-10-20
Ажиа Гэгээн: Монголын ард түмэнд туслах хүсэл эрмэлзэл надад бий
Ажиа Гэгээн хэмээх нэрийг Америкт ажиллаж, амьдарч буй монголчууд тун сайн мэддэг билээ. Зүүн Түвдийн Хөх нуурын Хошууд аймгаас гаралтай, Бурхны шашны гэлүгбагийн (Шарын шашин) ёсыг үндэслэгч Богд Зонховын аавынх нь 21 дүгээр  дүрийн гэгээнтэн Ажиа Ренбүүчи нь язгуурын монгол удам угсаатай бөгөөд Бурхны шашиндаа зэрэг дэв, нэр хүндээрээ Дээрхийн Гэгээн Далай лам, Банчин Богд нарын дараа ордог, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шашин, улс төрийн томоохон зүтгэлтэн, Гэгээнтэн юм. Ажиа Гэгээн нь Гүмбүм хийдийн хамба Хамба лам бөгөөд чухам энэхүү Гүмбүм хийдэд Богд Зонхов төрсөн, тодорсон ба өмнөх үеийн Далай лам, Банчиг Богд нар байнга оршин сууж, бүрхны номоо айлддаг байсан газар ажгуу.  Монгол зон олонд туйлын элгэмсэг, хүний газар яваа үндэс угсаа нэгт монголчууддаа маш өгөөмөр, энэрэнгүй ханддаг Ажиа Гэгээнтний буянт  үйлсийн тухай өмнө нь бишгүй л сонсож, дуулж явсан боловч нүүр тулан уулзаж, ярилцах завшаан сар гаруйн өмнө л олдсон билээ. Энэ том Гэгээнтэнтэй уулзана гэхэд багагүй сүрдэж байсныг нуух юун. Гэвч Милл Вэлли дэх Гэгээнтний гэр орших хоржигнон урсах горхи, зуун зуун жилийн настай аварга улаан модон дундах үзэсгэлэнт газрыг хараад ёстой л амгалан энхийн орон лугаа санагдаж, дээр нь Гэгээнтний туслах Чүнпайгийн найрсаг угталт, сүүтэй цай сэтгэлийг тайвшруулсан.  Ажиа Гэгээнтэн ч биднийг туйлын ойр дотно хүлээн авч, язгуурын сайхан монгол хэлээр инээд алдан ярилцсанд нь хүндэтгэл, бишрэлийн хүлээсэнд биеээ хэт барьсан бидний "хүлээсийг" тайлж, халуун дулаан яриа өрнөсөн билээ.

Хөх нуураас тодорсон монгол Гэгээний туулсан амьдралыг ярилцвал дэндүү урт түүх болох, бас Бурхан шашны тухай ярилцана гэхэд мөхөс миний мэдлэг хаанаа ч хүрэхгүй тул Гэгээнтэнтэй энэ зун Монгол руу явсан тухай нь болон монгол хэл дээр хэвлүүлсэн шинэ номынх нь тухай товчхон ярилцсанаа уншигч олондоо хүргэсү.

-Таныг  энэ зун Монгол руу яваад ирсэн гэж сонсон. Өмнө нь Монголд очиж байв уу? Явсан хэрэг зориг юу билээ?

-Би өмнө нь 2006 онд Монголд очиж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа очлоо. Язгуур гарал, үндэс угсаа шашин шүтлэг нэг Монгол орондоо очиж, монгол зон олонтойгоо уулзах, тэдэнд бага боловч тус хүргэж буян болох нь миний хүсэл, эрмэлзэл юм. Энэ удаа ч ийм л зорилготой очсон. Мөн Бурхны шашны гол мөн чанар болсон оюун ухаан, нижин сэтгэл хоёрын тухай сүсэгтэн олондоо тайлбарлаж, ойлгуулах явдал байлаа. Монголд ардчиллаас хойш шашин шүтлэг чөлөөтэй болж, сүм хийд сэргээгдэж, шинээр баригдаж буй нь сайхан хэрэг. Гэхдээ юуг шүтэж, юуны тухай сүсэглэж буйгаа мэдэх нь чухал. Бурхны номыг ойлгох хэцүү гээд бодчихсон хий дэмий мухар сүсгээр шүтэж яваа хүмүүс олон байх шиг. Сүм хийд, лам нар ч үүнийг сүсэгтэн олонд таниулах, ойлгуулах тал дээр бага ажиллаж байна. Бурхны шашин гэдэг бол маш энгийн зүйл юм шүү дээ. Ердөө л оюун ухаан, нинжин сэтгэл хоёрыг дээдлэх гээд ойлгочиход болох юм.
Оюун ухаан, нинжин сэтгэл хоёрын хүчээр л хүн өөрийгөө зовлон, нүгэл хилэнцгүй авч явах боломжтой юм. Нинжин сэтгэл гэдэг нь олон түмэнд тус хүргэх, буян хийхийг хэлж байгаа юм шүү дээ.

-Сүсэгтэн олонтой хэр их уулзав?

-Маш олон хүнтэй уулзсан. Зөвхөн сүсэгтэн ч биш.  Орох гэр оочих аягагүй ядуусаас эхлээд баян цатгалан, дарга, томчууд гээд янз янзын л хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь ядуу, амьдрал нь хэцүү хүмүүс нь олон байна. Тэдэнд л бага боловч туслахыг хичээж явлаа.

-Олон хүн, сүм хийдэд буян хийсэн гэж сонсон. Жаахан тодруулж ярьж болох уу?
-Ядуу, өнчин хүүхдүүдэд хоол, хувцас өглөө. Нийтдээ 300 орчим хүнд , нийтдээ 30 орчим мянган долларын хандив өргөсөн. Орон гэргүй 5 айлд бүрэн шалтай гэр авч өглөө. 20 гаруй сүм хийдэд тус бүр 300-500 мянган төгрөгийн хандив өгсөн. Хэдийгээр энэ бүхэн их буян боловч нэг л удаагийн тус юм. Нэг удаа туслаад юу ч болохгүй л дээ. Тиймээс бас өөрөөр байнга туслах арга замыг хайлаа.

-Тэгээд ямар зам олов?

-Монголд ядуу хүмүүс, тэр тусмаа хүүхдүүд , настайчууд их байна гэж дээр хэлсэн дээ. Тэдэн дотор хүнд өвчтэй, хорт хавдартай хүмүүс их байгаа нь сэтгэлийг маань ихэд эмзэглүүлсэн. Эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх гэхээр тэдэнд төлбөрийн чадвар байхгүй. Ялангуяа хүүхдийн хавдрыг судлах газар, эмнэлэг байдаггүй юм билээ. Тэгээд би хүүхэд, настай хүмүүсийн хавдрын эмнэлэг байгуулая, босгоё гэж шийдсэн. Эмнэлэг маань амьдралын боломжгүй ядуу хүүхэд, хөгшдөд буянаар үйлчлэх, энгийн хүмүүс бол мөнгөө төлөөд үзүүлж байх чиглэл баримтлах юм.

-Энэ хүсэлтээ хаана, хэнд уламжилсан  бэ? Бүтэмжтэй юу
?
-Улаанбаатар хотын захиргааны зохих хүмүүст энэ сэнэлээ хэлэхэд харин их дэмжсэн шүү. Хотын захиргаанаас 1,5 га газар Буянт-Ухаад олгосон. Тэр хавьд хоёр ч эмнэлэг баригдахаар төлөвлөсөн юм билээ. Манайх хажууд нь хаяа нийлээд босно доо. Энэ жил газраа ёс  номоор нь авсан. Ирэх жилээс барилгын ажлаа эхэлнэ.

-Та маш том буянтай ажлыг эхлүүлжээ.
-Энэ бүхнийг би нэр хүндээ бодоод ч юм уу ямар нэг ашиг сонирхлын үүднээс хийгээгүй. Монголын ард түмэнд туслах хүсэл эрмэлзлэлийн маань л бэлгэ тэмдэг юм даа.
Ганц миний бие энэ том ажлыг бүтээнэ гэдэг худал. Америк төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байдаг шавь нар маань, сүсэгтнүүд маань энэ ажлыг та зохион байгуул, бид дэмжиж, хандив өгье, туслая гэсэн билээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Америк, Японоос ирэх хандив, тусламжаар авах юм. Хамгийн гол шаардаж буй зүйл маань чанар. Барилгын ажлыг  Монголын компани, хүмүүсээр гүйцэтгүүлнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудад монгол эмч нараа голчлон түшиж ажиллана. Бас "Хил хязгааргүй эмч нар" гэсэн олон улсын байгууллага байдаг юм билээ.  Тэндээс нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулахаар бас ярьж байгаа. Монгол эмч нараа ч АНУ, Японд сургах ажил бодож байна.

-Үнэхээр сэтгэл хөдлөм сайхан сонсогдож байна. Таныг Монголд бас өөрийнхөө номыг хэвлүүлж, номын баяр хийсэн гэж сонссон.
-Олон сайн нөхөд, найз нарын тус дэмээр "Цагийг бэлгэдэгч Наран чөлөө" хэмээх намтрын номоо монгол хэл дээр хэвлүүлэн гаргасан . Миний туулсан амьдралын түүх бол өгсөж уруудах олон нугачааг даван туулсан, Хятадын их үндэстнүүдийн дунд монгол, түвд угсаатнуудын туулж өнгөрүүлсэн амьдрал, өөрөөр хэлбэл түүх, сүм, хийд, лам хуврагуудын амьдрал зан үйл, шашин соёлын түүхийн гэрч байсан учир соёл, өв уламжлалаа сахин хадгалахад хойч үеийнхэнд сургамжтай, чухал санагдсан тул энэхүү номоо уншигч олондоо өргөн барьсан юм. Ирэх жил энд, АНУ-д англи хэл дээр номоо хэвлүүлэн гаргах байх.

-Тантай уулзаж, сургаал номыг  тань сонсох гэсэн монголчууд тун олон байдаг. Танд цаг зав гаргах боломж хэр байдаг бол?
-Би Индиана мужийн Блүүмингтон хотноо байрлах Түвд, Монголын соёл, шашны төвийг Далай багшийн даалгавар,томилолтоор удирдах болоод хоёр гурван жил болж байна. Блүүмингтонд над дээр монголчууд маань маш их ирдэг. Би ч цаг заваа зохицуулаад уулзаад явуулдаг юм. Удахгүй бас монголчууд төвлөрөн амьдардаг Америкийн гол гол хотуудад айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ирэх жил буюу 2010 оны 5 сард Блүүмингтонд Дээрхийн Гэгээн Далай багш айлчилна. Энэ үеэр Монгол наадам хийхээр төлөвлөж байна даа.

-Гэгээнтэн Танд бясалгал, уншлагаасаа цаг зав гарган ярилцсанд  баярлалаа. Таны бурхан шашин, буяны ажил үйлсэд тань амжилт хүсье.
--Та бүхэнд Монголын нэрийг дархалсан өвөг, дээдсийнхээ бахархам соёл, уламжлалаа сэтгэл зүрхэндээ сахин хадгалж яваасай гэж хүсье. Тэр л өвөг дээдсээс би ч мөн удамласан билээ.

Ярилцсан Ц.Энхтүвшин

P.S.  "Цагийг бэлгэдэгч Наран чөлөө  буюу Хөх нуураас тодорсон Монгол Гэгээний туулсан амьдрал"  хэмээх монгол хэл дээрх маш сонирхолтой номыг авах хүмүүс 773 715 6334 тоот утсаар (Өнөрцэцэгтэй )холбогдож лавлаарай! Энэхүү номыын бүх орлогыг Ажиа Гэгээн Монголд байгуулах хавдрын эмнэлэгтээ өргөнө гэж айлдсаныг давхар дуулгая!
Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:23 | | уншсан: 544 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


gegeenten tandaa
amid burhan gegeenten tandaa murgun zalbiryaa ,delhiin buh mongolchuud maani sain saihan jargah boltuugai , gegeenten tanai buyand iveelegdej buh mongolchuud maani havdart uvchunuus hol zailah boltugai ! gegeenten tandaa murgumuu !
Бичсэн: Зочин цаг: 23:58, 2009-12-04 | Холбоос | |





:-)