ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-5
Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.
Бээжин супер, Лондон ?
“Бээжин-2008” олимпийн наадмын нээлт тасархай сайхан болсныг хамт үзсэн ҮОХ-дын мэргэжил нэгтнүүд шагшин магтаж байлаа. Стивен Спилбергийн оронд ажилласан Хятад үндэсний боловсон хүчин, киноны алдарт найруулагч Жан Юй Моу, түүний туслах Жан Жи Жан, Чен Вей Яа нарын бүтээлийг дэлхий даяараа өндөр үнэллээ.Ийнхүү олимпийн нээлтийн ажиллагаа яруу болсон нь K.Мойнихан тэргүүтэй Лондон-2012 зохион байгуулах хорооныхныг гүн бодолд автуулсан гэнэм.
Бамагийн тулаан
Олимпийн наадамд эмэгтэй туйванчдаа төлөөлөн хоёр дахь удаагаа хүч сорих гэж буй Н. Баярмаа энэ жил жин өгсөж 63 кг-ийн жинд өрсөлдөнө. Түүний жинд 20 тамирчин өрсөлдөх бөгөөд захиалсан ачааны даацын дагуу “В” хэсгийн 3-т бичигдлээ. Зөвхөн Алжир, Мексикийн тамирчид манай хүнээс илүү захиалсан бол Тунис, АНУ,Боливи, Польш, Венесуэлийн туйванчид ард нь байна. Харин 10 тамирчинтай “А” хэсгийн томчуудыг ОХУ-ын С.Цукарева хэмээх Орос бүсгүй тэргүүлж буй агаад Хятадын иргэн байсан Менесса Ма Яа Кахастаны нэрийн өмнөөс оролцож, 2-т байгаа бол Норвегийн туйванч 3 дугаарт бичигдэж байна. Тэмцээн VIII.12-нд 10:30-aaс Бээжин хотын их сургуулийн зааланд эхэлнэ.
Олимпчид олимпчиддоо хайртай
MYOX-ны дэд ерөнхийлөгч , “Moсква-80” Олимпийн наадмын мөнгөн медальт Ц. Дамдин Олимпийн наадамд оролцогчдын чуулга уулзалтанд оролцов. Түүнийг өндрийн харайлтийн олимпийн аварга Фосбюри Чао Ян цэцэрлэгт зохион байгуулсан бөгөөд ОУОХ-ны удирдлагууд, үе үеийн олимпчид цугларчээ.
Сайдын илгээлтээс оюутны захидал
Монголын багийн штаб уруу спортод элэгтэй олон хүмүүс холбоо барьж, амжилт хүссээр байна. Гавъяат дасгалжуулагч Ч. Дамдиншарав , боксын гавъяат Н. Энхбат, Монголын Элчин сайдын Яам , “Таван цагариг” сонин, MCS компани гээд л … Хамгийн сүүлд МУИС-ын Байгалийн аялал жуулчлалын ангийн I курсын оюутан Чулуунбатын Жавзанпагма хувийн захидал ирүүлж, амжилт хүсчээ. Та бүхэнд баярлалаа.