Э. Бадар-Ууган боксын анхны “Дэлхийн цом”-д урилгаар оролцоно
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос ирэх 2008 оны арванхоёрдугаар сард сонирхогчдын боксын анхны “Дэлхийн цом” тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэлээ. Цаашид хоёр жил тутам зохиогдож байх энэхүү тэмцээнд жин тус бүрт шилдгийн шилдэг найман тамирчин, нийтдээ 88 боксчин урилгаар оролцох аж. Анхны “Дэлхийн цом”-ын тэмцээнд жин тус бүртээ 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн боксчид, “Бээжин-2008” олимпийн наадмын мөн алт, мөнгөн медальтнууд, тэмцээнийг зохион байгуулах орны нэг тамирчин урилгаар оролцох ба үлдсэн гурван “местийг” тивийн аварга боксчдоос ОУСБХ-ны тусгай комисс шалгаруулан байж олгох гэнэ.
Тэмцээний шагналын сан 209 000 ам.доллар бөгөөд аваргалсан боксчин 10 000, мөнгөн медаль хүртсэн боксчин 5 000 , хүрэл медальтнууд 2 000 долларын шагнал хүртэх юм байна. Цаашид шагналын сан нэмэгдэх бөгөөд 2010 оноос эхлэн AIBA-ны чансааг гол үзүүлэлт болгон “ширэн бээлийтнүүдийг” сонгон шалгаруулж “Дэлхийн цом”-д урьж байхаар болжээ.
Ийнхүү энэ жил АНУ-ын Чикаго хотноо болсон 14 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 54 кг-ийн жинд урамтай сайхан тоглон мөнгөн медаль хүртсэн манай Энхбатын Бадар-Ууган боксын анхны “Дэлхийн цом”-д урилгаар оролцох нь ямар ч байсан тодорхой боллоо. Мөн энэ жил Азийн аварга болсон П.Сэрдамба, Л.Энхзориг нар ч “Дэлхийн цомд” уригдаж магадгүй юм.
Энэ дашрамд сонирхуулахад Монголын “ширэн бээлийтнүүдийн” дэлхийн дэвжээнээс 10 жил тасалдаад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн Э.Бадар-Ууган маань Улс тунхагласны 83 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээ хүртэх ажээ.