2007-11-08
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд

 

Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын түүхэнд олон арван шилдэг багууд нэр цуугаа тод үлдээсэн байдаг. Английн нэр хүнд бүхий “World Soccer” сэтгүүлийн редакц олон зуун хөлбөмбөгийн сэтгүүлч, хөлбөмбөгчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн дун явуулсан санал асуулгыг үндэслэн хөлбөмбөгийн түүхэн дэх 10 шилдэг багийг нэрлэжээ.

 

1970 оны БРАЗИЛ

 

Энэ бол зүгээр нэг баг байсангүй. Тэр чигээрээ домог, мөрөөдлийн баг байв. 1970 оны дэлхийн аварга болж, Бразилчуудад “Алтан дагина”-ийг үүрд авчирч өгсөн энэ домогт  багийг дэлхийн хошой аварга Марио Загалло дасгалжуулж,  хөлбөмбөгийн хаан Пеле тэргүүтэй Жайрзиньо,Тостао,Ривелино гээд дөрвөн супер довтлогч , Жерсон,Клодоалдо гээд гайхамшигтай хоёр хагасхамгаалагч, багийн ахлагч Карлос Альбертогоор удирдуулсан найдвартай хамгаалалт бүрдүүлж байв.  Энэ баг бие биенийгээ нөхөн тоглолтыг зохион байгуулах , уран тактикаараа онцгойрч байсан юм. Багийн хүчний бэлтгэлийг хожмын Бразилийн шигшээгийн дасгалжуулагч Клаудио Коутиньо ,Альберто Паррейра нар хариуцаж байв.Тэд тоглогч тус бүрт тохирсон дасгал хийлгэж, тэдний тоглолт өдөр өдрөөр сайжирсаар финалд хүрсэн. Финалд тэд Италийн шигшээг 4:1-ээр бут ниргэсэн. Эдүгээ хүртэл ДАШТ-ий финалд дөрвөн гоол хийсэн нэг ч баг гараагүй л байна.

 

1950-1954 оны УНГАР

 

“Ид шидтэй мажарууд” гэгдэж байсан Ференц Пушкаш,Шандор Кочиш, Йозеф Божик, Шандор Хидегкути гээд дөрвөн шилдэг довтлогчтой Унгарын шигшээ 1950-аад оны эхээр ёстой л гялалзаж байлаа. Тэд зүй ёсоор бол 1954 онд дэлхийн аварга болох “ёстой” байсан ч өрсөлдөгчөө дутуу үнэлснээс, өөрсдийнх нь аз, од нь дутсанаас дөнгөж мөнгөн медаль дээр буусан юм. Хэсгийн тоглолтод Германы шигшээг 8:3-аар “бут ниргэж”, дараа нь дэлхийн аварга Бразил, Уругвайг  тус тус хожсон Унгарчууд өмнө нь өлхөн хожсон өнөөх Германтайгаа аваргын төлөө таарахад алтан медаль аль хэдийн хүзүүнд нь зүүгдсэн мэт санагдаж байсан биз ээ. Гэтэл 2:3-аар хожигдох нь тэр.

Энэ “хар өдрийг”  хүртэл Унгарын шигшээ 1950 оны тавдугаар сараас хойш ганц ч хожигдоогүй байсан гэдэг. Шигшээ багуудын дунд ийм урт хугацанд хожигдож үзээгүй баг нэг ч байхгүй билээ.

1956 онд Пушкаш, Кочиш, Цибор нар баруун руу гарснаар Унгарын “алтан” багийн түүх төгссөн ажгуу.

 

1974 оны ГОЛЛАНД

 

“Тотальный футбол” гэдэг нэр томьёог Вилли Майсл гэгч “Хөлбөмбөгийн хувьсгал” гэдэг номондоо анх дурьдсан гэдэг. Гол санаа нь талбай дээр ямар ч тоглогч ямар ч үүргийг гүйцэтгэж болно гэдгийг гаргасан хэрэг. Тухайлбал хамгаалагч гоол хийж, довтлогч ард очоод хамгаалах жишээтэй. Энэ онолыг амьдрал дээр хэрэгжүүлсэн хүн бол Голландын нэрт дасгалжуулагч Ринус Михелс. Тэрбээр 70-аад оны эхээр өөрийн удирдаж ббайсан “Аякс” дээр энэ онолыг аажим аажмаар нэвтрүүлсээр амжилтад хүрч, “Аякс” “Аваргуудын цом”-ыг гурван удаа хүртжээ. 1974 онд Голландын шигшээ багийг Дэлхийн АШТ-д дасгалжуулсан Михелс “тотальный футбол” гэсэн домгийг дэлхий даяар үзүүлсэн. Голландын хөлбөмбөгийн “алтан үе” болох Йохан Кройф, Рууд Крол, Ари Хаан, Вим Сурбиер, Вим Ханегем, Вим Янсен, Вим Рийсберген, Йохан Неескенс, Жон Ренсенбринк, Жонни Реп, ихэр Ван де Керкхоф нараас  бүрдсэн “нисдэг голландчууд” үнэхээр давтагдашгүй сайхан тоглолтыг гаргаж байв. Тэдний хэн нь довтлогч, хэн нь хамгаалагч болохыг одоо ч зарим хүн хэлж чадахгүй эргэлзэх биз. Голландчууд Бразил, Аргетиний хүчтэй багуудыг хожоод, финалд талбайн эздэд 1:2-оор хожигдон мөнгөн медаль зүүсэн билээ.

 

1989-1990 оны “МИЛАН”

 

Наяад оны сүүлч, ерээд оны эхээр Арриго Саккигийн удирдсан “Милан” Италийн хөлбөмбөгийн уламжлалт аргыг эвдэн, эцэс төгсгөлгүй довтолгооныг сонгон авснаар санаанд багтамгүй амжилтад хүрсэн юм. Үүнд Голландын супер гурвал Марко Ван Бастен, Рууд Гуллит, Франк Райкаард нар гол үүргийг гүйцэтгэж байлаа. Хашир туршлагатай Франко Барези, залуухан Паоло Мальдини, Алессандро Костакурта нарын нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэх хослол, Райкаард, Анчелоти, Донадони нарын гялалзсан хагас хамгаалагчид , урд нь Гуллит, Ван Бастен нарын “бөмбөгдөгчид” “Аваргуудын цом”-ын шигшээ тоглолтод Румыний “Стяуа”-г 4:0-ээр бут ниргэж, хоёр жил дараалан “Тив хоорондын цом”-ыг хүртэж байв.

 

1958 оны БРАЗИЛ

 

1958 оны дэлхийн аварга Бразилийн шигшээ уг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг нь ч байж мэдэх юм. Гэвч тэр үеийн Бразилийн тоглогчид Европод тоглож байгаагүй, мөн дэлхийн АШТ-ийг ТВ-ээр олон оронд өргөн дэлгэр дамжуулж байгаагүй болохоор тоглогчид нь олны танил болоход хэцүү байсан гэдэг. Гэвч 1958 оны Бразил хөлбөмбөгийн ертөнцөд хааны титмийг нь эзэгнэх, 17 настай Пеле хүүг, мөн “Ард түмний баяр баясгалан” болсон Гарринчаг “төрүүлж” өгсөн юм. Дээрх хоёр залууг дэлхий дахинд таниулсан, бас хөлбөмбөгийн түүхэнд W буюу 4-2-4 гэсэн шинэ тактикийг нэвтрүүлсэн дасгалжуулагч Висинте Феолаг дурьдахгүй өнгөрч бас боломгүй. Пеле, Гарринча нараас гадна Хаалгач Жильмар, хамгаалагч Нильтон ба Жальма Сантос, багийн ахлагч Беллини, Вава,Зито, Диди, Орландо,Загалло нарын “ширэн бөмбөгийн ид шидтэнүүд” Бразилийн нэрийг анх цуурайтуулж, “Алтан дагина”-ыг анх эх орондоо залсан билээ.

 

1956-1960 оны “РЕАЛ”(Мадрид)

 

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын цом”-ыг таван жил дараалан хүртсэн “Эзэн хааны” энэхүү багийн гол тоглогчид нь Альфридо Де Стефано, Ференц Пушкаш нар байв. Мөн ФранцискоПакоХенто гээд солгой, бараг тоглолт болгонд гоол оруулдаг довтлогч, Мигель Муньос, Францын довтлогч Раймон Копа, Уругвайн хамгаалагч  Хосе Сантамариа гээд цул одууд  энэ домогт багийн тэр үеийн түүхийг бичилцжээ.

 

1982 оны БРАЗИЛ

 

Хэдийгээр энэ баг ямар ч амжилт гаргаагүй, ядаж дэлхийн аваргад шөвгийн дөрөвт ч шалгарч чадаагүй боловч яах аргагүй шилдгүүдийн тоонд бичигдэх баг аа. 1982 оны Бразилийг дэлхийн аварга болно гэхэд  эргэлзэж байсан хүн цөөхөн байсан байх. Теле Сантанагийн удирдсан энэ гайхамшигт баг ялангуяа дунд шугам нь үнэхээр бишрэм. Ухаалаг Фалькао, эрэмгий Жуниор, багийн ахлагч, үлгэр жишээ тайван тоглолттой Сократес, хөлбөмбөгийн техникийг оргилд нь хүртэл эзэмшсэн, Пелегийн дараахь хамгийн шилдэг хөлбөмбөгч Зико. Довтолгоонд Сержиньо, залуухан Эдер. Леандро, Оскар, Серезо, Луйзиньо нарын хамгаалалт ч муугүй. Харин хаалгач Валтер Перес жаахан бойтог, будлиу байсан.

Теле Сантана талбай дээр тоглогчиддоо бүрэн эрх чөлөө олгож, юу хүссэнээ хийхийг нь зөвшөөрдөг филисофи баримталдаг дасгалжуулагч байв. Даан ч Италийн Паоло Россигийн од нь гэнэт гийж, Бразилийн хаалганд хет-трик хийснээр хөлбөмбөгийн “хамгийн сайхан үлгэр” харамсалтайгаар төгссөн билээ.

 

1991-1994 оны   БАРСЕЛОНА

 

1973 онд “Барселона” тэр үеийн рекорд ханшаар 992000 фунт стерлингээр  Голландын Йохан Кройфыг худалдан авсан гэдэг.”Нисдэг голланд” Испанийн аваргаас өөр алдар цолыг “Барса”-д авч өгч чадаагүй билээ. Гэвч 1988 онд Кройф дасгалжуулагчийн хувиар “Барса”д эргэн ирж ,шинэ эринг авчирсан юм. Кройф каталончуудад Испанийн аваргын дөрвөн дараалсан түрүү , Испанийн цом, гурван Испанийн супер цом , Цомтой багуудын цом, “Аваргуудын цом”-ыг бэлэглэв. Тэрбээр довтолгоо бол шилдэг хамгаалалт гэсэн зарчим дээр багаа тоглуулж байв. Субисаррета гээд супер хаалгач ,ар талд нь Рональд Куман, Мигель Надаль ,Гойкоэчеа , дунд шугаманд Бакеро, Бегиристайн, Гвардьола, Данийн “профессор” Микаэль Лаудруп,”Балканы Марадона” гэгддэг Румыний Георг Хажи, довтолгоонд Болгарын Христо Стойчков, Бразилийн Ромарио нар “ид шидийг” туурвиж ,энэ багийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэж байлаа.

 

1934-1938 оны  ИТАЛИ

 

Дэлхийн аваргад хоёронтоо түрүүлж,1936 онд олимпийн аварга болсон Витторио Поццогийн дасгалжуулсан гучаад оны Италийн шигшээ.1934 онд ДАШТ-д оролцсон баг нь үндсэндээ тухайн үед “Сери-А”-д тав дараалан түрүүлсэн “Ювентус”-ын тоглогчид дээр  тулгуурласан байв.

1934,1938 оны Италийн шигшээ багийн гол хөдөлгөх хүч нь Жузеппе Меацца,Жованни Феррари нар байлаа. Мөн аргентин гаралтай Гауита, Орси, Монти нар ихээхэн үүрэгтэй байсан гэдэг.

1938 онд Итали хоёр дахь удаагаа дэлхийн аварга болоход Поццо ихэнх тоглогчдоо төдийгүй үндсэн тактикаа өөрчилжээ. Хөлбөмбөгт анх “цэвэрлэгч” –ийн үүрэгтэй хамгаалагч бий болсон бөгөөд анхдагч нь уругвай гаралтай  Микеле Андреола болон түүхэнд үлджээ. Италийн энэ шигшээд Андреолагаас гадна  Аргентиний Пиола гол үүрэг гүйцэтгэсэн билээ. 30 –аад оны Италийн шигшээд Италийн оддоос гадна уругвай, аргентин цагаач тоглогчид чухал байр суурийг эзэлж байжээ.

 

1998-2000 оны ФРАНЦ

 

Францчууд дэлхийн аварга , Европын аварга дараалан болсон анхны баг. Зинедин Зидан гол плэймейкер нь байсан бол Фабьен Бартез хаалганд , хамгаалалтад Лилиан Тюрам, Лоран Блан, Марсель  Десайи ,хагас хамгаалалтад Дидье Дешам, довтолгоонд  Тьерри Анри гээд одууд тоглож байв.

 

Дээр дурьдсан багуудаас гадна хөлбөмбөг сонирхогчдод хэзээ ч давтагдашгүй сайхан тоглолт бэлэглэж  ,сэтгэл зүрхэнд нь үүрд хоногшсон багууд олон бий.

Тухайлбал 1980 –аад оны Франц.Алдарт Мишель Платини тэргүүтэй Батс ,Аморо,Баттистон ,Босси ,Тигана ,Фернандес,Жиресс,Лякомб,Рошто ,Трезор нарын “шадар цэргүүдээс “бүрдсэн энэ баг 90-ээд оны Францаас  хол давуу байсан.Хоёр ДАШТ-д шөвгөрч ,1984 онд Европын аварга болсон Францын 80 –аад оны шигшээ үнэхээр хүчирхэг баг .

Бас үе үеийн Германы шигшээ байна. Наяад оны Дани , 1978 оны Аргентин , 70 –аад оны сүүлч үеийн Симонсен ,Кигантай “Ливерпуль”, 70-аад оны эхэн үеийн “Аякс”, дунд үеийн “Бавари”,  80-аад оны Зикотой “Фламенго”, “зохиомол отон тоглолтод” оруулдгаараа алдаршсан Бельги , Марадонатай 1986-1990 оны Аргентин гээд гоё гоё тоглолттой багууд хэдэн арван жил өнгөрсөн ч хөлбөмбөг сонирхогчдод дурсагдаж байх биз ээ.

   

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 06:36 | | уншсан: 931 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
нээх хөл бөмбөг сайн мэддэггүй боловч үнэхээр үзэх дуртай.. Итали, Германы багуудад илүү дуртай..
Бичсэн: xvv цаг: 21:07, 2007-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, блогчид оо

Сүүлийн үед манай блогчдын тоо асар хурдацтай нэмэгдсээр байна. Үүнийг та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дотоодын блогийн үйлчилгээ үзүүлдэг тав гаруй сайт дээр бүртгэгдсэн зуу зуун блогоос харж болох юм. Өдөр болгон шинэ хүмүүс Монголын блог ертөнцийн хаалгаар орж ирж байгаа үед Бүгдээрээ.мн сайт өөрийн Блог ертөнц буландаа эдгээр бүх блогчдын бичлэгийг хамруулахын тулд сайтаа ашиглах гэж байна.

Блогпортал.бүгдээрээ.мн сайт нь өөрт бүртгэлтэй байгаа блогуудыг шинэчлэгдсэн даруйд нь шүүн харуулдаг учир блогчдын шинэ сонинг цаг алдалгүй унших боломжийг олгодог. Иймд та өөрийн блогоо тус сайтад бүртгүүлээрэй.
Таны блог Blog.mn.net, blog.banjig.net, blog.gogo.mn, Delhii.net, Mihiin.com болон Eblogger гэх блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайт дээр нээгдсэн байж болно. Блогпортал.Бүгдээрээ.мн сайтад бүгд бүртгэгдэх боломжтой.
Та өөрийн блогоо бүртгүүлэхийн тулд блогийн хаягаа тус сайтад сэтгэгдэл хэлбэрээр үлдээх эсвэл info@bugdeeree.mn мэйл хаяг уруу илгээж болно.
Цаашид Блог.бүгдээрээ.мн блогчидтой холбоотой бусад сонирхолтой үйлчилгээг нээхээр зорьж байна. Блогчдын хүчирхэг давалгааг бүгдээрээ бүтээцгээе.
Бичсэн: зочин цаг: 16:35, 2007-11-08 | Холбоос | |





:-)