2007-09-18
Америкийн элчин Монголын боксчдыг “боож” байна

Америкийн элчин Монголын боксчдыг “боож” байна

 

Ирэх аравдугаар сарын 13-наас арваннэгдүгээр сарын гурванд АНУ-ын Чикаго хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох тухай спорт сонирхогчид маань дуулсан байх. Энэ тэмцээний эхний найман байрт (хүнд хоёр жинд эхний дөрөв) шалгарсан боксчид “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох эрх авах болохоор олон орон “ширэн бээлийтнүүдээ” “Чикаго-2007” ДАШТ-д оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа. Эцсийн мэдүүлгээр 114 орны 623 боксчин оролцох болсон нь боксын ДАШТ-ий түүхэнд урьд нь гарч байгаагүй рекорд амжилт юм.

 Энэ зун эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэн багаараа Азидаа “аман хүзүүдсэн” манай “ширэн бээлийтнүүд” ч ДАШТ-д эрчимтэй бэлтгэж, долоон жинд оролцохоор бэлдэж байгаа сураг дуулдсан. Энд, Америкт ажиллаж, сурч, амьдарч буй монголчууд маань ч боксын дэлхийн аваргыг нэг үзчихье, Монголынхоо боксчдын тоглолтыг харж, балиашиглах гээд бэлдэж баагаа нь ч сонсогдож байлаа.

Гэтэл Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам Монголын шигшээ багийн тамирчдад виз олгохгүй байгаа тухай таагүй мэдээг баттай эх сурвалжаас дууллаа. Америкийн тал манай шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, шигшээ багийн тамирчин, Азийн аварга, манай гол найдваруудын нэг Э. Бадар-Ууган нарт виз олгохоос татгалзсан тул манайхан бусад нь визээ авалгүй хаяад гарч ирсэн гэнэ. Үнэхээр ч шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн хамгийн шилдэг тамирчин, холбооны удирдлага гээд гол гурван хүнд виз олгохгүй байгаа нь хачирхалтай. Тэгээд ч хоёр жил тутам зохиогддог дэлхийн аваргын тэмцээн, тэр тусмаа тамирчдын дөрвөн жилийн хөлс хүчээ гаргасны үр дүнгээ үзэх Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг нь зүгээр нэг орны их зантай түшмэлийн үзэмжээр шийдэж байгааг юу гэх вэ?

Их гүрний дээрэнгүй үзэл үү? Буурай орны бас нэг зовлон уу?

Манай гурав дахь хөрш гээд л Ерөнхийлөгч нь очиж “хошгируулаад” байсныг яана. Ямар ч байсан манай боксчид “нуман тулгуурт” ороод байгаа бололтой.

Энийг манай спортын удирдах  байгууллагууд (БТСУХ, МҮОХ, “Бээжин-2ОО8” олимпод бэлтгэх үндэсний комиссын дарга, ноён Ерөнхийлөгч Н.Энхбаяр) даруй  анхааралдаа авч хөөцөлдөхгүй бол эр зоригт Монголын маань эрэмгий боксчид ДАШТ-ийг өнжиж, улмаар Олимпийн наадмыг ч алгасаж магадгүй нь байна шүү!!!!

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:10 | | уншсан: 775 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)