2007-07-29
Бекхэм -Хөлбөмбөгийн ногоон талбайд уу? Холливудын улаан хивсэн дээр үү?

Бекхэм -Хөлбөмбөгийн ногоон талбайд уу? Холливудын улаан хиьсэн дээр үү?

 

Хагас жилийн өмнө буюу шинэ оны дараахан  Английн шигшээ болон Испанийн “Реал” Мадрид багийн тоглогч Дэвид Бекхэм“Лос Анжелес Гэлэкси” багтай 5 жилийн хугацаатай, 250 сая долларын гэрээ байгуулснаас хойш Америкийн хэвлэл мэдээлийнхэн “Бекхэмманиа”-аар өвчилсөн гэхэд хилсдэхгүй биз ээ. “Бекхэм Америкийн хөлбөмбөгийн хөгжилд шинэ амжилт авчирна” гэсэн нэг хэсэг байхад, “ Бекхэмд зөвхөн Холливудад хэрэгтэй” гэх зэргээр зөндөө л санаа оноогоо уралдуулсан. Ямартай ч Бекхэм Америкт хөл тавьж, шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийгээд байна. “Ширэн” бөмбөгийн супер одын “шинэ тив”-д ирсэн нь Америкийн спортын энэ зуны шуугиант  үйл явдалд орох нь гарцаагүй.

 Шуудангаар ирэх “Eurosport” каталог Бекхэмийн зурагт хуудсыг хавчуулж, ТВ-ээ асаахад “ESPN” сувгаар Бекхэмийн Америкт ирж буй (“Реал”-ын балиашигууд уйлж, харин Америкийн хөлбөмбөгийн хорхойтнуут баярлан хөөрч буй энэхүү ролик цуут “Битлз”-ийн “Hello,Good bye” дууны аянд өрнөх аж) реклам гарч, сувгаа “NBC” дээр солиход л түүний эхнэр Викториагийн  тухай нэвтрүүлэг явж буйг харахад Америк даяар Бекхэмээр өвчилж байгаа бололтой. Түүний нэртэй , 23  дугаартай шинэ тоглолтын цамц (“Гэлэкси” тоглолтын хувцасаа Бекхэмийн санаанд зохицуулан шинээр сольсон бөгөөд тоглолтын улирлын дундуур ингэж хувцасны загвараа өөрчилдөг нь цэвэр бизнесийн санаа бололтой ) эхний өдөр гэхэд л 250 000 ширхэг борлогдсон аж. Хэдийгээр 250 саяын гэрээ байгуулсан ч Бекхэм нэг жилд “ердөө” л 6,5 сая долларын цалин авах бөгөөд үлдсэнийг нь рекламнаас олох болохоор арга ч үгүй байх. Тэгээд ч багтаа MLS-ийн ганц ч тоглолтод оролцож амжаагүй байгаа Бекхэм ТВ-ийн “Америкийн хөлбөмбөг Бекхэмтэй хамт” хэмээх нэвтрүүлэг хийхийг хэдийнэ зөвшөөрсөн биз.

            Бекхэмийн анхны тоглолтыг ТВ-ээр шууд дамжуулсан “ESPN” 1 468  000 хүн уг тоглолтыг үзсэн хэмээн мэдэгдэж байгаа. Америкийн хөлбөмбөгийн хувьд энэ бол их тоо л доо. “Ди Си Юнайтед”-“Сан Хосе” багуудын хооронд 1996 онд болсон хамгийн анхны MLS-ын тоглолтыг 1 092 000 хүн ТВ-ээр үзсэн рекордыг эвдэх нь тэр. Энэ тоглолтын үеэр хөлбөмбөгийн тоглолтод харагдаж үзэгддэггүй Кальфорн мужийн губернатор Арнольд Шварценеггер, домогт сагсчин Майкл Жордан,хоккейчин  “Аугаа” Уэйн Гретцки, Холливудын од Эва Лонгориа, Кэти Холмс нар ч цэнгэлдэхэд ирсэн билээ. ESPN-ийн 19 камераас зөвхөн ганцхан камер тоглолтын явцыг харуулж, бусад нь Бекхэмийн зүг дуран авайгаа чиглүүлж байсан гээд боддоо.

            Гэхдээ Бекхэмийн бүх зүйл ч өө сэвгүй байгаа юм бас бишээ. Түүнийг магтах нэг хэсэг байхад  “матарлах” нэг хэсэг бас байнаа. Тухайлбал түүнийг яагаад заавал “Лос Анжелес Гэлэкси”-тэй гэрээ байгуулсан тухай ингэж тайлбарлаж байна. “Бекхэм Холливудад л анхаарлаа хандуулж байгаа. Америкт хөлбөмбөгийг ихэвчлэн латин америкууд сонирхдог. Тэдэнд бол Бекхэм жирийн л нэг хөлбөмбөгч. Тиймээс л Лос Анжелесийн тааруухан багийг сонгосон”.

            Энд үнэний хувь бий л байх. “Гэлэкси” энэ жил 12 тоглолтын дараа 13 оноотой конференцийнхоо 6 багаас тавдугаарт бичигдэж байгаа билээ. “Хавар-намар” системээр явагддаг MLS-ийн плей-оффт конференц тус бүрээс шилдэг хоёр баг, мөн өндөр оноотой 4 баг (аль конференцийнх хамаагүй) нийт найман баг шалгардаг бөгөөд “Гэлэкси” плей-оффт үлдэх найдвар тун бага байна. Тэгсэн мөртлөө багийн удирдлагууд Ази, Европ, Австралид аялан тоглох гэрээг ээлж дараалан байгуулж байгаа нь  Бекхэмийг амжилтын бус ашгийн түлхүүр болгох зорилготой буй нь харагдана. За тэгээд “32 настай, “тэтгэвэртээ” гарах дөхсөн” гээд ярьж бичиж байгаа хүмүүс ч байна. Хүмүүс гэснээс шинэ багийнхан нь Бекхэмийг хэрхэн угтсан, түүний багийнхан нь болон бусад хүмүүс юу гэцгээж байгаа тухай цухас өгүүлье.

            “Гэлэкси”-ийн бэлтгэл дээр анх ирэхдээ  Бекхэм шинэ багийнхантайгаа  гар барин танилцаж, хүн болгонд л “тантай танилцсандаа баяртай байна” гэсэн үг хэлж байтал багийн нэгэн гишүүн “би ч бас баяртай байна. Гэхдээ чиний нэрийг хэн гэдэг юм бэ?” хэмээн супер одыг “байдалд” оруулсан тухай сонин хэвлэлд гарсан. Бекхэмийг таньдаггүй хөлбөмбөгч байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр түүнд дургүйцлээ илэрхийлсэн үү, эсвэл америк маягийн “пээдгэр” зангаа гаргасан уу, ямар ч байсан  тийм явдал болж.

            Жилдээ 17700-хан долларын цалинтай(Бекхэмийн нэг өдрийн цалин Вернсийн жилийн цалингаас 100 “ногооноор” илүү аж) , 24 настай , хамгаалагч Кайл Вернс  “Тэр ердийн залуу байна лээ. Шарсан мах хамт идэж, хааяа кофе цуг уухад болох л юм. Түүний цалин мөнгө надад ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй байна” гэж байхад “Гэлэкси”-ийн хаалгач Жо Кэннон “Надад нэг ийм бодол төрөөд байна. Бид мэдээж бусад хотуудад аялан тоглолтоор явж зочид буудалд буух болно. Тэр үед Бекхэмтэй нэг өрөөнд хамт орлоо гэж бодоё. Хэн нэгэн надад “Бекхэмийн шүршүүрт орж байхад нь нүцгэн зургийг нь аваадах. Чамд сая доллар өгье гэвэл би яах  вэ?” хэмээн өгүүлсэн байна..

            Адал явдалд байнга өртөж, наргиж цэнгэж, ууж идэх дуртай Холливудын нялх од Линдсэй Лохан “ Би түүнийг харсан. Тун дажгүй залуу байна лээ.Түүний анхаарлыг татах хүүхнүүд Холливудад дүүрэн бий. Би ч “оролдоод” үзнэ. Викториад анхааруулж хэлэхэд нөхрөө сайн харж байгаарай! гэж захих байна”  хэмээн хээвнэг ярьсан байх жишээтэй.

            Бекхэмийг Америкт ая тухаа олоход хамгийн их тусалж байгаа хүн бол цагтаа “Лидс” багт тоглож явсан, одоо бол Холливудад нилээд нэртэй жүжигчин болсон англи залуу Винни Жонс гэнэ. Нэрт найруулагч Тарантинотой найзалж, жүжигчин Брэд Питтэй хөзөр тоглож суудаг Жонс Холливудын “бичигдээгүй хууль журмын” талаар Бэкст зөвлөдөг ажээ. Тэрбээр Бекхэмийн талаар “Бекхэм  Холливудад ирж, Бэвэрли хиллзд амьдарч буй нь өөрт нь мэдээж сайхан байгаа. Салхинд гарах зуураа л Жорж Клуни, Майк Тайсон нартай тааралдаж, Пэт Сампрассыг Клаудиа Шиффертэй теннис тоглож байхыг энд харж болно. Хамгийн харамсалтай нь тэрбээр Английн шигшээд л ахин тоглож чадахгүй байх даа. Би л гэхэд Англид очиход цагийн зөрүүгээ гаргах гэж наад зах нь гурав хоног болдог юм. Бекхэм ийм ачааллыг даахгүй байх даа. Одоохондоо бүгд Бекхэм рүү анхаарлаа хандуулж байна. Зургаан сарын дараа хэвийн байдалд орох биз дээ” гэсэн байна.

            Нөхрөөсөө дутуугүй алдартай Викториа ч ТВ-ийн  дуран авай, сонин сэтгүүлийн хуудаснаас “холдохгүй” байгаа. NBC суваг амьдрах хаузаа сонгож буй Викториагийн тухай бүхэл бүтэн нэвтрүүлэг үзүүлсэн. Одоо Бекхэмийг  эхнэр Викториа болон Бруклин, Ромео, Круз хэмээх гурван хүүхдийнхээ хамт Бэвэрли хиллз дэх 22 сая долларын үнэтэй, 1200 кв.метр харшид амьдарч буйг бүгд мэдэх болсон.

            Ийнхүү Бекхэмийн “шинэ тив” дэх шинэхэн амьдрал шуугиан дуулиантай л эхэллээ. Америкууд шинэ юмыг хурдан шохоорхон хүлээн авдаг шиг ээ тун удалгүй мартддаг улс. Одоогоор бэйсболоос өөр спортын уралдаан тэмцээн багатай  болохоор Бекхэмийн тухай бишгүй л бичиж байна. Магадгүй намраас америк хөлбөмбөг, сагсанбөмбөгийн шинэ улирал эхлэхээр түүнд зай талбай хэр олдох бол доо!!!

                       

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:41 | | уншсан: 637 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)