Мөнгө + баяр = Мөнхбаяр
Испанийн Гранада хотноо өндөрлөсөн буудлага спортын Европын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын 6 алт, 5 мөнгө,4 хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Германы харьяат Доржсүрэнгийн Мөнхбаяр спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.
“Яг наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд шигшээ тэмцээн болсон. Монгол хүн наадмын өдөр одтой хийморьтой байдаг болохоор өөртөө маш итгэлтэй буудсан. Сэтгэл үнэхээр өндөр байна” хэмээн гавьяат маань утсаар ярихдаа өгүүлсэн. Үнэхээр ч Мөөгийгийн хувьд баяр дээр баяр боллоо. Учир нь долдугаар сарын 9-нд түүний төрсөн өдөр нь болдог. Төрсөн өдөртөө өөртөө, наадамдаа монголчууддаа өвөрмөц сайхан бэлэг барилаа, Мөнхбаяр.
Энэхүү мөнгөн медаль нь Европын аварга шалгаруулах тэмцээнээс түүний зүүж буй гуравдахь медаль. Өмнө нь “Хуучин тивийн” аваргаас 2003 онд мөнгө, 2005 онд хүрэл медаль авч байсан билээ.
“Бээжин-2008” олимпийн эрхээ хэдийнээ өвөртөлсөн Мөнхбаяр эдүгээ Финландад түр хугацаагаар суурьшин бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.