2007-07-17
“Бээжин- 2008” олимпийн тосгон

 

 

“Бээжин- 2008”  олимпийн тосгон

 

 

Аливаа олимпийн наадам , түүнд оролцож буй тамирчид , дасгалжуулагчдын гол амьдрал буцалдаг газар нь Олимпийн тосгон.

Анх 1932 оны Лос-Анжелесийн зуны олимпоос эхлэн олимпод оролцож буй тамирчид , дасгалжуулагчдыг нэг доор байрлуулах Олимпийн тосгоныг барьдаг уламжлал бий болсон аж.

 Спортын дэвжээнд өндөр амжилт гаргахад тамирчдын тухтай ,тавтай амьдрах олимпийн тосгон чухал үүрэгтэй. Олимпийн тосгон бол нэг ёсны бяцхан ертөнц. Тэнд тамирчдын амьдран суух  орон байр , дэлгүүр хоршоо , үзвэр үйлчилгээ ,эмнэлэг, цагдаа ,чөлөөт цагаа өнгөрүүлэх газар , ресторан, тосгоны сэтгүүл гээд л бүх юм байдаг. Бүгд үнэ төлбөргүй байдаг ёстой. Олимпийн тосгонд зөвхөн тамирчид ,дасгалжуулагчид ,эмч багийн зарим албаны хүмүүс амьдрах зарчимтай. Мэдээж шүүгч ,сэтгүүлч ,дарга нар нь зочид буудалд байрлаж ,зөвхөн түр нэвтрэх үнэмлэхээр л Олимпийн тосгонд зочилдог. Олимпийн наадам бүрийн олимпийн тосгон өөр өөрийн онцлог түүхтэй. 1972  оны Мюнхений олимпийн тосгонд террорист халдлага болж , Палестиний “Хар есдүгээр сар” террорист бүлгэмийн алан хядагчид Изралийн 11 тамирчны амь насыг бүрэлгэсэн хар түүх бий .

Мөн 1980 оны Лэйк Плэсидийн өвлийн олимпийн тосгоныг шоронгийн зориулалттай байгууламжид байрлуулсан ч гэдэг.

Гэхдээ ихэнх олимпийн тосгон тамирчдын хувьд нөхөрлөл,найрамдлын сайхан дурсамж болон үлддэг билээ.

2008 оны наймдугаар сарын 8-24 нд Бээжин хотноо болох зуны олимпийн  ХХIX наадмын олимпийн тосгоны барилгын ажил өдгөө ид өрнөж байна. Бээжин хотын төвөөс хойш 18 км-ийн зайд баригдаж буй Олимпийн тосгон 660,000 кв.м талбайг эзлэх ажээ.

“Бээжин -2008” Олимпийн тосгоны барилгын ажил 2007 оны  эцсээр дуусах бөгөөд 2008 долдугаар сарын 25 –нд албан ёсоор нээлтээ хийх юм. Олимпийн тосгон нь есөн давхар 20, зургаан давхар 22,нийтдээ 42 барилгатай байхаар төлөвлөгдсөн .

Олимпийн тосгонд нийтдээ 16000 тамирчин ,дасгалжуулагч ,албаны хүмүүс амьдрах гэнэ. Урьд өмнөх олимпийн тосгоны адил Оршин суугчдын бүс ,Олон улсын бүстэй байх юм байна.

Тосгоны хойд хэсэгт спортын цогцолбор ( заал,усан сэлэлтийн төв,волейбол ,сагс ,теннисний талбай ,гүйлтийн зам гэх мэт мэтийг багтаасан) байрлах бол тосгоны өмнөд хэсэгт Үндэсний олимпийн хороодын штаб,мэдээллийн төв ,хурлын танхим байх ажээ. Тосгонд 24 цагаар ажиллах хоолны төв газар нь хойд хэсэгт байх бол өмнөд хэсэгт туслах хоолны газар ажиллана. Олимпийн тосгон нийтдээ 14 оршин суугчдын бүстэй байх бөгөөд бүгд тосгоны өмнө хэсэгт орших юм.  Мөн энд эмнэлэг ,допингийн хяналтын төвүүд ажиллана. Бас нэгэн онцлог нь үндэсний олимпийн хороод болгонд агуулах оногдох гэнэ. Олимпийн тосгон дотор хоол хийхийг хориглох бөгөөд тиймээс ч тамирчдын амьдрах байр нь дотроо гал зуухны өрөөгүй байх аж.

Олимпийн тосгон дахь бүх үйлчилгээ уламжлал ёсоор үнэ төлбөргүй байна.Угаалгын газар бас (зарим олимпийн тосгоны угаалгын газар төлбөртэй байх нь бий) үнэ төлбөргүй ба харин хатаахад бага зэрэг төлбөр хийх хэрэгтэй болох нь.

Олон улсын бүсэд дэлгүүр ,уулзалтын ,ёслолын талбай , үйлчилгээний төв байна.Энэ бүсэд төв хаалга ,автобусны буудал, машин  тавих талбай зэрэг багтах юм.

Олимпийн тосгон наймдугаар сарын 27 хүртэл ажиллах бөгөөд олимпийн наадмын дараа олимпийн тосгоны орон сууцыг жирийн оршин суугчдад худалдахаар төлөвлөөд байгаа гэнэ.         Олимпийн төв тосгоноос гадна Хонконгт морин спортын тамирчдад зориулсан , Циндио хотноо далбаат завины тамирчдад зориулсан , Бээжинд албаны хүмүүст зориулсан бичил тосгонууд ч баригдан ,ажиллах юм. Мөн “Бээжин -2008” олимпийн наадмыг Зохион байгуулах хороо Бээжингийн 112 зочид буудалтай (Үүнээс 37 нь таван одтой 40 нь дөрвөн одтой ,33 нь гурван одтой ,хоёр нь хоёр одтой зочид буудал) гэрээ байгуулах аж. Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид болон ҮОХ-дын ерөнхийлөгч , нарийн бичгийн дарга нар,олон улсын спортын холбоодын ерөнхийлөгчид болон Төр засгийн удирдагч ,спортын сайдууд  гэх мэт томчууд Тянь ань минь талбайгаас 5 минут алхаад л хүрэх Бээжин “Гранд отель”, “Бээжин” буудлуудад тухлах юм.

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:05 | | уншсан: 649 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


happy
Бичсэн: Зочин цаг: 18:00, 2008-08-16 | Холбоос | |





:-)