2007-6-13
"Сан Антонио спэрз" NBA-ийн нэгэн эринийг эзэгнэж чадах уу?
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2006-2007 оны улирлын плей-оффын шувтаргын тоглолт эхэлж, аваргын алтан цом, алмаазан шигтгээтэй бөгж, хамгийн гол нь алдар хүндийн төлөө "Сан Антонио спэрз"-"Кливлэнд кавальерс" багууд өрсөлдөж байна. Энэ жилийн плей-офф шуугиан, дуулианаар дүүрэн болж байгаа. Улирлын тэргүүн баг, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн Дирк Новицкийн "Даллас",өнгөрсөн жилийн аварга , од Шакийн "Майами" зэрэг юм дуулгана гэж байсан багууд эхний даваанд л "цолгүй бөхчүүдэд" өвдөг шороодон , хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон бол тэднийг өчиггүй буулган авсан "Голден стэйт уорриорз", "Чикаго буллз" багууд ихээхэн ирээдүйгээ харуулсан. Канадын легионер Стив Нэшийн " Финикс санс", Кобигийн "Лос Анжелес лэйкерс", лигийн хамгийн нягт хамгаалалттай баг болох "Детройт пистонс" багууд ч санасан, зорьсондоо хүрч чадалгүй замаас гарлаа.

Олон жил хамт тоглож буй хур туршлагатай, дээр нь Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили гээд "шадар гурван цэргийнхээ" тогтвортой жигдхэн тоглолт, хэн нь ч хэнийгээ орлож чадах чадварынхаа хүчинд "Өрнө" бүсээс "Сан Антониогйин давируулууд", харин "Дорно"-оос супер од Леброн Жэймсийн гялалзсан тоглолтын ачаар "Кливлэндийн морьт баатрууд" шигшээ тоглолтод шалгарсан. "Кливлэнд" түүхэндээ анх удаагаа финалд хүрч буй нь энэ. Тэгвэл "Сан Антонио" сүүлийн 9 жилийн дотор гурван удаа аварга болсон, одоо дөрөв дэх аварга цолны төлөө хүч үзэж байна.Өмнө нь "Спэрз" 1999, 2003, 2005 онд NBA-ийн аварга болсон. Энэ жил ч аварга болоход тун ойрхон байна. Жигдхэн гурвын гурван одтой "Сан Антонио"-г, ганцхан Леброн Жэймстэй "Кливлэнд" арай л хүчрэхгүй болов уу.

Хэрэв "Сан Антонио спэрз" аваргын цомыг дөрөв дэхээ хүртэх аваас 9 жилд дөрвөн удаа аварга болж, NBA-ийн түүхийн нэгэн цаг үеийг эзэгнэсэн шилдэг багуудын нэг болох юм.

Мэдээж NBA-ийн түүхэд хамгийн тодоор нэрээ бичүүлэх баг нь 1960-аад оны "Бостон Селтикс". 13 жилийн дотор 11удаа ( үүнээс 8 –д нь дараалан !!!) удаа аваргын цомыг хүртсэн Боб Коузи, Билл Рассель тэргүүтэй "Бостон Селтикс"-ийн гайхамшигт амжилттай эн зэрэгцэх баг одоог хүртэл гараагүй бөгөөд цаашид ч бараг төрөхгүй биз ээ.

Тэдний араас батай бичигдэх баг бол 8 жилийн дотор 6 удаа аваргалсан , "Нисдэг" Майкл Жордантай "Чикаго буллз". Сагсанбөмбөгийн амьд домог Жорданаас гадна "Дүрсгүй" Дэннис Родман, Скотти Пиппен нартай "Бухнуудын" дараа 1980-аад оныг эзэгнэн байсан "Лос Анжелес Лэйкерс" орох болов уу. "Мэжик" Жонсон, Карим Абдул Жаббар, Жэймс Уорти гээд мундагцуултай энэ баг 9 жилийн дотор 5 удаа аварга болж байсан билээ.

Бас 1940- д оны сүүлч, 1950-аад оны эхээр 6 жилийн дотор 5 удаа аварга болж байсан, Жорж Майканы "Миннеаполис лэйкерс" ч NBA-ийн нэгэн үеийн тодотгол.

Энэ жил түрүүлэх магадлал тун их байгаа "Сан Антонио" зорьсондоо хүрч аварга болох аваас дээрх багуудын араас бичгдэх бололцоо байна. Тэгвэл "Сан Антонио спэрз" 1980-аад оны дунд үед гурван түрүү авч байсан , Лэрри Бирд, Роберт Пэриштэй "Бостон Селтикс", 2000-2002 онд гурван жил дараалан түрүүлсэн, Шакил О’Нил-Коби Брайанттай "Лос Анжелес лэйкерс", 1980-аад оны сүүлчээр хоёр түрүүлсэн Айзейя Томастай "Детройт пистонс", 1990-ээд оны эхээр мөн хоёронтоо аваргалсан , Хаким Олажьювонтой "Хьюстон Рокитс" гээд домогт багуудаас амжилтаараа илүү гарах юм.Цагийг эзэлсэн их аварга" гэдэг шиг шинэ зууны эхэн үед NBA-г эзэгнэсэн шилдэг баг хэмээн түүхэнд бичигдэн үлдэхэд тун ойрхон байна даа, "Сан Антонио".Давируул"-аа сайн давир даа!

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:00 | Спорт | уншсан: 456 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant