2007-06-11
“GOLD CUP – 2007” эхэллээ

                               “GOLD  CUP – 2007” эхэллээ

Хоёр жил тутам болдог Төв болон Хойд Америк Карибын тэнгисийн орнуудын хөл бөмбөгийн аварга шалгууруулах  “GOLD  CUP – 2007” тэмцээн эхэллээ . Америкийн Майами, Лос Анжелес, Бостон, Хьюстон, НьюЙорк, Чикаго хотуудад болж буй энэ тэмцээнд Конкакафын гишүүн 35 орноос шалгарсан 12 орны шигшээ баг оролцож байна . “А” хэсэгт Канад, Коста – Рика,  Гайти,   Гваделопе,  “В” хэсэгт АНУ, Сальвадор,  Гватемала, Тринидад ба Тобаго,  “С”  хэсэгт Мексик, Панама, Гондурас,  Куба  улсын шигшээ багууд тойргоор тоглох юм .  Хэсэг тус бүрээс хоёр баг, мөн шилдэг үзүүлэлттэй гурваар шалгарсан хоёр баг нийт найман баг шөвгийн наймд хасагдах журмаар тоглоно . Хагас шигшээ болон шигшээ тоглолт 1994 оны ДАШТ- ий тоглолт болж байсан .     Чикаго хотын “Soldier Field” цэнгэлдэхэд болох юм .

“GOLD  CUP”- ийн түүх 1991 оноос эхэлдэг . Анхны тэмцээнд  АНУ-ын хөлбөмбөгчид аваргалжээ. Дараа нь Мексикийн “эрин” эхэлж тэд 1993,1996,1998 онд дараалан гурван удаа  түрүүлсэн байна. Харин 2000 онд хоккейн орон Канадын хөлбөмбөгчид ногоон талбай дахь хамгийн том амжилтаа үзүүлж, тивийн аваргад тэргүүлэн шуугиан тарьсан аж. 2002 онд анхны “Gold Cup”-ын аварга Америкчууд аваргын цомоо эргүүлэн авсан бол 2003 онд Мексикүүд дөрөв дэх удаагаа энэ тэмцээнд түрүүлжээ. Тэгвэл 2005 онд АНУ-ын шигшээ гуравдахь түрүүгээ авсан билээ.

Энэ жил мөн гол өрсөлдөөн, аваргын төлөө тулаан энэ хоёр багийн хооронд болох магадлал өндөр байгаа. Мексикийн шигшээг “Реал”-ын домогт тоглогч Уго Санчес удирдаж байгаа бол Америкчууд тивдээ шилдгийн тоонд орох болсоор нилээд хэдэн жил боллоо.

 Одоогоор багууд дөнгөж нэг нэг тоглолт хийгээд байгаа, үнэлэлт дүгнэлт хийхэд эрт   боловч  АНУ, Мексик гээд гол хоёр багаас гадна Канадын баг, ялангуяа тус багийн довтлогч Жулиан де Гузман  тун гоё тоглолт үзүүллээ. Бас “Gold Cup-2005” финалд үлдэж байсан Панамын шигшээ ч хүчтэй байна. Мөн 450 мянгахан хүн амтай, анх удаагаа томоохон тэмцээнд орж буй  Гваделопе, Арлын “социалист” Куба ч “хатуу боорцог” гэдгээ эхний тоглолтод харууллаа.

 

Тэмцээний явц:

“А” хэсэг  Канад-Коста Рика 2:1, Гайти-Гваделопе 1:1

“В” хэсэг   АНУ-Гватемала 1:0,  Тринидад ба Тобаго- Сальдадор 1:2

“С” хэсэг    Мексик-Куба 2:1, Гондурас- Панама 1:3

 

P.S: Төв болон Хойд Америк , Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо КОНКАКАФ-аас “ТАВАН ЦАГАРИГ-АМЕРИКТ” сэтгүүлд “GOLD CUP-2007” тэмцээнийг албан ёсоор сурвалжлах эрх, мандат олгосон билээ. Тус тэмцээний шувтаргын тоглолтууд болон тэмцээний тухай сурвалжлага, тэмдэглэлийг манай сэтгүүлийн дараагийн дугаараас уншаарай!

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:07 | | уншсан: 445 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)