2007-05-05
Д.Мөнхбаяр:Олимпод зөвхөн алтын төлөө л зүтгэнэ дээ

Д.Мөнхбаяр:Олимпод зөвхөн алтын төлөө л зүтгэнэ дээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга , олимпийн хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяртай “Дэлхийн цом”-ын үеэр хийсэн ярилцлага.

-Таныг Финландад амьдарч байгаа сураг сонссон.Яагаад нутаг сэлгэв?

-Финландын нийслэл Хельсинк хотоос 300 км орчим зайтай нэгэн жижиг хотод амьдарч байгаа. Миний найз залуу маань тэндхийн буудлагын багийг дасгалжуулахаар гэрээгээр очсон юм. Би ч тэндхийн клубт бэлтгэлээ хийж байна. Найз залуу, охиныхоо хамт тэндээ нэг хэсэг амьдрах байхаа.

-Германы шигшээгийн тамирчин, тэр тусмаа цэргийн хүн тэгж гадаадад амьдарч болдог юм уу?

-Бололгүй яах вэ. Бэлтгэл сургуулиа л тэнд хийж буй болохоос Германы шигшээгийн тамирчны цалин мөнгөө аваад, уралдаан тэмцээндээ ч оролцоод явж байна. Би цэргийн гэрээт албан хаагч биш болохоор нэг их бэрхшээл гардаггүй юм.

-Цэргийн ямар цолтой билээ?

-Германы Армийн ахлах түрүүч цолтой.

-“Дэлхийн цомын” тэмцээнд хэд удаагаа оролцож байна?

-Яг тоог хэлж мэдэхгүй байна. Анх  1990 онд Сөүл хотноо болсон Дэлхийн цомд оролцож дөрөвдүгээр  байр эзэлж байсан.Тэгэхээр 17 дахь жилдээ оролцож байгаа юм байна.

-Энэ хугацаанд “Дэлхийн цом”-оос нилээд олон  медаль хүртсэн биз?

-“Дэлхийн цом”-ын цуврал болон шигшээ тэмцээн гээд хоёр өөр тэмцээн байдаг. Цуврал тэмцээн жилдээ 4-5 удаа зохиогддог бөгөөд цуврал тэмцээнд үзүүлсэн амжилтаар найман шилдэг тамирчныг “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцуулдаг юм. Миний хувьд “Дэлхийн цом”-ын цувралаас 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл, шигшээ тэмцээнээс 3 мөнгө , нэг хүрэл медаль аваад байна.

- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар онцлогтой вэ?

-Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд ганц удаа зохиогддог, босго  өндөртэй тэмцээн. Тиймээс нэр хүнд, өрсөлдөөнөөр Олимпийн дараа ордог. Би 1998 онд Испанийн Барселонд болсон ДАШТ-ээс буудлагын спортоор Монголдоо анхны дэлхийн аварга цолыг авчирч байсан. Мөн тэр тэмцээнээс багаараа (О.Гүндэгмаа, Д.Оюун) манайхан хүрэл медаль зүүж байлаа. 2002 онд Финландад болсон ДАШТ-д дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртсэн. Гэхдээ Германы нэрийн өмнөөс. Миний алтан медаль авсан төрөлд Германы тамирчид алтан медаль түүхэндээ авч байгаагүй юм билээ. Өнгөрсөн онд Хорватад болсон ДАШТ-д медаль авч чадсангүй. Гэхдээ 5 дугаар байрт шалгарч “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

-Тамирчин хүний эрхэм зорилго болсон Олимпод тав дахь удаагаа оролцох нь.Ямар зорилт тавьж байна?

-“Барселон-1992”, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004” олимпийн наадмуудад оролцсон. Барселонаас хүрэл медаль авч , Афины олимпод шагналт тав,зургадугаар байрт орсон. Тамирчин хүн болгон ялалтын төлөө, аварга болохын төлөө өрсөлддөг. Бээжинд зөвхөн алтын төлөө л зүтгэнэ дээ.

-Уралдаан тэмцээн дээр Монголынхоо тамирчидтай өрсөлдөхөд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Спортын дэвжээн дээр бол бүгд өрсөлдөгч шүү дээ.Найз нөхөд, нутгийн маань тамирчин гээд байвал яаж ялалт байгуулах вэ. Харин тэмцээний бусад үед Монголынхоо тамирчдын байр руу өөрийн эрхгүй л гүйчихдэг юм.

-Та өөрөө гадаадад,  өндөр хөгжилтэй Германд олон жил бэлтгэл хийж байгаа. Монголын буудлагын тамирчдын амжилтын талаар гаднаас нь харахад ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ халуун ам бүлд өсч торниж, амжилтад хүрсэн болохоор дандаа л санаа тавьж, бодож явдаг. Манай буудлагын , ялангуяа эмэгтэй гар бууны тамирчид үнэхээр дэлхийн шилдгүүдэд тооцогдож, өндөр амжилт гаргаж байна. Байр сууриа баттай олсон гэж болно. Тиймээс би урт бууны тамирчдадаа жаахан анхаарлаа хандуулая гэж бодож байна. Зохих хүмүүстэй уулзаж ярьж тохирсон зүйл бий. Болж өгвөл буудлагынхаа хэдийг Германд болдог “Дэлхийн цом”-д байнга оролцуулаад байх юмсан гэж хөөцөлддөг. Мюнхены “Дэлхийн цом” бол үнэхээр дээд хэмжээнд болдог тэмцээн. Манайханд бас өөрсдийн хүсэл эрмэлзэл, сэтгэлийг бэлтгэл их хэрэгтэй санагддаг.

-Монголын эмэгтэй тамирчдаас олимпийн медаль авсан ганцхан тамирчин нь та. Олимпийн аварга болно гээд найдлага ч их тавьдаг байсан. Гэтэл та Германы иргэн болчихсон...

-Би сүүлийн 10 гаруй жил Германд бэлтгэлээ хийж, хажуугаар нь суралцаж, бас жаахан охиноо өсгөх гээд ажиллаж амьдарч ирсэн. Нэгэнт энд их сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн, бас охин маань энд өсч бойжсон болохоор амьдралын шаардлагаар л энэ улсын иргэний харьяалалтай болсон . Баруунд, ялангуяа Германд гадаадын хүмүүс ажиллаж амьдрахад их бэрхшээлтэй. Иргэндээ бол их өөр хандана. Тэгээд л өөрийн болон охиныхоо ирээдүйн амьдралын баталгааг бодоод энэ замыг сонгосон. Германы иргэн ч гэсэн би Монгол хүн хэвээрээ л дуусна шүү дээ. Нөгөөтэйгүүр би Монгол улсынхаа нэрийг дэлхийд, олимпод олон удаа гаргасан. Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт,хүрэл, Дэлхийн цомын медалиуд, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын мөнгө, хүрэл медалийг Монгол эх орондоо авчирч байлаа. Энэ бүгдэд л Монголын Мөнхбаяр гээд дуудуулж явсан. Иргэний үүргээ хангалттай биелүүлсэн гэж боддог. Намайг зарим нь бараг “урвагч” гэх нь холгүй муулж байсан үе бий. Тэр хүмүүс өөрсдөө Монголынхоо төлөө юу хийж, эх орныхоо нэрийг  яаж гаргасан юм бол гэж асуумаар санагддаг юм.

-Таныг Германы тамирчин болоод маш их мөнгө авч байгаа байх гэсэн харддаг хүмүүс ч цөөнгүй байгаа байх шүү!

-Манай Монголчууд ер нь нэг нэгнийгээ хардаж, өөрийнхөө бодлоор      ярьж байдаг улсууд юм даа. Би 1998 онд Дэлхийн АШТ-ээс алт, хүрэл, Дэлхийн цомоос алт, мөнгө, хүрэл медаль авахад Монгол Улсаас 90 гаруй сая төгрөгөөр шагнаж байсан. Их мөнгө шүү дээ.Тэгвэл 2002 онд дэлхийн аварга болоход Герман улс 10 000 гаруй дойч маркаар шагнасан. Тэгэхээр мөнгө хөөсөн бол харин ч Монголдоо байсан нь дээр байгаа биз дээ. Хүн сайхан амьдрахад учиргүй их мөнгө хэрэггүй гэж би боддог. Хамгийн гол мэргэжлээрээ ажлаа хийгээд , айх , санаа зовох юмгүй тайван амьдрах нийгмийн баталгаа л чухал. Манай Монголд нийгэм, улс төр, хууль хяналтын систем нь тэр чигээрээ буруу явж байна. Тэгэхээр мөрөөрөө тайван амьдрах баталгаа байхгүй байгаа юм. Тиймээс л би гадаадад амьдрахаас өөр аргагүй болсон.

-Сайхан ярилцсанд баярлалаа! Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд Олимпийн аварга болоорой!

-Ерөөлөөр болог! Маш их баярлалаа!

 

                                                                  

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:10 | | уншсан: 642 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)