2010 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Швейцарийн Цюрих хотноо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA WORLD CUP)-ийг зохион явуулах орныг зарлалаа.
2018 оны ДАШТ-ыг зохион явуулах хүсэлтээ Англи, ОХУ дангаараа , мөн Бельги-Холланд, Испани-Португал орнууд хамтран зохион байгуулахаар гаргаж, хөтөлбөр, зохион явуулах хорооны танилцуулгаа нь хийсний дараа ФИФА-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер битүүмжилсэн дугтуйг задлахад WORLD CUP 2018 RUSSIA гэсэн бичиг дурайлаа.
Ийнхүү манай хойд хөршид маань 8 жилийн дараа манай гаригийн хамгийн том спортын үйл явдлын нэг хөлбөмбөгийн ДАШТ зохиогдох боллоо.
Орос оронд “Wolrd Cup 2018” болох нь манай хөлбөмбөг сонирхогчдын ч магнайг тэнийлгэж буй байх. Хойд хөрш руугаа мордож хөлбөмбөгийн ДАШТ-ийг “амьдаар нь” үзэх ховорхон боломж, хэмжээлшгүй аз манай Монголчуудад тохиож буй болохоор арга ч үгүй биз.
Мөн энэ өдөр 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орны нэрийг ч зарлав. Энэ эрхийн төлөө АНУ, Япон, БНСУ, Австрали, Катар улсууд өрсөлдсөнөөс Арабын хойгийн жижигхэн Катар ялалт байгуулж Ойрхи Дорнод, Арабын битүүлэг ертөнцийн хаалгыг хил хязгааргүй хөлбөмбөг зад татан орж ирлээ.
Дашрамд дурьдахад 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразил орон зохион байгуулах юм.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)