2007-03-05
Тамирчны хувь тавилан

Жигүүртэй юм шиг Хэйден...

 

 

Алба амины ажлаар энэ тэндхийн хот, суурин ,мужид очих бүртээ л спортын ямар үүх түүхтэй ,хэн гэдэг алдартай тамирчин төрж өссөн ,өдгөө амьдарч буйг нь битүүхэн сураглаж явдаг билээ.Сүүлийн 2-3 жилийн турш Кальфорн  мужийн нийслэл Сакраменто хот руу нилээд олон очсон. NВА-ийн “Сакраменто Кингз”, WNВА –ийн “Сакраменто Монархс”  багуудыг болон    тэдний  “гэр” болсон ARCO ARENA-г бол нэг бус удаа харсан л даа.

Харин энд ХХ –р зууны хамгийн цуут тамирчдын нэг,АНУ-ын домогт тэшүүрчин Эрик Хэйден аж төрж ,амьдран суудаг гэж саяхан л мэдлээ.

1980 оны Лэйк-Плэсидийн өвлийн олимпийн тухай та бүхэн эргэн нэг бод доо. Яах аргагүй л ЗХУ –ын хоккейчдыг хожин олимпийн аварга болсон АНУ-ын багийн   “Мөсөн дээрх гайхамшиг”-т тоглолт ,уралдсан зай бүртээ түрүүлж, олимпийн 5 алтан медалийг хүртсэн ,ган хөлөгтөн Эрик Хэйден нар энэ олимпийн тодотгол, чимэг .

21 настай Эрик тэшүүрийн бүх зайд (500 м,1000 м, 1500 м, 5000 м, 10000 метрийн)  түрүүлэхдээ олимпийн рекордийг дөрвөн удаа , дэлхийн рекордыг нэг удаа шинэчлэн тогтоож ,хосгүй амжилт гаргасан билээ.

Лэйк –Плэсидийн олимпоос америкчуудийн авсан зургаан алтан медалийн тавыг нь Хэйден ганцаараа хүзүүндээ зүүсэн ажгуу.Мөн түүний төрсөн дүү Бет Хэйден ч энэ олимпод тэшүүрээр хүрэл медаль хүртэж ,ах дүү хоёрын авсан медалийн тоо ,АНУ-ын нийт тамирчдын авсан медалийн тэн хагастай тэнцсэн бахархам түүхтэй.

Ёстой л    жигүүртэй юм шиг гулгаж Лэйк-Плэсидийн гол баатар болсон,21-хэн настай Эрикийг олимпийн дараа зодог тайлахад спортын ертөнцийнхөн тэр чигээрээ харамсаж, харуусаж байсансан.Ямар ч гэмтэл бэртэлгүй байж ийм  эрт зодог тайлсан шалтгааныг мэргэжилтнүүд ,сэтгүүлчид янз бүрээр л тайлбарласан.Дэндүү эрт хүрэх гэсэн оргилдоо хүрсэн учир цаашид сонирхолгүй болсон байж мэднэ гэсэн таамаглал хамгийн ортой нь байж мэдэх юм.Тэр цагаас хойш Эрик хаана юу хийж явав аа?

Тэрбээр тамирчний амьдралаа тэр дороо ч орхичихоогүй аж.”Ган хүлэгээ” хананд өлгөж , “гавьяаныхаа” амралтыг авсан Хэйден тун удалгүй “төмөр хүлэгээр” унаагаа юүлсэн гэнэ.Зүгээр ч нэг дугуйгаар оролдолгүй ,жир бусын амжилт гарган, 1985 оны Америкийн дугуйн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж ,алдарт “Тур де Франс”-д оролцох багийн бүрэлдхүүнд багтаж байжээ.Их спортод ч яахав ,Хэйден оргилд нь хүрсэн хүн. Эгэл амьдралд харин?

Тэрбээр 1984 онд Висконсон мужийн Мэдисоны ( төрөлх  хот нь)  их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд эцгийнхээ эмч мэргэжлийг өвлөн эзэмшихээр эргэлт буцалтгүй  шийдэн, Стэнфордын их сургуулийн эмнэлгийн салбарт үргэлжлүүлэн суралцсан байна.1991 онд Америкт төдийгүй дэлхийд нэртэй Стэнфордын их сургуульд  Medical Doctor (M.D) цол хамгаалсан аж.

Түүнээс хойш Сакраменто хотноо гэр бүлийн хамт суурьшин амьдарч ,Дэвис дахь Калифорнийн их сургуульд профессорийн  туслахаар ажиллаж байгаа гэнэ.

Э.Хэйден ортопедикийн (хиймэл эрхтэн) мэс засалчийн нарийн мэргэжилтэй бөгөөд  “Кингз”,”Монархс” багуудын эмнэлгийн штабт ч ажилладаг ажээ.Өнгөрсөн жил тэрбээр “Турин-2006” өвлийн олимпод АНУ-ын тэшүүрийн багийн эмчээр ажилласныг бас дурьдах хэрэгтэй болов уу.Ийнхүү жигүүртэй Хэйден жирийн амьдралын ч оргилд нь явнаа.

...Жигүүр нь “хугарсан” Констатинов

Шинэ оны дараахан Вашингтоноос Чикаго орохоор зорив.Авсан онгоцны тийз маань Балтимор-Нью Арк-Чикаго  гэсэн маршруттай байлаа.Яг нисдэг дээрээ тултал “Continental airlines”-ийнхан “Манай нислэг өнөөдөр нисэх боломжгүй боллоо.Та яарч буй бол “North West”-ээр нисэх үү?” гэх нь тэр.Надад  ялгаа байгаагүй ч “North West”-ийн онгоц Детройтод бууж,маргааш орой нь Чикаго нисэх байсан тул энэ саналыг нь эелдгээр хүлээн авав.Урьд нь Детройтоор хэд хэдэн удаа дамжин нисч байсан ч “Hockey town”-д тухлан өнжих боломж энэ удаа л ийн тохиолдлоор олдлоо.

Детройт гэхээр хамгийн эхлээд л домогт боксчин,”бөмбөгдөгч” хочит Жо Луис санаанд бууж,бас “Улаан жигүүрүүд” бодогдолгүй яах вэ. “Улаан жигүүрүүд” гэснээс нээрээ “Оросын тавт” одоо хаана хаана ,юу хийж яваа бол? гэсэн асуултыг өөрөө өөртөө тавин хариулахыг хичээв.                 В.Фетисов ОХУ-даа даргын сэнтийд залраад зав муутай байгааг бүгд мэдэж буй байх.И.Ларионов бас зодог тайлаад,тайван амьдралд шилжээд, хааяа нэг уулзалт тоглолт,арга хэмжээнд оролцоод явж буй сураг сонсогддог.С.Федоров,В.Козлов хоёр Детройтоос явсан ч Серёжа “Колумбус”-т ,Слава “Атланта”-д тоглосоор л байгаа.

Харин Константинов???

...1997 онд “Детройт Рэд Уингз” Стэнлийн цомыг хүртэн,”RUSSIAN FIVE” алдраа цуурайтуулан ,аварга цол,амжилтаа тэмдэглэж дуусаагүй байлаа.

Хоккейчдын хамгийн эрхэм шагналыг хүртсэнээс зургаахан хоногийн дараа буюу зургадугаар сарын 13-нд (Чёрт тринадцать) “Улаан жигүүрүүд”-ийн балиашигууд төдийгүй хоккей сонирхогчдыг “шооконд” оруулсан нэгэн “хар” мэдээ сонсогдож билээ.                            Фетисов,Константинов,мөн тус багийн илээч Мнацаканов нарын сууж явсан цагаан өнгийн лимузин осолд орж,Фетисовоос бусад нь маш хүнд гэмтэл авч байсныг та бүхэн санаж буй биз ээ.Тэр л хар өдөр 30-хан настай Володягийн “жигүүр нь хугарсан” юм.

ЗХУ-ын хамгийн шилдэг баг ЦСКА-д долоон жил алба хааж,НХЛ-ын домогт “Детройт”-д таван жил хүчин зүтгэсэн, хоккейн ертөнцийн нэгэн шилдэг хамгаалагч Владимир Констатинов тэр өдрөөс хойш дахин гартаа цохиур модоо барих,хөлдөө ган тэшүүрээ жийж,мөсөн дээр мөрөө гаргах хувь тавилангүй байж дээ.

Дараа жил нь “Детройт” Стэнлийн цомыг дахин хүртсэн.Шагнал гардуулах ёслолын үеэр “Улаан жигүүрүүдийн” алдарт ахлагч Стив Айзерман  тахир татуугийн тэргэнцэр дээр сууж буй Константиновт Стэнлийн цомыг тэврүүлэн “Энэ бол чамд зориулсан ялалт шүү” хэмээн хэлж,олон хүний самсааг шархируулж байсныг ТВ-ээр үзэж сууснаа тодхон санаж байна.                                                                                                                      Тэр цагаас хойш Володягийн тухай бараг сонссонгүй,барааг нь харсангүй.Тиймээс Детройтод ирээд түүний тухай сураг сонсохсон гэж тэсгэлгүй их хүсч байсныг нуух юун.Хэрэг болгон хөөцөлдөж ,хэвлэл сонин шүүрдэн байж,хоккей сонирхогчдоо дамжуулах  хэдэн үгтэй болсноо дамжуулья.Харамсалтай нь тийм ч таатай мэдээ бус тул хүлцэл бас өчье.

“Владинатор”-ын биеийн байдал огтхон ч сайжирсангүй,урьдын л адил бүсэлхийнээс доош бүх бие нь ,бас өрөөсөн гар нь бүрэн мэдээгүй гэнэ.

Хүний ярьсныг оросоор бол бага зэрэг ойлгодог ,өөрөө бол сайн ярьж чаддаггүй аж.Хүнд хэцүү үед түшиж тулах хань Ирина нь хөндийрч холдон хөгийн зан гарган зовлон дээр зовлон нэмжээ.Тэгсэн хэрнээ орос эхнэрийн омог аашаа гарган Константиновыг бүрэн мэдэлдээ байлгадаг гэнэ.Түүний зөвшөөрөлгүй л бол нэг ч хүнтэй уулздаггүй (уулзуулдаггүй гэвэл үнэнд нийцэх болов уу) аж,хөөрхий Володя.Тэнэг тэр хүүхэн В.Козлов,А.Касатонов,П.Дацюк,тэр ч бүү хэл “Детройт”-ын удирдлагуудад ч  “NO” гэсэн удаатай ажээ.Мөн Констатиновт зориулсан хандивын мөнгөнөөс нь “хумсалсан” тухай яриа байдаг юм байна.

Гэсэн ч багын найз нөхөд,багийн хамтран тоглогчид,эзэд нь,балиашигууд түүнийг орхисонгүй ээ.”Жо Луис” спортын ордонд Константиновт зориулсан тусгай лоож байдаг бөгөөд Володя улирлын 10-аад ,плей-оффын бараг бүх тоглолтыг тэндээс гунигтай нүдээр харж суудаг болой.

Дашрамд дурьдахад түүнтэй цуг аваарт орсон багийн илээч Сергей Мнацакановын биеийн байдал Володягоос нэг их дээрдээд байхгүй ч сайн ханийн халамжинд сэтгэл амар тайван суудаг хэмээн сэтгүүлчид бичсэн байна лээ.

Ид залуу насандаа “жигүүр” юугаа харамсалтай хугалж,хорвоогийн хатуу хүтүүг амсаж,хар барааныг туулж л явна даа,”Владинатор”.

Толь шиг толигор тоглолтын талбай,тоолшгүй олон балиашигууд чинь чамайг ганцаардуулахгүй ээ,Володя! 

 

 

 

 

 

                                 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:19 | | уншсан: 480 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)