Хорвоог тойрсон шайб ба хүйн холбоотой хоккей
Саяхан болж өнгөрсөн Үндэсний хоккейн лигийн “Oддын тоглолт” чимээ шуугиан багатайхан шиг өнгөрлөө.Гурван жил завсарлаад болж буй гэхэд нэг л “амтгүй” тоглолт болсон.
Өнөөгийн хоккейн өнгө төрхийг авч яваа залуу одод ч үзэгчид ,сонирхогчдын сэтгэлд үлдэхээр тоглолт үзүүлж чадсангүй.Ер нь сүүлийн жилүүдэд хоккейн нэр хүнд буурч байгаа хэмээн хэвлэл мэдээллийнхэн бичсээр байгаа нь гашуун ч гэсэн үнэн бололтой.
Нэгэн цагт “жинхэнэ эрчүүдийн спорт” хэмээх тодотгол зүүж ,сая сая хүмүүсийн сэтгэл зүрхийг “цаламдаж” байсан хоккей маань яагаад ийн зогсонги байдалд хүрэв ээ? Үүнд хариулахыг оролдохын ялдамд хоккейг тойрсон дурсамжаа эргэн саная.
Хоккейд татагдсан хүүхэд нас
Одоогийн хүүхэд ,багачууд,залуучуудаас “Хамгийн их сонирхдог спорт чинь юу вэ?” гэж асуувал ихэнх нь “сагсанбөмбөг, сүмо” хэмээн хариулах биз.Харин бидний үеийнхэн болох 70,80-аад оныхон бол түгдрэлгүй хөлбөмбөг, хоккей гэх байсан даа.Уншдаг сонин нь “Футбол и Хоккей”, үздэг суваг нь “Орбит” байсан юм чинь аргагүй дээ.Хуучин ЗХУ-ын хоккейн АШТ,”Известия” сонины нэрэмжит тэмцээн,ДАШТ гээд л нойр хүрэлгүй хүлээдэг уралдаан тэмцээн олон гардаг байлаа.
“...Говорить и показывает“ гээд л эхэлдэг домогт тайлбарлагч Николай Озеровын хүнгэнэсэн хоолой одоо ч чихэнд сонсогдох шиг болдог юм.Нэрт жүжигчин ,алдартай тамирчин, (хөлбөмбөг, хоккей, теннис)радио ТВ-ийн цуутай тайлбарлагч энэ хүний “Сурвалжлагаа сурвалжилсан минь” хэмээх дурсамжийн номыг уншаад л хоккейд эргэлт буцалтгүй татагдаж байлаа.
Ялангуяа “Хорвоог тойрсон шайб” хэмээх бүлэгт хоккейн тухай ,тэр тусмаа 1972 оны ЗХУ–Канадын хоккейчдийн домогт уулзалт тоглолтын тухай нүдэнд харагдтал бичсэн байдаг юм.Бидний үеийнхэн ЗХУ-ын шигшээ төдийгүй ЦСКА ,”Спартак”,”Динамо”,(Москва ба Рига хотын), “Крыля Советов” гэх мэт томоохон багийн тоглогчдыг бараг л толгой дараалан нэрлэдэг, мэддэг байлаа.
В.Третьяк,В.Харламов,Б.Михайлов,В.Петров,А.Якушев,С.Ка-пустин ,Х.Бальдерис,ах дүү Майоров, за тэдний дараа В.Фетисов,С.Макаров И.Ларионов,В.Крутов,А.Хомутов гээд л .
Хотын бид нар байтугай хөдөөнөөс хотод хааяа ирдэг хамаатны ах маань хүртэл “Хоккей гарах уу? Өнөө “Балиар “ Харлаамоов, Баалдрийс,бас том биетэй сахалт(Валерий Харламов,Хельмут Бальдерис, Виктор Жлуктов нарыг хэлж байгаа юм) нар тоглоно биз?” гэж ирээд л зурагт руу ойртдогсон.Сайхан ч үе байж дээ.
Дөрөвдүгээр сард болдог ДАШТ-д Шведээс “сахалт” Валтин ,”бяцхан” Нэслунд,“багт” Линдберг ,Финландаас Порвари ,Кивеля,Роутсалайнен,Чехославакаас Мартинец,Глинка,Германаас өнөөх “горзгор” Кюнкахль нарын тэргүүтэй эчнээ танилууд тоглоод л.
Бас “Канадын цом” гээд тэмцээн болно.Энэ үеэр л өнөө “Футбол и Хоккей” сонины арын нүүрт бяцхан мэдээ нь гардаг NHL-ийн ,сургийг нь дөнгөж сонссон мэргэжлийн хоккейчдыг харна даа. 90–ээд эхэн оны үеэс ЗХУ задран “унаснаар”,сонин хэвлэл ч ирэхээ байж, зурагтаар ч хоккей гарах нь цөөрч,манайхан хоккейноос хөндийрсөн болов уу.
Хоккейтой “холбогдсон” он жилүүд
Хүүхэд ахуйгаасаа татагдсан хоккейтой холбоотой явсаар л өнөөг хүрчээ, би. Хэдийгээр хоккей тоглож яваагүй ч (тавдугаар хорооллын каток дээр ангийнхантайгаа тоглож байснаа ,бас нэг удаа армийн АШТ-д нэгэн багт хүн дутаад тоглосныг эс тооцвол) хоккейн талаар олж дуулсан, мэдсэнээ уншигчдад хүргэх гэж хичээж л явна.
Спортын сониноор “овоглосны” буянаар ,бас Олимпийн хорооны ачаар Солт-Лэйкийн өвлийн олимпийг сурвалжлахдаа хоккейн томчуултай уулзаж,тоглолтыг нь үзэх ховорхон завшаан тохиолдож байсныг яахан мартах билээ.Хэвлэл мэдээллийн төвийн гадна хуучин ЗХУ-ын нэрт хоккейчин Александр Якушевтай тааралдан ,хэдэн үг солилцож ,хамтдаа зургаа татуулж,Олимпийн тосгонд АНУ-ын шигшээгийнхэнтэй уулзаж , домогт Херб Брукээс (Тэрбээр 1980 онд ЗХУ-ын шигшээг хожиж олимпийн аварга болсон, АНУ-ын багийг дасгалжуулагч бөгөөд 2002 онд АНУ-ын шигшээг мөнгөн медальд хүргэсэн билээ) сониндоо бяцхан ярилцлага авч ,Уэйн Гретцкигийн “захирсан “,Марио Лемьегийн “ахалсан”Айзерман,Шэнахэн,Линдрос,Кария,Флэри,Сакик,Макин-нис,Бельфур ,Бродер нарын ододтой,олимпийн аварга болсон Канадын хоккейчдын тоглолтыг “амьдаар” нь үзэж байлаа.Үүнээс хойш Америкт амьдрахдаа өнөө багадаа мөрөөдөж ,зүүдэлж ,санааширч байсан NHL -ийн тоглолтыг боломж олдвол ордонд нь очиж үзээд ,болохгүй бол зурагтаар хараад холбоотой л явна даа, хоккейтойгоо.
“Хоккейн нэр хүндийг өргөцгөө!”
Өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1972 онд ЗХУ-Канадын хоккейчдын супер уулзалт цувралын эхний тоглолтод канадчууд хожигдсоны дараа домогт Бобби Халл Канадын хоккейчдод хандан ингэж хэлсэн гэдэг.
Үнэхээр ч ялагдашгүй гэгдэж байсан Канадчууд эхний тоглолтод хожигдоход улс орон даяараа “шооконд”орж,тэр ч бүү хэл сургуулийн сурагчид хичээлдээ явахгүй ,Канад орон даяар уй гашуу болж байсан гээд төсөөл дөө.Хоккейгоор ингэж л амьсгалж ,амьдарч байж.
Түүхт тэр цуврал тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй Бобби Халлын “Эх орныхоо нэр хүндийг ,хоккейн нэр хүндийг өргөцгөө!” хэмээн уриалсныг Канадчууд биелүүлж нийлбэр дүнгээр уг цувралд ялалт байгуулсан билээ.
Эдүгээ тэгвэл байдал өөр болжээ.Өнөө цагийн одууд нь улсынхаа шигшээ багт тоглохоос татгалзаж,сая саяар хэмжигдэх цалингаа голон ажил хаялт хийж ,хоккейг, хоккей сонирхогчдыг хохироох болов. NHL–ийн бүтэн улирлын тоглолт тасалдаж,үүнээс болоод томоохон теле сувгууд NHL -ээс нүүрээ бууруулж эхэллээ.
Бобби Орр,Бобби Кларк,Гретцки,Лёмье,Линдрос,Мессьер нараас хойш олны хайрыг булаасан супер одууд ч алга болж.
Бахархах түүхтэй ,байгуулсан амжилттай “Монреаль Канадиенс”,”Торонто Мэйпл Ливз” ,”Бостон Брюинс”,”Нью Йорк Рейнжерс”,”Детройт Ред Уингз” зэрэг нэр хүндтэй багууд сүүлийн жилүүдэд “дээшээ” гарахаа больж,хүмүүсийн төдийлөн мэдэхгүй “Тампа Бэй”, “Каролина” гэх мэт багууд Стэнлийн цомыг хүртэж байх юм.Энэ бүгдээс шалтгаалаад л эрчүүдийн спортын маань рейтинг унах болсон нь лавтай.
Эцэст нь хэлэхэд хоккейн нэр хүндийг өргөхөд хүн бүр хүчин зүтгэе! Хоккейгоо үзэж,хоккейчдоо таньдаг ,мэддэг больё!
Энэ бүгдээс л их хоккейн ирээдүй шалтгаална шүү!