2007-03-05
Шар багшид минь шар тэмдгийг нь өгөөсэй

Шар “ Сандагаа  багшид минь шар тэмдгийг нь өгөөсэй

 

 

 

 

Манай гаригийн хамгийн өргөн тархсан ,хамгийн их нэр хүндтэй ,мөн хамгийн гоё спорт бол  хөлбөмбөг гэдэгтэй маргах  хүн олон гарахгүй биз ээ.

Африкийн цөл ,Амазонкийн ширэнгэ,Азийн говь,Австралийн тал,             “Хөгшин “Европ, хойд Америк гээд ертөнцийн 4 зүг,найман зовхист сая сая хүн гайхамшигт энэ спортод сэтгэл зүрхээ ,бүүр амьдралаа өгсөн байдаг бөлгөө.

Тэдний л нэг болох ,нүүдэлчдийн Монгол орондоо ногоон  талбай ,алаг бөмбөгийн амтыг мэдрүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа буурал багшийнхаа тухай хэдэн зүйл өгүүлэх гэсэн юм.

Л.Сандагдорж гэхээсээ “ Шар” Сандагаа  гээд л Монголийн үе үеийн , мянган хөлбөмбөгчид (бас хоккейчид) андахгүй мэднээ.Монголд хөлбөмбөг шаваа тавьж ,түүхээ эхэлсэн тэр л үеэс өдгөөг хүртэл Сандагаа багш энэ спорттой “ ханилж “ , сайн муу бүх л үед нь нүүр бууруулалгүй зүтгэж,“тогоонд” буцалж ирсэн.

Улсын анхны шигшээ багийн гишүүн, ууган мастеруудын нэг ,багийн ахлагч явсан Сандагдоржтой хамт бөмбөг өшиглөж яваагүй ахмадууд , секц,баг,клубээс Улсын шигшээг хүртэл удирдаж , дасгалжуулагч явсан Сандагаа  багшийн  “гараар” ороогүй дунд ,залуу үеийн хөлбөмбөгчид Монголд бараг байхгүй биз ээ.

Зуун дамнасан амьдралаа  зөвхөн энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зориулсан энэ буурайн авсан медаль, амжилтын товчоон ,алдар цолыг  нь тоочихыг  урьтал болгосонгүй.Тэртээ тэргүй  хүмүүс мэдэж байгаа. Нэгэн  удаа багш манай редакц дээр ирээд  “Миний хүү Монголд орчин цагийн олон арван спортын үндэс суурийг нь тавьсан гавьяатан бол  Лууяа багш ( Н.Лувсандорж)  маань юм шүү.Монголын спортийн” Загалмайлсан эцэг “ нь яах аргагүй мөн.

Тэр хөгшний тухай төр засагт хандаж нэг юм бичээрэй” хэмээн захиж байж билээ.

Ер нь өөрийнхөө тухай ярих тун дургүй,ам нээвэл л Лууяа багш ,Севастьянов багш гээд эхлэнэ.Анхны шигшээ багийн тухай ,Азийн орнуудаар аялан тоглосон тухай нь гээд зөндөө л хууч ,түүх яриулж байсан, багшаар .

Дандаа л багш дасгалжуулагч нараа ,багийнхаа нөхдийн тухай ,өөрийнхөө алдаж онож явснаа сургамж болгон ярьж байснаас би тэгж  тоглоод хэдэн гоол оруулаад гэж байсангүй.

Өдгөө  “шар” багш маань нас нилээд ахисан ч урьдийн л адил гялалзаж,ширэн  бөмбөгтэйгээ  хамт л явна.

Монголын хөлбөмбөгийн ” амьд түүх “болсон ,нэг бус нижгээд хэдэн үеийнхнийг “ хөлийг нь бөмбөгт” хүргэсэн “Шар” Сандагаа багшид төр засаг нь гавьяатын шар тэмдэгээ өгөөсэй, түүний төлөө Монголын хөл бөмбөгийн холбоо зүтгэл гаргаасай , түм түмэн шавь нар нь  сэтгэлээсээ дэмжээсэй хэмээн энэхүү хэдэн  мөрийг тэрлэлээ. Үйлс бүтэх болтугай !

 

 

 

 

 

 

 

 

     

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:16 | | уншсан: 395 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)