2007-03-05
Аугаа Гретцкигийн зодгоо тайлсан ордон,Америкийн Ерөнхийлөгчийн “найрлаж” байсан газар

Аугаа Гретцкигийн зодгоо тайлсан ордон,Америкийн Ерөнхийлөгчийн “найрлаж” байсан газар

 

 

Тэнгэр баганадсан,түмэн хөлийн газар Нью Йоркт очоогүй бол Америкийг үзсэн гэж нүүр бардам хэлж боломгүй.

Газар,газрын цагаачид,гадаадын жуулчид гэлтгүй америкчууд өөрсдөө ч хэрэг болгон ирж,хонон өнжин тухладаг юм билээ,Нью Йоркт.Амьдралдаа энд ирж  үзээгүй ,очихсон хэмээн мөрөөдөж суудаг америкчууд ч бишгүйдээ л  байдаг гэсэн.

Мэдээж Нью-Йоркт очсон хэнбугай ч Эрх чөлөөний хөшөө ,хоёр өндрийн туурь,НҮБ-ын байр ,Хөрөнгийн бирж,Таймс талбай, Бродвейн  өргөн чөлөөг хамгийн түрүүнд л үзэхийг завддаг.Миний бие ч ялгаагүй , энэ бүхнийг үзэж, дурсгалын  зураг авахуулсан.

Гэхдээ “хувийн төлөвлөгөөний “ дагуу Нью Йоркт заавал үзэх ёстой зүйлийн тоонд  “Мэдисон Сквэйр Гарден”-г оруулж “онилсон” байсан билээ.Аз болоход дэлхийн хамгийн алдартай спортын ордон маань Нью Йорк хотын төвд , Манхэттэн арлын “зүрхэнд” орших ажээ.Уг нь хаа газрын спортын ордон танхим ,цэнгэлдэх хүрээлэн хотын төвөөс жаахан зайдуу байдаг л даа.

Нью Йоркийн аль ч  өнцгөөс метрогоор яваад  “Мэдисон Сквэйр Гарден” –д очиж болно.Манайхаар бол тээврийн товчоо гэж хэлж болохоор төмөр зам ,олон нийтийн  тээврийн хэрэгслийн гол зангилгаа  буудал  “”-ий  “бөөрөнд” орших ажээ,”Madison Square garden”.

Хэрэв Нью-Йоркийн нүсэр метронд төөрнө гэж хаширлаж буй бол алдарт “шар таксинд” нь суугаарай.Аль аль нь тийм үнэтэй ч бишээ.Метронд нэг удаагийн тасалбар авахад  хоёр доллар, такси 2,75 доллараас эхэлнэ.За тэгээд метрогоор явбал дээр дурьдсан “Penn station”, такси хөлөглөсөн  бол  “7th avenue&31&33rd street”(                                                                        7-р өргөн чөлөө ба 31-33 дугаар гудамжны огтлолцол) дээр буухад болно.Эсвэл зүгээр л  “Madison Square garden”  гээд                                                                         хэлчихсэн ч ойлгоно доо.За ингээд хүрэх газраа хүрээд ирлээ.                                                         “MSG”-д орохын тулд заавал спортын уралдаан тэмцээн , эсвэл элдэв шоу үзэх шаардлагагүй.Өдрийн 11-15 цагийн хооронд 30 минут тутамд ордныг танилцуулдаг тусгай аялал бий.17 доллар төлөөд л дэлхийн хамгийн алдартай энэ ордныг бүрэн үзэж , үүх түүхийг нь мэдэж болно.

Гол үүдээр өнгөрмөгц энэхүү алдарт ордонд болж байсан гол гол үйл явдлуудын түүхэн зургуудыг байрлуулж , шалан дээгүүр Холливуудын  өргөн чөлөөнийх шиг оддын нэрсийг сийлсэн харагдана.                                                                             Өдгөөгөөс 130 гаруй жилийн өмнө энд төмөр замын зорчигчдын өртөө байсан  аж.Энэхүү газрыг 1871 онд худалдан авсан  П.Т.Барнум хэмээгч эр энэ суурин дээр морин тойруулга бариулснаар алдарт спортын ордон ,цогцолборын үүх,түүх  эхэлж,”үүд хаалгаа” 1879 онд албан ёсоор нээжээ.

Түүхэндээ  “MSG” дөрвөн ч удаа шинэчлэгдэн, өргөтгөл хийгдсэн бөгөөд одооны оршин буй ордон 1968 онд   123 сая ногооны өртөгөөр сүндэрлэн босчээ.

Үзэгч та ганцхан цагийн дотор энэхүү алдарт ордны 130 шахам жилийн түүх,намтарыг мэдэж,холбогдох баримт сэлт , зураг,дурсгал  зэргийг үзэж болно.

Мөн хоккейн  “Рэйнжерс”, сагсны  “Никс”багуудын контороор шагайж ,тамирчдынх нь хувцас солих өрөөнд (locker room)                           түр тухлах завшаан олдоно.Гол ордонг 20000 хүний суудалтай концертийн танхим, 19763 хүний суудалтай  сагсан бөмбөгийн ,18200 хүний суудалтай хоккейн талбай болгон өөрчилдгийг ч харж болох юм.                                                                                        “Мэдисон Сквэйр Гарден”-ы 130 шахам жилийн түүхэнд

 спортын уралдаан тэмцээн ,урлаг ,соёлын арга хэмжээ ,улс төрийн үйл явдал, томоохон хурал зөвлөлгөөн ,төгсөгчдийн баяр(Нью Йоркийн Цагдаагийн академийн сонсогчид жил бүр “хонхны” баяраа хийдэг уламжлалтай гэнэ) ,төрсөн өдөр гээд л юу эс болсон гэх вэ.

Энд “Роллинг Стоунз”,”Пинк Флойд” амьд концертоо тоглож ,Элвис Пресли,Элтон Жон ая дуугаа өргөж,Лэд Зеппелин,Жон Леннон шүтэн бишрэгчдээ “уйлуулж” байжээ.

Энд бас тайз дэлгэц,киноны  шилдгийн шилдгүүдэд олгодог “Алтан бөмбөрцөг”,дуу хөгжмийн мундгуудад олгодог “Грэмми” шагналыг гардуулах ёслолын ажиллагаа, дэлхийд нэртэй цирк,түмэнд зартай шоунууд ч болж байж.

Тэгэхээр “Мэдисон Сквэйр Гарден”-ыг урлаг,соёлын “алтан тайз” гэж болохоор.

Энд АНУ-ын улс төрийн гол намууд болох Ардчилсан нам,Бүгд Найрамдах нам аль аль нь л Их хурлаа нэг бус удаа хийж,эндхийн индэр дээрээс Ромын Пап Ионн Павел үгээ хэлж байжээ.Чухамхүү энд л,бүүр тодруулбал 1962 оны тавдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 45 насны төрсөн өдрөө тэмдэглэж,ертөнцийн цуутай хүүхнүүдийн нэг,домогт Мэрилин Монро түүнд зориулан “Happy birthday to you Mr.PRESIDENT” гэдэг алдарт дуугаараа ая барьжээ.

Тэгэхээр “MSG”-г улс төр,нийгмийн цуутай “индэр” гэж ч болохоор.

Спортын үйл явдал,уралдаан тэмцээнийг бол бүүр тоочиж барахгүй биз ээ.Хамгийн томоос нь л ганц нэгийг дурьдахад хоккейн түүхэн дэх хамгийн алдарт тоглогч,АУГАА Гретцки (GREAT ONE) эндхийн мөсөн дээр хамгийн сүүлчийн тоглолтоо хийн,зодгоо тайлж ,”99” дугаараа мөнхөлсөн бол мэргэжлийн боксын хүнд жингийн домогт аваргууд болох Рокки Марчиано-Жо Луис,Мухаммед Алkkи-Жо Фрэзер нар эндхийн рингэнд халз тулалдаж,”хүнд гар” Майк Тайсон өрсөлдөгчөө нам цохиж байв.

Энд Америк дахь анхны хиймэл мөсөн талбай(1879 он) нээгдэж,энд америк хөлбөмбөгийн анхны заалан доторхи тоглолт (1902 он)болж,эндээс сагсанбөмбөгийн тоглолтыг(1940 он) анх удаа ТВ-ээр дамжуулж байсан түүхтэй гэнэ.

Энд хөл тавьж үзээгүй хоккей,сагсанбөмбөгийн одууд,мэргэжлийн гараагаа эхлэж буй “шинэковууд” ховор байх.Учир нь энд NHL,NBA,WNBA-ийн “Бүх оддын” тоглолт зохиогдож,залуу тоглогчдын сонгон шалгаруулалт(драфт) болж байсан аж.

NHL-ийн “Нью Йорк рэйнжерс”,NBA-ийн “Нью Йорк никс”,WNBA-ийн “Нью Йорк либерти” багуудын “дош” болсон энэ цогцолборт жилдээ 600 орчим арга хэмжээ зохиогдож,үйл явдал болдог гэнэ.Үнэхээр ч “The World’s most famous arena” хэмээн өргөмжлөгдөх нь аргагүй юм даа.

Хэрэв уншигч авхай та спортын “булчирхай”-тай бөгөөд Нью Йоркт очвол Эрх чөлөөний хөшөө,Эмпайр билдинг энэ тэр гэхийн сацуу “Мэдисон Сквэйр гарден”-д заавал зочлоорой.

2007оныы нэгдүгээр сар.Нью- Йорк 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 08:49 | | уншсан: 343 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)