2009-3-24
Дэлхийн шилдгүүд Лос Анжелесийн мөсөн дээр цугларлаа

АНУ-ын Кальфорн мужийн Лос Анжелес хотын алдарт “Staples Center” ордонд уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-ийг тодотгох олон сонин, содон зүйл байгаагийн зарим нэгээс дурьдвал хөлбөмбөгөөр дэлхийд таван удаа аваргалсан Бразил улс мөсөн гулгуурын талбайд өөрийн тамирчнаа анх удаагаа оролцуулж байгаа, мөн Ирланд , Монтенегро улсууд ч бас ДАШТ-д гараагаа эхэлж буй, нийтдээ 50 орны 214 уран гулгагч хуран цугласан, ирэх жил Канадын Ванкувер хотноо болох Өвлийн олимпод оролцох дийлэнх эрхийг олгох гээд зөндөө.

 

Өнгөрсөн жилийн ДАШТ-д аваргалсан канад залуу Жеффри Баттл(Олимпийн хүрэл медальт Жеффри сонирхогчдын спороос “зодгоо тайлаад” байгаа), Францын бүжгийн хос Изабель Делобель-Оливье Шонфельдер( Изабель мөрөндөө гэмтэл мэс засал хийлгээд удаагүй байгаа юм) нараас бусад аваргууд нь “Сахиусан Тэнгэрийн хотод” (Лос Анжелесийг City of Angels  гэж  ч нэрлэдэг) хүрэлцэн иржээ. Тэгэхээр эрэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хос төрөлд дэлхийн шинэ аваргууд мэндлэх нь. “Чухам хэн нь?” гэсэн асуулт ихэд сонирхол татаж  байгаа. Уншигчдынхаа хамт жаахан “чулуу татаж”, мэргэ төлөг буулгаж, үзмэрч болох гээд үзье л дээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эн тэнцүү өрсөлдөгчид олон. Хэн нь ч цойлоод гараад ирж мэдэхээр. Гэхдээ 2007 оны дэлхийн аварга, 2004, 2006, 2008 оны мөнгөн медальт Францын Брайан Жубер, Канадын 18 настай хөвгүүн Патрик Чан, мөн талбайн эзэн Америкийн шинэ од Жереми Эбботт, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Эван Лисачек нар медалийн төлөө нэр дэвшиж буй гол хүмүүс. Эдэн дээр Япон, Унгарын эрчүүдийг бас нэмэх хэрэгтэй.

Мөсний бүжгийн төрөлд Европын шинэхэн аварга Оросын Яна Хохлова-Сергей Новицкий , ДАШТ-ий мөнгөн медальт Теса Виртью-Скотт Муа (Канад) нартай АНУ-ын Мерин Дэвис-Чарли Уайт медаль булаалцалдах байх. 2008 оны Европын аварга Оксана Домнина-Максим Шабалин (ОХУ), дэлхийн гурван медальтай Танит Белбин-Бенжамин Агосто (АНУ) нар ч дотроо нэгийг бодож яваа нь тодорхой.

            Хос гулгалтад Европын гурван удаагийн аварга(2007-2009), 2008 оны дэлхийн аварга Германы Алёна Савченко-Робин Шолковы нарын өмнө гарах хос олдохгүй биз ээ. Харин мөнгө, хүрлийн төлөө Хятадын Пан-Тон, Жан-Чан, Чан-Ван овогтнууд нэгийгээ үзэлцэх байх. Хятадын гурван хосын дундуур  Канадын Жессика Дюби-Брюс Дэвисон нар бас “чихцэлдэх” магадлалтай.

            Хамгийн үзүүштэй, хүмүүсийн сонирхлыг ч ихээр татдаг эмэгтэй ганцаарчилсан төрөлд бас хамгийн “халуун тулаан” болох шинжтэй. Өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Мао Асада , БНСУ-ын Ким Ю-На нар нэг нь аварга цолоо хамгаалахаар, нөгөө нь “булааж авахаар” ёстой л ана мана үзэх болов уу. Тоолбол нас чацуу(хоёулаа 18 настай), төөлбөл бие чацуу ази охидын өрсөлдөөнд хэн азтай , одтой нь ялах биз ээ.

            Энэ хоёрын хажуугаар Канадын Жоанни Рошет, Италийн Каролина Костнер (2008 оны ДАШТ-ий мөнгөн медальт) нарыг бас мартаж болохгүй ээ.

 

“Staples Center”-ийн мөсөн дээр зөвхөн медалийн төлөө өрсөлдөөн явагдахгүй. Ирэх жил болох “Ванкувер-2010” өвлийн олимпод оролцох эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тус бүр 30 уран гулгагчаас тус бүр 24-ийнх нь, мөсний бүжигт оролцох 24 хосоос 19-ийнх нь, хос гулгалтад оролцох 20 хосын 16-гийнх нь нэр  эндээс тодрох болохоор тун хариуцлагатай, ширүүн өрсөлдөөн дүүрэн болох нь.

 

Staples Center” гэснээс Америкийн мэргэжлийн спортын таван багийн(NBA- Los Angeles Lakers, Los Angeles Clippers, WNBA- Los Angeles Sparks, NHL-Los Angeles Kings, AFL-Los Angeles Avengers) “өргөө” нь болсон 20 000 хүний суудалтай энэ ордонд  ДАШТ-ий үеэр уран гулгалтын оддыг үзэхээр 125 000 үзэгч хүрэлцэн ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Тэгвэл уран гулгалтын ДАШТ-ий түүхэн дэх бас нэг рекорд болох юм. Тасалбарын үнэ 25-325 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд өчигдөр болсон бэлтгэлийн үед ч үзэгчид олноороо ирсэн байна.

 

            Холливудын “өлгий нутагт” энэ өдрүүдэд алдартай найруулагчид, кино жүжигчид “ор тас мартагдаж”, мөсөн дээрх гайхамшгийг бүтээгч үе үеийн домогт уран гулгагчдын тухай яриа өрнөж, өнөө цагийн шилдгүүдийн гарын үсгийг нь авах гэж, ганц нэг боломж олдвол “патиараа” татуулах гэж “хуйларч” байна.

 

            Уран гулгалттай холбоотой шинэ мэдээ сонор мялааж байна. Ганц нэгээс хуваалцвал ОХУ-ын алдарт гулгагч , Турины олимпийн аварга, Солт Лэйк Ситийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Евгений Плющенко ирэх есдүгээр сараас мөсөн дээрээ эргэн гарахаар эрчимтэй бэлтгэл хийж байгаа гэнэ. Зүгээр ч нэг бэлтгэл биш бүүр  өдөрт хоёр удаа хийж, уран гулгалтын хүндхэн элементэд тооцогддог дөрвөлсөн “тулуп” (toe loop) давтаж, “Ванкувер-2010”-д зодоглох зорилго тавиад байгаа ажээ. Бас нэг та бидний сайн мэдэх гулгагч удахгүй сонирхогчдын спортпоо эргэн ирж ч мэдэх нь. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Америкийн Саша Коэн Турины олимпийн дараа мэргэжилд шилжэж, мөсний шоу тоглолтод оролцох болсон билээ. Тэгвэл Саша их спортдоо эргэн ирэхийг тэсгэлгүй хүсч байгаа дуулдана. Тун удахгүй, бүүр тодруулбхл ирэх долдугаар сар гэхэд эцсийн шийдвэрээ гарган гэж өөрөө ярьсан байна.

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”),
Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:10 | Спорт | уншсан: 451 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant