Зуны хэдэн сар алжаалаа тайлж, “нуруугаа” амраасан “Хөгшин” Европын хөлбөмбөгийн ногоон талбай эргэн хөлд дарагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж эхлэв. Хөлбөмбөгийн “хүн зах”-ын энэ зуны хамгийн том наймаа ч сүүлийн хэдхэн өдөр боллоо. Ер нь урьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал энэ зун томоохон наймаа төдийлөн явагдаагүй билээ. Мэдээж хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татаж байсан нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг Криштиану Роналду Английн “Манчестер Юнайтед”-аас Испанийн “Реал” (Мадрид)-д очих эсэх байлаа. “Эзэн хааны” баг португал залууд 90 сая фунт стерлинг амлаж, Роналду ч өөрөө “Реал”-д очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч эцсийн эцэст ямарч байсан “Манчестер Юнайтед”-д дахин нэг жил л лав тоглох болов. Одоогоор хөлдөө мэс засал хийлгэсэн Роналду ногоон талбайд хараахан гараагүй байна.
Энэ жилийн “ЕВРО”-д одтой тоглосон Оросын Андрей Аршавиныг ч “Барса” руу явах нь, “Тоттенхэм” сонирхож байна хэмээн тасралтгүй ярьсаар байсан ч Аршавин Санкт-Петербургтээ энэ өвөлдөө л лав үлдэх нь тодорхой боллоо.
Ийнхүү энэ жилийн хөлбөмбөгийн “хүн зах”-ын наймаа онцын том шуугиангүй өндөрлөх нь гэж байтал өнгөрөгч хоёр өдөрт Английн багууд хамгийн их дуулиан шуугиантай, үнэ ханштай наймааг хийлээ. Эрхэм “Сэр” Алекс Фергюсоны удирдсан “МЮ” өнгөрөгч даваа гаригт “Тоттенхэм”-ийн болгар довтлогч Димитар Бербатовыг 30,75 сая фунт стерлингээр өөрийн болгож дөнгөв. “Улаан чөтгөрүүд” ийнхүү урд шугамандаа Роналду, Руни, Тевес, Бербатов гээд ямар ч баг мөрөөдөхөөс хэтрэхгүй хүчтэй тоглогчидтой боллоо доо.
“Тоттенхэм” ч Бербатовыг үнэд хүргэж зарж чадсан болохоор “Барса”-аас Мексикийн залуу од Жованни Дос Сантос, “Спартак”-аас Павлюченко нарыг чамгүй өндөр үнээр авсан “шархаа” нөхөж чадлаа.
Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшилд байдаг “Челси” энэ зун Бразилийн нэрт мэргэжилтэн Филепи Сколариг дасгалжуулагчаар авсан. Бразилийн шигшээг дэлхийн аварга болгож, Португалын шигшээг сүүлийн хэдэн жил гарамгай удирдаж, дэлхийн шилдэг багуудын нэг болгосон Сколари “Челси”-д ирээд өөрийн сайн мэдэх Португалын шигшээгийн Деку, Босингва нараар эгнээгээ өргөтгөсөн. Хэдийгээр өөр супер од худалдаж аваагүй ч Лэмпард, Баллак, Дрогба нарын гол хүмүүсээ өөр багт алдалгүй үлдэж чадсан болохоор “Челси” энэ жил бас л хүчтэй багуудын тоонд орох нь гарцаагүй ээ.
Английн топ багуудын тоонд ордог “Ливерпуль”, “Арсенал” ч бас багагүй холио сэлгээ хийсэн. Гэвч Английн “Премьер лиг”-ийн энэ жилийн хамгийн үнэтэй наймааг дээр дурьдсан “МЮ”, “Челси”, “Ливерпуль”, “Арсенал” гээд топ дөрвийн альнь ч биш харин даруухан “Манчестер Сити” баг хийсэн нь дуулиан шуугиан тариад байна. Хэдхэн хоногийн өмнө тус багийн хувьцааны дийлэнхийг худалдан авсан Арабын Нэгдсэн Эмиратын “Аbu Dhabi United Group”-ийн ерөнхийлөгч Сулейман Аль Фахим Мадридын “Реал”-аас бразил довтлогч Робиньог 32,5 сая фунт стерлинг буюу 40 гаран сая доллараар худалдан авч Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймааг хийлээ. Уг нь Робиньог “Челси” сонирхож, 35 саяыг “Реал”-д амласан боловч “Эзэн хааны” багийн удирдлагууд татгалзаад байсан юм.
“Манчестер Сити”-ийн шинэ эзэн багаа Английн “Премьер лиг”-т төдийгүй “Аваргуудын лиг”-т ч түрүүлэх хүчтэй баг болгон гэдгээ зарлалаа. Үүний тулд ойрын хугацаанд худалдан авах 18 тоглогчийн нэрсийг гаргасан бөгөөд тэдний дунд “Арсенал”-ын Сеск Фабрегас, “Ливерпуль”-ийн Фернандо Торрес, “Валенси”-ийн Давид Вилья нарыг нэр байгаа гэнэ. Дашрамд дурьдахад Испанийн “Валенси”-д Аль Фахим “Евро-2008”-ийн “мэргэн бууч” Вильягийн төлөө 55 сая евро амласан ч татгалзсан хариу авчээ.
Гэвч “МС”-ийн шинэ эзэн гандан буурсангүй нэг хотын нэр цуутай баг “МЮ”-аас Криштиану Роналдуг 260 сая доллараар авахад бэлэн гэдгээ мэдэгдэж ээлжит шуугианыг тарив. Хэдийгээр энэ зуны шилжилт хөдөлгөөн есөн сарын нэгээр хаагдсан ч ирэх өвөл Роналдуг өөрийн болгох санаатайгаа Аль Фахим ийнхүү эртнээс мэдэгдлээ. Тэрбээр “ Криштиану Роналдуг “Реал” 90 сая фунт стерлингээр үнэлсэн. Харин би бол Роналдуг доор хаяж 135 сая фунт стерлинг(260 сая орчим доллар) хүрнэ гэж боддог. Энэ үнэ Роналдуд ердөө ихдэхгүй” гэжээ.
За ямар ч байсан Жо-Робиньо гээд супер хослолтой болсон “Манчестер Сити” энэ жилийн “Премьер лиг”-ийн харах багуудын нэг болох нь.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)