Хүн төрөлхтний хамгийн аугаа их баяр цэнгэл, энх тайван, эв, нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл Олимпийн наадамд түрүүлж, алтан медаль зүүхээс илүү үнэ цэнэтэй юм тамирчин хүнд өөр юу байх билээ гэж олон хүн боддог байх. Тэгвэл олимпийн алтан медалиас ч чухал зүйл тамирчин хүнд олон байдгийг доор өгүүлэх цөөн жишээ нотлох буй заа.
Арьсны өнгөөр ялгаварлах юм бол аварга байгаад ч яах вэ
Манай гаригийн хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг бол яах аргагүй мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Мохаммед Али. Мэргэжлийн боксын рингэнд гарахаасаа өмнө Али 1960 оны Ромын олимпийн наадамд 18 настайдаа оролцож, алтан медаль хүртэж байсан билээ. Олимпийн аварга болж, Америкийн нэр хүндийг олимпийн тэнгэрт мандуулсан Али эх орондоо буцаж ирснийхээ дараа нэгэн ресторанд зоог барихаар орох гэтэл “Манайх зөвхөн цагаан арьстанд үйлчилдэг” гээд оруулаагүй тул маш их гомдсон гэдэг. Хар арьст, Олимпийн аварга, Америкийн “баатар” маань эх орныхоо нэрийг олимпийн тэнгэрт мандуулаад ирэхэд нь ингэж муухай доромжилсонд хорссондоо Олимпийн алтан медалиа Охайо гол руу чулуудаж орхисон гэдэг. Энэ тухай Али өөрийн намтар номондоо тов тодорхой бичсэн байдаг. Нээрээ ч захын нэг ресторанд ороод хоол идэж чадахгүй арьс өнгөөрөө ялгаварлагдах юм бол олимпийн аварга байгаад ч яах билээ. Цаг хугацаа улиран одож, одоо бол энэ явдал түүх болон үлджээ. 1996 оны Атлантын “Алтан” олимпийн үеэр, бүүр тодруулбал олимпийн сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн аваргын төлөө тоглолтын үед Мохаммед Алид ОУОХ-ноос Ромын олимпийн алтан медалийн дуураймлыг нь дахин олгож байсныг харах завшаан олдож байсныг энд дурсмой.
Аугаа сэтгэлийн дэргэд алтан медаль юу ч биш
Польшийн нэрт усанд сэлэгч бүсгүй Отилия Жедржейжак шиг өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн бас л тийм ч олон биш байхаа. Дэлхийн аваргын хошой алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальт энэ бүсгүй нэгэн тэмцээний өмнө лэйкоз буюу цусны хорт хавдраар өвчилсөн бяцхан хүүхдүүдийн тухай уншаад асгартал уйлжээ. Тэмцээнд уралдаж байхдаа Отилия тэдгээр хөөрхий хүүхдүүдийн тухай бодсоор байсан гэдэг. Тэгээд л 2004 оны Афины олимпийн наадамд оролцохын өмнө хэрэв олимпийн аварга болбол алтан медалиа дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөө лэйкоз өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлана гэж хатуу шийдвэрлэсэн байна. Афины олимпийн усан замд ч Отилия бүсгүй бахдам амжилт үзүүлж, Олимпийн аварга болж, энэ олимпоос нэг алт, хоёр мөнгөн медаль зүүн Польшийн ард түмний бахархал болсон билээ. Олимпийн дараа Отилия алтан медалиа өмнө нь шийдсэн ёсоор дуудлага худалдаагаар зарахад Польшийн нэгэн компани 82 437 ам.доллараар худалдан авсан байна.
Сайхан сэтгэлт Отилия бүсгүй энэ бүх мөнгөө Вроцлав хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй лэйкоз өвчтэй бяцхан хүүхдүүдэд хандивласан ажээ.
Дашрамд дурьдахад Отилия бүсгүй саяхан өндөрлөсөн “Бээжин-2008” олимпийн наадамд 200 метрийн эрвээхий сэлэлтэд дөрөвдүгээр байрт орсон юм.
Ам алдвал барьж болдоггүй, алтан медалийг харин өгч болдог
“Бээжин-2008” олимпийн наадамад АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ баг торолгүй түрүүлж алтан медаль хүртсэнийг та бид сайн мэдэж байгаа. “Мөрөөдлийн баг”-ийн холбон тоглогч , цуут Жэйсон Кидд тэгвэл олимпийн алтан медалиа өөр хүнд аль хэдийнэ өгчээ. Энэ явдал чухамдаа ийм учиртай ажгуу. Өнгөрсөн жил Лас Вегас хотноо болсон олимпийн эрх олгох Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Мөрөөдлийн баг” мөн л түрүүлж, Бээжин явах эрхээ “хармайлж” байсан билээ. Тус тэмцээний дараа болсон хүлээн авалтын үеэр Жэйсон Кидд Лас Вегасын нэгэн казиногийн эзэн Стив Уинний гэргий Элэйн Уиннтай сагсанбөмбөгийн талаар “ном хаялцжээ”. Гэвч Элэйн бүсгүй сагсны мэдлэгээрээ Киддээс хамаагүй илүү байсанд гайхаж биширсэн Жэйсон “Ирэх жил бид Бээжинд олимпийн аварга болбол алтан медалиа би танд өгнө өө” гэж ам алдсан байна. Эр хүн шиг хэлсэн амандаа хүрдэг Кидд Бээжингийн олимпийн алтан медалиа сагсны өргөн мэдлэгтэй Элэйн хадагтайд огтхонч харамсахгүй өгсөн гэнэ ээ. Нэг онцлог нь Жэйсон Кидд “Сидней-2000” олимпийн наадамд түрүүлж , алтан медаль хүртэж байсан болохоор Али, Отилия хоёрыг бодвол бас ч гайгүй юм уу?
Олимпийн алтан медаль хэн хүнд олдоод байдаггүй үнэ цэнэтэй, бахархмаар зүйлийн нэг боловч алаг дэлхийд төрөөд арьс өнгөөр ялгаварлагдахгүй амьдрах хүсэл, аймшигт өвчинд нэрвэгдсэн бяцхан үрсэд туслах аугаа нандин сэтгэл, жинхэнэ жэнтельмэн шиг хэлсэндээ хүрдэг эр хүний үг аль аль нь олимпийн алтан медалиас ч үнэ цэнэтэй гэдэг нь эдгээр түүхээс харагднам бус уу!
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)