“Бээжин-2008” Зуны Олимпийн ХXIX наадмын боксын тэмцээний сугалаа өнөөдөр өглөө боллоо. Энэ удаагийн олимпод манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцож байгаа бөгөөд урьд өмнөх Олимпийн наадмаас манай боксчдоос гавьяат тамирчин Нэргүйн Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос тус тус хүрэл медаль авч байсан билээ.
48 кг-ийн жинд ОУХМ, Азийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА эхний тулаанаа наймдугаар сарын 13-ны оройн 19.15 цагаас Угандын боксчин Рональд Серготай хийнэ. Түүнийг ялбал дараа нь Испанийн Хосе Линарес-АНУ-ын Луис Янес нарын хэн хожсонтой нь учраа таарна. Сэрдамба маань хоёрдахь учраагаа ялсан тохиолдолд (Америкийн боксчин байх болов уу) шилдэг наймд үлдэх юм.
Наймд үлдсэн тохиолдолд нөгөө талаас Украйн-ОХУ, Куба-Тажикистан, Гана-Филиппин, Марокко-Бразилийн тамирчдаас шалгарч үлдсэнтэй таарахаар байна. Оноолтын дагуу ОХУ-ын боксчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Давид Арапетян (Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай Сэрдамбыг хожсон) , Кубын Ямпьер Эрнандес Гонзалес нар хоорондоо таарахаар (хоёул эхний тойрогт хожсон тохиолдолд) байгаа бөгөөд энэ хоёрын аль хожсон нь хагас шигшээд гарч ирэх байх.
Энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч олимпийн хүрэнл медальт, дэлхийн хошой аварга БНХАУ-ын боксчин Зү Ши Минь нөгөө хэсэгт орсон тул алтын төлөө тулаанд л түүнтэй таарах магадлалтай юм.
54 кг-ийн манай гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Энхбатын БАДАР-УУГАН эхний тулаанаа наймдугаар сарын 12-ны оройн 21.45 цагаас Мексикийн Оскар ВАЛЬДЕС-тай хийнэ. Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Алжирын Абдел Халим Оурради-Ирландын Жон Жоэ Нэвин нарын ялагчтай тоглох юм.
Эхний хоёр тойрогт ялсан тохиолдолд Бадараа маань шилдэг наймд үлдэх бөгөөд медалийн төлөө Марокко-Колумб, Австрали-Ботсваны боксчдоос шалгарсантай нь хүч үзнэ.
Ингээд медалийн болзол хангасан тохиолдолд нөгөө талаас ОХУ-ын боксчин, дэлхийн аварга Сергей Водопьянов-дэлхийн аваргын хүрэл меальт Пуэрто-Рикогийн МэкЖой Арройя, Английн боксчин , дэлхийн аваргын хүрэл медальт Жон Мюррей (Энэ боксчин манай Бадар-Ууганд өнгөрсөн жилийн ДАШТ-д мөнгөн медалийн төлөө тулаанд ялагдсан)-Хятад, Беларусь-Македон, Франц-Энэтхэг нараас тунаж үлдсэнтэй таарахаар байна. Энэ дундаас ОХУ-ын Водопьянов бараг л гараад ирэх болов уу? Тэгвэл манай Бадараа өнгөрсөн жилийн ДАШТ-ий алтан медалийн төлөө түүнд шүүгчдийн эргэлзээтэй торгуулийн оноогоор хожигдсон “даагаа нэхэх” боломж гарахаар байна. Ер нь Бадар-Ууган маань тун сайхан сугаллаа. Медальд бол баттай хүрэхээр харагдана, түй, түй…
Энэ жингийн хэцүү учраанууд болох Тайландын Ворапаж Петчкум, Казахстаны Канат Абуталипов, Кубын Янкель Леон Аларкон, БНСУ-ын Сун Чуль Хан,Италийн Витторио Парри нар бүгд нөгөө хэсэгт орсон, алтан медалийн төлөө тоглохоос наана таарахгүй гэсэн үг юм.
57 кг-ийн жинд ОУХМ, Ази тивийн аварга Зоригтбаатарын ЭНХЗОРИГ наймдугаар сарын 11-ний оройны 19.45 цагаас эхний тулаанаа Марокко улсын тамирчин Махди Оуатинтай хийнэ. Түүнийг ялсан тохиолдолд дараа нь Кубын боксчин, Пан Америкийн наадмын аварга Идел Торрьенте- Ганын Принц Октолус Зани нарын хожсонтой нь учраа таарах юм. Кубын боксчин энэ хосд төвөггүй ялах биз. Ингэхээр манай Энхзориг хоёрдугаар тойрогт Кубын боксчинтой таарах магадлал байна. Хэрэв түнийг ялбал шилдэг наймд үлдэх бөгөөд Ботсван-Гүрж, Казахстан-Азербайжан нараас шалгарсантай нь медэлийн төлөө тоглох оноолттой байна. Энэ жингийн дэлхийн аварга ОХУ-ын Альберт Селимов нөгөө хэсэгт оржээ.
64 кг-ийн жинд ОУХМ, Зүүн Азийн надмын аварга, олимпод хоёр дахь удаагаа оролцож буй Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ эхний тоглолтоо наймдугаар сарын 10-ны оройны 19.30 цагаас Замби улсын боксчин Хастингс Бвалиатай хийнэ. Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Афины олимпийн хүрэл медальт, Европын аварга Болгарын Борис Георгиев, АНУ-ын Хавьер Молина нарын хэн хожсонтой тулалдах болно. Энэ хоёрын хэн хожсоныг ялсан тохиолдолд манай Мөнх-Эрдэнэ маань шилдэг наймд үлдэх бөгөөд медалийн төлөө Гана-Англи, Франц-Литва боксчдоос шалгаран гарч ирсэнтэй нь таарах юм. Ингэхээр манай Мөөгий хоёдугаар тойрогт л маш сайн тоглож ялалт байгуулбал медальд хүрэх “зам нээлттэй” болохоор байна. Хэрэв нэгэнт медалийн болзол хангавал мөнгөн медалийн төлөө Ирланд-Унгар, Доминикан-Армен, Иран-Тунис, Руанда-Пуэрто Рикогийн хэсгээс шалгарсантай таарах учир өнгөө хувиргах ч боломж гарч мэднэ.
Энэ жингийн томчуул болох дэлхийн хошой аварга Казахстаны Серик Сапиев, Тайландын Манус Бумжумнонг, Европын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Геннадий Ковалев, Кубын Росниэл Иглесиас нар бүгд нөгөө хэсэгт орсон учир финалаас наана нь таарахгүй юм.
Манай “ширэн бээлийтнүүд” маань гайгүй л сугаллаа. Олимпийн дэвжээнд ямар сул өрсөлдөгч гэж байх биш. Гэхдээ боломж бол байна. Одоо өөрсдөө л ухаантай, дайчин тоглох хэрэгтэй. Тэгвэл медаль (ямар ч өнгөтэй байж болно) тийм ч “хол” биш ээ.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)