
“Мөсөн дээрх одод”
Спорт сонирхогчдын дунд, тэр тусмаа “шингэн дуутай” балиашигуудын дунд уран гулгалт хэмээх гайхамшигт спортыг шимтэн сонирхдоггүй хүн ховор биз ээ. Магадгүй хамгийн “уянгалаг, урлаг спортыг хослуулсан” спортыг нэрлэ гэвэл уран гулгалт дээгүүр орох болов уу. Мөсөн дээр бүтээх “урлагын хосгүй бүтээлээрээ” бид бүхний сэтгэлд хоногшин, зүрхэнд мөнхөрсөн олон арван нэрт гулгагчдын тухай дурсамжаа эргэн нэг сөх дөө, Та.
Тиймээ олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын домогт гулгагч Ирина Роднина, түүний мөсөн дээрх төдийгүй амьдралынх нь хань Александр Зайцев, Олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Ардчилсан Германы үзэсгэлэнт бүсгүй, “Мөсний Кармен” хэмээн алдаршсан Катарина Витт, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Английн алдарт хос Жэйн Торвилл, Кристофер Дин, Францын хар арьст уран гулгагч, Европын зургаан удаагийн аварга боловч дэлхийн аваргад дандаа “аман хүзүүддэг” Сюрия Бонали, уран гулгалтын ертөнцөд “нугаралтыг” авчирсан , дэлхийн аварга Швейцарийн Дэнис Бильманн, Олимпийн хошой аварга Кристи Ямагучи, дэлхийн “дархан аварга” ч, олимпод азгүйтдэг Мишель Кван, Оросын хос , олон сая хүний хайрыг татдаг Екатерина Гордеева, түүний хамтрагч, хань агсан Сергей Гриньков гээд л алдар цуутай уран гулгагчдыг та бид сайн мэднэ.
Тэгвэл орчин үеийн мөсөн дээрх оддыг “амьдаар нь “ харах боломж саяхан тохиов . Дэлхийн хамгийн шилдэг уран гулгагчдыг эгнээндээ багтаан, Америк даяар хөндлөн гулд аялан тоглолт хийдэг хоёр томоохон уран гулгалтын шоу байдаг билээ. Нэг нь “Champions on Ice” шоу. Нөгөө нь “Stars on Ice”. Энэ удаа энэ жилийн аялан тоглолтоо эхлээд буй “Stars on Ice” буюу “Мөсөн дээрх оддын” тухай та бүхэнд танилцуулья.
Энэ шоуг Америкийн домогт гулгагч Скотт Хэмильтон үндэслэсэн гэдэг. 1981-1984 онд дэлхийн аварга цолыг завсаргүй хүртэж, 1984 оны Сараевогийн олимпийн аварга болсон энэ америк эр 1986 оноос уран гулгалтын шоу тоглолтыг зохион байгуулах болжээ. Эхэндээ “Скотт Хэмильтоний аялан тоглолт” нэртэй байснаа удалгүй одоогийн “Stars on Ice” нэрээ авсан аж. Скотт 15 жилийн турш энэхүү алдарт шоуны үүсгэн байгуулагч, продюсор, өөрөө ч оролцон тоглогч нь байгаад 2001 онд “зодог тайлсан” гэнэ. Одоо “Мөсөн дээрх одод” шоуг дэлхийд алдартай IMG компани зохион явуулах болсон юм байна.
Он цагийн эргэлтэд энэхүү шоу тоглолтод Катя Гордеева, Сергей Гриньков, Сара Хьюз, Тара Липински, Брайан Орсер, Катарина Витт, Кристи Ямагучи, Жэйн Торвилл, Кристофер Дин, Алексей Ягудин, Елена Бережная, Антон Сихарулизе гээд олимп, дэлхийн олон арван аваргууд, домогт уран гулгагчид оролцсоор иржээ.
“Stars on Ice”-ийн 2008 оны аялан тоглолт ид явагдаж байна. Өнгөрсөн тав дахь өдөр Чикаго хотын “All State Arena” спортын ордонд “Мөсөн дээрх одод” ирж тоглолоо. “Мөсөн дээрх одод”-ын энэ жилийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсаныг одоо хэлье.
Мэдээж одоогийн “Stars on Ice”-ийн гол” нүүр царай”, бэлгэдэл нь болсон Саша Коэн байна. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт энэ бүсгүй 2006 оны Турины олимпод жаахан аз дутан “аман хүзүүдсэн” билээ. Гэвч сая сая шүтэн бишрэгчтэй, супер оддын нэг яах аргагүй мөн. Аялан тоглолтын зар, сурталчилгаа, зурагт хуудас, бэлэг дурсгалын бараа, тоглолтын хөтөлбөр гээд бараг бүх л зүйл дээр украйн гаралтай энэ охины инээмсэглэн буй зураг заларч байх аж. Түүний гарын үсэгтэй фото зураг гэхэд л 25 долларын үнэтэй ч хамгийн сайн борлогдож байх шиг байна лээ. Саша зөвхөн “Мөсөн дээрх оддын” гол нүүр царай, бэлгэ тэмдэг болоод зогсохгүй шоу тоглолтын ч “гол баатар” , “гоцлол бүжигчин” нь юм билээ. Тоглолтын үеээр хамгийн олон удаа мөсөн дээр гарсан, хамгийн их үзэгчдийн таашаалыг хүртэж, хамгийн нижгэр алга ташилтаар шагнуулсан гулгагч бол алтан шаргал өнгөтэй, гялалзсан өмсгөл өмссөн Саша Коэн байсан.
За тэгээд дэлхийн аварга, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Сайн санааны тоглолтын” аварга, хоёр ч олимпийн шагналт байрын эзэн Америкийн Тодд Олдриж, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга, гурван удаагийн мөнгө, нэг хүрэл медальт Хятадын хослол Шу Чэнь-Хонгбо Жао, дэлхийн аварга, хоёр олимпийн шагналт байрын эзэн Японы Юка Сато, дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт Майкл Вэйсс, Канадын зургаан удаагийн аварга, олимпийн шагналт байрт шалгарч байсан Жэннифер Робинсон, дэлхийн аваргын хүрэл медальт, олимпийн 5 байрын шагналт хослол Жон Циммерман-Киёоки Ина, сүүлчийн хоёр дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Канадын хослол Мэри Фрэнс Дубрьюл-Патрик Лузон нар ёстой уран гулгалтын “ид шидийг” харуулж, уянгалаг хөгжимд үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлэн бүжиглэсэн..
Мөн Канадын хослол, “Солт Лейк Сити-2002” олимпийн аварга Жэйми Сэйл-Дэвид Пелльете, 1998 оны Калгарын олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Илья Кулик ч эгзэгтэй, сонирхолтой элемент бүхий үзүүлбэрээ толилуулж, хуран цугласан олныг бишрүүлсэн. Дашрамд дурьдахад та бүхний сайн танил, үзэсгэлэн гоо бүсгүй, домогт урангулгагч Екатерина Гордеева, Илья Кулик нар ханилан сууж, үр хүүхэдтэй болоод Лос Анжелес хавьд амьдарч байгаа юм билээ.
“Stars on Ice” уран гулгалтын үзүүлэх тоглолтын тасалбар нь 25-125 долларын үнэтэй байсан ч 18 000 хүний суудалтай “All State Arena”-д сул суудал цөөхөн харагдсан шүү. Толь шиг гялалзах мөсөн дээр, гайхамшигт лазерын гэрлийн шийдэл доор, уянгалаг хөгжмийн аясанд, уран гоё гулгах оддыг үзэхэд ёстой л сэтгэл сэргэж, алжаал тайлагддаг юм билээ.
“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин,
Чикаго, 2008 оны хоёрдугаар сар