
Тээр жилийн энэ өдөр…
Өнөөдөр өглөө эртээ сэрлээ... Ямар нэгэн юманд догдлож, хүлээхээр хэний ч нойр хулждаг шүү дээ. Юунд тэгж догдолж яарсан юм бэ гэж та бүхэн гайхаж байгаа байх. Одоохон тайлбарлая. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19 бол “Баярын” өдөр өө. Энэ өдөр хуанли дээр (монголын ч тэр, Америкийн тэр аль алинд нь) “улаанаар” тэмдэглэгдээгүй л дээ. Гэхдээ л бидний хэдэн хүнд, цаашилбал манай хөлбөмбөгчдийн, хөлбөмбөг сонирхогчдын, Монголын хөлбөмбөгийн хувьд яах аргагүй түүхэн өдөр өө. Одоогоос яг долоон жилийн өмнө, яг энэ өдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн аваргын урьдчилсан тэмцээнд анх удаагаа оролцохдоо анхныхаа оноог авч байсан юм.
Магадгүй зарим нэг нь “Юун сүртэй юм. Монголын хөлбөмбөг гэж юу байдаг юм” гэж хэлэх байх л даа. Тэгвэл би энэ бол үнэхээр “түүхэн үйл” явдал гэдгийг хэлэх гэсэн юм аа. Хөлбөмбөг гээд гайхамшигт спорт бол яах аргагүй дэлхийн ноймер нэг спорт билээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-тай “ам бүлийн тоо” , нэр хүнд, бэл бэнчингээр эн зэрэгцэх байгууллага цөөхөн. Олон Улсын Олимпийн Хороо, Нэгдсэн Үндэсний байгууллага гээд хэдхэн.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэгчдийн тоо, хамрах хүрээ, бизнесийн ашиг орлогоороо зөвхөн Олимпийн дараа л ордог билээ. Энэ гайхамшигт спорт зуун зууныг дамжсан үүх, түүхтэй, цаг цагийг эзэлсэн олон зуун ододтой, сэтгэл зүрхээ эгнэгт өгсөн сая сая хөгжөөн дэмжигчидтэй. Тэгвэл ийм л “том айлын үүд хаалгыг” монголчууд 1998 онд л анх татаж, “халуун ам бүлийнх” нь гишүүн болсон юм. Түүнээс хойш гуравхан жилийн дараа Монголын баг ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд “тоосоо” өргөсөн. Анхдагч байх нэг талаар сайхаан. Нөгөө талаар анхны юм болгон түүхэнд тод үлддэг болохоор асар өндөр хариуцлага дагуулдаг. Ийм л “түүхэн хувь тавилан” 2001 оны хоёрдугаар сард Саудын Арабыг зорьсон Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хүлээж байсан юм.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр ажилласан. Оогий бол Киевийн БТДС-ийг хөлбөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, манай мэргэжлийн цөөхөн хүмүүсийн нэг л дээ. Шигшээ багийг үнэхээр чанд нарийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг хийлгэж, сайн баг төдийгүй сайхан хамт олон бүрдүүлсэн гэж боддог юм. Дасгалжуулагч хүн дотроо хичнээн их шаналж, бодож, нервтэж байдгийг түүнтэй сар шахам хамт нэг өрөөнд амьдарсан болохоор сайн мэднэ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд хаалгачаар П.Жаргалсайхан, Ж.Энхбаяр, хамгаалагчаар Ч.Алтантогос, Х.Баттулга, Д.Лүмбэнгарав, С.Баатарсүрэн, Д.Эрдэнэ-Очир, С.Мөнхгал, С.Гэрэлт-Од, Ч.Мөнхбат, хагас хамгаалагчаар Г.Даваа-Очир, Г.Алтан-Илд, Д.Тэрбаатар, Б.Буман-Учрал, Д.Отгонбаяр, довтлогчоор Д.Баярзориг, Ц.Энхтөр, Э.Чинзориг нар явсан юм.
Бид Бээжин хүртэл галт тэргээр яваад, дараа нь Хонконг-Тайланд-Арабын Нэгдсэн Эмират-Оманаар дайраад Саудын Арабын Эр Рияд хотноо хөл тавьсан. Тэндээсээ тэмцээн болсон Даммам хотноо хүрсэн юм. Манайх Саудын Араб, Вьетнам, Бангладештай нэг хэсэгт орсон . Саудын Араб бол ярих юм байхгүй хөлбөмбөгөөр Азидаа “толгой цохьдог” багуудын нэг. Тэр үед Саудын Араб ДАШТ-д хоёр удаа(1994,1998) оролцчихсон, Азийн аварга цолыг 1996 онд хүртсэн, 2000 онд үзүүрлэсэн тун сайн баг нь байлаа. Европын хүчирхэг лигүүдэд тоглодог Наваф Эль Темьяат, Сами Эль Жабер, Мохаммад Эль Дайеяа, Эль Шлхоб гээд одуудтай, дан мэргэжлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн. Эд нар бүгдээрээ ДАШТ-д тоглоод үзчихсэн “томчуул” байсан юм.
Манайхан Саудын Арабтай хоёр тоглохдоо хоёуланд нь 6:0 харьцаагаар хожигдсон. Өөрийнх нь талбай дээр, тэгээд ийм том багтай, манайхан анх удаагаа урьдчилсан тэмцээнд тоглож байгаа гэхэд тийм ч муу биш ээ. Ялангуяа манай хаалгач Жагаа Саудын Арабын ахлагч Эль Жаберийн 11 метрийн цохилтыг хааж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч нүдэнд илхээн.
Вьетнамын шигшээд эхлээд 0:1-ээр хожигдсон. Энд бараг л тэнцчих байлаа. Шүүгчийн эргэлзээтэй өгсөн 11 метрийн торгуулийн цохилтоор л хожигдсон юм. Вьетнамчуудыг Бразилийн Эдсон Сильва гээд мэргэжилтэн дасгалжуулж байлаа. Харин хоёр дахь тоглолтод манайхан 0:4-өөр хожигдсон. Тоглогчид сэргэлт авч чадаагүй юу (Байнгийн бэлтгэлгүй мэргэжлийн бус тоглогчдод 12 хоногийн дотор зургаан удаа өндөр ачаалалтай тоглолт хийнэ гэдэг хүнд л дээ) , туршлага дутсан уу , аль аль нь нөлөөлсөн байх. Бангладештай эхлээд бас л 0:3-аар хожигдлоо. Тэдний шигшээг Австрийн мэргэжилтэн бэлтгэжээ. Ингээд 2001 оны хоёрдугаар сарын 19 –нд сүүлчийн тоглолтоо Бангладештай хийх боллоо. Монгол нутагт маань Цагаан сар болох гэж байсан тул “дарга нар” Цагаан сардаа яарсан уу, эсвэл манайхан хаашдаа өнгөрлөө гэж бодсон уу сүүлчийн энэ тоглолтоос өмнө Монгол руугаа явчихсан байсан юм. Багийн албаны хүмүүсээс Энхбаяр, Ганбат, Мөнхжаргал, Оюунцэцэг нар л үлдсэн байлаа.
“Коуч” (Ахлах дасгалжуулагч И.Отгонбаярыг тоглогчид маань ийн дуудна. Англиар сoach буюу дасгалжуулагч гэсэн үг л дээ) энэ тоглолтын өмнөх өдөр надад нэг “үүрэг” өглөө. “Энэ хэдийн анхаарлыг өөр зүйлд хандуулья. Жаахан хөгжөөе. Чи нэг тоглоом ч юм уу асуулт хариултын тэмцээн ч юм уу зохиогооч” гээд. Би бодож бодож байгаад “Та Та Тунга” явуулахаар болов. Бүгдээрээ нэг өрөөнд цуглаад өрөө өрөөгөөрөө баг болоод үзэж гарлаа даа. Манай тоглогчид хоёр хоёроороо байрладаг байсан юм. Нэг нь үгээ хөдөлгөөнөөрөө тайлбарлах гэж, нөгөө нь таах гэж ёстой “татаасан”. Энэ бичлэгийг хааяа үзэхээр нэг сайн инээж авдаг юм. За энэ ч яахав. Тэмцээний үеэр зохиогдож байсан “соёл, олон түмний” арга хэмжээнүүдийн нэг. Ийм тэмцээн их болноо баг дотор . Бас ч үгүй хөөрхөн шагналтай. Шатар, хөзөр, дуу , боулинг, биллиард гээд олон л төрлөөр болсон юм даг.
Тэгээд “шийдвэрлэх өдөр” боллоо. 2001 оны хоёрдугаар сарын 19. Даммам хотын Ханхүү Мохаммад Бин Фахад Бин Абдул Азизийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд Монгол-Бангладешийн шигшээ багууд тоглоход бэлэн болжээ. Хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, далбаа намирлаа. Манайхаас энэ тоглолтод Энхбаяр-Лүмбэнгарав, Алтантогос, Мөнхбат, Гэрэлт-Од, Даваа-Очир, Алтан-Илд, Баатарсүрэн, Буман-Учрал(багийн ахлагч), Баярзориг, Чинзориг нар үндсэн бүрэлдэхүүнд гарчээ.
Өмнөх тоглолтуудад үндсэн хаалгачаар тоглосон Жаакыг амрааж, залуу хаалгач Энхбаярыг тоглуулсан нь бас л нэг тактик байсан юм. Мөн Тэрээ маань бөөр нь татаад энэ тоглолтод оролцох боломжгүй болсон бол Төрөөгийн гуяны гэмтэл сэдэрч бас л талбайд бүтэн тоглож чадахгүй байсан юм.
За ингээд тоглолт эхэллээ. Бангладешийн балиашигууд гэж жигтэйхэн их. Хэдэн мянгаар тоологдохоор. Манайд бол дээрээс үзэж суугаа албаны хэд, талбайн захад суугаа дасгалжуулагч, нөөц тоглогчид, бид хэдээс өөр “нэг ширхэг ч” балиашиг байхгүй.
Таван тоглолт хийсэн болохоор манайхан хамаагүй туршлагажсан, бас талбайгаа мэдэрдэг болсон харагдана. Эхний хэдэн минут тэнцүүхэн өрнөв. Тоглолтын 36 дахь минутад Даваа-Очирын оновчтой дамжуулалтыг Баярзориг хатгаад эхний оноог авлаа. Энэ бол Монголын хөлбөмбөгчдийн дэлхийн хэмжээний тэмцээнд оруулсан анхны гоол. Баярласан хөөрсөн ч гэж жигтэйхэн. Эхний үеийг манайхан хошуучилж дуусгалаа. Завсарлагаагаар энэ давуу байдлаа хадгалаад л дуусгах тухай яриа мэдээж өрнөсөн. Хоёр дахь үеийн 61 дэх минутад манайх сэлгээ хийж, гоол оруулсан Баярзоригоо хамгаалагч Эрдэнэ-Очироор солилоо. Мэдээж тоогоо хамгаалахын тулд хамгаалалтаа илүү анхаарч байгаа хэрэг. Мөн Тогосоо , Лүмбээ хоёр маань “шар жавтий” хүртээд байсан болохоор айлын довтлогчидтой хамаагүй “тулах” аюултай байсан юм.
Эхний тоглолтод манай хаалганд Бангладешийн багийн ахлагч 10 дугаартай Алфаз Мохаммед гэдэг нөхөр хоёр гоол хийсэн юм. Үнэхээр багийнхаа лидер нь байсан. Тиймээс энэ тоглолтод Гээгий (Гэрэлт-Од) маань түүнийг тоглолтоос гаргах үүрэг хүлээсэн. Үүнийгээ ч сайн биелүүлсэн. Гэтэл өөр нэг “нөхөр” гэнэт тодрох нь тэр. Тоглолт дуусахад 10 минут л үлдэж, бидэнд цагийн зүүг зогсоочихсон юм шиг л санагдах. 27 дугаартай Сухан Мохаммед гэдэг нөгөө нөхөр чинь хоёрхон минутын дотор манай хаалгыг хоёр ч удаа мялаачих нь тэр.
Дуу ч гарахаа болиод бүгд л өнгөрлөө гэж бодож байлаа. Нөгөө явахгүй байсан цаг “жирэлзээд” эхлэв. Тоглолт дуусахад гуравхан минут дутуу байхад манайх эцсийн арга хэмжээгээ авч залуу тоглогч Чинзоригийн оронд хашир туршлагатай Энхтөрийг орууллаа. Төрөө маань хэдий гэмтэлтэй байсан ч тоглолтын уур амьсгалыг эргүүлэхэд нөлөөллөө. Хаалга руу манайхан бүгдээрээ шахуу довтолно. Тоглолтын үндсэн цаг дуусчээ. Одоо тоглолтыг хэдийд зогсоохыг талбайн шүүгч л мэднэ. Шүглийн дуу цангинах вий дээ гээд л яс хавтайна. Айлын талбайн хэсэгт чөлөөт цохилт авах эрхтэй боллоо, манайхан. Сүүлчийн довтолгоо. Тоглолтын үндсэн цаг дуусаад дөрвөн минут өнгөрч байв. Даваа-Очир торгуулийн талбайг чиглүүлэн хөөргөсөн дамжуулалт хийлээ. Айлын төвийн хамгаалагчтай Тогосоо маань хамт үсрээд, цуг уналаа. Бөмбөг ойгоод Бумаа дээр ирлээ. Манай хүн эргэнгүүтээ гуядлаа. ГООЛ… ГООЛ…ГООЛ. Тоглолт талбайн төвөөс эхлээд л дууслаа.
Энэ бол Монголын хөлбөмбөгчдийн дэлхийн “дэвжээнд” байгуулсан анхны тэнцээ, анхны оноо байлаа. Манайхан “үүргээ” нэр төртэй биелүүлсэн, “анхны алхамаа” тун сайн хийсэн гэж бодож явдаг аа. Би энэ тэмцээнд багийн пресс атташе, сурвалжлагчаар явсан юм. Гэхдээ тэнд Оогийтой нэг өрөөнд тоглолтын тухай санаа оноогоо хуваалцаад, 20 дугаартай шигшээ багийн тоглогчийн улаан “адидас” өмсөөд, бэлтгэл дээр цуг тоглоод, тоглолтын үед нөөцийн суудалд суугаад, яг л нэг гишүүн нь явсан юм. Манайхан ч тэгж ярьдаг. Тиймээс ч энэ өдөр үнэхээр бидний “баярын өдөр” маань болдог билээ.
Өнөөдөр хоёрдугаар сарын 19. Өглөө эрт Бумаа маань Будант Альбионоос “утас цохиж” баярын мэнд хүргэж байна. Солонгосоос Энхбаяр, Оожоо хоёр маань “чатад” ороод ирлээ. Баярын мэнд солилцож, Монголд байгаа хэд рүүгээ залгацгаая гэв. Монгол руу залгавал манай хэд бөөндөө цугларчээ. Баяраа тэмдэглэж байна гэнэ. Бүгдээрээ утасны цаанаас “Халуун элгэн нутаг”-аа дуулж өглөө. Сайхан байнаа.
Энэ бүхнийг өгүүлэхдээ Монголын хөлбөмбөг дэлхийн хэмжээнд хүрчихсэн гэх гээд байгаа юм биш шүү! Хүрэх “анхны алхмыг” нь хийсэн нь л том гавьяа билээ. Хүн ам, хөгжил дэвшлээрээ манайхаас хамаагүй илүү мөртлөө хөлбөмбөгийн ДАШТ-ээс нэг ч оноо авч үзээгүй орон бишгүй л байна. Тэгвэл Монгол оронд хөлбөмбөгийг мэддэг юм байна, монголчууд хөлбөмбөг тоглож чаддаг юм байна гэдгийг нотолж өгсөн,дэлхийд таниулсан тэр баг, тэр хамт олондоо баярлаж явдгаа дурьдсан нь энэ. Өнөөдөр баярын өдөр өө...
Ц.Энхтүвшин. (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч). 2008 оны хоёрдугаар сарын 19.