2008-01-31
Хоккейн оддыг “дагасан” хоёр хоног буюу “Хотланта” “Хоккейланта” болсон өдрүүд

Хоккейн оддыг “дагасан” хоёр хоног буюу “Хотланта” “Хоккейланта” болсон өдрүүд

 

Мэргэжлийн хоккейн манай гаригийн хамгийн хүчирхэг нь болох Үндэсний хоккейн лиг(National Hockey League)-ийн “Бүх Оддын” 56 дахь удаагийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд (2.26-27) Жоржиа мужийн Атланта хотноо боллоо.

 

“Алтан” Олимпийг ахин дурсахын учир

 

2008 оны “NHL ALL STAR GAME”-ийг сурвалжлахаар Атлантаг зорих өдрийг  миний бие сүүлийн хэдэн  сарын турш үнэхээр тэсч ядан, хоног тоолон хүлээсэн билээ. Нэгдүгээрт мэдээж гол зорилго болох “Оддын тоглолт”. Хоккейн оддыг “бөөнөөр нь” нэг доор харах гэвэл дахин доор хаяж хоёр жил хүлээх хэрэг гарах. Учир нь ирэх жил “Бүх Оддын тоглолт” хилийн дээс алхан Канадад болно. Түүний дараа жил буюу 2010 онд Ванкуверт Өвлийн олимп болох тул “өнжинө”. Тиймээс л энэ жилийн тэмцээн рүү “улайран” зүтгэсэн хэрэг. Мөн бас нэг “хатгасан” хүчин зүйл бол энэ жилийн тэмцээн АТЛАНТА-д болох байсан явдал юм. Америкийн өмнөд муж Жоржиагийн нийслэлд 12 жилийн өмнө очиж , Орчин үеийн олимпийн 100 жилийн ойн дээр болсон тул “АЛТАН” хэмээх тодотгол зүүх болсон “АТЛАНТА-96” олимпийн наадмыг ОТО,Баагий нарынхаа хамт сурвалжилж байсан болохоор Атлантад амьдралын минь “алтан дурсамж” үлдэж, өдгөөг хүртэл нэр нь нэг л дотно сонсогддог юм. Үнэхээр ч “Хоккейн их баяр”-ыг сурвалжлахын хажуугаар “Алтан” олимпийн дурсамжаа ахин нэг сэргээлээ. Дэлхийн хамгийн “завгүй” нисэх онгоцны буудал, CNN , Coca-Cola-ийн төв байрууд, “Centennial Olympic Park”, “Georgia Dome” гээд л “Алтан” олимпийн  түүхийг өгүүлэх, 12 жилийн өмнөх үйл явдлууд, дурсамжийг минь эргүүлэн “тархинд” хийж, нүдний өмнө авчрах газруудад гишгэх бүрт л сэтгэл хөдлөж явлаа. Гэхдээ энэ тухай дараа жич өгүүлэхээр үлдээгээд “Бүх Оддын” тоглолтын тухай өгүүлье.

 

Атланта юу? Хотланта юу? Аль эсвэл Хоккейланта юу?

 

Жоржиа мужийн нийслэл Атланта зундаа ихэд халуун байдаг тул “Hotlanta” хэмээх хоч нэрээрээ алдартай. Тэгвэл сүүлийн хэд хоногт  Атлантаг “Хоккейланта” хэмээвэл илүү зохихоор болов. NHL-ийн “Бүх оддын” тоглолтыг угтан “Atlatans(хотын уугуул иргэд өөрсдийгөө ийн нэрлэдэг ажээ.) төрөлх хотоо ёстой л “Хоккейланта” болгочихжээ. Атлантын Хартсфилд-Жэксоны олон улсын нисэх буудалд гишгэмэгц л энэ уур амьсгал мэдрэгдсэн. “Welcome to NHL All Star Game 2008” гэсэн аварга том лозунг энэ онгоцны буудалд буусан хүн бүрийн нүдэнд содон тусахаар байрлуулжээ. Хоккейн “их баяр” болж буйг хэн ч ойлгохоор. Дэлхийн хамгийн “завгүй” онгоцны буудалд (Атлантын нисэх онгоцны буудал зорчигчдын болон нислэгийн тоогоор  дэлхийд тэргүүлдэг)  хийсэн ийм сурталчилгаа олон орон, олон хүнд хүрнэ дээ. Цаашид алхам бүр л “Оддын тоглолтын” лого, зарлал тааралдаж байлаа. Ийм реклам , сурталчилгаа онгоцны буудлаас эхлээд,хурдны замын дагуух сурталчилгаа том самбарууд, хотын төвийн гудамж, талбай хаа л бол хаа өлгөөстэй. Тэр ч бүү хэл Атлантын өндөр барилгуудын нэг Peachtree Plaza –ийн шилэн хананд ч байх жишээтэй. Тэнгэрт шахуу өлгөөстэй энэ реклам гэхэд л 10 милийн (16 км) зайд яваа “гахай явган, нохой нүцгэн” хүнд бүү хэл хотын дээгүүр ойрхон өнгөрөх онгоцоор яваа зорчигчдод хүртэл харагдах боломжтой гэж байна лээ.

За тэгээд зөвхөн реклам, сурталчилгаа ч биш хоккейн үнэнч фэнүүд ёстой л нэг наадамд гоёлын дээлээ өмсөөд ирсэн юм шиг шүтдэг багынхаа тоглолтын хувцсаар гангарчихсан хотоор нэг хөлхөлдөнө. Дэлхийн мэдээллийн “акул” CNN-ийн төв байрны нэгдүгээр давхрыг тэр чигээр хоккейн фэнүүд, сонирхогчдод зориулан бэлджээ. Тэнд “ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад хоккейтэй холбоотой бүх л зүйлийн үзэсгэлэн, худалдаа явагдаж, цуглуулагчид өөр хоорондоо “илүүдэл” зүйлээ зарж, эрэлттэй юмаа авч байх юм. Мөн хоккейн үе үеийн төлөөлөгчид, одууд гарын үсгээ өгөх, дурсгалын зургаа авахуулах аж. Миний танихаар нь лав домогт Бобби Халл, Горди Хоу, Бобби Кларк,Тэд Линдсэй, Фрэнк Маховлич нар байсан. Тэднээс “цаг авах” дараалал нь даанч аймаар урт, хэдэн цаг зогсож байж л хүрэхээр. Бас нэг хүмүүсийг “хошууруулж” байсан зүйл  бол Стэнлийн цом. Нөгөө хоккейчдын эрхэм дээд мөрөөдөл болсон, хэр баргийн хоккейчин хүртээд байдаггүй 100 хол давсан “настай” Стэнлийн цом “гуай” энд айлчилж яваа ажээ. Хоккейн фэнүүд хажууд нь зогсоод “патиараа” татуулах ховорхон гэхэд дэндүү ховор энэ боломжийг ашиглахаар хөлөө чилж, гэдсээ хонхолзохыг огтхон ч тоохгүй зогсоно. Би ч бас олдсон боломжийг алдахыг хүсээгүй ээ. Ямар ч байсан цуут Бобби Халл, Горди Хоугаас гарын үсгийг нь авч, ганц хоёр үг сольж, “Монголын хоккей сонирхогчид таныг мэднээ” гэж хэлж амжиж, хоккейчдын мөрөөдөл болсон Стэнлийн цомд гар хүрч, хажууд нь зогсоод зургаа татуулж дөнгөв.

            “Бүх оддын” тоглолтод зөвхөн “одууд” ирж оролцдоггүй, эгэл жирийн хоккейн хорхойтнууд ч энд тэндээс хүрэлцэн ирж, баярладаг ажээ. Атланта хот  хэд хоног ч болов үнэхээр Хоккейланта  болжээ.

 

Эхний өдөр буюу одууд мэддэг, чаддагаа үзүүлсэн үдэш

 

“Бүх Оддын” тоглолтын эхний өдөр “Super skills” буюу хоккейчдын ур чадварын тэмцээн болсон. Гэхдээ тэмцээн эхлэхээс бүүр олон цагийн өмнөөс л “Philips Arena” хөл хөдөлгөөнд дарагдчихсан байлаа. Учир нь тоглолтоос өмнө тоглогчдын “Улаан хивсний” ёслол болсон юм. Холливуудын одууд л улаан хивсэн дээгүүр залардаг гэж бодож байсан бол хоккейн одууд ч ихэмсгээр хүрэлцэн ирдэг юм байна. Ямар ч алдартай жүжигчдээс огтхонч дутахгүй “гангарсан” хоккейчид маань царай зүсээр ч, өмссөн зүүснээрээ ч Холливудынхнаас илүү гарна уу гэхээс дутахгүй нь харагдана. Ханагар ханагар бие хаатай болохоор бүүр ч гоё. Шүтэн бишрэгчид нь гэсэн мянга мянгаар тоологдох. Зарим нь бүүр уйлж ч харагдана.  За тэгээд хоккейн дуулга, хамгаалалттай хувцасаар жинхэнэ нүүр царайгаа “нуучихдаг” тоглогчдоо “гонжоом, зангиатай” харахаар бараг танихгүй юм билээ.

Бараг хоёр, гурван цаг чихцэлдэн, түлхэлцэн зогссоны дараа “улаан хивсний ёслолыг” дуусгаад эхний өдрийн тоглолтыг үзэхээр дотогш орлоо. 19 000 азтай үзэгч энэ оройн гайхамшгийн гэрч болохоор цуглажээ. Канад, АНУ-ын төрийн дуулал эгшиглэсний дараа албан ёсоор “Бүх оддын тоглолт-2008” эхэллээ. Дэлхийн хамгийн шилдэг лигийн тоглогчдоос шилдгийн  шилдгээр шалгаран ирсэн 42 тоглогчийг нэг бүрчлэн танилцуулав. Канадын 22, ОХУ-аас долоо, АНУ, Швед, Словакын тус бүр гурав, Чехээс хоёр, Финланд, Словенээс нэг нэг “төлөөлөгч” багтжээ. Нэг үгээр хэлбэл өнөө цагийн дэлхийн шилдэг тоглогчид бараг бүгд энд цугласан гэсэн үг. “Бараг” гэсний учир бол энэ удаа хэдийгээр “Оддын тоглолтод” оролцох байсан ч гэмтлийн улмаас тоглоогүй , NHL-ийн эдүгээгийн нүүр царай болсон, супер од Сидни Кросби болон Хэтли, Зубов, Зеттерберг, хувийн шалтгаанаар “чөлөө авсан” Бродер, Люнго нарыг хэлэх учиртай. Танилцуулах ёслолын үеээр үзэгчдээс хамгийн их “алга ташилтаар” шагнуулсан тоглогчид бол “нутгийн индиан”  Ковальчук, Хосса нар байлаа. Мөн саяхан 124 саяын гэрээ байгуулсан Овечкинд ч олон хүн “талтай” нь мэдэгдэнэ лээ.

            Энэ өдөр уламжлал ёсоор тоглогчид ур чадварын сорилт, тэмцээнүүдэд оролцсон. Ихэнх тэмцээн шинэ журмаар явагдлаа. Эхлээд багуудын “холимог буухиа” уралдаан болов. Баг тус бүрээс зургаан тоглогч, хоёр хаалгач оролцож, ойрхон тавьсан шайбнуудыг хөдөлгөхгүйгээр өөрийн шайбаа залж, дараагийн тоглогчдоо дамжуулж, нөгөөх нь хаалганы голд зоосон байг онох бөгөөд дараа нь хаалгачдаа дамжуулж, хаалгач талбайн эсрэг байх хаалганд гоол оруулах үүрэгтэй. Энэ сонирхолтой тэмцээнд “Дорно” өрсөлдөгчдөө 2:1-ээр хошуучиллаа.

Дараагийн тэмцээн бол хамгийн хурдан хоккейчныг тодруулах тэмцээн. Хэдийгээр бүх тэмцээн “Өрнө” ба “Дорно” багийн хооронд явагдаж буй ч, зарим тэмцээнд хувийн амжилтаар хэн илүү нь тодорхой болж байлаа.

“Хамгийн хурдан хоккейчныг” тодруулдаг тэмцээн бас л журмаа өөрчилжээ. Урьд нь тоглогчид нэг тойрог гулгадаг байсан бол энэ удаа талбайн хагаст, шулуун замд хурд сорив. Баг бүрээс гурав гурван тоглогч оролцож, нийлбэр дүнгээр дундаж хурдыг тогтоож оноо өгөх ёстой байлаа. “ Өрнө”-ийнхөн энэ удаа 4,69 секундын дундаж амжилтаар хошуучлав. Дараа нь баг тус бүртээ хамгийн хурдан гулгасан хоёр тоглогч хоорондоо халз хурдаа сорив. “Өрнө”-өөс Кэмпбелл, “Дорно”-оос Хоркофф финалын уралдаанд оролцож, “Эдмонтон ойлерз”-ийн Шон Хоркофф 4,39 секундээр NHL-ийн хамгийн хурдан гулгадаг тоглогчоор тодорлоо.

Эхний хоёр тэмцээний дараа багийн дүнгээр  “Дорно” 3:2-оор хошуучилсан хэвээр үлдэв. Гурав дахь тэмцээн нь “буллит” буюу хоккейн “пенальти”. Баг бүрээс зургаан тоглогч, гурван хаалгач оролцов. Эхний шатанд гоол оруулсан тоглогчид шигшээ тэмцээнд оролцлоо. “Дорно”-оос Гомес, Малкин, Тимонен, “Өрнө”-өөс ганц Фанеф шалгарсан. Гэсэн ч “Өрнө”-ийн ганц дайчин ганцаардалгүй шигшээ тэмцээнд гоол оруулав. “Калгари Флэймз”-ийн хамгаалагч хоёр буллитаа хоёуланг нь амжилттай гүйцэтгэсэн. Түүний уран гоё гулгалт, хаалгачийг хуурах хөдөлгөөн олны таашаалыг үнэнхүү хүлээсэн. Энэ тэмцээний дараа “Өрнө” нийлбэр дүнгээр 4:3-аар хошуучилж эхлэв.

            Үүний дараа “Өрнө” –“Дорно”-ын залуу оддын тоглолт болов. Тус бүр зургаан залуу тоглогч уригджээ. Харин хаалгыг хашир одууд ээлжлэн маналаа. Залуу одод хоёр үе зургаан минутаар, талбайд гурвын эсрэг гурав системээр тоглосон нь олон гоол оруулах боломж олгосон юм. Эхний үед “Дорно”-ын залуус 6:2-оор, хоёр дахь үед “Өрнө”-ийн залуус 4:1-ээр хожиж, багтаа нэг нэг оноо нэмэрлэв.

            Тав дахь тэмцээн “оновчтой цохих” тэмцээн болов. Баг тус бүрээс дөрөв, дөрвөн тоглогч оролцож, найман шайбаар хаалганы дөрвөн өнцөгт өлгөсөн жижэг байг устгах ёстой. “Өрнөөс” оролцсон Арнотт,Игинла  нар бүх байг долоон “сумаар” устгасан бол Лидстрем, Нидермайр нар бүх  найман шайбаараа гурав, гурван байг онолоо.

“Дорноос” Каберле дөрөв, Стаал зургаа, Хосса долоон шайбаар бүх байг сөнөөж, Альфредсон бүх “сумаараа” дөнгөж хоёрхон бай онов. Ингээд финалд Арнотт, Каберле нар дөрөв дөрвөн шайб шидэж, тус бүр гурав гурван байг онож тэнцсэн тул нэмэлт нэг нэг шайбаар онч сорилоо. Арнотт алдаж, Каберлегийн шайб байндаа туссанаар “Торонто”-ийн чех тоглогч Томаш Каберле есөн шайбаар найман байг устган гайхалтай амжилт үзүүлэн хамгийн оновчтой шиддэг хоккейчин болохоо нотлов. Сонирхолтой нь Каберле тоглолт дээр хаалга руу шидсэнээс хамтран тоглогчдоо дамжуулалт өгөхийг эрхэмлэдэг нэгэн гэнэ. Харин одоо түүний далд авьяас илэрсэн болохоор фэнүүд нь хаалга руу цохихыг л шаардах байх даа. Энэ тэмцээний дараа багийн дүнгээр “Өрнө” 6:5 аар өнгөлсөн хэвээр үлдэв.

            Журам нь өөрчлөгдөөгүй, бас хамгийн олон жил явагдаж буй тэмцээн бол “Хүчтэй цохих” тэмцээн юм. Баг бүрээс гурав гурван тоглогч оролцон хоёр оролдлого хийснээс “Дорно”-ын  Здено Хара(өнгөрсөн жилийн энэ тэмцээний аварга)-гийн цохьсон шайб 103,1 миль/цаг “зааж” аварга цолоо хамгааллаа. Манайхны мэддэг хэмжээгээр бол түүний цохьсон шайб цагт 164 км хурдтай “нисч” байна гэсэн үг. 207 см өндөр, “Бостон” –ы хамгаалагч, словак тоглогчоос илүү хүчтэй цохилтыг 1990 оноос хойш явагдсан “Hardest shot” тэмцээний түүхэнд ганцхан Эл Айэфрити л 1993 онд хийж байж. Тэрбээр 168,3 км/цаг хурдтай шайбыг цохиж байсан ажээ.

            Энэ тэмцээний дараа “Дорно” 8:5-аар тэргүүлсэн. Ингээд сүүлчийн тэмцээн болох буллитыг хэн уран гоё гүйцэтгэх вэ гэдэг тэмцээн эхлэв. Баг бүрээс гурван тоглогч гурван хаалгач оролцсон. Тоглогч буллитыг уран гоё элемент хийж гүйцэтгэх ёстой. Гоол оруулах нь чухал биш үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн трюк хийх нь чухал аж.

            Тоглогчид энэ шинэ тэмцээнд урьдчлан бэлтгэж амжаагүй болохоор их л түргэн хугацаанд ямар ур чадвартайгаа харуулах хэрэгтэй болов. Ковальчук хоёр өвдгөн дээрээ суугаад цохьсон бол, Габорик хамгийн ихээр олныг хөгжөөв. Тэрбээр эхлээд талбайн төвд бүтэн нэг тойрог хийгээд дараа нь хаалгач руу тулж очсоноо гэнэт “тооромсолж” унагаагаад, хаалгыг бүтэн тойроод цохьсон шайбыг нь хаамагц нэмж түлхээд гоол оруулав. Тэмцээний үед тооцдог журам энд хэрэгжээгүй болохоор энэ бол сонирхолтой бас хөгжилтэй шийдвэр байлаа. Гэхдээ энэ тэмцээний ялагч нь Оросын Овечкин болов. Эхлээд тэрбээр шайбаар жонглёр хийж байгаад агаарт хаалга руу цохих оролдлого хийсэн. Дараа нь  Александр бас жонглёр хийж байгаад шайбыг бүүр дээшээ шидээд, энэ хооронд өөрөө 360 градус эргэлт хийгээд бас л шайбыг агаарт явахад нь хаалга руу цохьсон. Аль алиныд нь Овечкин шайбаа онож чадаагүй ч олныг шуугиулж, онцгой ур чадвараа үзүүлсэн тул ялагчаар тодорсон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон сонирхолтой нэг хүн бол алдарт сагсчин Доминик Уилкинс байв. Тэрбээр цагтаа домогт “Нисдэг” Жорданыг хүртэл “цагариган дээрээс” довтлох тэмцээнд ялж явсан, уг тэмцээний хошой аварга болж байсан хүн билээ.

            Ийнхүү эхний өдөр одод олон түмэнд юу чаддагаа харуулж, баясгасан. Нийлбэр дүнгээр  “Дорно” 9:6-аар ялсан ч үзэгчид, тоглогчдод хэн ялах нь нэг их чухал биш байлаа.

 

Хоёр дахь өдөр буюу хамгийн... хамгийнаар дүүрэн “Бүх оддын тоглолт-2008”

 

Хоёр дахь өдрийн үдэш “Бүх оддын” гол тоглолт уламжлал ёсоор болсон. Энэ жилийн “Бүх оддын” тоглолтыг дэлхийн 115 оронд ТВ-ээр шууд дамжуулан үзүүлсэн нь  рекорд болов. Мөн өнгөрсөн оны тоглолттой харьцуулбал АНУ-ийн ТВ үзэгчдийн тоо 60 хувиар өссөн гэнэ. Ямар ч байсан хоккей эргээд үзэгчдийг татаж эхэлжээ. Энэ л хамгийн чухал билээ. “Оддын тоглолт” –ийн үеэр мэдээж хэрэг тоглогчид үзэгчдэд уран гоё тоглолт үзүүлж, олон олон гоол оруулахыг эрмэлздэг. Тоглолт эхлээд дөнгөж 12-хон секунд өнгөрч байхад л Нэш эхний гоолыг үзэгчдэд бэлэглэв. “Оддын тоглолтын” түүхэн дэх хамгийн хурдан гоол болов. За тэгээд “Өрнө”-ийн Нэшийн  хет-трик, Набоковын хаалгандаа гоол алдаагүй “манасан”, Овечкины дубль, “Атлантас”-уудын шүтээн Ковальчукийн бүтэлгүйтэл гээд олон л үйл явдал  энэ жилийн тоглолтыг хожим хойно дурсах тодотгол нь байх. Мөн “Оросын тавт” гуравдугаар үед талбайд гарсан нь бас л содон үйл явдал. “Детройт”-ын домогт “Оросын тавтаас” хойш NHL-ийн мөсөн дээр анх удаагаа таван орос тоглогч талбайд нэг багийн бүрэлдэхүүнд тоглов. Тухайлбал “Дорно”-ын Гончар, Марков, Овечкин, Малкин, Ковальчук.

Бас үзэгчид энэ орой 15 гоол орохыг харсан. Бас нэг зүйл сонирхуулж хэлэхэд “Philips Arena” бол NHL-ийн хамгийн олон буюу дунджаар нэг тоглолтод 6 шайб ордог ордон гэнэ.

            Тоглолт дуусахаас ердөө хэдхэн секундын өмнө “Дорно”-ийн Савар хожлын шайбыг оруулсан бөгөөд 20 секунд дутуу байхад “Өрнө” тайм-аут авсан төдийгүй хаалгачаа талбайн зургаа дахь тоглогчоор сольсон нь бас л “Оддын тоглолтын” түүхэн дэх анхны тохиолдол болсон.

Энэ жил “Дорно” давхар ялалт байгууллаа. Ур чадварын тэмцээнд ч , “Оддын тоглолтод” ч тэд тргүүлэв. Үзэгчид ч өөрийн баг нь  хожсон мэт урамтай үлдсэн. Арга ч үгүй биз, тоглолт “Дорно”-ын Атлантад болсон юм чинь.

            “Бүх оддын” тоглолтын шилдэг тоглогчоор хоёр гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт өгсөн “Каролина”-гийн довтлогч Эрик Стаал тодорч, 2008 оны “Dodge Journey” маркын мөнгөлөг жийпийн түлхүүр гардлаа. Ийнхүү өдгөө цагийн хоккейн оддын хоёр хоногийн “наадам” өндөрлөж, хөгжөөн дэмжигчид балиашигууд “Хойтон жилийн хоккейн наадам хол байна даа, хол байна” гэсээр үлдлээ. “Амьд явбал хоккейн наадам” үзнээ гэж.

 

ДОРНО - ӨРНӨ - 8:7 (5:1, 0:2, 3:4)

 

     Нэш (0:1). Стаал (1:1). Марков (2:1). Овечкин  (3:1). Кэмпбелл (4:1). Овечкин (5:1). Нэш (5:2). Нидермайер(5:3). Гецлаф (5:4). Нэш (5:5). Хосса (6:5). Фанеф (6:6). Габорик (6:7). Стаал(7:7). Савар(8:7).

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Цэрэнсодномын Энхтүвшин. Атланта, 2008.2.26-27.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:20 | | уншсан: 601 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)