Америкаар аялахуй- Холливудын "Universal studios"-ыг хэд ч үзсэн уйдахгүй
Америкийн баруун эргийн хот Лос Анжелест аж төрөн буй “суугуул” монголчууд олоон. Хэрэв тэдний дунд уншигч авхай та нарын ах дүү, төрөл төрөгсөд, аль эсвэл анд найз нар чинь байдаг бол “аян замын” жолоог зориуд нэг тийш нь залж, амар мэндээ мэдэлцэж, амьдрал ахуйтай нь танилцахын сацуу үзэх харах зүйл ихтэй Холливудын “унаган нутагт” хэд хоног саатаарай!
Холливудын оддын амьдран суудаг Бэвэрли Хиллз дүүрэгт очиж, тэнгэрт хадсан үнэтэй бараатай дэлгүүрүүдээр нь нүдээ нэг хужирлаад, зуны Олимпийн наадмын бамбар хоёр удаа бадамласан манай гаригийн ганц цэнгэлдэх хүрээлэн болох “Лос Анжелес мемориал стадиум”-ыг сонирхож, Анахаймд “Диснейлэнд парк”-аар үр хүүхдүүдээ зугаацуулж, алдарт Лонг Бич дээр наранд биеээ шарсан шиг нэг амрахад юу нь болохгүй гэж.
За энэ бүгдийг үзэж амждаггүй юм гэхэд эрхбиш “Universal Studios”-д заавал очоорой гэж хүсэх байна. Энэхүү гайхамшигт паркт нэг ороод гарахгүй бол Лос Анжелес, Холливудыг үзсэн гэх нь Москвад очоод Улаан талбай, Кремлийн хажууд очоогүй, аль эсвэл Энэтхэг яваад Таж Махалыг хараагүйтээ л адил буй заа.
Холливудын хамгийн эртний түүхтэй хоёр кино студийн нэг болох “Universal Studios”-д та 64 доллар төлөөд “зочилж” болно. Энэ тасалбарын үнэнд парк доторх бүх үзвэрийн багтсан бөгөөн мөн хүсвэл энэ тасалбараараа Анахайм ирж очих автобусанд үнэгүй зорчиж болох юм.
Ингээд “Universal studios” паркт ороод ирлээ. Эндээс та гаран гартлаа огтхон ч уйдах зав гарахгүй гэдгийг батлан хэлье. Адал явдалт, аймшигт, хөгжөөнт, бүх л бүтэн ертөнцөд Та бүтэн өдрийн турш тухтайхан зочлоорой. Энэ дотроос хамгийн алдартай нь мэдээж “Studio tour”. Ил задгай цонхтой автобусанд суугаад 45 минутын турш ёстой л “нүдээ бүлтэртэл”, толгойтой үсээ арзайтал сонин хачин зүйл үзэж, дэлгэцнээс хардаг киноны бодит ертөнцөөр аялах болно. Таны сууж яваа автобус чинь гүүрэн дээр явж байтал гүүр чинь “нурж”, хөдөөх бяцхан тосгонд очиход чинь аянгатай аадар бороо “юүлж”, үерт автагдаж, 8,3 баллын газар хөдлөлтөд “нэрвэгдэж”, сууж яваа “унааг” чинь 7 тонн жинтэй, 30 фийт өндөр, аварга том “Кинг Конг” сармагчин займчуулж, далайн эргээр явахад чинь акул “дайрч”, ер нь юм юм л болж, ёстой л “гал, усны гашуун зовлонг” Та туулах болно шүү! Дотроо нэг төсөөлөөд үз дээ. За тэгээд Таныг ганцхан “айлгаж, ичээгээд” бас байхгүй ээ. Аяллын хөтөч та бүхэнд алдартай кинонуудын зургийг хэрхэн авсныг газар дээр нь тайлбарлан явах бөгөөд та “ Italian job”, “ Cast Away”, “ Spiderman”, “ Pirates of the Caribbean”, “Jurassic Park” , “ Apollo -13” гээд л та бидний сэтгэлд хоногшсон кинонуудын “дотор” нь орж, кино хэрхэн бүтдэгийг, кино зургийг яаж авдгыг “амьдаар” нь харж авах болно.
Энэ аяллаас та “амжилттай буцаж” ирэх болохоор дараагийн аялал руу хамтдаа явья. “Тhe Mummy”-д хав харанхуй хонгилоор сэтгэл зэвүүцмээр дуун дор зүрх чичэрмээр аймшигт баатруудын дундуур “туулж” гарнаа бас. Энэ хооронд нүүрийг чинь аалзны шүлсэн тор бүрхэж, харанхуй булангаас цочоох энэ тэр бол “энгийн үзэгдэл”. Гэхдээ энэ бүгд бол Таны биед огтхон ч хоргүй гэдгийг сануулах хэрэгтэй.
Бас нэг онц сонирхолтой “аялал” бол “Jurassic park” буюу Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн. Тэнд та өтгөн шугуйн дундуур урсах голоор “завиар” зугаалж, аварга том , үлэмж биет Үлэг гүрвэлүүдтэй “нүүр тулах” болно. Кинон дээрээс хардаг аварга Динозавруудыг хаанаас гарч ирээд дайрах бол гээд ийш тийшээ харж, “бүлтэлзэж” явсаар нэг л мэдэхэд 84 фийт өндрөөс эгц доошоогоо завьтайгаа унахад “ ёстой л нус, нулимсандаа холилдоно доо”. Ингээд Юрийн галавын цэцэрлэгээр хийсэн аялал дуусахад өндрөөс унахдаа таны ямархуу байдалтай байсан чинь патиар хэдийнээ бэлэн болчихсон, “түүхийн баримт” болоод хүлээж байна. Хэрэв хүсвэл та “хэдэн зоос” төлөөд “патиараа” авч болох бөгөөд “нус нулимс чинь дэндүү их гарчихсан” , танд та өөрөө таалагдахгүй байгаа бол зүгээр л авахгүй орхичихож болох юм. За тэгээд дэндүү их “ачаалалтай” явж байгаа бол “Shrek”-тэй уулзаж жаал тайвшрахыг зөвлөе. Бяцхан хүүхдүүдийг төдийгүй “томчуудыг” ч байлдан дагуулж буй “Shrek” хүүхэлдэйн киног Та баатруудынх дунд нь “хутгалдан” үзэх төдийгүй, Фиона гүнж, Шректэй “мөргөлдөж” , Донки илжигний найтаахыг бодитоор “мэдрэх” болно. Тун хөгжилтэй шүү.
Адал явдал,түгшүүр чинь жаал дарагдаж, баахан хөгжилдөж авсан бол дараагийн аялалдаа гарья. Энэ удаа Танд “Ирээдүй рүү очихыг” санал болгож байна. Хүнээс дутахгүй оюун ухаан нь хөгжсөн робот “Терминатор”-тай хүн төрөлхтний хийх тулаанд Та ч хүссэн хүсээгүй оролцоно. “Шварценеггер”-ийн буудсан сум таны толгойг чиглэн ирэхэд самбаачлан”бултах” хэрэг гарч, тэсрэх бөмбөг, исгэрэх суман дунд хэдэн хормыг шантралгүй өнгөрөөх болно гэдгийг анхааруулья.
За тэгээд “Backdraft”-д орж, нүүр төөнөж, нүд хальтруулах галан шуурганаас “үсээ хуйхлуулахгүй” гарч ирж, “Аймшгийн хүчин зүйлс”-ийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч, “Усан ертөнцийн дайнд” оролцож, “Аймшгийн ордонд” орж, зүрх зоригоо шалгаж, айх, бахархах хосолж, аугаа бүтээн байгуулалт, техник, технологийн хөгжил дэвшлийг гайхаж явсаар нэгэн өдөр харвасан сум шиг л өнгөрнө дөө.
“Universal Studios Hollywood” жилийн эргэх дөрвөн улиралд “Талархлын өдөр”, “Христмас” хоёроор л амардаг юм билээ. “Universal studios Hollywood”-ыг “Лос Анжелесийн зугаа цэнгээний төв” гээд зүгээр ч нэг нэрлэчихээргүй нь ойлгомжтой. Миний бие л лав энд хоёр ч удаа очсон хирнээ одоо дахиад нэг үзвэл үзмээр л санагддаг юм.
Лос Анжелесийн даунтаунаас та метроны улаан шугамын чиглэлд суугаад “Universal Studio”-д хүрчихэж болно. Бас чиглэлийн автобуснууд ч явдаг юм билээ. Нийтийн тээврээр очих бол www.mta.net хаягаар орж, үнэ тариф, цагийн хуваарийг нь олж аваарай! Харин машинаар очих бол “100 Universal City Plaza Dr. Universal City,CA.91608” хаягаар хайгаад “direction”-ээ авч болно.
“Ийм зүйл хийж,бүтээгээд, ингэж хүний алжаалыг тайлаад, иймэрхүү үйлчлээд мөнгө “саахад” болж байнаа” гэж хамт үзсэн нэг найз маань өгүүлж байсан нь бодогдоно. Дахиад Лос Анжелес орвол ахиад “дайраад” гарна даа, “Universal Studios”-оор...