2007-12-07
Америкаар аялахуй-Таймс талбайд Шинэ оноо угтаарай!

Америкаар аялахуй-Таймс талбайд

Шинэ оноо угтаарай!

 

Таны хамгийн дуртай баяр юу вэ? Надад бол  Шинэ жилийн баяр баяр баяраас нэг л гоё санагддаг юм. Гялалзсан саатай, гэрлэн чимэглэл, өнгө өнгийн тоглоомоор чимсэн гацуур ногоон модод , айл гэр, албан газар, хотын гудамж хаа л бол хаа сүндэрлээд л, хүүхдүүд орох ёлка, авах бэлгээ тооцоолоод, хүүхнүүд гоёлын даашинз, ганган шаахайгаа хайж гүйлдээд л, эрчүүд  “гонжоом , зангиагаа” битүүхэн бодоод л , мандирины үнэр дэлгүүрт сэнгэнээд л Монголд маань шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон байгаа даа.  Шинэ жилийг хамгийн гоё угтдаг орон бол Орос манайх хоёр гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх.  12 цагийг, он солигдох мөчид гэр орныхонтойгоо оргилуун дарсаа буудуулаад, шөнөжин ТВ-ээр “гадаадын эстрад концерт” үзээд нойргүй шахам хонодог байснаа нэг төсөөл дөө. Өвлийн өвгөний бэлэг, цасан охидын бүжиг бүжиг, будран будрах цасан ширхэг , хүүхдийн инээд, хүмүүсийн гоёл бүгд л цаанаа л нэг өнгөлөг, цоглог, гялалзсан Шинэ жилийн орой үнэхээр сэтгэл хөдөлгөдөг билээ.

Харин энд бол Шинэ жил нэг л сэтгэлд хүрэхгүй болдог юм. Кальфорнд дөрвөн жил цасгүй шинэ жилийг угтсан болохоор цан хүүрэг савсуулан өвлийн өвгөн аав ч санагддаг юм уу, хүйтэн жаварт  хайруулан улаан хацарласан хөөрхөн цасан охид үгүйлэгддэг хэрэг үү, аль эсвэл гэр бүлийн баярыг гэрийнхнээсээ хол газар өнгөрөөдөг болоод ч тэр үү, хамт олонтойгоо ордог “Улаанбаатарын үдэш”, “Тамирчдын ёлк” нүдэнд харагдаад, сэтгэлд бодогдоод ч байдаг юм уу  бүү мэд , сэтгэл тогтож өгдөггүй болохоор Шинэ жилээр нэг л холхон газар явж юм үзмээр санагдсан юм, өнгөрсөн өвөл.

Америкт Шинэ жилийг угтах томоохон ёслол лав л Нью Йорк болон Лас Вегаст болдог юм билээ. Лас Вегаст урьд нь хэд хэд оччихсон, тэгээд ч цас ордоггүй болохоор Зүүн эргийг Вашингтон Ди Си, Нью Йоркийг зорилоо.

Нэгдсэн Улсын нийслэлд хэд хоноод “гол зорилгоо” биелүүлэхээр  Нью Йорк руу гарлаа. Вашингтон Ди Си-гээс Нью Йорк ороход хамгийн амархан “вариант” бол Чайнатаунаас бараг цаг тутам явах автобусаар явах юм билээ. Ирэх очих, өөрөөр хэлбэл хоёр талдаа явах  тасалбар нь ердөө 35 доллар байсан санагдана. 3-4 цаг давхиад л орчихдог юм билээ. Нью Йоркийн Манхэттаны төвд буучихна. Ингээд зорьсон газраа хүрээд ирсэн болохоор бууж тухлах газраа эхлээд зорьж төвхнөх нь гарцаагүй. Шинэ жилийг Нью Йоркт үзэхийг хүссэн хүмүүс , ялангуяа нөгөө алдартай Times Square дээр он солилцохыг харах  бодолтой байгаа бол буудлаа маш эрт захиалаарай гэж хэлэлх байна. Ялангуяа яг Times square-ийн ойролцоох буудлуудын арванхоёрдугаар сарын 30-31-ний өдрүүдийн захиалга бараг жилийн өмнөөс л дуусдаг гэсэн шүү. За тэгээд олдсон ч тэнгэрт тулсан үнэтэй л байх юм билээ. Миний хувьд НҮБ дахь Монголын төлөөлөгчийн байранд Гончиг ахынд хэд хоног тааваараа байх боломж олдсон болохоор буудлын хувьд сэтгэл зоволгүй амар байлаа. Гэхдээ Төлөөлөгчийн байрны зочид буудалд эртхэн захиалгаа өгөөд буувал бас хямд байх бололцоотой юм билээ. Тэгээд ч Төлөөлөгчийн байрнаас метроны буудал хэдхэн алхаад хүрчихээр ойрхон , нэг метронд суугаад гол гол газруудад төвөггүй оччих болохоор тун амар. Такси “барьсан ч” хотын төв холгүй ээ. Нью Йоркийн алдартай шар таксинд нэг суухад бас зүгээр биз дээ.

Нэгэнт Нью Йоркт ирж буй бол энэ хотын төдийгүй эрх чөлөөг хүсэгч хэн бүхний бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг үзэж, “Хоёр өндрийн” туурин дээр очих, Бродвэйн өргөн чөлөөгөөр алхах, дэлхийн хамгийн том дэлгүүр болох “Macy’s New York”-оор ороод гарах, НҮБ-ийн байрны өмнө намирч буй алтан соёмбот далбаагаа харах, “мөнгөтэй болгодог” гэх Хөрөнгийн биржийн гадаах  “Улангассан бух”-ны өмнө зургаа татуулах, тэрбумтан Рокфелльерийн байшингийн хормойд  засдаг Америктаа хамгийн томд тооцогдох гацуур модыг сонирхох цаг заваа бодолцох хэрэгтэй шүү.

За тэгээд яг арванхоёрдугаар сарын 31-ны орой бол Times Square дээр очих хэрэгтэй. Гэхдээ бүүр оройн тав зургаан цагийн үед л очвол арай аятайхан, гол үйл явдалд дөхүү байрлал олж зогсоно. Тэрнээс оройтвол ойр орчмын метроны хоёр гурван зогсоолыг хаачихдаг тул явган алхаж очихдоо тулах ба цагдаа нарт туугдсаар их л холоос харах бололтой юм билээ. За тэгээд нэгэнт хашлагатай бүст орчихоосоо өмнө “хувийн бэлтгэлээ” сайн базаах хэрэгтэй. Учир та энд он солтгдтол буюу 5-6 цаг зогсох хэрэг гарна. Тэгэхээр идэж, ууж аваад, “00”-ын “асуудлаа” шийдээд орох хэрэгтэй. Бас хувцасаа тохируулж өмсөхийг сануулах юун.  Тэнд ямар нэг төлбөр төлөх  юм байхгүй бөгөөд тэвчээр л жаахан шаардагдана. За тэгээд л нөгөө “Оne Time Square” дахь төв самбарыг ширтээд л зогсож гарна даа. Зөвхөн энэ талбайд л  Шинэ оныг угтах гэсэн хүмүүс Америкийн өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн олон арван орноос хүрэлцэн ирдэг юм байна лээ. Тэнд хүлээж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл хэллэг  бол яах аргагүй “Шинэ жилийн баярын мэнд хүргэе!” , “Та хаанаас ирсэн бэ?”.

Анх Times square гэхээр нь манай Жанжин Д.Сүхбаатарын талбай, Москвагийн “Улаан талбай” шиг л цэлийсэн том талбай байх юм гэж бодсон чинь түм түжигнэж,  бум бужигнасан Нью Йоркийн хамгийн гол замуудын огтлолцол  байгаа юм даа, энэ америкууд бас заримдаа “ална” шүү.  Гэхдээ л ямар ч юмыг үнэ цэнэд хүргэж, мөнгө олдог  зангаараа энэхүү замын огтлолцолыг  л дэлхийн хамгийн их хүн цугладаг, хамгийн алдартай  газрын нэг  болгож чадсан л байгаа юм даа.

Энэ огтлолцолын эхлэл “One Time square” нь дээр үед “The New York Times” сонины редакцийн байр байсан юм билээ. Тэгээд л “Times square” нэр үүссэн хэрэг. Анх энд 1907 оны арванхоёрдугаар сарын 31-ны үдэш Шинэ жилийн баярыг тэмдэглэсэн гэнэ лээ. Зуун жилийн “ой” дээр нь энд байж байдаг бас азтай юм гэж хөөрч л зогслоо. Энэ хавь тэр чигээрээ хөдөлгөөнт, дижитал гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны самбараар “хучигджээ”.

Бродвэйн өргөн чөлөө бас эндээс “эх авдаг” юм билээ. За тэгээд энүүхэн хэсэгт л Америк орныг нойрноос сэрээдэг ABC TВ-ийн “Good morning America” нэвтрүүлгийг шууд дамжуулан үзүүлдэг талбайн “амьдаа” нэртэй студи, “The New York Times company”, “Lehman Brothers”, “MTV Network”, “Reuters”, “Six Flags Inc”, “Elizabeth Taylor” гээд “асс”-ууд ажил хэргээ явуулдаг оффис нь байх ажээ. Талбайн гол цамхагийн сурталчилгааны самбарт “Кока кола”, “Макдональдс”, “Понтиак”, “Будвайзер” –ийн нүүр царай болсон рекламууд эрх ямбатайгаар эргэлдэж солигдохгүйгээр ихэмсгээр дурайж байх юм.

За энэ тэгээд он солигдох торгон агшин ойртох тусам хөлөө нугалаад амарчихаж ч болохооргүй хүмүүсээр пиг дүүрэх агаад хуран цуглагсдын дуу шуу улам чангарч, инээд баясал хүмүүсийн нүүүрэнд тодроно. Сүүлчийн хэдэн агшныг “хоороороо” хоолой нийлүүлэн 59...58...57..., ...10...9...8...7...6...5...4...3...2...1... гээд дуусмагц ёслолын буудлага тэнгэр баганадсан барилгуудын зулай дээгүүр цацарч , “Шинэ оны мэнд хүргэе !” гэсэн бичиг самбарт гэрэлтэхэд тэнд цуглагсад ёстой “чих дүлийртэл” орилолдоно  доо. Тэнд хуран цугласан бүх хүмүүс аз жаргалдаа”ташуурч харагдах” бөгөөд өөрийгөө хамгийн азтай хүний нэгэнд тооцож байгаад эргэлзэх юмгүй ээ. Би ч бас энд л жинхэнэ Шинэ жилийн уур амьсгал орж, сэтгэл дүүрэн байсан даа.

“Times square” дээр Шинэ оныг  ойролцоогоор 750 000!!! хүн угтдаг гэх юм билээ. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу Шинэ зуун гарах шөнө энд бүүр 2 сая орчим хүн цугласан гэнэ лээ.

 Та  гэр бүлийнхэнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө “Times square”  дээр Шинэ оноо угтвал амьдралын чинь бас нэг гэрэлтэй дурсамж болон үлдэнэ шүү!

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:12 | | уншсан: 766 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


ireh jil...
ирэх шинэ жилийг хамтдаа наана чин угтая даа
Бичсэн: lucky (зочин) цаг: 04:28, 2008-01-03 | Холбоос | |





:-)