Сэтгэлийн зул
Өнөөдөр ямар гээчийн өдөр юм болоо. Амьдрал хартай, цагаантай, хорвоо хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн л дөө. Гэтэл нэг доор , бүүр хэдхэн минутын зайтай харамсалтай гэхэд дэндүү харамсалтай мэдээг сонсох юм даа. Хий дэмий л хэдэн найз руугаа утасдаж , гунигт гашуун мэдээг хоолой чичрүүлэн сонсгоод уймарсан сэтгэлээ тайвшруулах гээд энэ хэдэн үгийг хэлхэж сууна даа.
Жинхэнэ “мужик” гэдэг үг Ж.Наранцацралт даргад л тохирох байсан даа
Шинэ сонин мэдээ дуулах санаатай интернэтэд орж ганц хоёр зүйл гарчиглаж байтал, “УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт зуурдаар нас барлаа” гэсэн мэдээг олж харав. Арай ч үгүй байлгүй дээ. Андуу, ташаа мэдээ байгаасай гэж бодохын сацуу Монгол руу ярьж лавлахгүй бол сэтгэл хачин болоод байж сууж болдоггүй ээ. Сайн лавтай мэдэх хүн бол миний найз С. Батбаатар. Найз минь Нараа даргыг Хотын мэр байхад л анх хэвлэл мэдээллийн албаны даргаар нь очсон хүн. Нараа даргыг Монгол Улсын Ерөнхий сайд болоход хамт дэвшин , ичих нүүргүй хуйвалдагчдын золиос болон огцроход ч хамт “ойчиж” , ёстой л босоход нь хамт босч , унахад нь хамт унаж , ойр дотно явсан хүнийх нь нэг л дээ. Баагий руугаа хулгаж хулгаж утас цохилоо. “Байна уу? Баагий юу болоод байна аа? Үнэн юм уу?” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. “Харин тийм ээ, ёстой аймаар юм боллоо. Урьд шөнө Дундговиос ирж яваад Түргэний голын ойролцоо л машин нь онхолдоод тийм юм болчихож” гэх сулхан дуу сонсогдлоо.
Нараа дарга маань Бурхны орон руу явчихсан нь үнэн болж таарлаа. Бодолд түүний тухай дурсамж хөвөрч, сэтгэлд гэгээн дүр нь харагдана.
Талийгаачтай би их ойр дотно явсангүй ээ. Гэхдээ бас хол хөндий ч байсангүй. Дундговь нутгийнхан хөгшин залуугүй Нараа дарга гээд тун элгэмсэг. Энэ сайхан нутгаас удам угсаатай болохоор би ч дотроо бас өөрийн ах шиг бодож, далдхан хүндэлж, хайрлаж л явдаг байлаа. Түүний улс төр, нам төрийн зүтгэлтний карьер, хашиж байсан албан тушаалыг бол бүгд мэднэ л дээ. Буруутгах нэг нь буруутгаж, зөвтгөх нэг нь зөвтгөж л байдаг юм. Харин надад бол ердөө “нутгийн ах”, нуруутай , тулхтай хүн л бодогддог байсан юм. Спортынхонтой салшгүй холбоотой ажил эрхэлж байсан болохоор Нараа даргыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн цагаас нь хааяа ажил төрлийн шугамаар ганц нэг уулздаг байлаа. 1997 онд Үүеэг дэлхийн аваргаас мөнгө зүүгээд ирэхэд хамт тосч аваад, гэрт нь цуг очоод баяр хөөр болж байсан. Гэхдээ хамгийн тод дурсамж гэвэл 1998 онд Москвад үлджээ.
Тэр жилийн зун Москва хотноо Дэлхийн хүүхдийн анхдугаар Олимп болж, Монголын баг тамирчид оролцсон юм. Уг Олимпийг Москва хотын Мэр Ю.Лужков ОУОХ-ны ивээл доор ёстой нүнжигтэй зохион байгуулсан билээ. Ж.Наранцацралт дарга Лужковын урилгаар очоод байсан юм. Монголд наадам болж байсан цаг. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гансүх наадмын орой хоёулаа ганц нэг хүнтэй уулзахгүй болохгүй гээд дагуулаад явлаа. Эхлээд Л.Энэбиш даргын байрлаж байсан буудалд очиж , өрөөнд орж баярын мэнд хүргэн самбын Цогтгэрэл, Баярсайхан нарын хамт жаал хууч хөөрсөн юм. Яриандаа болоод цаг нилээд орой болсныг ч анзаараагүй байв. Бараг л оройн 11 болж байсан байх. Тэгээд гартал Гансүх дарга “ Хоёулаа Наранцацралт дарга дээр очихгүй бол ёстой болохгүй. Би очно гээд хэлчихсэн юм” гэж байна. “Цаг нилээд орой болчихсон байна. Маргааш болбол яасан юм бэ” гэвэл “Зүгээр ээ. Цаадах чинь ирнэ гэсэн бол хүлээгээд л байгаа” гэж байна. Тэгээд ямар миний мэдэл хүрэх биш дагаад явлаа даа. Гансүх дарга хэлж байнаа. “Наадмын сонин жаахан яриулья . Буудлынх нь доороос ганц шил юм аваад орох уу?” гэж. Гадна дотны Төрийн тэргүүн, ихэс дээдсүүд буудаг “Славянский” буудалд байгаа гэж байна. Тэгээд очлоо. “Нөгөө ганц юм”-аа авах гээд буудлынх нь дэлгүүрт орвол хамгийн хямд нь л хоёр гурван зуун доллар. Бид хоёр мөнгөө нийлүүлээд хүрдэггүй ээ. Тэгээд хоосон яваад орлоо. Эхнэр нь унтаж байгаа бололтой. Нараа дарга хаалгаа нээж өглөө. Гансүх дарга ч “Танай буудлын доороос ганц юм авах гэсэн чинь бардаггүй ээ” гээд үнэнээ хэлж байна. Нараа дарга инээгээд “Харин их үнэтэй байхаа. Зүгээр надад нэг экс байгаа.Нутгийн юм амс” гэж байх юм. Тэгээд эхнэрээ дуудаад” Нөгөө ганц юмаа гаргаад ирээч. Наадам болж байна. Эр улсууд жаахан бөх , морь ярьж сууя даа” гэж байна. Ийм энгийн хандаад ирэхээр хүн улам л хүндэтгээд байдаг юм билээ. Бид гурав бараг шөнө дунд өнгөртөл ярьж суусан. Ах, дүү төрөл саднууд, эсвэл анд найзууд уулзахаар ямар яриа өрнөдөг билээ тийм л нэг энгийн, элгэмсэг яриа тэр үдэш болж өнгөрсөн. Яриан завсар Гансүх дарга “Энэ чинь танай Дундговийн хүүхэд шүү дээ” гэхэд “аан” гээд л өнгөрсөн. Манай говийнхны нутгархдаггүй, хээгүй цагаан цайлган сэтгэл нь тэр чигээрээ.
Тэр үдшээс хойш Нараа даргатай ер уулзаагүй байсан юм, уулзаж чадахгүй байсаар л Бурхны орон руу алдчихлаа даа. Гэхдээ ганцхан удаа дотночилон уулзаж, эрэмбэ зиндаа гэж ихэрхэлгүй, үеийн юм шиг л ярьж суусан дурсамж хэзээ ч сэтгэлийн угт үлдэнэ ээ. Сайхан хүн гэж байдаг. Сайн хүн ч гэж бас бий. Аль алийг нь цогцлуулсан хүн бол Нараа дарга. Дундговиос УИХ-д “дархан сонгогддог” хүн бол Нараа дарга байсаан. Нутгийн хөгшчүүд түүнийг аль намынх гэдгийг нь бараг мэдэхгүй. “Аль ч нам байсан хамаагүй ээ. Нараа даргаа л сонгоно” гэх. Тэгэхээр тэр жинхэнэ ард түмний “хүү” байсан хэрэг.
“Хүрэн царайтай Говийн хүмүүс хүний мөсөөр сайн билээ” гэлцдэг. Нараа дарга тийм л хүн байсан даа. “Жинхэнэ мужик” гэж түүнтэй хамт улс төрийн тогоонд чанагдаж явсан нөхөд нь хэлдэг юм билээ.
Дэндүү эрт , даан ч харамсмаар биднээсээ явчихлаа даа, Нараа дарга маань. Монгол зон олондоо, Улс эх орондоо ихийг хийж бүтээх ид насандаа тэртээ хол одлоо. Эргэж бидэндээ төрөөрэй! Ум ма ни бад ми хум!
Дэлхийд нэрээ үлдээсэн ч , Монголдоо үнэлүүлж
амжилгүй л одлоо доо
Нараа даргыг зуурдаар нас барсан тухай гашуун мэдээг боксын “Том”-доо дуулгаад эргээд Монгол руу залгаж суутал Энхбат маань буцаад залгаж байна. “Хөөе цаана чинь бас нэг хэцүү юм сонслоо. Манай боксын Мөөеө өнгөрчихөж. Би дөнгөж сая Үүеэ рүү Нараа даргын тухай хэлэх гэтэл өөдөөс тийм юм хэллээ” гэх нь тэр. Юу л болоод байна даа. Буруу сонсоогүй байгаа?
Монгол руу, Үүеэ рүү залгалаа. Харамсалтай нь үнэн ажээ. Хэдхээн хоногийн өмнө дасгалжуулсан тамирчнаа Дэлхийн аваргын мөнгөн медальд хүргээд, Монголынхоо нэрийг Ертөнцийн чихэнд дуурсгасан хүн маань, ийм амархан биднийгээ орхичох гэж үү?
Бидэндээ “ Хар Мөөеө” гэгдээд сурчихсан Мөнхжаргал маань амьдралаа ердөө л боксод зориулсан хүн. Түүний боксоо гэсэн чин сэтгэл нь амьдралыг нь өөдрөг болгодог байсаан. Хөлс үнэртсэн зааландаа хэдэн хүүхдүүдээ сөөнгөдүү хоолойгоор командлаад л зогсож байдаг нь одоо ч нүдний өмнө ил ээ. Бид нилээд олон жилийн найзууд. Спортын төв ордноор орохоороо (бараг л өдөр болгон доо) албатай юм шиг боксын заалаар заавал нэг ороод гарнаа. Жижигхээн тэр зааланд л Мөөеөгийн ажил амьдрал буцалж байдагсан. Бэлтгэлгүй үед нь орвол хэдэн багш нартайгаа “таван гар” үзэж байдаг, бид заримдаа хамт үздэг л байлаа. Хааяа “зуу” татнаа хамтдаа. Үнэн л тэр.
Амьдрал ахуйгаа ярихаас илүү хэдэн шавь нараа, боксоо л ярина.
Сүүлийн хэдэн жил буюу энд ирснээсээ хойш Мөөеөтэйгээ саяны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеээр л уулзсан. Тамирчдаа удирдаж байгаа дасгалжуулагч болохоор зай зав бага байсан ч хэдэн найз нөхдөө өрөөндөө дуудаад л ярьж хөөрч суусан. “Найз нь ерөөсөө амсахгүй байгаа. Энэ хэдэн хүүхдийг хариуцаж байгаа, шигшээ багийн дасгалжуулагч хүн өөрөө үлгэр жишээ байхгүй бол болохгүй биз дээ. Найз нөхөд, багш нараа ч жаахан үнэртүүлсэн байвал загнаад заалнаас гаргадаг болсон. Ер нь манайхан их өөр болсон шүү. Би “Тогоруу”-г (боксын Батбаярыг хэлж байгаа юм) юм амсахгүй байвал Америкаас ирээд цагаа өгнө гээд хэлчихсээн” гээд л ярьж суусан сан.
“Амьдрал яахав дээ болж байнаа. Шигшээгийн дасгалжуулагч гээд 160 мянган төгрөг авдаг. Ганц бие болохоор болдог юм аа хөө. Харин бэлгэл цугларалт гээд олон хоног яваад ирэхээр бараг өмсөх цэвэр хувцасгүй л болчихсон байдаг юм” гээд хэнэггүйхэн амьдралаа ярьж байсансан. Тэгэхэд санаа зовоод гэр бүлийнх нь хүн яасныг ч асууж чадаагүй өнгөрсөн.
“Олимпод нэг 3-4 хүүхэд орчих байх аа. Зүтгээд л байна даа” гээд хэдхэн хоногийн өмнө ярьж суусан найз минь хүсэл зоригоо гүйцээж, Олимпийн наадамд хүүхдүүдээ хэрхэн тоглохыг харах хувьгүй л байж дээ.
Эндээс очиход нь манайхан л болсон хойно дайлж цайлаад сүйд болоо биз. Сайн явахаар найз нөхөд олон болдог хойно доо. Хүн болгон нь “наашаа” гээд хөл алдаа байлгүй. “Уухгүй гэвэл Чи их зантай болж гээд л уулгадаг монгол зан бий шүү дээ”. Тэгж яваад бие нь муудсан биз гэж бодном. Үгүй ч байж болох.
Боксын төлөө гээд чин сэтгэлээр зүтгэсэн, амьдралаа спортод зориулсан , өөрийгөө золиосолж, амьдралаа “хаяж” байж Монголынхоо нэрийг гаргасан энэ дасгалжуулагчийн эгэл жирийн амьдрал спортод бүх юмаа зориулаад өөрөө хоосон үлдсэн олон арван хүмүүсийн тод жишээ шүү! Гэхдээ хов хоосон биш ээ. Түүнийг дэлхийн аваргын тэмцээнд тамирчнаа мөнгөн медальд хүргэсэн дасгалжуулагч гэдгийг дэлхий мэднэ. Түүнд энэ амьралаа зориулсан бокс нь, спорт нь хэзээд үнэнч үлдэнэ.
Хэн нэгэн шавь чинь олимп, дэлхийн аварга болоод хүслийг чинь гүйцээнээ, Мөөеө минь!
“Хар Мөөеө” хочтой ч цайлган цагаан сэтгэлтэйг чинь аав ээж тань ,анд нөхөд , ахан дүүс чинь мэднээ. Амгалан энхийн оронд тайван нойрс доо, анд минь! Ум ма ни бад ми хум!
Сэтгэлийн зул өргөсөн Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч).