2011-01-10
Мянгад цөөхөн тохиолдох тоглолт буюу медалийн өнгө хувирахад ямар хугацаа хэрэгтэй вэ?

Сан Францискогоос Детройт –Баффало маршрутаар “Дельта” авиакомпанийн “төмөр шувууг” хөлөглөн хоккейн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар зорин байхдаа үнэхээр ийм сенсаац дүүрэн финал болно, ийм содон сонин гоё хоккей үзнэ гэж үнэндээ ч төсөөлж явсангүй ээ. 

 

Америкийн Нью-Йорк мужийн Баффало болон Ниагара Фоллс хотуудад залуучуудын дэлхийн аварга шалгаруулах  шайбтай хоккейн 35 дахь удаагийн тэмцээн болж буйг, уг тэмцээний явцын тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн болохоор хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд руу уншигчдын анхаарлыг хандуулья.

 

Тэмцээн Америкт болов уу? Канадад болов уу?

 

Хэсгийн тоглолтод Шведийн хоккейчдод  буллитаар хожигдсон Канадчууд хагас шигшээд эзэн орны залуустай таарах нь тодорхой болсон билээ. 2005-2009 онд завсаргүй тав дараалан түрүүлж, 1993-1997 онд мөн ийм амжилт үзүүлсэн “ах нарынхаа” рекордыг эвдэхээр завдаж байсан Канадын залуучуудыг өнгөрсөн жил Америкчууд нутаг дээр нь алтан медалийн төлөө тоглолтод нэмэлт цагт 5:6-аар хожин “мөрөөдлийг” нь салхинд хийсгэсэн болохоор “Агч навчны” орныхонд чухам Америкийг л финалд хожин аваргалбал “амттай” байх байсан биз. Гэвч өөрсдөө Шведийн зохион байгуулалт сайтай , тоглолтын сахилга бат өндөр багийг бараагүй болохоор “өст хүн өлийн дөвөөн дээр” гэдэг шиг хагас шигшээд Америктайгаа ахин таарсан нь энэ.

Энэ тоглолт ч Америк , Канадын балиашигуудын “цөсийг” нь хөөргөсөн халуухан юм болох байх гэж бодож байтал ёстой эсрэгээр эргэв. Баффало хотын HBSC  хэмээх аварга ордонд Канад-АНУ-ын тоглолтыг үзэхээр ирсэн 20 000 хүний за бараг 80-90 хувь нь улаан өнгөтэй, агч модны дүрстэй хувцсаар гангарсан Канадчууд , Канадын балиашигууд байсан нь гайхалтай. Тэдний уухайлах, шуугилдах үнэхээр гайхалтай.

Хүний бус өөрийнхөө нутагт тоглож байгаа юм шиг Канадууд ч бүх талаар энэ тоглолтод илүүрхэн 4:1-ээр төвөггүйхэн хожлоо. Хэрэв өмнөх тэмцээний шилдэг хаалгачийн шагналтай АНУ-ын ирээдүйтэй хаалгач Жэк Кэмпбелл Канадын багийн 37 цохилтыг хаагаагүй бол тооны харьцаа  илүү зөрүүтэй байх байсан. Ийнхүү Канадчууд өнгөрсөн жилийнхээ “тооцоог” хийх нь хийлээ. Харин алтын төлөө тэд хэнийг “хожих” бол хэмээн Канадын балиашигууд ярих нь сонсогдоно...

 

Орос  “пацаануудын” онцгой гавьяа

 

Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод “үхлийн хэсэгт” Канад, Чех, ОХУ гээд хоккейн луухгаруудтай багтсан ч нэг хожигдолгүй хэсэгтээ тэргүүлж, хагас шигшээд шууд шалгарсан “Гурван титэмт” Швед , энэ тэмцээнд эхлээд Канад, Шведийн багт хожигдож, ирээдүй нь нилээд бүрхэг болоод байсан ч Норвеги, Чехийн багийг дараалан хожиж плей-оффын эрхээ аваад хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Финландын багт тоглолтын цаг дуусахад 4 минут орчим дутуу байхад 1:3-аар хожигдож яваад 3:3 болгож дөнгөсөн, улмаар нэмэлт цагт хожлын шайб оруулан гайхамшигтай ялалт байгуулсан Оросын залуучууд хоорондоо таарсан.

 

Бараг найдваргүй хожигдож яваад гайхамшигтай ялалтыг байгуулсан Оросын залуучууд эрчиндээ Шведийн эсрэг ч шийдэмгий тоглолоо. Хоёрдугаар үед Оросууд 2:0-ээр хожиж явсан юм уг нь. Үүндээ хэт тайвширсан уу, эсвэл өмнөх өдөр Финландтай хийсэн “тулаан”-аас сэргэлт авч амжаагүй юу бүү мэд төдөлгүй Шведүүд санаачилгыг авч Оросын хаалганд гурван шайб дараалан оруулах нь тэр. Гэвч Оросын залуучууд “Русский характераа” харуулж тоглолтын цаг дуусахаас ердөө 1 минут 27 секунд дутуу байхад тооны харьцааг 3:3 болгож дөнгөлөө.  

Нэмэлт 10 минутад тооны харьцаа дахин өөрчлөгдсөнгүй . Бүх зүйл  хоккейн “пенальти” буюу буллитаар шийдэгдэх боллоо.

Авьяас ур чадвар гэхээсээ илүү азтэй,  одтой нь хождог энэ үед “Хоккейн бурхан” Оросуудыг ивээж, шийдвэрлэх буллитыг Голубев оруулснаар тэд дэлхийн аваргын алтан медалийн төлөө тоглох боллоо.

Энэ дашрамд өгүүлэхэд Швед-ОХУ-ын тоглолтын үеэр HSBC  ордныг дүүргэсэн Канадын балиашигууд Оросын талд балиашигласан билээ. Хоккейн мөсөн дээрхи хамгийн үзүүштэй тоглолт бол Канад-Оросын “тулаан” байдаг болохоор алтын төлөө, аваргын төлөө ийм л “тулаан” үзэхээр ийн Оросуудад “тал зассан” хэрэг, Канадын балиашигууд.

 

Шведүүд медальгүй хоцорсон ч ...

 

Энэ жилийн тэмцээний хүрэл медалийн тоглолтод АНУ-ын хоккейчид Шведийн үе тэнгийнхнийгээ 4:2-оор хожсон. Гэсэн хэдий ч энэ тэмцээний шилдэг багийн нэг нь яах аргагүй “Гурван титэмтнүүд” буюу Шведийн залуучуудын шигшээ баг байсан гэдэгтэй хөгжөөн дэмжигчид, үзэгчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүд бүгд санал нэгтэй байна лээ. Үнэхээр ч Шведийн залуус өндөр зохион байгуулалттай, ухаалаг хоккей тоглож, маш сайхан багийн тоглолт үзүүлсэн нь ийм хүндлэл хүлээсэн хэрэг. Шведийн хаалгач Робин Ланер бол ДАШТ-ий шилдгүүдийн нэг яах аргагүй мөн. Мөн багийн ахлагч Антон Ландер, хамгаалагч Адам Ларссон, довтлогч Габриэль Ландеског нарын нэр тун удахгүй NHL-ийн мөсөн дээр цуурайтах биз ээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн залуучуудын аварга АНУ-ын шигшээ аварга цолоо нутаг дээрээ хамгаалах зорилгоо биелүүлээгүй ч сайхан тоглолоо. Тэд үндсэндээ бол зөвхөн Канадын багт л ганц ялагдсан билээ. Ялангуяа Америкийн хаалгач Жэк Кэмпбелл, довтлогч Жереми Морин, Кайл Палмиери нар урамтай сайхан тоглолтоороо хоккей сонирхогчдын “найз” болсон.

 

            “Таван цагариг” шилдгүүдээс тавыг нь зөв нэрлэв

 

Хүрэл медалийн төлөө тоглолтын үеэр “Баффало-2011” ДАШТ-ийг албан ёсоор сурвалжлах эрх авсан орон орны сэтгүүлчдийн дунд тэмцээний “Бүх оддын” багийг нэрлэх санал асуулга явуулсан юм. Сэтгүүлч тус бүр нэг хаалгач, хоёр хамгаалагч, гурван довтлогч нэрлэх бөгөөд байрлал тус бүр дээр хамгийн олон санал авсан зургаан тоглогч ДАШТ-ий “Бүх Оддын” багт нэрлэгдэх байв. Канад, Орос, Америк, Швед, Швейцарь, Финланд, Чех, Словак, Герман, Норвеги гээд хоккейн том гүрнүүдийн сэтгүүлчдийн дунд Ази тивээс ганцхан Монголоос, “Таван цагариг” сониноо төлөөлөн санал өгөх завшаан олдсон  бөгөөд ДАШТ-ий “Бүх Оддын” багт  хаалгачаар АНУ-ын Ж.Кэмпбелл, хамгаалагчаар Канадын Р.Эллис, Шведийн А.Ларссон, довтлогчоор Канадын Б.Шенн, Р.Жохансон, ОХУ-ын Е.Кузнецов нарын нэрийг дэвшүүллээ.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр “Бүх оддын” багт багтсан тамирчдын нэрсийг зарлахад “Таван цагариг”-ийн нэр дэвшүүлсэн зургаан тоглогчийн тав нь  ДАШТ-ий “All Star Team”-д багтсан бөгөөд харин зөвхөн хамгаалагч А.Ларссоны оронд ОХУ-ын Д. Орлов түүнээс олон санал авчээ.

 

Үргэлжлэл бий

 

 

“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

  Баффало, Нью Йорк

 

           

Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

 

 

он        алт     мөнгө              хүрэл             хаана болсон

1977    ЗХУ    Канада            Чехословак    Банска-Бистрица, Зволен     (Чехословак)

1978    ЗХУ    Швед             Канада            Монреаль, Квебек  (Канад)

1979    ЗХУ    Чехословак    Швед                         Карлстад (Швед)

1980    ЗХУ    Финланд        Швед              Хельсинк (Финланд)

1981    Швед  Финланд        ЗХУ                Аугсбург (ХБНГУ)

1982    Канад  Чехословак    Финланд        Миннеаполис (АНУ)

1983    ЗХУ    Чехословак    Канад              Ленинград (ЗХУ)

1984    ЗХУ    Финланд        Чехословак    Норчёпинг(Швед)

1985    Канад  Чехословак    ЗХУ                Турку , Вантаа (Финланд)

1986    ЗХУ    Канад             АНУ               Хамильтон (Канад)

1987    Финланд ЧехословакШвед             Нитра, Тренчин (Чехословак)

1988    Канад   ЗХУ               Финланд        Москва (ЗХУ)

1989    ЗХУ      Швед            Чехословак    Анкориж (АНУ)

1990    Канад    ЗХУ              Чехословак    Хельсинки, Турку (Финланд)

1991    Канад   ЗХУ             Чехословак    Саскачеван (Канад)

1992    ТУХН  Швед                         АНУ               Фюссен (Герман)

1993    Канад   Швед             Чех                  Евле, Фалун (Швед)

1994    Канад   Швед            ОХУ               Острава, Фридек-Мистек (Чех)

1995    Канад   ОХУ             Швед              Эдмонтон, Калгари (Канад)

1996    Канад   Швед             ОХУ               Бостон (АНУ)

1997    Канад   АНУ             ОХУ               Женев, Морже (Швейцарь)

1998    Финланд ОХУ           Швейцарь      Хельсинк, Хямеэнлинна (Финланд)

1999    ОХУ    Канад             Словак            Виннипег (Канад)

2000    Чех      ОХУ               Канад              Шеллефтео, Умео (Швед)

2001    Чех      Финланд        Канад             Москва, Подольск (ОХУ)

2002    ОХУ    Канад            Финланд        Пардубице (Чех)

2003    ОХУ    Канад            Финланд        Галифакс, Сидней (Канад)

2004    АНУ    Канад            Финланд        Хельсинк, Хямеэнлинна (Финланд)

2005    Канад  ОХУ               Чех                 Грэнд Форкс, (АНУ)

2006    Канад  ОХУ             Финланд        Ванкувер (Канад)

2007    Канад  ОХУ             АНУ               Мора, Лександ (Швед)

2008    Канад  Швед                         ОХУ               Пардубице, Либерец (Чех)

2009    Канад  Швед             ОХУ               Оттава (Канад)

2010    АНУ    Канад             Швед             Режайна, Саскатун (Канад)

2011    ОХУ    Канад             АНУ              Баффало (АНУ)

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 14:38 | Спорт | уншсан: 1531 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)