2007-8-8
Бэрри Бондс бэйсболын түүхийг шинэчиллээ

Бэрри Бондс бэйсболын түүхийг шинэчиллээ

 

Өнгөрөгч мягмар гаригийн орой (2007.08.07) Сан Франциско хотын “AT&T park” цэнгэлдэх хүрээлэнд  болсон мэргэжлийн бэйсболын  “Сан Франциско Жиантс”-“Вашингтон нэшнлз” багуудын тоглолтын үеэр “Жиантс”-ийн Бэрри Бондс 756 дахь хоүм ран (home run буюу бөмбөгийг талбайгаас гартал цохих)-аа хийж MLB-ийн түүхэнд хамгийн олон хоүм ран хийсэн бэйсболч боллоо. Бондс “Нэшнлз”-ийн питчер Майк Бэксикийн шидсэн бөмбөгийг 435 фийт хол цохисон бөгөөд энэ орой “АТ&T park”-д хуран цугласан 41 мянган үзэгчдээс 22 настай Мэтт Мэрфи хэмээх оюутан залууд аз, од гийж , түүхэн бөмбөгийг барьж авчээ. Нью Йорк мужийн Куинз хотоос ирсэн Мэрфи,  Бондсын 756 дахь хоүм ран хийсэн бөмбөгийг хэдэн зуун мянгаар тоологдох долларын хамт “шүүрлээ”. Учир энэ бөмбөг мэргэжилтнүүдийн үзэж буйгаар  хамгийн багаар бодоход л 400-500 000 долларын үнэ хүрэх бөгөөд дуудлага худалдаагаар сая өлхөн давах магадлалтай гэнэ.  

            33 жил ноёрхсон алдарт Хэнк Аароны  755 хоүм ран хийсэн амжилтыг Бондс ийнхүү эвдэв. Энэ түүхэн амжилтад хүрэхийн тулд Бэрри Бондс тамирчны замналынхаа 21 жилийг зарцуулжээ. Энэ өдрүүдэд Бэрри Бондсын зураг сонин сэтгүүлийн нэгдүгээр нүүрэнд заларч,  мэдээлийн бүх л сувгийн гол мэдээ нь Бондсын шинэ амжилт болж, Америк даяар Бондс үндэсний баатар болж байна.

            Эдүгээ 43 настай Бэрри Лэмэр Бондс Кальфорн мужийн Риверсайд уугуул бөгөөд манайхны бөхийн удамтай гэдэг шиг Бондс ёстой л бэйсболын удамтай  аж. Түүний эцэг Бобби Бондс цагтаа мэргэжлийн бэйсболч  байсан төдийгүй “Бүх оддын” тоглолтод оролцож явсан нэгэн. Тиймээс ч дотны найз, бэйсболын “Алдрын танхимын” гишүүн цуут тоглогч Вилли Мэйсийг хүүгийнхээ “Загалмайлсан эцэг” болгосон байна. Бондсын бас нэг үеэл Режжи Жэксон мөн мэргэжлийн бэйсболч бөгөөд “Алдрын танхим”-д нэр нь мөнхөрсөн тоглогч гэнэ. Тиймээс ч Бэрри хар нялхаасаа л бэйсболоор “амьсгалж” эхэлжээ. Сан Матеогийн дунд сургуулийн багт тоглож байхдаа Бэрри мэргэжилтнүүдийн “овоо хараанд” өртсөн бөгөөд 1982 онд “Жиантс” түүнийг драфтаар сонгон гэрээ байгуулах гэсэн боловч  тохиролцоонд хүрээгүй байна. Бондс Аризоны их сургуулийн багт тоглох болж, улмаар тус сургуулийг 1986 онд криминиластикийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсмөгц MLB-ийн  “Питтсбург пиратс” багтай гэрээ байгуулж, мэргэжлийн тамирчны гараагаа эхэлжээ. 1993 онд Бондсын “Пиратс”-тай байгуулсан гэрээ дуусаж чөлөөт агент болмогц нь эртнээс багтаа авахыг хүсч байсан “Жиантс” 43,7 сая долларын гэрээ байгуулан өөрийн болгож санасандаа хүрчээ. Бэрри Бондс 2006 он гэхэд  21 жилд нийтдээ 172 сая долларын цалин авсан нь мэргэжлийн бэйсболын түүхэнд хамгийн өндөр цалин авсан тамирчин болов. Энэ жил тэрбээр “Жиантс”-тай дахин нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд шагнал урамшууллыг тооцохгүйгээр 15,8 сая “ногооны” цалин авах аж. Хоүм раны “хаан” хэмээн нэрлэгдэх болсон Бондс  цалин пүнлүүгээрээ төдийгүй мэргэжлийн бэйсболд олон арван дээд амжилтыг тогтоосон. Тухайлбал нэг тоглолтын улиралд хамгийн олон буюу 73 хоүм ран хийсэн, MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хамгийн олон удаа(7 удаа) шалгарсан, 13 удаа “Бүх оддын” тоглолтод оролцсон, 8 удаа “Алтан бээлий” шагнал хүртсэн гээд олныг тоочиж болох.

            Бэрри түүхэн хоүм ран хийсний дараа тоглолт 10 –аад минут завсарлаж,ёслолын буудлага тэнгэрт харваж, Бондсын эхнэр Элизабет Ватсон, охин Айша, анхны эхнэр Сан Бондсоос төрсөн хүү Николай(Тэрбээр “Сан Франциско Жиантс”-ын batboy буюу тоглогчдын цохиур, хувцас хэрэглэлийг зөөж, цэвэрлэдэг алба хашдаг гэнэ), “Загалмайлсан эцэг” Мэйс, багийнхан нь, балиашигууд нь, ер нь бүгд л баяр хүргэсэн. Бэйсболын тухай өгүүлбэл  Бондсыг дурьдаж, хоүм раныг Бондстой холбоо үг шиг хэрэглэх боллоо.

            Хэрэв та Сан Франциско хотноо албан ажлаар, эсвэл амин хувиараа ирвэл Бэрри Бондсын түүхэн хоүм ранааа хийсэн “AT&T park”-д орж үзээд,болж өгвөл бэйсболын домог болсон Бондсын тоглолтыг “амьдаар” нь хараад, үгүй ядахдаа жуулчдын цугладаг “Фишермэн”-д очин, лааны тосон музейд буй Бэрри Бондсын барималтай “патиараа” татуулаад авахад гэмгүй шүү!

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 03:51 | | уншсан: 1403 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 08:59, 2010-11-1 | Холбоос | |


Бичсэн: Зочин цаг: 05:33, 2010-2-2 | Холбоос | |


Сэтгэгдэл
Дунд сургуульд байхдаа бэйсболоор хичээллэе гэж боддог
байж билээ.Харамсалтай нь манай Эрдэнэтэд хараахан
тийм клуб нээгдээгүй л дээ.Бусад төрөлөөр бол сонголт сайн
байсан ч миний сонирхолийг татаагүй.Бэйсбол гоё шүү,сүртэй...
Бичсэн: Uchiral83 цаг: 04:49, 2007-8-8 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant