2010-12-3
Давхар баярын “даншиг”-ийн даруухан тэмдэглэл

Өнгөрөгч долоо хоногт Америкт аж төрж буй Монголчуудын маань хувьд давхар, давхар баяр тохиож , амралтын өдрүүд   үргэлжилсэн билээ. Тусгаар Монгол Улсын маань  тунхагласан өдөр, амьдарч буй Америк орны Талархлын баярыг элэг нэгтнүүд маань өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Америкийн баруун эргийн Бэй Аэриагийн Монголчууд маань баярын энэ өдрүүдийг өнгөрсөн жилээс эхлэн өвөрмөц тэмдэглэдэг уламжлалтай болсон.  Спортын талбайд, эрүүл агаарт , бүүр тодруулбал хөлбөмбөгийн ногоон талбайд нөхөрсөг уулзалт тоглолт хийх энэ сайхан уламжлалыг Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо, “Таван цагариг” баг анхлан санаачилж, жилийн өмнө хоорондоо халз тоглолт хийж байсан нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн бололтой.

Байнга зохиогддог хөлбөмбөгийн уралдаан тэмцээнд тогтмол оролцож чаддаггүй ч жилдээ ганц удаа боловч багаараа жигдэрсэн хувцсаар гангарч, зориулалтын талбайд, мэргэжлийн шүүгчээр шүүлгэсэн шиг тоглоод авахыг хүсэхгүй хэн байх билээ.

Тэгээд ч Бэй Аэриагийн гурван удаагийн аварга “Таван цагариг” багтай Монголчуудын Холбооны “дарга” нарын баг тун сонирхолтой тоглосон болохоор цөөнгүй хүний “гижгийг”  хүргэсэн байх. Ямар ч байсан энэ жил нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох хүсэлтээ Кальфорнийн Монгол Шагайн Товчоо, Бэй Аэриагийн Монголчуудын Волейболын Холбоо зэрэг байгууллагууд гаргав. Мэдээж БАМХ-ныхон “БАМКА” багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь “жилийн бэлтгэлтэй” гаргах нь тодорхой байсан.  Харин “Таван цагариг” баг энэ удаа бусад хөлбөмбөгчдөдөө боломж олгосноор БАМХЗ-ийнхөн 40-өөс дээш насны ахмадын багаа тоглуулах шийдвэр гаргажээ.

Нэгэнт хоёр багийн нөхөрсөг уулзалт тоглолтоос “цар хүрээ” нь хальж тэмцээн шинжтэй болсон тул зохион байгуулагчид “Спорт-Эв нэгдэл” бүх нийтийн өдөрлөг болгон өргөжүүллээ. Өдөрлөгийн хөтөлбөрт энэ удаа  хөлбөмбөгийн уулзалт тоглолтоос гадна монгол шагайн харваа багтав.

Нар ээсэн намрын сайхан өдөр Данвиль хотын “Афин”  сургуулийн хөлбөмбөгийн талбайд “Спорт-Эв нэгдэл” өдөрлөгт оролцох баг, тамирчид, хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирсэн үзэгчид бэлэн цугласан байлаа. Хөлбөмбөгийн тэмцээнд оролцох дөрвөн баг бүгд л бие биеэнтэйгээ тоглох хүсэлтэй байсан ч нэгд цаг хугацаа, хоёрт тоглогчдын чадал тэнхээнээс шалтгаалаад тойргоор тоглох боломжгүй тул оноолтоор хоёр хоёроороо халз үзээд хожсон хоёр нь тэргүүн байрын төлөө, хожигдсон хоёр нь бас гурвын төлөө тоглох болов. Олон улсын жишгээр бол ур чадвар чансаа өндөр багууд нь сулхан багуудтайгаа таардаг эрэмбэтэй бол  нэгэнт нөхөрсөг уулзалт тоглолт тул хөлбөмбөгийнхөн волейболынхныг шууд “амлан авч”, Монголчуудын холбоо, Шагайн товчооны багуудыг хооронд нь “тунааснаар” улам ч сонирхолтой болов.

Эхний тоглолтод БАМХЗ-ийн “Бэй Аэриагийн шонхорууд” ахмадын баг , Волейболын “Жигүүр” багууд талбайд гарлаа. Хэдийгээр Волейболын холбооны баг боловч бүрэлдэхүүний 99 хувь нь (Волейболын холбооны тэргүүн Санжааг эс тооцвол) хөлбөмбөгийн залуус ажээ. 

Гэхдээ нэгэнт л багадаа лагерь дээр “төмсдөх” , харилцах зэрэг “волейболын төрлөөр” хичээллэж байгаагүй хүн ховор болохоор Волейболын багт багтах бүрэн эрхтэй гэж Санжаа дарга тайлбарлав. 

Хөлбөмбөгийн “Шонхруудыг” волейболын “Жигүүр” хурдаар илүүрхэн 3:0-ээр буулган авлаа.

            Дараа нь хамгийн сонирхолтой болсон( болох нь ч тодорхой байсан), хамгийн олон хүний хүсэн хүлээсэн, бас хамгийн олон тоглогч “хамарсан” тоглолт БАМХ-ны “БАМКА”  КМШТ-ны “Монгол шагай” багуудын хооронд болов. Өнгөрсөн жил хар хөх өмсгөлөөр ижилссэн “БАМКА” –ийнхан энэ удаа цагаан хувцсандаа “салхи оруулсан” бол  шагайн мэргэчүүд дэлхийн аварга Испанийн улаан хувцсаар жигдэрчээ.

Бараг Америк хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнтэй шагайчдын дунд ч бас шагайн харвааны зурхай дээр огт үзэгдэж байгаагүй боловч “дөрвөн бэрх булаацалдах”, “бөгцөг няслах”, “морь уралдуулах”, “алаг мэлхий” наадах гэх мэт шагайн “олон төрөлтөөр” хичээллэж байсан бололтой ганц нэг хүмүүс ч байсныг гярхай үзэгчид хэлж байлаа.

Нэгэнт уралдаан тэмцээн биш, уулзалт тоглолт болохоор багийн бүрэлдэхүүний талаар хэн хэн нь “өргөх бичиг” барьсангүй, тайван амгалан байцгаалаа.

Жилийн өмнө нэг тоглолт хийсэн “БАМКА” туршлага заан тоглолтын эхний үед 3:1-ээр шагайчдыг хошуучилж явсан ч тоглолтын төгсгөлд дэндүү тайвширсны улмаас уг нь өөрсдөө ноднин жил хийж байсан шүүгчдийн анхаарлыг сулруулж байгаад хэд хэдэн тоглогч илүү талбайд гаргадаг “дархан мэхэндээ” өөрсдөө унаж, өрсөлдөгчийнхөө тактик, мэхийг сайтар судалсан шагайчид цаг дуусахаас өмнө тооны харьцааг 3:3 болгон тэнцүүлэв.

Ингээд үндсэн цагтаа хайнцсан хоёр багийн ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад “Монгол шагай” багийнхан “байндаа” олон онож аргагүй мэргэчүүд гэдгээ нотолсон . Харин “БАМКА” багийн нэгэн тоглогч (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нууцлав) 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэхдээ тавьсан бөмбөгийг онолгүй зөрж, олон жил үзэгдээгүй ховор элемент үзүүлж үзэгчдийг хөгжөөсөн юм.

Дараа нь “Шонхрууд” –“БАМКА” багууд хоорондоо “тайвшрах” тоглолт хийж, ахмад хөлбөмбөгчдийн баг ажил хэрэгч , олон нийтийн зүтгэлтнүүдийн багийг хожив.

Харин өдөрлөгийн тэргүүн байрын төлөө “Жигүүр”-“Монгол шагай” багууд жигдрэн гарч ирсэн ч “БАМКА”-тай тоглохдоо “бяраа” дуусаж, хамаг байдгаа гаргасан шагайчид өрсөлдөгчдөө янз янзын “мэх” хийсэн ч барсангүй ээ.

Хэдийгээр энэ өдөр “Жигүүр” багийн залуус тэргүүлсэн ч бүх багийг түрүүлсэн гэхэд буруудахгүй байх. Бүх цаг заваа бусдын сайн сайхны төлөө зориулж, хүний газар яваа элэг нэгтнүүдийнхээ жаргал зовлонг хуваалцаж, алба, амины олон ажлыг нуруундаа үүрч явдаг Монголчуудын холбооныхон спортын талбарт ч хамт байгаад нь, үндэснийхээ спортыг залуу хойч үеийнхэндээ зааж сургаж байдаг шагайн мэргэчүүд маань хуруугаа бус хөлөөрөө ч “мэргэн” гэдгээ нотолсон нь бас нэгэн ялалт билээ.

Хөлбөмбөгийн тэмцээний дараа БАМХ, БАМХЗ, БАМВХ-ны багууд монгол шагайн төрөлд онч мэргээ сорьсон. Гурван багийн дөрөв дөрвөн гишүүн тус бүр дөрөв дөрвөн сум тавихад хөлбөмбөгчид болон волейболчид адилхан оноотой болсон тул “дүүжин” харваагаар ялагчийг тодрууллаа.Энэ удаа ч бас л волейболын багийнхан  шийдвэрлэх тун цэцэн байж нэг удаа хасааг оносон тул тэргүүн байрыг эзэлж, энэ өдөрлөгийн хоёр “наадмыг” хоюуланг нь волейболчид авлаа. Гэхдээ волейболын багийн нилээд “дээгүүр” албан тушаалтай нэгэн хашлаган дээр тавьсан сумаа харвах гээд зөрсөн нь бас л нэг ховор тохиолдох “онц сонин” үзэгдэл хэмээн шагайчид өөрсдийн “Гиннесийн номондоо” оруулна гэцгээж байсныг дуулгая.

 

            Ийнхүү Монгол Улс тунхагласны баярт зориулсан , бас Америкийн Талархлын баярын өдөр  болсон Бэй Аэриагийн Монголчуудын “Спорт-Эв нэгдэл” өдөрлөг даншиг наадам шиг сайхан болж өнгөрлөө. Хөлбөмбөгийн дэлхийн аварга Испанийн улаан өмсгөлтэй “Монгол шагай” , дэлхийн дэд аварга Холландын үүлэн цэнхэр өнгийн хувцастай “Бэй Аэриагийн Шонхрууд”, Монгол ард олныхоо сэтгэлийн өнгө- сүүн цагаан хувцастай “БАМКА”, “Жигүүр” багуудыг ижил өнгийн дээлээр гоёсон гурван сумын наадамчид шиг байсан болохоор, хурсан олонд хоол ундаар үйлчилсэн “Хоюулаа хүү” компанийн дугуй хуушуур, монгол аарц наадмын “амттай” байсан болохоор, шагайн зурхай дээр эгшиглэх уухай уртын дууны “аятай” байсан болохор нэгэн бэсрэг наадам болсон гэхэд хилсдэхгүй ээ.

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:28 | | уншсан: 603 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant