2010-1-1
Америкаар аялахуй- Олныг “соронздох” ОРЛАНДО

 

Эрхэм уншигч Таныг энэ удаа Америкийн зүүн эрэгт орших Флорида мужийн томоохон хот Орландод урьж байна. 

Орландо хотын үндэс суурь тэртээх 1875 оноос тавигдаж, 1885 онд хотын статустай болсон боловч цэцэглэн хөгжиж, мандан бадарсан түүх нь тун саяхнаас эхэлдэг ажээ. 1965 онд нэрт продюсер, зураач, алдарт “Уолт Дисней” компанийг үүсгэн байгуулагч Уолт Дисней Орландод 24,3 мянган гектар (60 мянган акр) газрыг нэг акрыг нь 100 ам. доллараар худалдан авч, “Disney World” –ын шавыг тавьсан нь Орландо хотын нэр алдрыг тун удалгүй Америк төдийгүй дэлхий даяар цуурайтуулах эхлэл нь болжээ.

 У.Дисней энэ хотыг тохиолдлоор сонгоогүй нь лавтай. Тэрбээр Майами, Тампа гээд Флорида мужийн бусад томоохон хотуудад өөрийн эзэмшил газартай байсан хэдий ч эдгээр хотуудад Атлантын далайн аюулт далайн хар шуурга байнга болж байдаг тул эх газрын гүнд, тэгсэн мөртлөө халуун орны чийглэг, дулаахан уур амьсгал зонхилох Орландод хөрөнгө оруулалтаа хийхээр шийдсэн гэдэг.

Орландо  цаг агаарын үндсэн хоёр улиралтай. 6-9 сард халууны буюу борооны улирал үргэлжлэх бөгөөд энэ үед цаг агаарын дундаж температур цельсийн 33 градус байх агаад 10-5 сард үргэлжилдэг хуурай улиралд дунджаар 28 градус дулаан байдаг гэнэ. Ер нь Орландод фаренгейтийн 72 буюу цельсийн 22 градусаас доош дулаантай байх үе байдаггүй. Танд зөвлөхөд Орландог зорихоор шийдвэл хуурай улиралд очвол зүгээр юм билээ. Миний хувьд аравдугаар сарын эхээр очсон бөгөөд нар хур жигдэрсэн, ёстой л амарч, зугаалахад хамгийн тохиромжтой үе байсан.

Орландо бол олны хөл огтхон ч тасардаггүй, жуулчдыг соронзон мэт  татаж, даллан, дуудаж байдаг хот юм билээ. Жилдээ 50 сая жуулчин Орландод хөл тавьдаг гээд л бод доо. Зочид буудлын өрөөний тоогоор Америктаа зөвхөн Лас Вегасын л дараа ордог бөгөөд хурал, зөвлөгөөн, семинар зохиогдох тоогоороо “толгой цохидог” аж. 200 000 кв.м талбай бүхий Orange County Convention Center нь Нэгдсэн Улсдаа талбайн хэмжээгээрээ зөвхөн Чикагогийн McCormick Place – ийн л дараа орох цогцолбор бөгөөд энд өдөр алгасахгүй хурал, зөвлөгөөн, уулзалт, семинар болж, үзэсгэлэн, шоу зохиогдож байдаг юм билээ.

Яг Орландо хот 220 000 хүн амтай гэх боловч дагавар хотууд, дүүрэг, ойр орчмоо оруулбал 2 сая гаран болоод явчихдаг ажээ. Хүн амын тэн хагасаас илүү нь цагаан арьснууд боловч куба, пуэрто-рико гаралтай латин америкууд бараг 400 000 хүрдэг бөгөөд Америктаа хамгийн нөлөөтэй латин америкууд чухам энэ хавьд амьдардаг гэнэ. Мөн нэг сонирхолтой зүйл өгүүлбэл Орландогоос 10 –аадхан километр зайд Eatonville  хэмээх жижигхэн хот бий. Энэ жижиг хот АНУ-ын анхны дан хар арьстан оршин суугчидтай хэмээн бүртгэгдэн түүхэнд үлдсэн хот юм байна лээ.

За Орландо хотын тухай бяцхан оршилоо дуусгаад аян замдаа орьё.  Орландогийн Олон улсын нисэх буудал хотынхоо төвөөс холгүй, ердөө 6 миль зайтай оршино. Гэхдээ та хотын төвд яаран буудаллах гэсний хэрэггүй. Учир нь Орландогийн даунтаун нь үзэж, харах юмаар гойд зүйл ховортой, нөгөө явуулын хүмүүс, жуулчдын гол очих газар, үзэх харах юмнаас зайтай.

Тэгээд хаана очих вэ гэж үү? Хотоос баруун зүгт орших International Drive  гээд жуулчдын бүс болсон 14 миль урттай дүүрэг ч гэх юм уу, эсвэл урт зам ч гэх юм уу газар бий. Заримдаа товчлоод I drive  ч гэх юм билээ. Энэ дүүрэгт л өнөөх үзэх, харах гол гол юмнууд чинь бий. 100 гаран hotel, motel, otel –уудаас дуртайгаа сонгоод тухалж аваарай. Эргэн тойронд чинь мөн л 150 гаруй зоогийн газар, ресторан байгаа болохоор унтах, идэх “асуудал” тань шийдвэрлэгдлээ. Одоо үзэж, харах буюу хамгийн гол юм руугаа орьё.

I drive  хавьд буухын бас нэг давуу тал бол гол гол үзэх үзвэр, тоглох газар руу заавал машин түрээслэх, эсвэл такси хөлслөхгүйгээр хүрчих боломжтой юм. Энэ нь 20 минут тутам наашаа, цаашаа хөлхөж байдаг I Ride  хэмээх жуулчдад зориулсан автобус. Нэг удаа суухад 1.25 доллар боловч долоо хоногийн  pass нь ердөө 10 доллар бөгөөд хичнээн удаа ч бууж, суусан болдог тул тээврийн энэ хэрэгслийг ашиглах нь хамгийн тохиромжтой санагдсан.

I drive –ийг дагаад SeaWorld Orlando , Aquatica Sea World’s Water Park, Wet’n Wild, Universal Studios Florida, CityWalk, the Islands of Adventure theme park, Orange County Convention Center, Believe it or Not museum, Wonder Works, Titanic –The Experience, Pirate’s Dinner Adventure бүгд оршино. Мөн алжаалаа тайлах гольф тоглох газар, нисдэг тэргээр аялах тур, тэр ч бүү хэл хаана ч явсан шоппинг хийж явдаг хүүхнүүдэд зориулсан 485 брэндийн нэрийн дэлгүүртэй гурван ч outlet mall  энд бий.

Диснейлэндийн зургаан парк болон даунтаун Диснейлэнд руу ч шууд очих автобус, унаа бишгүй бий. Нэг юм хэлэхэд энэ бүгдийг үзэхэд багагүй цаг хугуцаа шаардагдах юм билээ. Бүх паркийг тухтай үзэхэд л лав долоо хоног багадах юм билээ. Тэгэхээр ажуу тайван үзэж, харж, тоглож наадах төлөвлөгөөтэй бол өдөр хоногоо сайн тооцоолоорой гэх гээд байна.

За ингээд санамж, зөвлөгөөгөө дуусгаад аялалаа эхлэе. Мэдээж хамгийн түрүүн зорих газар бол Диснейуорлд буюу Диснейн Ертөнц.

Манай гаригийн хамгийн том, бас хамгийн олон хүн очдог газар бол яах аргагүй Орландо хооос баруун урд зүгт, 21 миль зайд орших Диснейуорлд авай. Энд 1971 онд нээгдсэн Disney’s MAGIC KINGDOM, 1982 онд үүдээ нээсэн  EPCOT, 1989 онд өрхөө татсан Disney’s HOLLYWOOD STUDIOS, 1998 оноос зочдоо анх хүлээн авсан Disney’s ANIMAL KINGDOM  гээд дөрвөн том парк, мөн Typhoon Lagoon, Blizzard Beach нэртэй хоёр усан парк, Hilton, Royol Plaza  гэх мэт 24 томоохон зочид буудал, хэдэн арван амралт, сувиллын газрууд, Спорт комплекс, Хуримын ордон, Хотын төв гээд ёстой л нэг үлгэрийн орон. Диснейуорлдын “нутаг” дэвсгэрийн хэмжээг барагцаалбал Сан Франциско хоттой, эсвэл Нью Йорк хот залрах Манхэттан арлыг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэхээр гээд бод доо.

Дэлхийн хамгийн олон зочин ирдэг парк, амралтын газрын жагсаалтыг Magic Kingdom буюу Ид шидийн Вант улс тэргүүлдэг бөгөөд зөвхөн 2007 онд гэхэд л энэ паркыг 17 сая хүн үзсэн гэнэ. Мөн эхний аравт жилдээ 10 сая хүн хүрэлцэн ирдэг EPCOT  , 9,5 сая зочин цугладаг Disney’s Hollywood studios, 9,4 сая жуулчин очдог Animal Kingdom гээд Диснейуорлдын паркууд 6-8 байрт бичигддэг юм байна.

Эдгээр паркыг тааваараа , аажуухан яваад , тоглоом бүрт нь тоглоод, үзэж харах юмыг нь үзээд явбал өдөрт зөвхөн арай гэж нэг паркыг нь л үзэж амжих юм билээ. Харин зарим нэг юмыг нь “илгасаад”, нилээд яаруухан өглөөнөөс үдэш болтол явахад чүү чамай хоёр паркыг хагас дутуу үзэж чадна. Зөвхөн Диснейуорлдын “нутаг” дэвгэрээс гаралгүй дөрвөн парк, хоёр усан паркыг тухтай үзэхэд зургаа хоног элбэг орохоор байгаа биз. Хуримын ордон, Спорт цогцолбор, дэлгүүр хоршоо гээд өчнөөн олон саатах газрыг оруулалгүйгээр шүү дээ.

Бага насны хүүхэдтэй хүмүүс бол хамгийн эхлээд Magic Kingdom-д зочлоорой! “Хүүхэд насанд хүргэж өгдөг

            Галт тэрэг хэрвээ байдаг бол

            Хүн бүхэн сууна даа гэж

            Хааяа би боддог юм” гээд дуулдаг. Тэгвэл эргээд хүүхэд насандаа очих бас нэг зам бол Magic Kingdom-д очих. Энэ “Үлгэрийн оронд” та бүхэн “Цасанхан ба долойн одой”-той уулзаж, Аладдины шидэт хивсэн дээр суугаад “нисч”, Гоо үзэсгэлэнт гүнжийн шилтгээнд зочилж, Мики хулганатай тоглож, Дональд нугастай хамт завиар далайд аялаж, Карибын тэнгисийн дээрэмчидтэй нүүр учирч, аварга том анаконда могой, аймшигт матар, заан, хирс гээд араатан, жигүүртнүүд алхам тутам дайралдах халуун орны ой шугуйгаар усан онгоцоор зорчиж, хадан хавцал дундуур хурдан галт тэргээр давхиж, хүсвэл сансрын хөлгийг жолоодож, морь хөллөсөн сүйхэнд суусан ч болно. Мөн АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоноос эхлээд одоогийн ерөнхийлөгч Барак Обама гээд бүх л ерөнхийлөгчтэй “танилцаж”, үлгэрийн бүх л баатруудтай найзалсанч болно. Энд ёстой л “Хүүхдийн төлөө ЗА” гэж ингэж хэлдэг юм гэдгийг мэдэрнэ дээ. Энэ паркийн хамгийн үзүүштэй үзвэр бол төв гудамжинд болдог парад. Хүүхэд багачууд та бүхэн эчнээ танил үлгэрийн баатруудаа энд “амьдаар” нь харж, хамтдаа дуулж, бүжиглэж , зураг хөргөө татуулах боломж ховорхон боломж олдоно доо.  “Ид шидийн Вант” улсад хүүхэд багачууд мөрөөдлийн баатруудтайгаа уулзаж, томчууд хүүхэд насандаа эргэн очино гэдгийг хэлье.

За дараа нь бүгдээрээ хамтдаа EPCOT  паркт зочлоё. EPCOT гэдэг нэр нь  Experimental Prototype Community of Tomorrow  гэсэн үгийн товчлол.  Энэ паркт зочилсноор шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшилттэй танилцаж, ирээдүйн ертөнцөд айлчилж, сансар огторгуйгаар аялах болно. Мөн Та хэдхэн цагийн дотор Мексик, Норвеги, Хятад, Герман, Итали, Япон, Марокко, Франц, Их Британи, Канад, АНУ гээд л таван тивийн орнуудад “очиж”, тансаг сайхан үндэснийх нь хоолыг зооглох боломжтой. Ацтекийн пирамидын хажууд “патиараа” татуулж, бүүр дээр нь ч гарч, викингүүдийн завиар адал явдалтай аялаж, аймшигт Маэльстрём эргүүлгийг амжилттай гэтлэн, Эйффелийн цамхагыг сонирхож, эртний герман тосгонд саатаж, эрдэнэсийн цамхаг пагода, Ромын цуут Треви усан оргилуур, Баварийн цагийг сонирхоорой!

Мөн сансрын хөлөгт суун эх дэлхийгээсээ тасран огторгуйн уудмаар   Ангараг гариг руу аялахдаа зүгээр ч нэг суугаад явалгүй багийн дарга, нисэгч, инженер, эсвэл зүг чиг заагчийн аль нэгнийх нь үүргийг гүйцэтгэх болно. Сансрын нисэгч чинь тусгай бэлтгэгдсэн хүмүүс байдаг биз дээ гэж та гайхаж магадгүй. Тэгвэл огтхон ч сандрах хэрэггүй ээ. Танай экипажийг сансарт нисэхээс чинь өмнө тусгай бэлтгэл хийлгэж, үүрэг даалгавар өгнө. Дэлхийн таталтаас гарах, жингүйдэх, Ангараг дээр газардахад үүсэх доргилт энэ бүгдийг та жинхэнээр нь мэдэрнэ гээд нэг бод доо. 

Энэ ч бас юу ч биш. Эх дэлхийгээ, цэнхэрхэн гаригаа  огторгуйн уудмаас харах хичнээн гоё гээч.

За тэгээд зөвхөн ирээдүй рүү, сансар огторгуйгаар аялаад байхгүй ээ. Өнгөрсөн үе рүүгээ, бүүр тодруулбал үлэг гүрвэлийн эрин үед ч таныг аваачина. 45 минутын турш аварга том динозавруудаас айж эмээж явна гэдэг ч бас амаргүй юм билээ.

Бас авто уралдааны машиныг анхны туршилтад оруулах үүрэг ч бас танд ноогдоно. Та жолоогоо бариад асар хурдтай давхиж , огцом тоормос гишгэж,хажуугаас чинь дайрах ачааны том тэргээс бултаж, тэсгим хүйтнийг чичрэлгүй гарч, төөнөсөн гал дундуур ч нүд чавчилгүй туулж гарч чадах болов уу?

Алдарт Golden Gate Bridge дээгүүр нисч , “Немог эрэн” далайн гүнд хийх аялал ч бас бий шүү.

EPCOT –оор  хийх Эх дэлхийнхээ үүх, түүхийг үзэж, мэдэх аялал чинь   үнэхээр гоё, бас гайхамшигтай ёслолын буудлага, эгшиглэнт хөгжмийн аянд цацрах усан оргилуурын бүжгээр өндөрлөвөл ямар вэ?

Одоо Disney’s Hollywood Studios  руу явцгаая. Нэрнээсээ л энэ паркт юу үзэж, харах нь ойлгомжтой байгаа биз дээ. Тийм ээ, энд та бүхэн Холливуудын кино ертөнцөөр аялах болно.  Та эчнээ танил Индиана Жонстойгоо Египет, Перу гээд орноор адал явдлаар дүүрэн аялаж, “Оддын дайнд” оролцож, Сүүлт одтой нүүр тулж, Сансрын жуулчин болж, Холливуудын кинон дээр гардаг машины мөргөлдөөн, мотоциклээр шилэн цонхыг хага мөргөн гарч, дүрэлзсэн гал дунд орох залууг сэтгэл догдлон харж, “Гоо үзэсгэлэнт охин,  Араатан “ хоёрын хайрын дуулалд уярч, “Аймшгийн цамхагт” амь наана, там цаана орилолдож, Диснейн баатрууд, үзэсгэлэнт гүнжүүдтэй танилцан, Мэри Поппинс, Тарзан нартай найзалж, хайрын домог алдарт Касабланкад очиж, нээрээ л юм юм үзнэ дээ, энд.

Адал явдал дүүрэн аялалаа одоо “Амьтны Вант Улс” буюу Animal Kingdom-д үргэлжлүүлье.  Хааш хаашаагаа хоёр километр квадрат нутаг дэвсгэр бүхий “Амьтдын Вант Улс” нь талбайн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том паркт тооцогддог юм билээ. Энд та бүхэн амьтдын ертөнцөөр , амьд байгаль дундуур янз бүрээр , тухайлбал явганаар, галт тэргээр, автомашинаар аялах болно.

Гэрийн тэжээмэл амьтдаас эхлээд араатны хаан арслан хүртэлх олон зуун ан амьтан, араатан, жигүүртэн бүгд бий. Гэхдээ энэ бол торон доторх амьтдыг гаднаас нь хардаг зоо парк биш шүү.

Африкийн Саваннад ил задгай жийп машин хөлөглөн анааш, заан, хирс, арслан, бар, аймшигт матар, эрээн тахь, элдэв сармагчингууд гээд эсэн жорын амьтдыг “унаган нутагтаа” тааваараа билчэж явахтай дайралдах төдийгүй хулгайн анчидтай буудалцан хөөцөлдөн, гэмт хэргийг нь таслан зогсооно. Мөн онгон зэлүүд нутгаар орон нутгийн галт тэргээр явж, ой мод, гол горхийг хоёр “зээрдээрээ” туулж, агуйд хоргодож, Азийн Кали голын түргэн урсгалд завиар хөвөх болно.

Хамгийн сэтгэл хөдлөм үе бол “Дэлхийн дээвэрт” гарах. Олон мянган уулчдын мөрөөдөл болсон Эверест дээр Та өөрийн биеэр гарна гээд төсөөлөөд үз дээ. Зүгээр нэг явахгүй ээ, зам зуурт чинь бас “Цасны хүн”, “Ейти ” гэх мэтээр нэрлэдэг, манайхаар бол Алмастай тааралдах авай.

За ингээд “Дэлхийн зулай” дээр гишгэж хийморь лундаагаа сэргээсэн бол Динозаврын эринд тавтай морилоно уу! 60-70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэмж биетнүүдийн “зууш” болчихолгүй дундуур нь туулж гарах ч тун амаргүй даваа юм билээ. Тэдэнд “идүүлчихэлгүй” гараад ирвэл тун ч найрсаг, өвсөн тэжээлт динозаврууд таныг угтах болно.

“Амьтдын ертөнцөөс” гарахын өмнө “The Tree of Life” буюу “Амьдралын модны” өмнө зургаа заавал даруулаарай!  145 фийт өндөр аварга том энэхүү мод “Амьтдын Вант Улсад” зочилсон алтан дурсамжийг тань үеийн үед сануулж байх буй заа.

Диснейн ертөнцөөр хийх бидний аялал дуусах болоогүй шүү. Энд бас Blizzard Beach, Typhoon Lagoon гээд хоёр ч усан парк бий. Бас л өөр өөрийн өнгө төрхтэй, өвөрмөц сонин парк даа.  Зулай төөнөсөн халуун нар, аагим халуунд хүн ер нь хамгийн түрүүнд юу хүсдэг бол? Мэдээж цас, мөс болов уу. Тэгвэл халуун наранд далайн эрэг дээр биеээ шарах, нэвсийсэн цасан дээгүүр уулын орой руу дүүжин шатаар гараад эргээд “чаргаар” буухыг Blizzard Beach –д л зөвхөн хослуулж болно. Наахантай нь  наранд шарж хэвтээд л, цаахантай нь цэвцийсэн цастай уулнаас “цана , чаргаар” буугаад л. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй ээ. Энэ дэлхийд элдэв сонин юм зөндөө их байдаг ч “Цасаар шуурсан наран шарлагын газрыг” Та урьд өмнө нь үзсэн үү?



Typhoon Lagoon  буюу “Хар салхитай давст нууранд” ч бас та уйдахгүй ээ. Далайн гүнд шумбаад далайн ёроолын нууц амьдралыг нэг удаа ч болов үзчих юмсан гэж боддог хүн олон байдаг байх. Тэгвэл энэ паркт тэр мөрөөдөл чинь биелэнэ. Усанд шумбах бүх хувцас хэрэгсэл өмсөөд, хөлгүй усны гүнд шумбаад далайн ёроолын сая сая загас, жараахай, ургамал, амьтан, тэр ч бүү хэл аварга махчин загастай ч зөрөн явна. Хэзээ живсэн нь үл мэдэгдэх хөлөг онгоцны сэгийг харах болно.

Далайн ёроолоос гарч ирээд , тухтай нь  аргагүй сэлж байхад чинь догшин хар шуурга нөмрөн авбал Та яах вэ? Шуурга намдсаны дараа тэртээх уулын орой дээр далайн шуурганд шидэгдээд оччихсон хөлөг онгоц, эвдэрч сүйрсэн хаусыг харахад сүрдмээр.

Ийнхүү Диснейн Ертөнцөөр хийх аялалаа өндөрлөе. Энд бас нэг зүйлийг сануулахад  нэг паркын  тасалбарын үнэ (10 наснаас дээш хүүхэд том хүний билет авна) дунджаар 80 ам.доллар орчим байдаг бөгөөд багацаар нь хэд хэдэн паркыг тасалбарыг нэг дор авах, нэг өдөрт хоёр парк үзэх, Диснейн зочид буудалд буусан, Орландод оршин суудаг бол гэх мэт янз бүрийн хямдралууд их байдаг тул хэд хонох, хэдэн парк үзэхээ эхлээд сайн тоцоолоод аль оновчтойг нь сонгоорой!

Диснейн  Ертөнцийг орхиод одоо Universal Studios Florida, Islands of Adventure паркуудыг зорьё. Флоридагийн “Universal Studios” бол Холливудын ижил нэртэй парктайгаа ижил бүтэц, зохион байгуулалттай. Гэхдээ яг бас 100 хувь хуулбар биш. Хэмжээ, тоглоом, үзэх үзвэр нь арай л бага .

 “Америкаар аялахуй” буланд өмнө нь Холливудын Universal Studios-ийн тухай дэлгэрэнгүй өгүүлж байсан тул энэ удаа тун товч өгүүлэе. Мэдээж “ Revenge of Mummy”, “Jaws”, гэх мэт Universal Studios-ийн алдартай кинонуудаар хийсэн адал явдалт аялалууд бий. Бас хэн бүхний мэдэх Men in Black, The Blue Man group, хүүхэд багачуудын хайртай “Shrek” , “Симпсоныхон” –оор сэдэвлэн бүтээсэн хөгжилтэй тоглоом, үзвэр байгаа. Мөн та Америкийн зүүн эрэгт орших Нью Йорк хотоос баруун эргийн Сан Франциско руу “явган алхаад” ч орчихож болно.

Харин Холливудын Universal Studios-ийн нэрийн хуудас болсон Studio Tour  энд байдаггүй юм билээ. Гэхдээ Та Холливудын өргөн чөлөөгөөр алхаж оддын нэр сийлээстэй таван хошууг харах боломжтой.

Universal Studios-оос хэдхэн алхамын зайд Islands of Adventure  буюу “Адал явдлын арал” таныг угтах болно. Энд Та бүхэн толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийхээр, хамаг дотор эрхтэний байрлал солигдож, ходоод гэдэс эргүүлчихмээр “галзуу” тоглоомуудаар зугаацаж, “Хүн аалз”-тай хамт өндөр өндөр байшингуудын оройг дамнан “дүүлж”, Jurassic Park буюу Юрийн галавын цэцэрлэгт зочилж, сарьсан багваахайтай цуг нисч,  усан хүрхнээнээс унаж, уур хилэнтэй Лусын савдагтай уулзаж, догшин ширүүн Лууны “нуруун” дээр ч мордож болох юм.

Өдөржин аль нэг паркад алжааж ядартлаа тоглож, зугаацсан бол оройн хоолоо хаана зооглохоо бодох хэрэгтэй. Танд  түргэн хоолны газраас эхлээд тансаг ресторан хүртэл олон янзын сонголт байгаа. Гэвч нэгэнт л юм үзэж, нүд тайлах гэж яваа болохоор оройн хоолоо зооглох зуураа шоу тоглолт үзчихдэг Dinner theater (Dinner and show) –т очихыг санал болгоё. Орландод ийм шоу олон , тэр тусмаа I Drive орчимд дөрвөн ч ийм газар бий.  Полинезийн бүжгийн гайхамшгийг үзэнгээ оройн хоолоо зооглоё гэвэл Sea World  дахь Makahiki Luau-г, хөгжилтэй илбэ харсан шиг бор ходоодоо баярлуулая гэвэл Outta Control Magic Comedy Dinner Show-г, адал явдал, детектив зохиолын баатруудтай хамт зоог бхрья гэвэл Sleuths Mystery dinner show-г сонгож болох юм билээ. Миний хувьд Pirate’s dinner adventure болон Arabian nighs-ийг тодорхой учир шалтгааны улмаас сонгосон. Тодруулбал Эхнийх нь шоуд монгол охин оролцон тоглодог болохоор , хоёр дахийг нь моринд хайртай монгол хүний зангаар онцолсон хэрэг.

Pirate’s dinner adventure-д бол ойлгомжтой. Далайн дээрэмчдийн алт, эрдэнэсийн төлөөх амь өрссөн тулааныг сонирхож, дээрэмчдийн аль нэг бүлэглэлийн гишүүн болж, цалгилах давалгаа, хавиралдах сэлэмний чимээн доор оройн хоолоо зооглож, шар айраг, эсвэл улаан, цагаан дарс шимсэн шиг суух болно. Хэрэв далайн дээрэмчдийн нүдэнд “дориухан шиг” харагдах аваас  таныг эр, эм, хөгшин залуу, хүүхэд гэж ялгалгүй шоундаа оролцуулж, тус дэмийг чинь авах юм билээ.

Харин I Drive –ээс нэг их холгүй орших Palace of Horses –д Arabian Nigths dinner-д очсоноор морин дээрх дэлхийн хамгийн том шоуг сонирхож болно. Янз бүрийн үүлдэр, угсааны 60 гаруй “Морьтны гайхамшиг” бүтэн хоёр цаг шахам үргэлжилнэ. Морин дэл дээр хийсч өссөн монгол хүнд үнэхээр хийморьтой, бахдам санагдана гэдгийг батлан хэлье. Та энд оройн зоог барих ялдамд Гоо үзэсгэлэнт гүнжийн төрсөн өдөрт уригдаж, алдарт Вальтер Фарлейн домогт “Хар азарга”-ыг харах болно. Мөн хайрын дуулийг сонирхож, араб морьд унасан дайчид,  андалуз хүлэглэсэн цэргүүд, Ромын легион, Америкийн ковбойн морин дээр үзүүлэх ур чадвар, гайхамшгийг бишрэх нь лавтай. 



Dinner show-уудад 3 –аас доош насны хүүхэд үнэгүй, 3-11 насныхан 30-40 орчим, түүнээс дээш бүх насныхан 50-60 долларын тасалбараар орох бөгөөд хоол унд, (ундаа, шар айраг, улаан, цагаан дарсыг та хүссэн хэмжээгээрээ зооглож болох бөгөөд ёстой нөгөө рекламанд гардаг шиг “Ам цангав” гээд л хэлэхэд болно) багтсан байдаг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Орландод бас нэг заавал үзэх зүйлийн нэг бол Wonder Works. Өнөөх л I drive  дагуу байдаг энэ газар очоод  5,3 баллын гөзөр хөдлөлтийг биеэрээ мэдэрч, 3500 ширхэг хадаасан дээр нуруугаараа хэвтэж, F 14 байлдааны онгоц, Дисковери сансрын олон дахин ашиглах хөлгийг жолоодох зүрх, зориг чинь хүрэхгүй бол хорвоо дээр хэд байдгийг бүү мэд, харин Америкт бол ердөө хоёрхон ширхэг байдаг дээврээрээ уруугаа харсан байшингийнх нь гадаа патиараа татуулчихад л болно.

 За тэгээд алдарт “Титаник”-ийн тавцан дээр гарч , уг аварга том усан онгоцын сүйрлийн “гол буруутан” болсон мөсөн уулын мөсөнд гараа хүргэн мэдэрч, “Титаник”-ийн бодит эд, өлгийн зүйл үзэж, сонирхож, ахмадынх нь залуурыг мушгиж, аялан зорчигчдынх нь  тийзийг дурсгал болгон үлдээхгүйгээр Орландогоос буцвал хожим харамсана шүү!

Бүтэн долоо хоногийн турш өглөөний нарнаас үдшийн бүрэнхий (харанхуй гэвэл илүү онох байх) болтол хөлөө цуцтал явж, нүдээ чилтэл харснаасаа Та бүхэнтэй товчхон хуваалцахад ийм буюу.

Цаг хугацаанд хавчигдаад Sea World  парк, Aquatica Sea World Water Park  , Wet N wild Water Park усан паркуудын тухай хэдэн мөр хэлхэж чадаагүйдээ бас хүлцэл өчмү.

Эцэст нь бас нэгэн зүйлийг хэлэхэд энд, Орландод 30 орчим эх орон нэгт монголчууд, элэг нэгт ахан дүүс маань эвтэй найртай амьдардаг гэсэн. Тэдний заримтай нь уулзаж, ярилцсан. Манайхан хүний газар цоглог, золбоолог явна лээ.  Sea World болон Pirate’s dinner adventure  шоунуудад уран нугараач монгол охид Хонгороо, Отгоо нар маань гол үзүүлбэрт тоглож, Монголынхоо нэрийг гаргаж явааг, Япон рестораны ахлах тогооч Аарий маань ур чадвараараа гайхуулж, бас Орландогийн бүх ресторануудын ажилчдын дунд явагдсан одон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарсныг сонсож суухад хичнээн сайхан бахархалтай байсан гээч. Хонгороо маань дараа нь Нью Йоркийн алдарт Бродвейд уригдан тоглосон анхны монгол жүжигчин болсныг бас энэ дашрамд дуулгахгүй өнгөрч боломгүй ээ.

Ай Орландо, Орландо. Хүмүүсийг чи яагаад “соронзон” мэт татан , даллан дуудаж байдгийг би мэдлээ.

 

 

“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

2008 оны 10 дугаар сарын 1-8. Орландо хот, Флорида муж.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:52 | Америкаар аялахуй | уншсан: 1311 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Их сонин байна
Гэрэлмаагаас еерийн чинь тухай сонсоод Америкаар аяласан нь нийтлэлийг уншлаа. Их сониолтой байлаа. Бур очиж узэх юм сан ч гэж санагдлаа. Надад бас ганц нэг бичсэн юм байдаг юм. Туунийгээ чам руу яаж явуулах бэ? баярлах
Бичсэн: Mark & Zulaa (зочин) цаг: 08:33, 2012-1-8 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant