2009-10-03
Америк ангайж, Япон ярвайж, Испани исгэрч, БРАЗИЛ баярлаж байна
Өнөөдөр (10.02.2009) манай гариг тэр аяараа Данийн Копенгаген хот руу "чихээ дэлдийлгэж, нүдээ билчээж" буй.

Учир нь энд болж буй Олон Улсын Олимпийн Хорооны 121 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2016 онд болох зуны Олимпийн XXXI наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах юм. 


2016 оны олимпийг өөрийн хотод зохион байгуулахаар анх долоон хот нэрээ дэвшүүлснээс жилийн өмнө Катарын Доха, Чехийн Прага, Азербайжаны Баку хотууд шалгаруулалтаас хасагдаж, Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Японы Токио, Испанийн Мадрид хотууд шигшигдэн үлдсэн билээ. Шөвгийн дөрвөн хотоос Чикаго, Рио де Жанейро хоёрын аль нэг нь ялах байх гэсэн таамаглал их байлаа. 2008 оны оны олимп БНХАУ-ын Бээжинд буюу Азид болсон болохоор Токио, 2012 оны олимп Английн Лондонд буюу Европт болох болохоор Мадрид хотууд нэг тивд дараалан хоёр олимп зохиогдохгүй гэсэн "бичигдээгүй хуулиар" шаанс бага мэт олон хүнд бодогдож байсан биз ээ. Гэхдээ эцсийн шийдийг өргөн барьж буй төсөл, нэр дэвшигч хотуудын танилцуулга, ОУОХ-ны тусгай комиссын үнэлгээ гээд олон зүйл, бас ОУОХ-ы эрхэм гишүүдийн эцсийн мөчид өгөх нууц санал гээд олон зүйл шийддэг болохоор хот болгон горьдлого тээсээр.
 
Нэр дэвшигч хотуудыг төлөөлж хамгийн алдар цуутай болгон хүрэлцэн иржээ. Хот болгон 45 минутын хугацаатай танилцуулга хийх ёстой. Хамгийн эхлээд Чикаго танилцуулгаа хийв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, ТВ-ийн од Опра Уйнфри нарын алдартнууд Америкийн зүг олны анхаарлыг "татахаар" иржээ. ОУОХ-ны вэб сайт чуулганыг шууд дамжуулж, мөн ОУОХ-ны чуулганд оролцож буй зургаан монголын хоёр төлөөлөгчтэй (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МССХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар) мэссенжерээр харилцаж байсан тул үйл явдлын өрнөлийн мэдээллийг бараг "амьдаар нь" авч байлаа. Чикаго хотын танилцуулга уг нь тун давгүй болсон. Харин "нүүр царайгаа" буруу сонгосон болов уу гэж бодогдлоо. Уг нь Обама боломжийг сайн ашигласан бол ч ... Ирак, Афганд цэрэг оруулах гэж байгаа биш эрдүү түрэмгий зангаа татаж, бас "Их найм"-ын уулзалтад оролцох гэж буй биш эхнэртэйгээ "нялуурахгүй" байсан бол арай өөр ч байх байсан юм бил үү. Ядаж байхад дээр нь Опраг дагуулдаг нь юу вэ дээ. Олимп олимпоороо, Опра ТВ-дээ л байвал барав. Аугаа Майкл Жорданы хот "Нисдэг хүн"-ээ аваад очсон бол хавьгүй дээр байсан байх даа.
 
Дараа нь Токио танилцуулгаа хийлээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпийн аварга домогт жүдоч Ясухиро Ямасита, Ерөнхий сайд Юкио Хатояма тэргүүтэй япончуудын гол давуу тал нь эдийн засгийн чадавхи, мөн олимпийн барилга байгууламж, тосгоны нягтшал зэрэг байлаа.
 
Харин Бразилийн нүүр царай нь мэдээжийн хэрэг хөлбөмбөгийн хаан Пеле байлаа. Ерөнхийлөгч Лула да Сильва нь бас иржээ. Тэдний танилцуулгын найруулга үнэхээр гайхамшигтай болсон. Хамгийн сүүлд Испанийн Мадрид танилцуулгаа хийлээ. Хаан Хуан Карлосын "бараа бологчдоор" алдарт хөлбөмбөгчин Рауль, ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч нар дагалдав. Ялангуяа олон жил "Олимп" хэмээх их айлыг тэргүүлсэн, хашир дипломатчийн хэлсэн үг олон гишүүнийг "юм бодоход" хүргэсэн болов уу.
 
Ингээд нэр дэвшигч хотуудын танилцуулга дуусч , түр завсарласны дараа санал хураалт буюу шийдвэрлэх мөч боллоо. Эхний үе. Чикаго 18, Токио 22, Рио де Жанейро 26, Мадрид 28 санал авчээ. Ингээд Чикаго "bye! bye!" боллоо.
 
Хоёрдугаар үе. Токиогийн төлөө 20, Мадридын төлөө 29, Рио де Жанейрогийн төлөө 46 ОУОХ-ны гишүүн саналаа өгчээ. Эхний даваанд бүдэрсэндээ ангайж, гайхаж хоцорсон Америкчуудыг дэмжиж байсан гишүүд хоёрдугаар үед ихэнх нь саналаа Риод өгөх шинжтэй байна гэж манай хоёр Отгоо "тагнуулын" мэдээ хүргэсэн нь ийн батлагдав. Ингээд Токио тахимаа өгч, Мадрид, Рио де Жанейро хотууд "үзүүр, түрүүнд" шалгаран үлдлээ. 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге дугтуйнаас задлан зарлах тэр мөчийг Бразил, Испани орон даяар төдийгүй, дэлхий нийтээрээ "амьсгал даран" хүлээж байлаа. Алтан мөч ч ирлээ. Данийн залуу тамирчин охин хүндэтгэлийн царан дээр дугтуйг тавиад "Олимпийн босс"-д аваачин өглөө. Рогге 2016 оны олимпийг зохион байгуулах хот РИО ДЕ ЖАНЕЙРО хэмээн зарлалаа. Рио сүүлчийн давааны санал хураалтад Мадридыг 66:32 буюу хол давуу саналаар ялжээ. Ийнхүү Өмнөд Америк тивд анх удаагаа Олимпийн бамбар бадамлан асах боллоо.
 
Дашрамд дурьдахад 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Бразилд болох бөгөөд спортын хамгийн том, хамгийн гол хоёр үйл явдал болох Олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр жилийн завсартай зохион явуулж байсан цорын ганц орон нь АНУ бөгөөд 1994 онд хөлбөмөгийн ДАШТ, 1996 онд Атлантын олимп Америкт болж байлаа.
 
Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:07 | Спорт | уншсан: 733 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Баахан дэлхийн аврага болоод өнгөрөх чи хаагуур байв даа, ажлаа хийхгүй Түвшээ! ;-)
Бичсэн: Blessing Tara цаг: 01:24, 2009-10-07 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: xvv цаг: 09:12, 2009-10-04 | Холбоос | |


Deerh zochintoi sanal neg bna. Orosuud Hague hotiig odoo hurtel Gaaga gedeg shd ярзайтал инээх
Aa bas japan nernuudiig galiglah huuchnii zarchimaa barimtaldag. Sh gehiig zaaval S gedeg. sumo deer haraarai.
Mexict iim yum bolson. Bob Beamon harailtad zuunii recordoo hiisen shd.
Manai ornii huvid Monhbat avarga mongo avch Damdinsharav hurel avluu?
Latin America gevel ene tednii 2 dahi naadam ni.
Zgr omnod america gevel anhniih n bh aa
thnks
Бичсэн: Gishuut цаг: 08:06, 2009-10-04 | Холбоос | |


Японы алдарт жүдочны нэрийг оросууд л Ямасита гэж буруу бичдэг шиг санагдах юм. Бид уг нь тэдэн шиг хазгай хэлтэй биш юм чинь, Ямашита Ясүхиро гэж зөв бичиж байвал яасан юм бэ?

Бас, Мексикт 1968 онд зуны олимп болчоод, 1970 онд хөлбөмбөгийн ДАШТ болж байсан биш билүү?
Бичсэн: Зочин цаг: 23:37, 2009-10-03 | Холбоос | |





:-)