2011-7-19
Японы хөлбөмбөгчин бүсгүйчүүд ард түмэндээ итгэлийн Нарыг авчирлаа

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон бүсгүйчүүдийн гайхамшигт ялалтаар өндөрлөлөө. Хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хүтүүг ханатлаа амссан ард түмнийхээ сэтгэлд гэрэл гэгээ авчрах гэсэн чин хүсэл , мятрашгүй зүтгэл, цуцашгүй хөдөлмөр,нугарашгүй сэтгэлийн хат нь тэдэнд дэлхийн аварга цол, Японы ард түмэнд итгэлийн гэрэлт Нарыг авчирлаа.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаа дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр тоглолт болгон нь үзүүштэй, сонирхолтой болж өнгөрсөн. Мэдээж дэлхийн аварга цолын төлөө гол өрсөлдөгчдийн тоонд сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн Германы шигшээ, бас дэлхийн хошой аварга АНУ, дэлхийн аварга Норвеги, бас дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч “юбкатай Пеле” хочтой Марта тэргүүтэй , дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразил, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт шаргал үст Шведийн бүсгүйчүүд орж байлаа.

Гэвч талбайн эзэн Германы бүсгүйчүүд шөвгийн наймд Японы багт 0:1-ээр хожигдон тэмцээнээ дуусгасан бол Бразилийн бүсгүйчүүд мөн энэ шатанд АНУ-ын шигшээд торгуулийн цохилтоор дийлдэн дэлхийн аварга болох хүслээ дахин дөрвөн жил л лав хав дарах хэрэгтэй болсон билээ. Харин Норвегичүүд хэсгээсээ ч шалгарч чадаагүй юм.

Энэ ДАШТ-ий нэгэн нээлт нь Франц бүсгүйчүүд  байлаа. Тэдний уран гоё тоглолт, довтолгооны хувилбарууд олон мянган үзэгчдийг өөртөө татсан. 1980-аад оны дундуур хөлбөмбөгийн ертөнцөд мандаж байсан Платини, Жиресс, Тигана, Фернандес гээд аугаа хагасхамгаалагчидтай Францын шигшээгийн тоглолтыг Бомпастор, Абилай, Несиб, Буссалиа нарын гайхалтай “полуудтай” өнөө цагийн нутаг нэгт бүсгүйчүүд нь өөрийн эрхгүй дахин санагдуулж байлаа.

Английн бүсгүйчүүд ч энэ ДАШТ-д сайн тоглосон. Шөвгийн наймд тэд “мөнхийн дайсан” Францтайгаа таараад торгуулийн цохилтоор дийлдсэн билээ. “Хөлбөмбөгийн эх орны” эрчүүд нь ДАШТ-д нэг ч удаа!!!  торгуулийн цохилтоор ялж үзээгүй “уламжлалыг” хүүхнүүд нь давтсан хэрэг. Гэхдээ англи бүсгүйчүүд толгой дээгүүр , нүүр бардам харих эрхтэй. Учир нь тэд энэ ДАШТ-д Францын бүсгүйчүүдэд лтоглолтын дараахь  торгуулийн цохилтоор хожигдсоныг эс тооцвол нэг ч тоглолтод хожигдоогүй бөгөөд шинэ дэлхийн аварга Японыг  “өвдөг шороодуулсан” цорын ганц баг нь Англи.

ДАШТ-д урьдчилсан тэмцээнээс шалгаран оролцсон 16 багаас ганц ч оноо авч чадаагүй хоёрхон баг байсан нь Канад,Экваторын   Гвиней. Гэхдээ Канад гэхэд л талбайн эзэн Германы багт 1:2, Нигерид 0:1 , Харин Гвиней Норвегид 0:1, Австралид 2:3-аар хожигдсон. Тэгэхээр энэ нь ДАШТ-д оролцсон багууд тун жигдхэн, тэр тусмаа өрсөлдөөн тун их байсныг нотлож байгаа билээ.

Ер нь эмэгтэй хөлбөмбөг маш хурдтай, маш жигдхэн хөгжиж буйг “Герман-2011” ДАШТ харуулсан. Ур чадвар нь өндөр болж, үзүүштэй тоглож байгаа болохоор үзэгчдийн тоо ч өсч байна. Энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрийг дунджаар 26 500 үзэгч үзсэн тооцоо гарч байна. Муугүй сонсогдож байгаа биз. Германы  ARD,  ZDF, АНУ-ын  ESPN, Европын орнуудадын  EURO SPORT, Канадын  CBC, Их Британийн  BBC , Арабын AL JAZEERA гээд л олон зуун нэртэй ТВ сувгууд бүх тоглолтыг шууд дамжуулсан болохоор нилээд олон сая хүн бас цэнхэр дэлгэцээр үзсэн байх.

За тэгээд шөвгийн наймын тоглолтууд гал маналзсан тоглолтууд болсон. Дөрвөн тоглолтоос нэг нь л үндсэн цагт ялагч тодорч , нэг нь  нэмэлт цагт, үлдсэн хоёр нь үндсэн болон нэмэлт цагт тэнцээд ялагч торгуулийн цохилтоор тодорсон гээд бод л доо.

Тэмцээний ямархуу сонирхолтой, ямархуу өрсөлдөөнтэй болсныг тодотгох гээд нилээд нуршлаа. Ийм тэмцээний аваргын төлөө шалгараад үлдэж  байгаа багууд тэгэхээр ямар байх вэ, тоглолт нь ямар болох вэ гэдгийг л хэлэх гээд тойруулаад байгаа царай нь.

Америк хүүхнүүд дэлхийн хошой аварга боловч 1999 оноос хойш 12 жил аваргын цомыг эх орондоо авчраагүй байгаа болохоор улс орон даяараа ялалт хүлээж буй нь алхам бүрт, хаа сайгүй, бүх хүрээнд мэдрэгдэж байв.  Афганистан, Иракт алба хааж буй цэргийн албан хаагчид тоглолтыг шууд үзэж буйг харуулаад л, Ерөнхийлөгч Барак Обама нь хүртэл хувийн  twitter-тээ шигшээ багтаа амжилт хүсэн мессаж үлдээгээд л, том том хотуудын төв талбайд асар том дэлгэцүүд байрлуулж, ард түмэндээ шууд үзүүлээд л...

Нью Йоркийн алдарт  Empire State Building  цамхаг шигшээ тоглолтод үлдсэн АНУ, Японы төрийн далбааны өнгөөр гурав хоногийн турш гэрэлтсэн, маргааш (07.1Cool аварга болсон багийн төрийн далбааны өнгөөр гэрэлтэх юм гэсэн. Америкийн спортын ертөнцийн оны шилдгүүдэд дээд шагнал олгодог ESPY award  гээд мундаг ёслолын ажиллагаа өнгөрсөн лхагва гаригт Лос Анжелест болсон. Оны шилдэг номинацид Бразилийн багтай хийсэн тоглолтыг нь шууд тодруулаад эчнээгээр шагналыг нь олгож байна лээ. Энэ бүгдээс харахад энэ ням гаригийг Америк орон тэр чигээрээ хүлээж, тэр тусмаа зөвхөн ялалт хүлээж байсан нь тодорхой .

Тэгвэл Япончууд? Наран ургах зүгийн орны бүсгүйчүүд ДАШТ-д нэг удаа шөвгийн наймд үлдсэн даруухан амжилттай. Тэдэнд Америкийн бүсгүйчүүдээс давуу тал юу байв аа?

Дундаж өндөр нь 160 см гаруйхан шавилхан биетэй, ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа өрсөлдөгчийнхөө хаана ч хүрэхгүй, хоорондын тоглолтын харьцаагаар АНУ-ын бүсгүйчүүдтэй 25 удаа тоглохдоо ганц ч ялж байгаагүй Япон бүсгүйчүүдийн давуу тал нь ердөө л зүрх сэтгэлээ энэ тоглолтод бүрэн зориулсан нь.

Газар хөдлөлт, цунами гээд байгалийн гамшигт нэрвэгдээд удаагүй, гашуудал зовлонгийн нулимс нь хатаагүй, нүүрэн дэх гуниг нь  хэвээр байгаа ард түмэнд энэ ялалт юунаас ч илүү чухал , ямарч тусламж хандиваас илүү үнэтэй гэдгийг хөлбөмбөгчин бүсгүйчүүд нь зүрх сэтгэлээсээ ойлгосон нь тэднийг гайхамшигт ялалтад хүргэлээ. 

Япон –АНУ   2:2 (0:0, 1:1, 1:1) т.ц – 3:1

Гоол: Морган, 69 (0:1), Мияма, 81 (1:1). Вамбах, 104 (1:2). Сава, 117 (2:2).

 

                Тоглолт Америк бүсгүйчүүдийн илт давамгайллаар эхэлсэн. Хурдхан гоол оруулж давуу байдал олж авах тактик баримталж буй нь илэрхий. Эхний 13 минутад гэхэд л хаалга руу хэд хэдэн удаа цохиж гоол оруулчихаар хоёр ч боломжийг тэд алдсан. Нуруурхаг тоглогчид олонтой болохоор алсын хөөргөсөн дамжуулалт олныг хийж, 180 см өндөр Вамбахаараа мөргүүлэхээр хичээж байв. Япончууд ч эхний хэдэн минутад багагүй сандарч, өөрийн “нэрийн хуудас” болсон ойрын дамжуулалтаа ч олигтой хийж чадалгүй, бөмбөг эзэмшилт муу, анхны дамжуулалтад  олон алдаа гаргаж байлаа. Гэвч эхний үед гоол алдалгүй дуусгасан нь тэдэнд маш том амжилт болсон. Хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Америкийн хамгийн залуу тоглогч Морган сөрөг довтолгоог амжилттай төгсгөж, тооны харьцааг 1:0 болголоо. Цаг өнгөрч ялалт америкчуудад ирэхэд ойртсоор. Гэвч япон бүсгүйчүүд амархан бууж өгөх шинжгүй ээ. Тоглолт дуусахаас 9-хөн минутын өмнө Америкийн хамгаалагчдын алдааг Мияма тун соргог ашиглан тоог тэнцүүллээ.

                Нэмэлт цагт янки хүүхнүүд бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй боллоо. Энэ өдөр Америкийн баг үнэхээр гайхалтай тоглосон л доо,  уг нь. Тэдний довтолгоо унэхээр хурдтай, хүчтэй, аюултай болсоор байв. Нэмэлт цагийн эхний үе дуусахаас өмнөхөн Морганы дамжуулалтаар Вамбах “trademark” болсон мөргөлтөөрөө тооны харьцааг 2:1 болголоо. Гэхдээ энэ нь ялалт ирлээ гэсэн үг биш ээ. “Самурайн” ёсоор Япон бүсгүйчүүд  эцсээ хүртэл тэмцэх нь гарцаагүй. Нэмэлт цаг дуусахаас 3-хан минутын өмнө булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Японы багийн ахлагч Хомаре Сава гайхалтай нэмж тоог тэнцүүлсэн.

                Америкчуудад дахин тоогоо ахиулах хугацаа үлдсэнгүй ээ. Одоо 11 метрийн торгуулийн цохилтоор дэлхийн аварга цол хэнд очих вэ гэдэг шийдэгдэнэ. Торгуулийн цохилт хоёр багт адилхан боломж олгодог, нэг ёсны сугалаа билээ. Бас энд цохилт гүйцэтгэх тоглогчдын сэтгэл зүй маш чухал үүрэгтэй. Ялангуяа хожиж явсан багийн тоглогчид илүү нервтэж, алдах нь их байдаг бол хожигдож явсан багийнхан алдах юм байхгүй гэсэн шиг сайн байдаг нь олонтаа харагддаг.

                Ингээд торгуулийн цохилт гүйцэтгэхэд Америкчууд эхний гурван цохилтынхоо хоёрыг хаалгаж, нэгийг нь гадуур цохисноор хувь заяа нь бараг тодорхой болсон. Шийдвэрлэх цохилтыг Японы хамгаалагч 20 настай Саки Кумагай тун ч итгэлтэй тайван цохисноор Ази тивээс анх удаа дэлхийн аварга тодорлоо. Биеийн хүчээр нэгийг ялюу, Сэтгэлийн хатаар мянгыг ялюу гэдэг юутай үнэн.  Дашрамд дурьдахад Японы эмэгтэй шигшээ багийн хоч нэр “Надешико Япон”  бөгөөд энэ үгийн ханз нь “Далавчаа дэлгэн дэлхийг эзлэх Япон” гэсэн утга илэрхийлдэг аж. Үнэхээр ч тэд дэлхийг “эзэллээ”. Утга учиртай, бэлгэ дэмбэрэлтэй, бас том зорилготой нэрийг тэд зүгээр ч нэг сонгоод авчихсангүй ээ.

“Герман-2011” ДАШТ-ий шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”, шилдэг довтлогчийн “Алтан шаахай” шагналуудыг Японы багийн ахлагч Хомаре Сава хүртсэн. Таван удаа ДАШТ-д оролцож буй Сава анх 16 настайдаа 1995 оны дэлхийн АШТ-д оролцож АНУ-ын багтай тоглоход АНУ-ын өдгөөгийн дасгалжуулагч Пиа Сундхэйж тоглож байсан гэдэг. 

ДАШТ-ий шилдэг хаалгачаар АНУ-ын Хопе Соло шалгарч “Алтан бээлий” шагналыг хүртсэн бол шилдэг залуу тоглогчийн шагналыг Австралийн 16 настай довтлогч Кэйтлин Фоорд авлаа. “Fair play” буюу цэвэр, шударга тоглолттой багаар мөн Японы бүсгүйчүүд шалгарчээ.

 

Ийнхүү гайхалтай, гайхамшигтай нэгэн дэлхийн аварга түүх болон үлдлээ. Дөрвөн жилийн дараа “Агч навчны орон” Канадад ахин шинэ түүх бичигдэнээ.

 

Ц.Энхтүвшин( “Таван цагариг”)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 03:38 | | уншсан: 770 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant