2011-7-5
Гурван Бразил, нэг Монголтой өдөр буюу адьяа гаригийн тэмдэглэл

2011 оны долдугаар сарын 3. Бидний амьдралаас улиран одох олон олон өдрийн л нэг. Амралтын өдөр, бүтэн сайн, ням гариг эсвэл адьяа гариг гээд алинаар нь ч нэрлэж болох энэ өдөр ажилтай өдрөөс ч эрт бослоо. Манай гаригийн хамгийн эртний , бас хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “Уимблдон-2011”  эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Сербийн Новак Жокович , Испанийн Рафаэль Надаль нарын “дуэлийг” Америкийн NBC  телевиз өглөө 6 цагаас шууд дамжуулах байсан болохоор тэр.  Өнөө цагийн хоёр шилдэг тоглогчийн тоглолтыг , тэгээд бүүр Уимблдоны финалд өрсөлдөхийг нь харах боломжийг алдаж болохгүй биз дээ.  Хэдийгээр жилд теннисийн дөрвөн гол тэмцээн болдог ч “Уимблдон”-нь хамгийн нэр хүндтэй бөгөөд хүссэн аавын хүү болгон түрүүлээд байдаг тэмцээн биш ээ. Надаль “Их дуулгын” 10 түрүүтэй ч, үүнээс хоёр нь л Уимблдоных. Харин Жокович “Их дуулгын” хоёр түрүүтэй ч Уимблдонд өнгөлж үзээгүй нэгэн.  

                Наадамд түрүүлэх бөхийн өнгө өөр байдаг шиг Жокович ч энэ жил үнэхээр сайн байгаа. Түрүүлсэн түрүүлээгүй маргаашаас эхлээд чансаагаараа дэлхийд тэргүүлэх нь тодорхой байсан юм. Алдарт Рафаэль Надаль ч мөчөөгөө згээр өгөхгүй нь ойлгомжтой. Сайхан ч тоглолт болсон, серб залуу ч эхнээсээ давуу байдал авч олдсон боломжийг алдалгүй ашиглан Уимблдонд анх удаагаа түрүүллээ. Түүний зүүнээс баруун тал руу хийх цохилт, бас нууц эргүүлэгтэй цохилт, байрлалын маневр, хөдөлгөөн, хамгаалалт үнэхээр гайхалтай юм. За тэгээд энэ тоглолтыг үзсэн хүн бишгүй олон байгаа, үзээгүй нэг нь интернетээс ч харчихаж болохоор олон юм нуршаад яахав.

                Харин нэгэнт ам нээсэн болохоор Уимблдоны тухай хэдэн зүйл өгүүлэе. 1877 оноос эхлэн зохиогдсон энэхүү тэмцээн эрхэмсэг англи маягийн олон уламжлалтай. Тухайлбал Уимблдонд тоглогч зөвхөн цагаан өнгийн л хувцас өмсөх хатуу жаягтай. Мөн эмэгтэй тоглогчдыг мисс эсвэл миссис л гэж дууддаг бол эрэгтэйчүүдийг зөвхөн нэрээр нь дуудах жишээтэй. Мөнгөн шагнал нь ч өндөр. Жокович түрүүлээд 1.1 сая фунт стерлинг , Надаль үзүүрлээд 650 мянга халаасалж байгаа бол Уимблдонд ганц “давсан” теннисчин л   11 500 фунт авдаг гээд бод доо.

За ингээд Жоковичийг цомоо авч байх үед өглөөний 9 цаг болсон тул сувгаа ESPN  дээр таарууллаа. Германд болж буй “гэзэгтэй” хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод “манай” Бразилийн бүсгүйчүүд Норвегийн хүүхнүүдтэй өрсөлдөх юм. Хүүхнүүдийн дэлхийн аварга үнэхээр гоё болж байгаа. Уран гоё тоглолт, өндөр техникийг та тоглолт болгоноос харж болно. Норвеги хүүхнүүд хөлбөмбөгөөр дэлхийд аваргалж, олимпод түрүүлж байсан одтой он жилүүд бий. Тэгэхээр басаж болохгүй өрсөлдөгч. Харин манай Бразилийн бүсгүйчүүд  олимпод ч , дэлхийн аваргад ч түрүүлж үзээгүй байгаа. Энэ жил “Самба Хатан хаад” маань түрүүлэх байх гээд дээлийнх нь захыг мушгиж суугаа юм. Талбайн эзэн, сүүлийн хоёр дэлхийн аваргад  дараалан түрүүлээд байгаа Герман, хэзээний хүчтэй Америк, Швед , адтай Япон хүүхнүүд гээд гол өрсөлдөгч бий. Гэхдээ манайд “юбкатай Пеле” гэгддэг Марта байгаа. Таван жил дараалан дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналыг хүртсэн Марта маань энэ өдөр Норвегийн хаалганд хоёр ч гайхамшигтай гоол оруулсан. Бас нэг гоолын янзтай паас хаяснаар Бразил хүүхнүүд маань Сканпинавын хойгийн шаргал үст бүсгүйчүүлийг 3:0-ээр бут ниргэн хөлбөмбөгийн хичээл заалаа.

Энэ тоглолт  11 цагийн үед дууссан. Одоо нэг цагийн дараа буюу их үдэд Бразилийн шигшээ баг Өмнөд Америкийн  аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Венесуэлтэй хийх юм. Тоглолтыг Мексикийн  Univision  ТВ бас л шууд дамжуулан үзүүлнэ. Энэ хөөрхий мексикүүдийг манайхан “халтарууд”, “казакууд”  энэ тэр гээд л байдаг. Болиорой. Хөөрхий манай “амигос” нар байхгүй бол хөлбөмбөгийн олон тоглолтыг үзэж чадахгүй шүү. Америкууд шиг өөрсдийнхөө л оролцох эсвэл өөрсдөө л амжилт гаргадаг тэмцээнүүдийг биш хөлбөмбөгийг бол ёстой л “алагчилгүй” гаргадаг болохоор нь Мексик  ТВ-үүдэд “хайр зарлаж” болохоор. За энэ яахав.  Нэгэнт нэг цагийн “цонх”  гарсан тул нет “ухах” ажилд орлоо,энэ хугацааг ашиглаад.

                Өнөөдөр бас жинхэнэ манай Монголын шигшээ маань “Бразил-2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох тэгшитгэлийн хариу тоглолтоо Мьянмартай хийсэн байх ёстой.  Тэр тоглолт юу болж байна гээд нэт ухаж байгаан.

Улаанбаатарт болсон, манайхан 1:0-оор хождог тоглолтыг Монголынхоо UBS  ТВ-ээр шууд үзсэн л дээ. Өмнө нь  3 сард Филиппинтэй тоглохыг нь бас шууд үзсэн. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэгчээр өөрийнхөө улсын шигшээ багийн тоглолтыг үзэхээр бас л янзтай . Хожих хожигдох нь яахав.

Мьянмартай тоглохын өмнө Эрхүүд очоод тэндхийн багуудад “нусаа” гартал хожигдсан тоглолтынх нь тоймыг бас харсан юм. Мьянмарт очоод ч хожихгүй л байх гэж бодогдож байлаа. Өөрсдийнхнөө  муулах гээд байгаан биш шүү, үнэхээр бас болоогүй л харагдаж байна лээ. Тактик, ямар хувилбараар тоглох тухайгаа дасгалжуулагч нь ярьж байна лээ. 4-4-3 гээд л. Тэр нь яахав. Тэр тактикийг чинь бөмбөгөө зөв эзэмшиж чадахгүй байгаа дотвлогчид, тоглолтыг удирдаж, талбайгаа бүрэн харж чадахгүй байгаа хагас хамгаалагчид, довтолгоог дамжуулалт хийж эхлүүлэх биш шууд л урагшаа цөлж амиа л аргалдаг хамгаалагчид чинь биелүүлэхэд өдий байнаа. Арга ч үгүй биз. “Морин толгой” хэмээх Б.Ганболд гэдэг нөхөр ФИФА-аас өгсөн мөнгийг юунд зарцуулж байсны үр дүн энэ л дээ. Халагдаж солигдохыг , ханаж цадахыг мэддэггүй энэ “толгой “л Монголын хөлбөмбөгийн хөгжлийг “чөдөрлөсөн” гол этгээд дээ. Хөлбөмбөгийн Холбоондоо шинэчлэлт хийлээ гэсэн чинь өөрөө нарийн бичгийндаргаасаа болиод Ерөнхийлөгч болоод дэвшчихэж байгаа хүнтэй ч юу ярих вэ дээ.

Бас нэг “шинэчлэлт” нь шигшээ багаа “Хөх чононууд” гээд л гоё нэрлэсэн. Нэрээрээ болдог бол ч дийлдэхээргүй шүү. “Хөх чононууд”  гэсэн мөртлөө “Морин толгойтой” холбооны лого нь хэвээрээ л байх. За тэгээд манайхан Мяанмарт очоод 0:2-ээр хожигдоод “ажил” дуусчээ. Олон хүн Монголын хөлбөмбөгийн шигшээ хожигдсонд харамсаж байгаа байх. Би бол харин “баярлаж байна”. Эртхэн үнэн дүр царайгаа мэдээд, хэмжээгээ таниад авсан нь цаашдын хөгжилд хэрэгтэй. Хожсон бол нөгөө “толгой” чинь Монголын хөлбөмбөг хөгжиж байна гээд л ичихгүй авна даа. Мьянмарын шигшээгийн тоглож байгаа цэнгэлдэх хүрээлэн, үзэж байгаа үзэгчдийг нэг хараад, Монголд ФИФА-аас олгосон 1 сая 250 доллараар ямар “цэнгэлдэх”  барьсныг харьцуулаад нэг бодохоор хэлэх ч үг олдохгүй.

Арзайж сэрзийсэн төмөр торон хашаан дотор, цаана нь задгай барилга, бөөн кран, ийм талбайд тоглолтоо хийдэг үндэсний  шигшээ баг дэлхийд байхгүй гээд мөрийцсөн ч болно.

Уг нь нэг үеээ бодвол манайд хөлбөмбөг сонирхдог, тоглодог хүн их болсон байна. Сайн ч хүүхдүүд олон болж байна. Гагцхүү зөв систем, зөв тогтолцоо байхгүй юм. Монголын маань хөлбөмбөг иймэрхүү сэтгэгдэл төрүүлэв.

Иймэрхүү бодол эргэлдэж байтал хэдийнээ 12 цаг болчихож. COPA AMERICA 2011 –д Бразил анхны тоглолтоо Венесуэлийн шигшээтэй хийлээ. “Халтар царайт”-ын нутгийнхан тивдээ бол хамгийн тааруухан багийн нэг. Тэгэхээр яах бол ийх бол гээд нэг их догдолсонгүй ээ. Харин Бразилийнхаа ирээдүй гэгдэж байгаа ганц хоёр тоглогчоо хэрхэн тоглохыг сайтар харах зорилготой байв. Хамгийн шилдэг, хамгийн мөнгөтэй, хамгийн их зорилго тавьсан багуудын “бай” болоод байгаа Неймар, дараагийн Кака гэгдэж буй Гансу нарыг. Эхний тоглолт болоод тэгсэн үү, нэг л санаанд хүрсэнгүй ээ Бразилийн тоглолт. Робиньо, Пато хоёр сайхан боломжийг ашиглахгүй юм,  нөгөө хоёр залуу бие ээ бариад тоглолт нь гарахгүй байсаар Венесуэлтэй 0:0-оор тэнцчихлээ. “Айлын хүүхдүүд” ийм л айхтар байна шүү дээ. Нөгөө муулаад байсан Венесуэл л гэхэд дэлхийн дархан аваргатай тэнцэж байна.

Боливи гээд дундаж л баг гэхэд Месситэй, Тевестэй, Агуэротой Аргентинтэй нутаг дээр нь тэнцэж байна. Хөлбөмбөг ийм л хөгжиж байна, дэлхий дахинд. Харин манайд, Монголд маань...

Одоо цаг 14.00 боллоо. Дахиад нэг цаг хагасын дараа ахиад л Бразилийн шигшээгийн тоглолт гарах нь. Энэ удаа Мексикт болж  буй 17 нас хүртэлх идэрчүүдийн дэлхийн аваргын шөвгийн наймд Бразилийн хөвгүүд Японы үе тэнгийхэнтэйгээ хүч үзнээ.  ESPN3 .com  идэрчүүдийн ДАШТ-ий бүх тоглолтыг үзүүлж байгаа. Бразилийн идэрчүүд эхлээд төвөггүй гурван гоол оруулсан ч  тоглолтын төгсгөлд хоёр гоол алдаж жаахан сандраад 3:2-оор хожин хагас шигшээд шалгарлаа. Одоо хагас шигшээд Уругвайтай.

Бразилийн шигшээгийн улаан фэн болсноосоо хойш нэг өдөр гурван тоглолтыг нь үзэж байсан удаагүй ээ. Үнэхээр ховор тохиолдол шүү, наддаа бол.

 

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:27 | Спорт | уншсан: 808 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant