2010-11-20
Боксын түүхэнд шинэ эрин эхэллээ

Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбоо (AIBA) –ноос олимп наадам, дэлхийн аваргад амжилттай тоглосон залуу боксчдоо мэргэжлийн бокст алдахгүйн төлөө шагналын сан өндөр, лигийн журмаар өрсөлдөх шинэ тэмцээнийг зохион байгуулах  World Series of Boxing  хэмээх байгууллагыг өөрийн харьяанд буй болгон энэ жилээс эхлэн Дэлхийн Боксын Цуврал тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Сонирхогчдын боксын түүхэнд байгаагүй шинэ содон анхны энэхүү тэмцээнд Америк, Европ , Ази тивийн 12 баг оролцох бөгөөд манай Монголын дөрвөн ч боксчин WSB-ийн багуудад уригдсан юм. Тухайлбал дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Америкийн “Memphis Foce” багт, дэлхийн аваргын мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны “ Baku Fires” багт, Ази тивийн аварга ОУХМ З.Энхзориг Италийн “Milan Thunder” багт, мөн ОУХМ Э.Идэрхүү “Memphis Force” баийн нөөц тамирчнаар тус тус уригджээ.

Олимп, дэлхийн аваргууд, медальтнууд олноороо World Series of Boxing-ийн багуудад уригдсан тул тэмцээний нэр хүндийг өндөрсгөж, бокс сонирхогчдын анхаарал, сонирхолыг ихээр татаж байгаа билээ.

Дэлхийн Боксын Цуврал-д оролцож буй багууд тивийнхээ багуудтай тус бүр хоёр (өөрийн болон айлын рингэнд) тоглосноор улирлын тоглолт өндөрлөж, тивдээ тэргүүн байр эзэлсэн гурван баг болон хамгийн өндөр оноотой хоёрдугаар байр эзэлсэн нэг, нийт дөрвөн баг 2011 оны дөрөвдүгээр сард хагас шигшээ тоглолтод оролцож, хожсон хоёр баг аваргын төлөө шигшээ тэмцээнд халз өрсөлдөх ажээ. Мөн жин тус бүрт өндөр оноо авсан хоёр шилдэг боксчин  хувийн дүнгээр аваргын төлөө тулалдах бөгөөд шигшээ багийн болон хувийн тэмцээн 2011 оны тавдугаар сард Макаод болох юм.

WSB-ийн багууд хоорондоо 54 кг, 61 кг, 73кг, 85 кг, +91 кг гэсэн таван жинд өрсөлдөх бөгөөд тулаан 3 минутын хугацаатай 5 раунд үргэлжлэх юм байна.

Боксын түүхэнд шинэ хуудас болж, шинэ эринийг эхлүүлж буй Дэлхийн боксын цувралын эхний тулаанууд өнгөрөгч бааасан гаригийн (2010 оны 11 сарын 19) орой явагдлаа.

АЗИ:

Олимпийн аварга Бахыт Сарсекбаев тэргүүтэй Казахстаны “Астана Арланс” баг БНСУ –ын “Инчоны Улаан жигүүрүүд” багийг 5:0-ээр хожлоо. Гэхдээ энэ удаа “Астана Арланс- Сарсекбаеваа тоглуулаагүй бол Солонгосын багт ганцхан хангүг хүч үзсэн бөгөөд дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Б.Султонов тэргүүтэй молдав, шинэ зелэнд боксчид рингэнд гарсан ч ганц ч ялалт авч чадсангүй хожигдлоо.

Азербайжаны  “Баку Файрс” Хятадын “Бээжингийн луунууд”-ыг  мөн л 5:0-ээр хөнгөхөн буулган авчээ.

АМЕРИК:

Энэ тивийн дөрвөн багаас хоёр нь анхны тулаанаа хийлээ. Мексикийн “Мехико Гуэррерос” өөрийн рингэнд Америкийн “Мемфис Форсе” 5:0-ээр буулган авлаа. Далайн төвшинөөс 331 фут өндөрт байрлах Сесфис хотын баг далайн төвшинөөс 7 350 фут өндөрт орших Мехико хотод дасан зохицож амжаагүй тулаанд орсон нь тоглолтын үр дүнд багагүй нөлөөлсөн бололтой.

“Мемфис”-ийн бүрэлдэхүүнд манай У.Мөнх-Эрдэнэ маань байгаа болохоор чухам энэ багийн тоглолт л манай спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан болов уу. “Мемфис” 54 кг-ийн жинд 2009 оны дэлхийн аварга, 2003 оны ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Детелин Далаклиев, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт Германы Ронни Беблик нараа тоглуулсангүй , харин АНУ-ын “Алтан бээлий” үндэсний аварга шалгаруулах тэмцээний хошрй аварга рнесто Гарзаг рингэнд гаргалаа. Гэвч мань эр өрсөлдөгчөө барсангүй Авила Хуарез хэмээх мексик эрд ялагдав.

Дараа нь 61 кг-ийн жинд “Мемфис”-ээс манай У.Мөнх-Эрдэнэ рингэнд гарлаа. Энэ нь монгол боксчин Дэлхийн Боксын цувралд анхны тулаанаа хийж буй бас л түүхэн үйл явдал юм. Манай хүний өрсөлдөгч нь 20 настай, энэ жилийн Америк тивийн АШТ-ий финалд Кубын алдарт боксчин Р.И.Сотолонгод дийлдэн мөнгөн медаль авсан Хуан Пабло Ромеро Марин. Хоёр боксчин таван раундын турш эн тэнцүү хүч үзсэн ч 48-47, 47-47, 47-47 гэсэн оноогоор Мексикийн боксчинд ялалт өгчээ.

Мөөгийгийн багийн бусад боксчид ч бас тулаанд ялалт байгуулж чадсангүй ээ.

Америкийн тивийн нөгөө хоёр баг “Лос Анжелес Матадорс”, “Майами Галлос” багуудын тулаан ирэх долоо хоногт болох юм.

ЕВРОП:

Хамгийн халуухан тулаан “Хуучин” тивд өрнөлөө. Багийн бүрэлдэхүүндээ олимп, дэлхийн аваргын олон медальтнуудтай, алдарт DOLCE & GABBANA  хэмээх хүчирхэг ивээн тэтгэгчтэй, ер нь энэ тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй, манай З.Энхзоригийн тоглох Италийн “Милан Тундр” баг Францын “Парис Юнайтед”-ийг нутгмйн рингэнд 3:2-оор арай гэж хожлоо.

54 кг-ийн жинд Италийн багаас олимп, дэлхийн хүрэл медальт Винченцо Пикарди рингэнд гарав. Өнгөрсөн жил Италийн Миланд болсон ДАШТ-д манай Төгсцогт маань энэ итали боксчинг шөвгийн наймд ялж медалийн болзолоо хангаж байсан билээ. Түүнтэй өрсөлдөхөөр “Парис Юнайтед”-аас Ирландын боксчин Жон Жозеф Нэвин босчээ. Нэвин бол манай бокс сонирхогчдын маш сайн мэдэх хүн. 2008 оны Бээжингийн олимпод манай Бадар-Ууган түүнийг 9:2-оор илт илүүрхэн хожиж байсныг, мөн өнгөрсөн жилийн ДАШТ-д Нэвин манай Э.Идэрхүүг 10:4-өөр хожиж, цаашид амжилттай тоглосоор ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсныг нь ч манайхан мартаагүй байгаа байх.

Энэ удаа ирланд эр итали боксчинг нутагт нь хожиж Францын багийн анхны оноог авлаа.

61 г-ийн жинд манай З.Энхзориг , Италийн боксчин дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Доменико Валентино нар “Милан” багт байсан ч  гараагүй бүтэлгүй эхэлсэн италичууд дэлхийн аваргыг рингэнд гаргаж байж оноогоо тэнцүүлэв.

73 кг-ийн жинд Италийн багаас Украйны боксчин , дэлхийн аваргын хүрэл медальт Сергей Деревьянченко гарч өрсөлдөгчөө техникийн нокаутаар ялжээ.

Харин 85 кг-ийн жинд Италийн багаас Латвийн шилдэг боксчдын нэг Н.Грисунинс гарсан боловч Францын Л.Грожухег барсангүй хоёр багийн хожил хожигдол тэнцлээ. Дашрамд дурьдахад манай Мөнх-Эрдэнийг Бээжингийн олимпийн медалиас “мулталж” байсан франц боксчин Алексис Вэстайн “Парис Юнайтед”-д данстай байгаа ч энэ удаа тоглосонгүй ээ.

Хоёр багийн ялалтыг шийдвэрлэх тулаанд буюу +91 кг-ийн жинд Италийн бахархалын нэг дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Клементе Руссо “Милан”-аас гарч Францын төдийлэн нэрд гараагүй Жоуниг оноогоор ялж, Италийн баг анхны ялалтаа авлаа.

Европ тивийн нөгөө хоёр баг болох ОХУ-ын “Кремлийн баавгайнууд” Туркийн “Стамбулын бухнууд”-ыг мөн л ширүүн өрсөлдөөний дүнд 3:2-оор хожжээ.

 

 

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:26 | Спорт | уншсан: 1265 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Badar Uugan oroltsohgui ee
End oroltsoj bui baguud haanahiin heniig uuriin bagtaa avahiig medej gereegee hiih estoi.Badar uugan maani Olymoos hoish togloogui baigaa bolohoor baguudaas sanal ireegui yum shig bn alee
Бичсэн: Зочин цаг: 07:17, 2010-11-21 | Холбоос | |


Бадар-ууган оролцохгүй юм уу? энэ чинь шилдгүүдийн тэмцээн юм бол яагаад???
Бичсэн: upshot цаг: 11:17, 2010-11-20 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant