2007-03-05
Манай ангийн хаалгыг зунд нь ЗОФФ, өвөлд нь ТРЕТЬЯК "манадаг" байлаа
Манай ангийн хаалгыг зунд нь ЗОФФ, өвөлд нь ТРЕТЬЯК "манадаг" байлаа
2006 оны 11 сарын 17
1986 онд Нийслэлийн 10 жилийн 6-р сургуулийг төгссөн Эрдэнэчимэг багштай 10"Б" ангийнхандаа...

Хонхон дуу, хонгорхон бага нас, сурагч ширээ, дүрэмт хувцас, ангийн багш, анд найз нараасаа сэтгэлдээ гунигтай, нүдэндээ нулимстай салснаас хойш 20 жил хэдийнээ улиран оджээ.10 жил, ангийнхаа хүүхдүүдийг бодохоор алаг бөмбөгтэй амин холбоотой байсан нь тодхон санагдана. Манай үеийнхэн ер нь бембег л өшиглөж  өссөн л деө. Гэхдээ л манай анги арай л "өөр" байсан юм.
1978 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий дараахнаас л бид нар хөлбөмбөг хоккейг ихээхэн сонирхож, "үерхэж" эхэлсэн санагдана. Урьд нь бол өнөөх хориотой хөлөндөө улаан тууз уяад, сармагчин хаалгачийн гэдсийг цоо өшиглөдөг "ПЭЭЛИИ"-гийн тухай ах нарын ярьдаг үлгэрт үнэмшиж явлаа шүү дээ.
Тохиолдлоор ч юм шиг манай анги 22 "бандитай" байлаа. Хөлбөмбөгийн хоёр бүтэн баг байгаа биз? Эндээс л анги доторх аугаа өрсөлдөөн эхлэх нөхцөл бүрдсэн болов уу.
Манай ангийнхан бөмбөг өшиглөхдөө зүгээр нэг хуваагдаад тоглохгүй ээ.Үе тэнгийнхэн маань байлдаж тоглон манайхан- дайсныхан гэдэг байсан бол бид Итали – ХБНГУ-ын нэрийн өмнөөс л үзэлцдэг байлаа.
Өөрөөр хэлбэл Италийн багийг дэмждэг хүүхдүүд нэг тал, Баруун Германыг балиашигладаг хэд нь нөгөө тал болно. Манай ангийн "италичууд" 10-р ангиа төгстлөө багтаа үнэнч явсан. Харин манай Баруун Германд Бразилийн хэнээтнүүд цөөхөн ч нөлөөтэй байсан учир удалгүй ФРГ "мөхөж", Бразил "мэндэлсэн". Гэхдээ манай хаалгач "коов" хэмээх Мөнхбат буюу Шумахер маань Бразилийн Леао болон хувирсан ч цаг ямагт би Шумахер гэсээр зодог тайлсан.
Бид нар бүгд өөрсдийгөө шүтдэг тоглогчдоороо нэрлэнэ. Энэ нэрээрээ бие биенээ дуудна, бүгд өөр өөрсдийн хувийн дугаартай мэдээж шүтэн бишрэгчдийнх нь дугаар байна , нэр хувийн дугаараа ширээ сандал, дэвтэр ном гээд бүх л юман дээр биччихсэн байдагсан.
Италийн "мафийн"толгойлогч нь Бруно Конти буюу Одхүү. Хэдийгээр жинхэнэ Конти нь хагас хамгаалагч ч манай Конти төвийн хамгаалагч хийнэ. Түүний баруун талд Кабрини-Жавхлан, зүүн талд нь Альтобелли-Амарболд, цэвэрлэгчээр Колловатти-Мөнхсүх нар тоглоно.Манай Конти үнэхээр дайчин,бас маш цэвэрхэн хамгаалагч гэхэд бараг л хүн дэгээдэхгүй шүү тоглодгоороо гайхагдана. Альтобелли маань чацархаг өндөр биеээрээ түрий барих аргатай бол Кабрини их зальтай тоглоно. Харин Колловатти бол машин л гэсэн үг. Хүнтэй, бөмбөгтэй нь л хамт "хадуурдана" шүү дээ. Нэг удаа жинхэнэ Колловаттигаа дуурайгаад үсэндээ хими хийлгэсэн чинь Анжела Дэвис шиг болчихоод түүнээсээ ичээд хэд хоног хичээлдээ ирээгүй юм даг.
Ийм аймаар "бетон" шиг хамгаалалтын ард нь хаалгаа манаж зогсоо хүн нь Дино Зофф буюу Дашдоржийн Энхтөр.Харааны хасах  5-ийн шилтэй ч хаалгандаа ховорхон бөмбөг алддаг, техник гэж аймаар хаалгачийн одонд төрсөн хүн дээ.Дунд шугаманд Антониони-Цогтсайхан, Ориали-Нямхүү, Тарделли-Гончигсумлаа, Бергоми-Мөнхбуян нар хөндөлснөө, Италийн багт.
Сайхнаагийн ухаалаг тоглолт, Гончигоогийн эмоци, Буяагийн бүжигчнийх гэмээр уян хөдөлгөөн, Нямаагийн тайван чанар ниилэхээрээ нэгэн цогц болдогсон. Довтолгоонд Росси-Цогтхүү, Грациани -Паламбаатар хоёр тоглоно. Манай Палиа "хавсаанд" байнга ордог ч гоолны онгодтой, "зүтгүүрийн депо" шиг тоглогч.Тоглолтын стиль нь Белановыг санагдуулдаг юм. Харин Росси асар хурдтай. Түүнийг тасархай хурдан болохоор нь бас Жороо Жоко гэдэгсэн. Хууралт, цохилт, хурд, техник өв тэгш тоглогч доо. Иймэрхүү тоглогчдоос бүрддэг байлаа, манай ангийн Итали.
Тэгвэл манай Бразилд хэн хэн байв аа? Хаалган дээр өмнө дурьдсан Леао -Мөнхбат зогсоно. Тэрээр амь биеэ үл хайрлан улаан шороон дээр унаж босч байдагсан. Хамгаалагчдыг Оскар-Ариунболор манлайлна. "Хавсаанд" яаж оруулдгийг манай Оскар ёстой л үзүүлж өгдөг сөн. Бельгийн зохиомол "хавсаа" хийдэг хамгаалагчдаас дутах юм байхгүй ээ.
Зүүн жигүүрт Фалькао - "жижиг" Ганбат, баруун жигүүрийг манай ангийн онц сурлагатан Леандро-Энхболд нар хамгаална. Энэ хоёр бол байрлал дээрээ үнэхээр тохирсон хүмүүс. Төрөлхийн солгой Фалькао маань баруун хөлөөрөө бөмбөг онодоггүй бол, манай Леандро солгой хөлөөрөө бөмбөгөнд хүрсэн түүх байхгүй байх аа. Энэ гурвын өмнө буюу "цэвэрлэгчээр "Луйзиньо” -Ганбаатар тоглоно. Түүний үндсэн үүрэг нь айлын гол довтлогчдыг "жагсаалаас" гаргах. Гаабий ч Марадонагийн хөлийг хугалдаг Гойкаэчоа шиг л "хадуурддаг". Ямартаа л "мунаг" Луйзиньо гэгдэж байх вэ дээ.
Манай Бразилийн дунд шугаманд Сократес-Базарсад, Серезо-Отгонбаатар, Жуниор-Н.Батбаяр, Дирсеу-Бүрэнтогтох нар тоглоно. Багийн ахлагч Базараа-Сократес жинхэнэ тамирчны тод жишээ. Биеийн хөгжил, ур чадвар үнэхээр гайхалтай. Бас "Доктор" Сократес шигээ даруу төлөв, цэвэрч. Ер нь жентельмэн.
Жуниор -"Н" бол хувийн тоглолтоороо бидний уурыг барж уургуй шахам болгосон хүн дээ.Түүнд бөмбөг очвол эргэж ирнэ гэж байхгүй ээ. Гэхдээ цохилтын хүч гэж "үхэр буу". Серезо, Дирсеу хоёр маань хий гэснийг хийгээд явдаг, довтолгоо хамгаалалтад жигдхэн оролцдог, жинхэнэ багийн тоглогчид. Довтолгоонд Батиста-Ганхуяг бид хоёр тоглоно. Манай "майжиг" Батиста илүү дутуу реклам, маяггүй, шударга шулуун тоглолттой, хожсон ч хожигдсон ч "Том" Сүхбат шиг инээж байдагсан. Эл дурсамжийг эвлүүлэн тэрлэгч  буюу ангийнхандаа Артур Антунес Коймбра ЗИКО хэмээгдэх миний бие Бразилийн тактикийг боловсруулж найруулахаас гадна багаа төлөөлөн Италийн "мафийн" гол хүн Конти-Одхүүтэй байнгын хэрүүл,уруул хийнэ. Асуудлыг  нударгаар шийдэж байсан үе ч цөөнгүй ээ. Гэхдээ хөлбөмбөг биднийг зодолдуулсан шигээ эргээд л эвлэрүүлдэг байсан даа. Одоог хүртэл Одхүү бид хоёр хамгийн дотнын найзууд.10 төгссөнөөс хойш бид хоёр "Алдар", "Боролдой", "Аргамаг", МИАТ гээд олон жил хамт тоглосоон. Конти-Одхүү, Оскар-Ариунболор  бид гурав өдгөөг хүртэл хөлбөмбөгтэйгээ холбоотой л явна. Манай хоёрын байгуулсан "Шонхор", "Улаанбаатарын мазаалай" клубын хүүхдүүд нь тэмцээн болгонд амжилт гаргаж байгаа.
Бид зөвхөн Бразил-Итали болоод л байгаагүй ээ. 4-р ангиасаа эхлээд "Олон улсын" чанартай уралдаан тэмцээн, уулзалт тоглолтод оролцох болсон. "Олон улсын" тэмцээн гэдэг нь сургуулийн болон цомын АШТ, харин нөхөрсөг уулзалт тоглолтыг Дамбадаржаагаас Үйлдвэр комбинат, Толгойтоос Улаанхуаран хүртэл явж энд тэндхийн сургууль,элдэв байр хорооллын багуудтай хийнэ.Ангийн шигшээд Итали Бразилийн шилдэг тоглогчдоо шилж байгаад оруулна. Италиас Зофф, Кабрини, Колловатти, Антониони, Росси Бразилаас Сократес, Оскар, Жуниор, Батиста бид хэд голлон тоглоно.
Тавдугаар ангиасаа ангийн шигшээгээ "Football Club MUSTANG" хэмээн албан ёсны бус анхны Монгол дахь клуб байх аа нэрлэх болж, тоглосон тоглолт, дүн, бүрэлдэхүүн, хэн гоол хийснийг бичин клубын "архив"-т үлдээдэг болж билээ. 10-р анги төгсөхөд   2 ширхэг "Тав"-ын дэвтэр дуусаж байсан.
"Мустанг" баг маань 8-р анги хүртэл ногоон фудволк, хар шорт, шар гийдрээс бүрдсэн тоглолтын хувцастай явлаа. 8-р ангид ороод бид нэрээ өөрчилж "F.C. ALL STARS" болсон. 9,10-р ангид байхдаа тоглолтын хоёр ээлжийн иж бүрэн хувцастай төдийгүй, 130 төгрөгийн БНАСАУ-ын "Адидас" бэлтгэлийн хувцасаар ижилсэж байсан сан.Тухайн үөд сургуулийн хүүхдүүд, тэр тусмаа нэг ангийнхан ийм байгаагүй ээ. Манай анги 7-р ангидаа анх сургуулийн аварга болсноос хойш төгстлөө сургуулийн аварга болон цомын тэмцээнд ганц нэгхэн л хожигдсон байх.
Хөлбөмбөгөөс гадна өвөл хоккей их тоглоно оо ,манай ангийнхан. Бас л хоёр байнгын өрсөлдөгч болон үзэлцэнэ. Гэхдээ Бразил Итали биш хоккейгоо дагаад Канад-ЗХУ болно доо. "Ногоон" талбайд нэг баг болж байсан хүмүүс мөсөн дээр "дайсан" болно шүү. Манай Канадад би Гретцки, мөнөөх Зофф маань Майк Босси, Бергоми Буяа хаалгач Эдвардс, Базараа Марсель Дионн, "майжиг" Батиста Марк Мэссье болж хувирна.
Зөвлөлтийн шигшээгийн гол хүн нь хаалгач Гончигоо буюу Третьяк. Тэрбээр бүх л зүйлээрээ Третьякийг дуурайна. Хөдөлгөөн, арга барил гээд яг аа яг.Зориулалтын хувцас, нүүрний хамгаалалтгүй мөртлөө шайбнаас огтхон ч айна гэж байхгүй ээ. Мөн Фетисов Жавхаа, Касатонов Энхболд, Крутов Болороо, МакаровОдхүү, ЛарионовСайхнаа нараас бүрдсэн домогт тавт ч манай ангид байжээ.
Орон тооны бус дасгалжуулагч буюу ангийн багш Эрдэнэчимэг, "орлон тоглогч" буюу өөр "багаас" манай ангид шилжэн ирж байсан Ц.Батбаяр, Доржпүрэв нарын гавьяаг ч дурьдах ёстой.
Манай "дасгалжуулагч" нэгэн удаагийн эцэг эхийн хурал дээр "хүүхдүүд өдөр болгон бөмбөг тоглоод байна, багш нь байж та яагаад хэлэхгүй байна" гэсэн шүүмжлэл сонсоод "Харин арай л их тоглоод байна, долоо хоногийн ядаж нэг хоногт нь тоглуулахгүй байя" гэж хариулсан гэдэг.
Анх сургуулийн аварга болсны дараа сэмхэн шил цуглуулж мөнгө хуримтлуулаад, тухайн үед тун ховор, шаггүй үнэтэй Чехийн "Капитан" нэртэй бөмбөг бэлэглэж, анхны амжилтыг "угааж" байсан, ногоон туузаар ижилссэн ангийн охидууд маань бас бидний үнэнч балиашигууд байсныг хэлье. Товчхон хэлэхэд манай ангид хөлбөмбөгийн одод, хоккейн мастерууд, хөгжөөн дэмжигчид, хатуухан дасгалжуулагч бүгд л байж дээ.
Төгсөлтийн ойгоороо тохилог амралт, тансаг ресторанд биш шороотой талбайд, ширэн бөмбөгтэйгээ уулздаг юм даа, манай ангийнхан.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:29 | | уншсан: 752 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Маш сайхан нийтлэл байна. Оскарын хүү Баттулга баярлах
Бичсэн: Баттулга (зочин) цаг: 18:17, 2014-05-17 | Холбоос | |





:-)