2007-09-12
Хөлбөмбөгийн “дархан аваргуудтай” хамт өнгөрүүлсэн хоёр хоног

Хөлбөмбөгийн “дархан аваргуудтай” хамт өнгөрүүлсэн хоёр хоног

 

 

Заавал бичих болсон оршлын тухайд

 

Хүн төрөлхтөний түүхэндээ бүтээсэн хамгийн гайхамшигтай тоглоом нь хөлбөмбөг гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ. Сая сая хүний сэтгэл зүрхийг соронзон лугаа татаж, эзэмдсэн энэхүү спортын үүх түүх Англиас эхтэй хэмээн  ном сударт бичигдэн үлдсэн байдаг. Үнэхээр энэ тоглоомын хамгийн анхны дүрэм , хамгийн анхны тоглолт, хамгийн анхны тэмцээн, холбоо Будант Альбионд үүсэж, зохиогдсон болохоор хөлбөмбөгийн “өлгий нутаг” хэмээх алдрыг англичууд эзэмших нь зүйн хэрэг ээ.

Харин хөлбөмбөгийг үндэсний спорт болгож, хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан, хамгийн олон шилдэг тоглогчдыг төрүүлж өгсөн орон бол яах аргагүй Бразил. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах бүх тэмцэээнд оролцсон цорын ганц баг, мөн дэлхийн аварга цолыг таван удаа хүртсэн манай гаригийн ганцхан “дархан аварга” баг, хөлбөмбөгийн түүхэнд Артур Фриденрайх, “Хар Алмааз” Леонидас да Сильва, “Хөлбөмбөгийн хаан” Пеле,  “Ард түмний баяр баясгалан” Гарринча, “Цагаан Пеле” Зико, “Тайрдас” Ромарио, Бебето,  “Шүдэрхэг” Роналдо, Роналдиньо, Кака гээд үе үеийн  олон зуун шилдэг мастеруудыг “бэлэглэсэн” орон. Тэгэхээр Бразилийг хөлбөмбөгийн “Эзэнт гүрэн” гэхэд буруудахгүй байх аа. Чухам Бразилд л манай гаригийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, 200 000 хүний суудалтай “Маракана” бий. Алаг бөмбөгийн дэлхийн аварга багт олгодог “Алтан дагина” мөн л тэнд үүрд хадгалагдан буй. Чухамдаа өөр аль нэг орныхныг биш зөвхөн бразилчуудыг, Бразилийн хөлбөмбөгчдийг “хөлбөмбөгийн уран дархчууд”, “хөлбөмбөгийн ид шидтэнүүд” гэдэг билээ л.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн  шигшээ багт тоглоно гэдэг ямар ч хөлбөмбөгчинд амархан олддоггүй нэр төр, алдар гавьяаны хэрэг. Тэгэхээр тэдний тоглолтыг “амьдаар” нь үзэж, сурвалжилна гэдэг бол хөлбөмбөгийн хорхойтнуудад, сонирхогчдод тун ч ховор олдох боломж юм.

Тиймээс юуны өмнө Бразилийн шигшээ багийн АНУ-ын шигшээ багтай хийх тоглолтыг үзэж, сурвалжлах боломжийг “ТАВАН ЦАГАРИГ”-т олгосон АНУ-ын хөлбөмбөгийн холбоонд гүн талархал илэрхийлээд энэхүү бяцхан оршлоо өндөрлөе.

 

Хорин долоон жилийн мөрөөдөл ба хоёр дахь удаагаа “амьдаар” нь

 

Энэхүү хэдэн мөрийг уншигч авхай нарт тэрлэн хүргэж буй миний бие Бразилийн хөлбөмбөгийн шүтэн бишрэх болсоор 27 жилийг үджээ.  Энэ олон он жилүүдэд шүтэн биширдэг багаа, хайрлан хүндэлдэг тоглогчдоо өмнө нь ганцхан удаа л “амьдаар” нь үзэж байсан билээ. Одоогоос 11 жилийн өмнө Атланта хотноо болсон “Алтан” олимпийг сурвалжлах аз тохиохдоо Бразилийн шигшээг, тэдний дотор  Бебето, Роналдо, Роберто Карлос, Ривалдо, Жуниньо, Дида , Алдайр, Флавио Консейсао гээд эчнээ танил, шүтээнүүдээ анх удаагаа “амьдаар” нь харсан маань хэзээ ч мартагддаггүй. Тэгтэл энэ “алтан” дурсамж мань дахин арвижан баяжив.

Бразилийн шигшээг 11 жилийн дараа ахин харах байж. 2006 оны дэлхийн аваргын шөвгийн наймд Францын шигшээд хожигдсон Бразилийн шигшээг дэлхийн аваргын дараахнаас шинэ дасгалжуулагч Дунга удирдах болсон билээ. Түүний удирдлага доор Бразилийн шигшээ 18 тоглолт хийж, 13 ялж, хоёр хожигдож, гурван удаа тэнцсэн үзүүлэлттэй байв. Хамгийн сонирхолтой нь энэ 18 тоглолтоос нэгийг нь ч нутагтаа хийгээгүй байна.  Өнгөрөгч зун Венесуэлд болсон “Америкийн цом”-д тоглож, түрүүлснээс бусдад нь дандаа Европт тогложээ. Бразилчууд өөрсдөө ч шигшээ багийнхаа тоглолтыг үзэж чадаагүй байхад амьран сууж байгаа Америкт, тэр тусмаа машинаар хурдны замаар цаг гаруйхан яваад л хүрчих Чикагод ирж тоглоно гэдэг үнэхээр ахин олдохгүй алтан боломж шүү дээ.  Энэ мэдээг элэг нэгтнүүддээ эртхэн дуулгахаар интернэтэд бичиж, найз нөхөд рүүгээ утас цохисны хүчинд бас ч гэж арваад монгол уг тоглолтыг үзсэн. Өдий тооны  монголчууд Бразилийн тоглолтыг бөөндөө үзээд сууж байх бас л сайхан юм билээ.

 

Дэгжин Роналдиньо, дэггүй Робиньо ба хамгаалалтын албыг монгол аргаар молигодсон түүх

 

Бразилийн шигшээ баг хагас сайн өдрийн 15.30 цагаас Чикаго хотын Брижвью дүүрэгт орших  “Тойота парк” цэнгэлдэхэд нээлттэй бэлтгэл хийсэн. “Нээлттэй” гэсний учир уг бэлтгэлийг сэтгүүлч сурвалжлагч төдийгүй хөгжөөн дэмжигч балиашигууд эхнээс нь дуустал нь үзэж болох байв. MLS-ийн “Чикаго файр” багийн тоглолтоо хийдэг энэхүү цэнгэлдэх өнгөрсөн жил ашиглалтад орсон, 20 000 хүний суудалтай аж. Сэтгүүлч, сурвалжлагчид мандатаараа орсон бол, үзэгчид хөгжөөн дэмжигчдийг 20 долларын тасалбараар нэвтрүүлж байсан. Тэгсэн ч цэнгэлдэхийг тал нь буюу 10 орчим мянган хүн Бразилийн шигшээгийн бэлтгэлийг үзэхээр хуран цугласан. Тэдний ихэнх нь Бразилийн шигшээгийн шар өнгийн цамцыг өмссөн байлаа. 

Аливаа цэнгэлдэх хүрээлэн, спортын орднуудын дүрэм журмаар ихэвчлэн видео камерыг оруулдаггүй билээ. Хэдийгээр энэ журмыг мэдэж байсан ч дэлхийн аваргуудын бэлтгэлээ хэрхэн хийдгийг бичиж авахаар үнэхээр их хүсч байсан тул аз туршин видео камераа далдхан шиг хийгээд хамгаалалтын албаны шалгалт дээр очлоо. Намайг шалгасан хамгаалалтын ажилтан камерыг маань төвөггүй илрүүлсэн ч жижгэвтэр дижитал камерыг маань  эргүүлж тойруулж харснаа энэ чинь бичлэг хийдэг юм уу зүгээр зураг авдаг юм уу  гэж байх юм. Би ч бушуухан өлгөж аваад энэ чинь ердөө л фото зургийн камер гэтэл  худал хэлнэ гэж бодохгүй байгаа бололтой дотогш нэвтрэхийг зөвшөөрч, худал хэлсэндээ бантсан ч ,  хэзээ ч дахин олдохгүй бичлэг хийж авах болсондоо баярласан би бараг гүйх нь холгүй дотогш орсон билээ.

  Төдөлгүй хөлбөмбөгийн “уран дархчууд” бэлтгэлээ эхэллээ. Балиашигууд хөлбөмбөгчдийг нэрсээр дуудан хашгиралдаж, зургийн аппаратын гэрэл завсар зайгүй гялалзана. Роналдиньо, Кака, Робиньог гарч ирэх үед бүүр гаарч өгсөн. Роналдиньо бие халаах зуураа элдэв техникийг завсар зайгүй үзүүлж, үзэгчдийг өндөр техник, ур чадвараараа гайхуулсан. Харин Кака энэ тэнд очиж инээгээд л явах юм. Робиньо бол жинхэнэ хүүхдээрээ “амьтан” юм аа. Хүн болгон дээр очиж шоглож, тоглоом хийж түлхэж, цохиж дүрсгүйтэх  аж.

Ердөө 19 настай “нялх” юм болохоор арга ч үгүй биз. Тэгсэн мөртлөө Бразилийн шигшээд 53 удаа тоглож, 18 гоол оруулаад амжчихсан, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгд яах аргагүй тооцогдож буй “том” хүн шүү дээ.

Бразилчууд 20 орчим минут хөнгөхөн халаалт хийсний дараа бөмбөгтэй дасгалуудыг тун их хүч гаргалгүй хийлээ. Үзэгчид үүнээс илүү ихийг хүсч буй нь мэдрэгдэнэ. Удалгүй тоглогчдыг хоёр хуваан буухиагаар уралдуулав. Какагийн тал түрүүлж байна. Дараа нь хоёр тал болгон тоглууллаа. Хүч тэнцүү хуваах болов уу гэтэл тэгсэнгүй. Роналдиньо, Робиньо, Кака тэргүүтэй үндсэн бүрэлдэхүүнд тоглодог нь нэг хэсэг, үлдсэн нь нэг хэсэг болов. Нэгэнт бэлтгэл болохоор хөнгөхөн тоглосон ч үндсэн баг хэд хэдэн гоол оруулсан. Дараа нь хамгаалалттай цохилт давтаж, Роналдиньо лав л хаалттай цохилтоос алдалгүй  зургаа дахин оруулж байна лээ.

            Хоёр цаг үргэлжилсэн бэлтгэл өндөрлөсний дараа хэвлэлийн бага хуралд Дунга, Роналдиньо нар оролцсон. Бразилийн шигшээгийнхэн автобусандаа суугаад хамгаалалтад орон хөдөлтөл балиашигууд нь цэнгэлдэх хүрээлэнгээс холдоогүй хүлээж байв. Шүтэн бишрэгчдээ орхин холдож зүрхлэхгүй байгаа бололтой.

           

Хөлбөмбөгчдийн буусан буудал  ба “чулуу хөөлгөх” тоглоом

 

Бразилийн шигшээг яг ямар буудалд буусныг ихээхэн нууцалж байв. Гэсэн хэдий ч ямар нэг шугамаар “нууц” задарч “WESTIN” хэмээх зочид буудалд тухласан яриа сэтгүүлчдийн дотор тарлаа. Тэгээд л хүн болгон доор дороо арга сүвэгчлэн алга болов. Миний хувьд бэлтгэлийнх нь дараа автобусыг нь машинаар  дагаад буудлыг нь мэдэх санаатай байсан маань талаар болов. Учир нь цэнгэлдэхээс тэдний суусан автобусыг гарахад ойр орчмын замыг хааснаас яаж ч чадалгүй алдав. Дараа нь нэгэнт бараа туруугүй алдсан болохоор интернэтээр буусан буудлыг нь хайтал яг ийм нэртэй  буудал Чикагод дөрвөн ч газар (үүнээс хоёр нь даунтаунд )байдаг аж.

Аль руу нь явахаа шийдэж чадахгүй, тэгээд ч хоорондоо хол болохоор өглөө эрт босоод л явахгүй бол орой олж очоод ч нэмэргүй болсноо ойлголоо.

            Маргааш нь тоглолтоос хэдхэн цагийн өмнө  сая нэг WESTIN River North  гэдэгт нь буусныг олж мэдсэн ч бас л замын түгжрэл, машин тавих зогсоол эрж мунгинасаар, арай гэж Чикагогийн даунтауны хоёр өндрийн нэгний хормойд орших  уг буудалд хүрлээ. Гэвч 20 давхар буудлын 407 люкс өрөөний алинд “манайхан” буусныг хэлэх хүн  алгаа. Тоглолт эхлэх цаг ч дөхсөн тул Бразилийн шигшээгийн буусан буудлаас явахаас өөр аргагүй болсон билээ. Яахав буусан буудалд нь гишгээд гарсан гэж сэтгэлээ тайтгаруулахаас.

           

Уухай алдуулсан тоглолт ба 43 мянгын ес нь

 

Энэ өдрийн тоглолтыг Америкийн тал “Clash of champions” буюу “Аваргуудын мөргөлдөөн” гээд сүржин нэрлэсэн нь бас чучиртай. Америкчууд өнгөрөгч зургадугаар сард Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын аварга шалгарулах “Алтан цом”  тэмцээнд түрүүлж, аварга болсон. Тэгэхдээ яг энэ “Soldier field” хэмээх цэнгэлдэхэд Мексикийг хожиж байсан билээ. Харин Бразилчууд долдугаар сард Өмнөд Америкийн аварга шалгаруулах “Америкийн цом”-д түрүүлсэн. Гэхдээ Роналдиньо, Какагүйгээр.

Ингэхээр энэ өдрийн тоглолт аргагүй аваргуудын өрсөлдөөн болох байв. Нөгөөтэйгүүр Бразилийн шигшээтэй ямар ч баг сайн тоглохыг хичээдэг, хэрэв хожих аваас нэр төрийн хэрэг болдог тул нөхөрсөг уулзалт тоглолтууд ч хамаг хүчээ шавхан тоглодог билээ.

Талбайн эзэд ч “дархан аваргуудын” эсрэг тун сайн тоглосныг дурьдах хэрэгтэй. Тоглолт үнэхээр үзүүштэй, олон гоолтой , онцгойлох моменттой болсон. Ялангуяа лидер Донован, хагас  хамгаалагч Брэдли, Файлхабер, хамгаалагч, багийн ахлагч  Боканегра нарыг онцолж болох. Тоглолтын 21 дэх минутад Донованы  булангийн цохилтоос хийсэн дамжуулалтыг Боканегра гүйцээж тоглолтын  салхийг хагалсан. Гэвч Бразилчууд огтхон сандарсангүй довтолгооноо үргэлжлүүлж 33 дахь минутад Америкийн Оньевуг өөрөөр нь өөрийнх хаалганд гоол оруулуулж дөнгөв.  Хоёрдахь үед Бразилийн хашир хамгаалагч Лусио тооны харьццаг 2:1 болгон давамгайлсан ч  73 дахь минутад Америкийн Дэмпси тооны харьцааг тэнцүүлэв. Америкийн балиашигуудын баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гэвч энэ баяр ердөө хоёрхон минут л үргэлжилсэн. Роналдиньо 16-гийн гаднаас хаалттай цохилтыг өмнөх өдөр нь  бэлтгэл дээр хийж байсан шигээ оновчтой, тайван цохисноор шийдвэрлэх гоолыг оруулав. Тоглолтын сүүлчийн минутад Элану 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэн, төгсгөлийн цэгийг тависнаар Бразилийн шигшээ 4:2-оор “Сэм авгынхныг” нутаг дээр нь хожлоо.

Ийнхүү 1994 оны Дэлхийн аваргын нээлтийн тоглолт болж байсан энэхүү цэнгэлдэхэд энэ өдөр хуран цугласан 43500 үзэгч хөлбөмбөгийн “ уран дархчуудын” гайхамшигт нэгэн “бүтээлийн” гэрч болон үлдэв. Эдний дотор Монголын лав л есөн балиашиг байсныг хэлэхэд таатай. Дэнвэр хотноо амьдран суудаг Мөнхбаатар гэдэг хөлбөмбөгийн үнэнч фэн тэртээ Колорадогоос нисэн ирж уг тоглолтыг үзсэн. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, боксын дэлхийн аварга Э. Цогтжаргал, хөлбөмбөг сонирхогч Мөөгий, Гангаа, Батчулуун, Сайнбаяр, Болороо, Амгаа нар хожмын цагт ярих, дурсах юмтай үлдсэн байхаа.

 Бразилийн шигшээгийн хөлбөмбөгчдийг “амьдаар” хараад, хамт байхдаа хамт байж, хойноос нь хөөцөлдөхдөө хөөцөлдөж явсаар, харвасан сум шиг л хоёр хоногийг өнгөрүүлж. Хэзээ дахиад Бразилийнхаа шигшээг “амьдаар” харахыг хэлж мэдэхгүй болохоор сэтгэл нэг л  уйтай ч, нэг л мэдэхэд 2010 оны дэлхийн аваргын тэмцээн болж Бразилийн хөлбөмбөгчдийнхөө дээлийн захыг мушгих үе ирнэ , тэр үед  “юмыг яаж мэдэх вэ” Өмнөд Африкт очоод үзэж суух ч  юм бил үү, бүүр чадахгүй бол 2014 онд Бразилд ДАШТ болох магадлал их байгаа юм чинь хөлбөмбөгийн “Эзэнт гүрэнд” хөл тавих юм шүү гэж өөрийгөө тайтгаруулсаар энэхүү тэмдэглэлээ өндөрлөе дөө. Хожсон ч бай хожигдсон ч бай чи миний шүтээн, БРАЗИЛ!!!

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

 2007 оны есдүгээр сарын 8-9. Чикаго.

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:14 | | уншсан: 685 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)